Аюулгүйн зөвлөлийн гишүүд протоколтой уулзах цаг нь болжээ

12-р сарын 25, 2018 7:40 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 7
12-25-2

Б.ДАМДИН-ОЧИР

Монгол Улсын ҮАБЗ-ийн гишүүд, олны ярьдгаар Төрийн гурван өндөрлөг нууцаар уулзсан тухай “ордны хов” дуулддаг болоод удлаа.

“…Х.Баттулга У.Хүрэлсүхтэй уулзсан байна. Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг загнажээ”, “М.Энхболд У.Хүрэлсүх хоёр уулзаж ярилцлаа. Тэд тохиролцсонгүй” гэсэн мэдээллүүд улс төрийн хүрээнд байнга яригддаг болов.

Тэр ч байтугай “…Аюулгүйн зөвлөлийн хурал дээр би ганцаарддаг” гэж ҮАБЗ-ийн нэг гишүүн, УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдлээ.

Бас сая болж өнгөрсөн МАН-ын Бага хурал дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “…Би Энхболдтой найзын хувиар ч, эр хүний хувьд ч олон удаа уулзсан” гэлээ. Маргааш нь УИХ-ын дарга М.Энхболд “…Би Хүрэлсүхтэй уулзахдаа ингэж хэлсэн” гэв.

Угтаа эдгээр нь та бидний зүгээр сонсоод өнгөрөх хов жив, бор шувуу төдий зүйл биш юм.

Монгол Улсын ҮАБЗ-ийн гишүүд ингэж хаа сайгүй, эр хүний ёсоор, найз нөхдийн журмаар уулзах ёсгүй юм байна. Тэрийг хуулиар хориглодог. Х.Баттулга Ерөнхийлөгч болсон учир, М.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байгаа тул, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохоор энэ гурван эрхэм хоорондоо уулзах нь хориотой. Тэд бие биеэ “…Манайд очиж мах чанаж идье” гэж дуудаад уулзах боломжгүй албан тушаалтнууд юм. Албан тушаал нь тийм эрхгүй болгож буй хэрэг.

Харин Х.Баттулга, М.Энхболд, У.Хүрэлсүх гурав гурвуулаа нэг дор, эсвэл хоёр нь уулзахаар бол Төрийн ордонд, протоколтой л уулзах учиртай. Хэрвээ Х.Баттулга, М.Энхболд, У.Хүрэлсүх гурав дээрх мэтээр Төрийн ордноос гадуур, ямар нэг протоколгүй уулзаж, яриа шивнээ хийгээд байдаг нь үнэн бол түүнийг нь хуйвалдаан гэж үзнэ. Хуульд тэгж л заасан.

Гэтэл тэд ойрын үед албан ёсоор уулзалдсангүй. Энэ хооронд улс төрийн хямрал дээд цэгтээ хүрэв. Үүнийг нь анзаарсан УИХ-ын зарим нэг гишүүн хүртэл “ҮАБЗ-ийн гишүүд нэн даруй хуралдана уу” гэж бланк дээрээ хүсэлт бичээд өгч байгаа харагдаж байна.

Үнэхээр ч тэд албаны журмаар хуралдах цаг нь болсон байна. Эс тэгвээс улс оронд улс төрийн хямрал нэгэнт үүсч, явсаар Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэхүйц аюултай явдал болж магадгүй гэх мэдээлэл чих дэлсээд эхэлж байна. Нөгөөтэйгүүр, Аюулгүйн зөвлөлийн гишүүд “гадуур” уулзаад төрийн хуйвалдаан зохион байгууллаа гэж улс төрийн хүрээний зарим нэг хүн нэр цохоод хэвлэлд ярьж байна. Ингэж болохгүй. Улсад аюултай. Хэрвээ энэ үнэн бол Аюулгүйн зөвлөлийн гишүүд энэ “аюултай харилцаа”-гаа таслан зогсоох ёстой.

Иймээс тэд нэн даруй Төрийн ордонд, прото­колтой, бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй, олны нүдэн дээр, ил тод уулзаж, төрийн хямралыг авч хэлэлцэх цаг болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин