Авсан авлигынх нь 10 хувиар торгох нь шийтгэл үү, шагнал уу?

7-р сарын 18, 2018 8:46 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 33
7-18-2

Т.БАТСАЙХАН

Зүгээр энгийнээр бодъё л доо.  Хэн нэгэн албан тушаалтан 20 сая төгрөгийн авлига аваад баригдлаа гэхэд хоёр сар гаруйн хугацаанд хууль, шүүхийн байгууллагаар явж, хоёр сая төгрөгийн торгууль төлөөд л хэргээс мултарчихаж байна.

 Энэ шийтгэл байж чадах уу.  Бизнесийн хэлээр бол нэлээд ашигтай наймаа байгаа биз. Яахав тэр хүний нэр хар толботой үлдэнэ, гэхдээ 18 сая төгрөгийн ашигтай үлдэж байгаа юм.  Дээр нь эрхэлж байсан албан тушаалтайгаа үлдэнэ, эсвэл өөр салбарт тушаалд  дэвшиж очно.  Авлига авсан биш  тэр эрхэм бараг л шагнуулсантай адил болж байгаа юм.  Иймэрхүү жишээг нэрлэвэл олон бий.

Энэ хуулийн  цоорхой, гажуудлыг засахгүй бол бид авлигын асуудлаар агентлаг байгуулж ажиллуулаад ч  нэмэргүй санагдана.  Энэ жил Берлинд төвтэй “Транспэрэнси Интернэшнл байгууллага”  Монгол Улсын авлигын индексийг зарласан.  2015 онд манай улс 72-т , 2016 онд 87 –д жагссан бол харин өнгөрсөн  онд 103 дугаарт орсон байна.  Энэ мэдээж цөөн хүн амтай, ардчилсан оронд өндөр үзүүлэлт.  Энэ тоонд авлигын хэрэгт  ногдуулах ял шийтгэл бараг байдаггүй, бүдэг бадагхан байгаа нь  мэдээж нөлөөлсөн.  Өнгөрсөн тавдугаар сард АТГ-аас авлигын хэрэгт шийтгэл оногдуулсан байдлыг танилцуулсан.   Тэнд шийтгэл гэхээс илүү шагнаад өнгөрчээ гэмээр хэрэг олон байна.  Тухайлбал,   Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгохын тулд аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс 57.5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулан илрүүлжээ.

Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх хэлэлцэн Эрүүгийн хуулийн 22.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хахууль авсан Д.Батбаярт 6.5 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулсан байна.  Өөрөөр хэлбэл, Д.Батбаяр 57.5 сая төгрөгийг бусдаас авсан, харин түүнийхээ 10 гаруйхан хувийг торгуульдаа өгөөд л хэргээс салчихаж байна.   Мөн  БСШУС-ын яамны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь 90.7 сая төгрөгийг хувьдаа завшсан хэргийг илрүүлжээ. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Д.Батмагнайд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 9.5  сая төгрөгийн торгууль оногдуулсан байна. Их амархан байгаа биз.  Яг л өмнөх шиг 10 хувийг нь улсад төлөөд л боллоо.  Үүнийг гэмт үйлдэл гэхээс  илүү сүлжээний бизнес гээд ч нэрлэчихэж болмоор санагдана.

Дараагийн нэг жишээ нь Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь албан тушаалын байдлаа ашиглаж 13.4 сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Шүүхээс Н.Нарангэрэлийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар нэг жилийн тэнсэн харгалзах ял оногдуулж, хэрэгт худал мэдүүлэг өгсөн гэрч Т-д Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулсан байна. Мөн дахиад нэг сонирхолтой жишээ АТГ-ын мэдээлэлд байна. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицероор ажиллаж байсан  С.Гансүх нь тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож явсан иргэн С-ээс бусдаар зуучлуулан 200 мянган төгрөгийн хахууль авсан хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх хэлэлцэж 1.6 жилийн хорих ял оногдуулж, шийдвэрлэжээ.

Хэрэг шийдвэрлэх байдал урвуу хамааралтай байгаа нь Монголд хууль шүүхийн байгууллага хэрхэн хараат бус ажиллаж байгааг  мөн харуулж байна. Улсад 90.7 сая төгрөгийн хохирол оногдуулсан хүн есөн сая төгрөг төлөөд гарч байхад иргэнээс 200 мянган төгрөг авсан цагдаа 1.6 жилийн хорих ял авчээ.  Авлига их авах тусам  бага  ял  ногдож, ашиг их унадаг ийм л хуулийн тогтолцоо манайд үйлчилж байна. Монгол Улс 1996 онд Авлигын эсрэг хуулийг баталж, 2002 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөртэй болж, 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдсэн.

Гэсэн ч одоо хуулийн тогтолцоогоо өөрчлөх шаардлага зайлшгүй  тулгарч байна.  Тэгж гэмээнэ бид авлигатай тэмцэгч  улс болох юм.   Олон улсад авлигын хэргийг нэлээд өндөр төвшинд шийдвэрлэж, урд хөршид гэхэд ялын дээд хэмжээ   өгч байна.  Колумбад Улсын шүүх тус улсын Хөдөө аж ахуйн сайдаар 2005-2009 онд ажиллаж байсан Андрес Филипе Ариас-д холбогдох хэргийг шалгаад түүнийг “Odebrecht” гэх Бразилийн барилгын компанид гэрээ байгуулж өгснийхөө хариуд хахууль авсан болохыг нь тогтоож, 17 жилийн хорих ял оногдуулсан байна. Бразил Улсын төрийн өмчит Петробрас компанитай холбоотой авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийн нэг, тус улсын Сангийн сайдаар 2003-2006 онд ажиллаж байсан Антонио Палоццид 12 жилийн хорих ял оногдуулсан байна.

Тэрээр сайдаар ажиллаж байхдаа авлига, мөнгө угаасан хэрэгт холбогдсон юм байна. Грек Улсын Батлан хамгаалахын сайдаар 1996-2001 оны хооронд ажиллаж байсан Акис Цохадзопулос цэргийн шинэ техник худалдан авах явцад хахууль авсан гэх үндэслэлээр түүнд 20 жилийн хорих ял оногдуулжээ. Тэрээр хахуулийн мөнгөө оффшор бүс дэх компаниараа дамжуулан авдаг байжээ.  2003-2005 онд Итали Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцсан сайдаар ажиллаж байсан Клаудио Скайолуг  2004 онд бизнес эрхлэгчдээс хахууль авч, тэр мөнгөөрөө Ром хотод Колизейн урд байрлах өндөр үнэтэй байрныхаа зээлийг төлсөн гэх үндэслэлээр шүүх ажиллагаа 2011 онд эхэлсэн бөгөөд яллагч тал түүнийг гурван жил хүртэл хугацаагаар хорих ял санал болгожээ.  Ийнхүү олон улсад бол авлигын хэргийг шийтгэж, шийдвэрлэж чадаж байна.

Тиймдээ ч  төрийн тогтолцоо авлигаас ангид хол байж чаддаг байх. Харин манай шийтгэх биш шагнаад өнгөрч байна. Энэ бол хуулийн гажуудал шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *