АТГ-т шалгагдаж байгаа гурван сайдын тайлбар

8-р сарын 29, 2018 5:09 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 64
fa6

С.САРУУЛ

АТГ-аас Засгийн газрын гурван сайдын ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа талаараа мэдээлсэн юм. Тодруулбал, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшсэн, хамтын өмчлөлийн 130 компани эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй долоон компани 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан байна гэсэн мэдээллийг өгсөн юм.

Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн туслахаар ажиллаж байсан Б-г Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр томилсон, өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон гэсэн бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын хувьд төслийн мөнгийг өөрийн ах дүүгийн компани руу шилжүүлсэн гэх асуудалд холбогджээ. БОАЖЯ-нд засвар хийх, хурлын заалны тоног төхөөрөмж нийлүүлэх  200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан завшсан  гэх “Эрдэнэзул” компанитай холбоотой хэргээр шалгаж байгаа гэв.

Тэгвэл даваа гаригт мэдээлэл хийсэн АТГ-ын хурлын маргааш нь Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар  тайлбар хийсэн бол өнөөдөр /2018.08.29/ БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тайлбар өглөө.

АТГ-т ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн шалгагдаж байгаа Засгийн газрын гурван сайдын тайлбарыг хүргэж байна.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Миний ах дүү нараас ажил авсан байвал өргөдлөө өгөхөд бэлэн                                                                                           

– АТГ-аас мэдээлэл хийхдээ албан ёсны нэр дурдаагүй. Энэ салбараас цалин авчихаад энэ салбараар бизнес хийж болохгүй. Миний ойлгож байгаагаар эрчим хүчний салбарт ажилладаг, тэгээд эхнэрийнхээ нэр дээр компани байгуулаад өөрийн ажиллаж байгаа биш ч өөр эрчим хүчний салбарын компаниас ажил авсан байх тохиолдол гарсан байхыг би үгүйсгэхгүй. Миний ах дүү нараас хэн нэгэн хүн яамнаас ажил авсан байвал би шууд маргааш нь ажлаа өгнө. Мөн яамнаас  АТГ-т шалгагдаж байгаа хүн байхгүй гэж бодож байна. Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа нэр бүхий хүмүүстэй холбогдолтой 130 гаруй компаниас аль нэг нь ажил авсан эсэхийг сонирхоод үзэхэд ТЭЦ-3-ын нэг инженерийн эхнэрийн нэр дээр байдаг компани шугам сүлжээний ажил авсан байсан. Үүнийг хуулиараа зөрчил гэж үзэхэд хэцүү. ТЭЦ-3-аас авсан бол зөрчил мөн.

Миний зүгээс өөрийнхөө компанийн зарласан бараа үйлчилгээний ажлаас авсан байж болзошгүй болон 50 гаруй тендерийг  бүгдийг нь хууль зөрчиж хийсэн гэж үзэж буй хоёр захирлыг ажлаас нь чөлөөлөхөөр Төрийн өмчийн хороонд нэлээн дээр хандсан. Тэр хүмүүс ажлаа хийгээд явж л байгаа. Төрийн өмчийн хороо Эрчим хүчний яамны харьяа компаниудын захирлтай гэрээ байгуулж томилдог. Би бол зөвхөн Төрийн өмчийн хороонд санал хүргүүлдэг. Миний саналыг огт авч хэлэлцэхгүй  хэдэн сар болж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Гэр бүл найз нөхдийн байтугай нутаг усны ч холбоогүй

– Тэгвэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл АТГ-ын мэдээлэлд тайлбар хийснийг “Сошиалын булан”-д онцолж байна. Тэрээр цахим хуудсандаа “Авилгатай тэмцэх газарт хоёр залуу мэргэжилтэн,хэлтсийн дарга хийх нь ингэтлээ таалагдахгүй гэж зүүдэлж ч явсангүй.Яадаг юм.Ардын хүүхдээс дээд боловсролтой,төрд 6-8 жил ажилласан жирийн 2 залууг төрийн нарийн бичгийн даргад санал болгосон.Сайд аа АТГ-аас тэр 2 хүнийг ашиг сонирхлын зөрчилгүй, ажилд авч болно гэсэн бичиг ирсэн болохоор тушаал гаргачихлаа гэсээр ТНБД орж ирсэн.Тэд туршилтаар ажиллаж байгаа.Энэ хугацаанд яаж ажиллаж байгааг яамаараа харж буй биз..Сэтгэлээр уначихсан ажлаасаа гаръя гэчихсэн явна хөөрхийс. Энэ 2 залуутай манай гэр бүл найз нөхдийн байтугай нутаг усны ч холбоогүй.Сайхан сэтгэлт хүмүүсийн урмын үг,тус дэмээр би өдий зэрэгт хүрсэн.Ажил хөдөлмөр эрхэлж амжилтанд хүрэх хүсэл эрмэлзэлтэй олон олон залуусыг цаашид ч дэмжих болно” гэжээ.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: АТГ улс төрийн зорилготой мэдээлэл хийж байна

-АТГ-ын мэдээллийг харсан. Албан ёсны мэдээлэл дээр нь засварыг сайдын хамаарал бүхий компани гүйцэтгэсэн байж болзошгүй гэсэн. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт байгаа 26 компанийн нэг нь ч энэ үйл ажиллагаанд оролцоогүй гэдийг албан ёсоор мэдэгдэж байна. Аливаа улс төрийн сенсаацын өмнө хууль хүчний байгууллага гарч ирээд, мэдэгдэл хийдэг нь одоо ч үргэлжилж байна. Энэ байдлыг бид цаашид өөрчлөх ёстой. УИХ-д сонгогдсон олон гишүүд ийм байдлыг өөрчлөх ёстой гэж чуулган дээр хэлж байсан. Ерөнхийлөгчийн оролцсон хаалттай чуулган дээр ч энэ асуудал яригдсан. Яамны 30 жилийн ойн тохиох үед Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг гараад, ном журмын дагуу ажлаа хийгээд явсан.Би бол улстөрийн зорилготойгоор мэдэгдэл хийсэн гэж харж байна. АТГ-ын шалгалт хууль журмынхаа дагуу явагдах байх.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *