Ажилгүйдэл, ядуурлыг бууруулна

3-р сарын 14, 2018 9:43 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 31
хөдөлмөр 2

Р.ОЮУН, М.БААСАНДЭЛГЭР 

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны улсын зөвлөлгөөн болж хөдөлмөр, халамж, нийгмийн даатгал, гэр бүл, хүүхэд залуучууд, мэргэжлийн боловсролын салбарын нийслэл, дүүрэг, аймаг орон нутагт ажиллаж байгаа 250 гаруй удирдах ажилтан оролцож байна. Тэд салбарынхаа бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй бэрхшээлийг хэлэлцэж цаашид баримталж ажиллах чиглэлээ тодорхойлсон юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг зөвлөгөөнийг нээж хэлэхдээЗасгийн газар өнгөрсөн сард 27 зорилт бүхийГурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын баримт бичгийг баталсан. Энэ баримт бичгийн нэг үндсэн тулгуур стратеги нь ажилгүйдэл, ядуурлыг бууруулахХүн төвтэй нийгмийн бодлогоюм. Энэ тулгуур бодлогын хэрэгжилтийг хангаж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, гэр бүл төвтэй хөгжлийн бодлогыг хөгжүүлэхэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт ажиллаж байгаа та бидний үүрэг, оролцоо, хамтын ажиллагаа чухал байна. Салбарын сайдаар ажилласан таван сарын хугацаанд та бүхний хамтын хүч, оролцоотойгоор иргэдийн амьдралд бодит үр дүнгээ өгсөн зарим ажлыг хийж хэрэгжүүллээ. Тухайлбал, УИХын гишүүний хувиар санаачлан батлуулсан малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах хуулийн заалтыг хэрэгжүүлж эхэллээ. Энэ хуулийг цаг наргүй, байгалийн хэцүү ширүүн нөхцөлд ажиллаж, амьдардаг малчид нааштай хүлээн авч, баяртай байгаа хэдий ч хуулийн хэрэгжилт удаашралтай. Иргэдийн малчнаар ажилласан хугацааг нотлох баримт ихэнх аймгийн архивт байхгүй зэрэг хүндрэл үүсч байна. Хуулийн хэрэгжилт сайжрах үед малчдын мөнгөн орлого нэмэгдэж, нийгмийн баталгаа нь сайжрах юм. Мөн өнгөрсөн онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зургаан хөтөлбөр, хоёр үйлчилгээ, бусад төсөл, арга хэмжээг ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажилгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэд, залуучууд, малчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эх, ахмад настан, ажил олгогч зэрэг хөдөлмөрийн зах зээл дэх хүн амын онцлог бүлгүүдийн хэрэгцээнд нийцүүлэн хэрэгжүүллээ. Эдгээр хөтөлбөр, арга хэмжээнд 48.3 мянган иргэнийг, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд 150 орчим мянган ир­гэнийг хамруулж, Хөдөл­мөр эрхлэлтийг дэмжих сан­гаас 53.5 тэрбум төг­рөгийг зарцуулсан байнагэсэн юм.

хөдөлмөр

Мөн ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд ядууралд өртсөн өрх, иргэн бүрт хүрч ажиллах зорилт тавьсан байсан. Тэдний талаарх мэдээллийг сум, баг, хороогоор гаргаж, ядуурлын хэмжээгээр нь тодорхой бүлэгт хуваан бүлэг тус бүрийн эрэлт хэрэгцээ, боломж, нөхцөл байдалд нийцсэн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээ үзүүлэхийг зорьжажилгүйдэл, ядуурлыг дунд хугацаанд бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий салбар дундын уялдааг хангасан тодорхой төлөвлөгөөт ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 7187 төрийн албан хаагч ажиллаж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Үүний 1479 нь нийгмийн даатгалын салбарт, 4834 нь хөдөлмөр халамж, мэргэжлийн боловсрол сургалтын салбарт, 757 нь гэр бүл, хүүхэд залуучуудын чиглэлээр ажиллаж байгаа ажээ. Энэ үеэр холбогдох албаны хүмүүсийн сэтгэгдлийг сонирхлоо.

 Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга Т.Батхүлэг: БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ 37 МЯНГАН ИРГЭН БАЙНА

 Өнөөдрийн удирдах ажилтны зөвлөгөөн цаг үеэ олсон. Улсын хэмжээний хөдөлмөр эрхлэлтийн байдал, энэ жилийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийн өмнө зөвлөгөөнөө хийж байна. Өнөөдрөөс эхлээдДэмжих саннээгдэхээр бүх аймаг, дүүрэг, нийслэлд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс батласан хөтөлбөрийн дагуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлнэ. Тиймээс мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн чухал арга хэмжээ болж байна. Бидний хувьд ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах юм. Үүнээс өмнө тухайн ажил олгогчийн шаардлагыг хангасан ажилтан, ажил хайгч иргэдийг зуучлах вэ гэдэг асуудал чухал. Манай газрын хувьд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихДүнжингарав нэг цэгийн үйлчилгээ төв”-ийг байгуулан ажиллаж байна. Одоогоор 10-аад байгууллагын захиалгын дагуу 1000 гаруй иргэнийг байнгын ажлын байртай болгосон. Энэ жилээс хөдөлмөр эрхлэх сургалтад ажилгүй иргэдээ хамруулна. Манай ажилгүй иргэдийн тоог статистикийн мэдээллээс авдаг. Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй ажилгүй 37 мянган иргэн байна.

Сэлэнгэ аймгийн Хөдөлмөрхаламж үйлчилгээний газрын дарга  Л.Зоригтбаатар СЭЛЭНГЭЧҮҮД ЗАХ ЗЭЭЛД ЭРТ ОРСОН

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна. Үүгээр тухайн салбарт тулгамдаж байгаа асуудлыг яаж шийдвэрлэх, ямар хүндрэл бэрхшээл байна вэ, үүнээс гарах арга, замаа хэрхэн тодорхойлох вэ гэдгээ ярьж байна. Мэдээж иргэдийн ажил, амьдралыг дээшлүүлэх, ядуурлаас гаргах, ажилтай, орлоготой болгохоо үндсэн зорилгоо хэмээн ойлгож байгаа. Бид батласан төсвийн хүрээнд иргэдийг ажилд зуучлах, зөвлөгөө, мэдээлэл өгөх, түр ажлын байр бий болгох, ажил эрхэлж байгаа бичил бизнес эрхэлж буй иргэдийг дэмжих гэсэн олон ажлыг зохион байгуулж байна. Ялангуяа, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулж хоёр жилийн хугацаатай хүүгүй зээл өгч байгаа. Сэлэнгэчүүд зах зээлд эрт орсон. Ялангуяа, өрхийн үйлдвэрлэл эрхлэх тал дээр бусад аймгийг бодвол туршлагатай. Тиймээс өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын байр гарч байна. Сэлэнгэ аймгийн онцлог нь хөдөө аж ахуй. Дээрээс нь аймгийн тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг бодлогоо болгож дэвшүүлж байгаа. Манай аймгийн удирдлагын зүгээс Японтой хамтарч гурвалжин будаа тарих ажлыг эхлүүлж байна. Мөн Турк улстай махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг байгуу­лахаар ярилцаж байгаа

 

Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн дарга М.Отгонтуяа: ХОЁР ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн нь жил бүр ач холбогдолтой болдог. Яамны хүрээнд бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж байгаа анхан шатны байгууллага гэдэг утгаараа ард иргэдэд бидний хэрэгжүүлж буй ажил үр дүнтэй хүрч байгаа эсэх дээр санал бодлоо солилцлоо. Он гарснаас хойш манай дүүрэгтЦалинтай ээж”, “Насны хишигхөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хийж буй ажлынхаа мэдээллийг иргэдэд зөв ойлгуулж, асуудлыг нь шийдэж өгөхөд чиглэж ажилладаг гэсэн юм.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас жижиг зээлийг 2224 малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо, бичил аж ахуйн нэгжид 20 тэрбум төгрөгийн жижиг зээлийг олгож, 2451 ажлын байр шинээр бий болжээ. Мөн энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн ХНХЯ-ны дэргэдэх салбар зөвлөлийн дарга Г.Өнөрбаяр салбарын байгууллагууд, Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар “Төрийн албатай холбоотой гомдол, маргааныг УИХ-аас баталсан журмын дагуу комисс байгуулан хянан шалгаж дүгнэлт гаргадаг. Энэ маргааны зөрчлийг арилгах, холбогдох эрх бүхий байгууллагуудаас гаргасан хуульд нийцүүлэх шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан биелүүлэхгүй байх. Өөрийн гаргасан буруу шийдвэрээ хамгаалж, тайлбар хийх, цаг хожиж, өдөр өнгөрөөх гэсэн зөрчил байсаар байна. Мөн гарч буй өргөдөл гомдлын 90 орчим хувь нь ажлаас үндэслэлгүй халсан тухай гомдол эзэлж байна. Шийдвэр гаргагчийн хувьд хууль дүрэм журмын зүйл заалтыг зөв хэрэглэж сурах нь чухал байна. Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой аливаа шийдвэр бүрт хувийн хэрэг хөтөлж занших шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа. Тиймээс Монгол Улсын төрийн албыг бэхжүүлэх, хөгжүүлэх, төрийн албан дахь хүний нөөцийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх эрхзүйн орчинг боловсронгуй болгоход хамтран ажиллацгаая” гэж байлаа. Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр үргэлжилнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *