Аж үйлдвэрийн хувьсгал хийхийг зөвлөв

7-р сарын 5, 2018 6:47 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 61
7-5-11

Ч.ОЛДОХ

ШУА-ийнхан  өчигдөр Төрийн ордонд чуулав. Дэлхий даяар эрчээ авч буй  аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалаас  манай улс хоцрохгүй байхыг  эрдэмтэд  онцолж байна. Иймд  өргөтгөсөн хурлаа “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал ба Монгол Улсын хөгжлийн зангилаа асуудлууд” сэдвээр хийлээ.   Их чуулганы гол илтгэлийг  ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл тавьж, эрдэмтдээр хэлэлцүүлсэн юм.

Тоон,физикийн, биологийн салбарын тэргүүлэх технологиудын хил хоорондын зааг арилж, хиймэл оюун ухаан, тоон технологийн эрин үеийг бий болгож, улс төр, нийгэм, эдийн засагт гүн нөлөөлөх явцыг Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьгал хэмээн дэлхий нийт нэрлэж байгаа юм. 2016 онд  Давосын эдийн засгийн форум “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг төгс эзэмших” гэсэн нэртэйгээр уг асуудлыг тусгайлан хэлэлцсэн. Тэгвэл улс орнууд энэ хувьсгалын бий болгох боломжийг ашиглах, түүний үр ашгийг хүртэх, болзошгүй сөрөг нөлөөлөлд бага автах, саармагжуулах үүднээс  өөрсдийн онцлогт тохирсон бодлого, хөтөлбөр гарган ажиллаж эхлээд байна.

Манай улсын хувьд аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал нэг талаас эрчимтэй хөгжих бололцоог нээж байгаа. Нөгөө талаас, засаглал, хөгжлийн бодлого, чиглэлээ шинэчлэн тодорхойлох бодит шаардлагыг бий болголоо. Манай улс дэлхий дахиныг хамарсан энэхүү өөрчлөлтөд бэлэн байх, зохицон хөгжихийн тулд бие даасан бодлого, үйл ажиллагааны тодорхой хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Засгийн газар аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд бэлтгэх, үр өгөөжтэй оролцоход бодлогын түвшинд  анхаарч “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-доо тодорхой зорилтыг дэвшүүлж, хэрэгжүүлэхээр ажиллаж эхлээд байна. УИХ “Цахим бодлогын түр хороо” байгуулсан. Хамгийн гол нь энэхүү хувьсгалын гол хөдөлгөгч хүч нь шинжлэх ухаан, технологийн дэвшил. Ийм учраас ШУА тодорхой судалгаа хийж, Монгол Улсын хөгжлийн зангилаа асуудлуудыг нухацтай шүүн хэлэлцэж, эцэст нь  төр засагт хандан зөвлөмж хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Үүнд:

  1.  Засаглал, удирдлагын тогтолцооны хүрээнд Аж үйлдвэр, инновацийн  яам байгуулах саналыг  эрдэмтэд санал болгожээ. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд амжилттай оролцохын тулд улс орны хэмжээнд шинэ технологид суурилсан үйлдвэржилт явуулах, нийгмийн амьдралын олон салбарт тоон технологи нэвтрүүлж түүнийгээ зангидах, төлөвлөх, хэрэгжүүлэх  бүтцийг бий болгох хэрэгтэй гэж тэд үзсэн байна.  Түүнчлэн ШУА-ийн харъяанд Тоон технологийн хүрээлэн байгуулах, Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын Зөвлөлдөх хороо байгуулах хэрэгтэй гэжээ.
  2. Төрийн нэгдсэн бодлого, эрхзүйн орчны хүрээнд “Тоон технологийн Монгол орон” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийг санал болгожээ. Байгалийн баялагт тулгуурласан эдийн засгаас технологид суурилсан эдийн засагт шилжих, дунд болон урт хугацаандаа хөгжүүлэх үйлдвэрлэлийн чиглэл, технологийг нарийсган тодорхойлохыг чухал гэж үзжээ. Түүнчлэн дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогод нэмэлт баяжуулалт хийх, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагаанд зарцуулж буй урсгал зардал, хөрөнгө оруулалтыг ДНБ-ний хоёр хувьд хүргэх, шинэ хандлага бий болгохыг чухалд тооцжээ.

Мөн салбарын бодлого, төлөвлөлт, хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлж, зөвлөмжид нарийвчлан дурдсан байна.

Ийнхүү ШУА төр, засагт хандан  улс орноороо аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд “босох”-ыг  зөвлөлөө. Гэвч Засгийн газар, УИХ хэрхэн хандах нь таашгүй. Манай улсын хувьд 1990-ээд оноос шинжлэх ухааны салбар зогсонги байдалд орж,  олигтой  төсөв өгдөггүй, ажиллагсдынх нь цалин бага гэхчлэн асуудал үүсч ирсэн. Эрдэмтдийн судалгааны бүтээл архивт дарагддагаас шинжлэх ухааны эргэлтэд ордоггүйг  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс ухаалаг төр рүү шилжье” хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэд хэлж, шүүмжилж  байсан ч ажил хэрэг болоогүй. Төр, засаг нь  шинжлэх ухааны байгууллагынхаа гаргасан тооцоо, судалгаагаар биш  эрх баригч нам, улстөрчдийн ам, хэн  сайд дарга нарын сонирхлоор  асуудалд хандаж ирсэн. Тэгвэл, манай хойд, урд хөрш Шинжлэх ухааны төв байгууллагаа  улам өргөтгөн  хөгжүүлж, эрдэмтэн, судлаачдынхаа тооцоо, судалгаанд тулгуурлан хөгжиж ирсэн. Өдгөө дэлхий нийтийн хөл нийлүүлээд буй аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд ч ийм л байр сууриас хандаж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *