АТГ: Прокурор зөвшөөрвөл 60 тэрбумын хэргийн талаар тайлбарлахад бэлэн байна

7-р сарын 26, 2018 9:17 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 31
7-26-2

Т.БАТСАЙХАН

АТГ-аас өнгөрсөн сард хийж хэрэгжүүлсэн ажил, ХОМ, олны анхаарлын төвд байгаа зарим хэргийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ.  Тус газар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн сард есөн удаа сургалт явуулсан байна.  Ман Улсын дээд шүүхээс Г.Дэнзэнтэй холбоотой хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлээд байсан.  Тэгвэл АТГ-аас хэргийг дахин  шалгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар  прокурорт дахин шилжүүлжээ. Түүнийг тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр ийнхүү шалгаж дууссан байна.  Мөн Нийслэлийн НҮГ-ын дарга Д.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан үндэслэлгүй хөрөнгөжсөн, 2012-2017 онд өөрсдийн хамаарал бүхий есөн компаниар дамжуулан 1,5 тэрбум төгрөг завшсан хэргийг АТГ шалгаж дуусчээ.  Тэднийг яллагдагчаар татах хүсэлтэйгээр пропурорыг байгууллагад шилжүүлээд байна.   Мөн тус газар өнгөрсөн долдугаар сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 824 этгээдийн ХАСУМ-ийг хянан шийдвэрлээд байна. Энэ хугацаанд Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн ХАСУМ бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна гэлээ.  Үүний дараа  Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог,  Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү нар  сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон С.Баяр нарыг мөрдөн шалгах ажиллагаа ямар шатанд байна вэ?

-Ч.Сайханбилэг болон С.Баяр нарыг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Тусгаарлагдсан хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн. Прокурор үнэлэлт дүгнэлт өгөөд одоо гадуур шалгагдаж байна.  Хилээр гарах, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглосон. Дуудаж байцаалт, мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байна.

АТГ-ын дарга Х.Энхжаргал Ерөнхий сайд асан С.Баяртай уулзсан бичлэг сошиалаар тарсан. Энэ уулзалтаас үүдэж С.Баяр мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлсөн гэх хардлага үүсгээд байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-АТГ-ын дарга хэрэгтэй танилцах эрхтэй байдаг. Яллагдагчтай прокурорын хяналтын дор өрөөндөө уулзах ажиллагаа явагдсан. Ерөнхий сайд асан С.Баяр өөрөө уулзах хүсэлт тавьсан. Энэ уулзалт  бол иргэн хүний өөрт оногдсон эрхийнх нь хүрээнд явагдсан ажил юм. Түүнээс мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн зүйл биш.

Ямар шалтгаанаар уулзсан юм бол?

-Яллагдагч өөрөө зарим асуудлыг анхаарч өгөөч гэсэн хүсэлт тавьж уулзсан.

МИАТ-ийн Захиргаа хууль эрх зүйн асуудал эрхэлсэн дэд захирал Н.Энхбаатарыг шалгаж байгаа нь үнэн үү?

-Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлж байна. Түүнийг авлига албан тушаалтын гэмт хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах шаардлага гарсан.  Түүнээс биш   шалгагдаж байгаа хэргүүд улс төрийн захиалгаар шалгаагүй. Үндэслэл бүхий мэдээ мэдээлэлд тулгуурлаж прокурорын байгууллагын хяналт дор шүүгчийн шийдвэрээр энэ бүх ажиллагааг хийдэг. Прокурорын зөвшөөрөлгүйгээр нэг ч үйл ажиллагаа явагддаггүй. Шүүгчийн зөвшөөрөлгүйгээр нэг ч үйл ажиллагаа явагддаггүй. Ямар нэгэн нам, улс төрийн захиалгаар мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулж байгаа хэрэг огт биш.

АТГ яагаад 60 тэрбумын хэрэг, Эрдэнэтийн 49 хувийн хэрэг дээр ажиллахгүй байна вэ. Хэрэг ямар түвшинд явна вэ?

-60 тэрбумын хэрэгтэй холбогдолтой асуудал дээр  АТГ-аас  хангалттай мэдээлэл өгсөн. Нийслэлийн прокурорын газраас хэргийн эцэслэсэн шийдвэр гарсан. Нэгэнт прокурор шийдвэрлэсэн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулах эрх бидэнд байхгүй. Хуулийн дагуу доод шатны прокурорын гаргасан шийдвэрийг  дээд шатны прокурор хүчингүй болгоод дахин мөрдөн шалгах ажиллагааг явуулахыг даалгавар болгоод АТГ-руу ирүүлсэн тохиолдолд  мөрдөн шалгах ажиллагаа явагдах ёстой юм. Энэ хэргийг нээлттэй хэлэлцүүлгийн хэмжээнд ярина, ярихгүй  гэдэг асуудал яригдаж байна. Дахин хэлэхэд прокурор өөрийнхөө хэмжээнд нийтэд мэдээлж болно гэсэн зөвшөөрлөө өгвөл 60 тэрбумын хэргийг бүр нарийн мэдээлэл болох нотлох баримт ямар хэмжээнд цугларсан, прокурор тэр нотлох баримтыг хэрхэн хааж шийдвэрлэсэн талаарх бүх асуудлыг тайлбарлахад бэлэн байна. Эрдэнэтийн 49 хувийн мөнгө нь хэрхэн яаж бүрдсэн талаарх асуудлыг Цагдаагийн байгууллагатай хамтран шалгаад явж байгаа. Шалгалтын ажиллагаа үргэлжлээд явж байна.

-60 тэрбумын хэр­гийг прокурор руу шил­жүүлэхдээ Эрүүгийн хэрэг үүсгэх санал хүргүүлсэн юм уу. Ямар дүгнэлт хүргүүлсэн байдаг вэ?

-Дээрх хэрэг дээр ирсэн гомдол мэдээллийг хуучин хуулийн дагуу шалгаад тухайн үед эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай гарч байсан. Нийслэлийн прокурорын газар татгалзах саналыг хүлээж аваад  тогтоол гаргасан байсан. Дараа  нь  тэр тогтоолыг дээд шатны прокурор хүчингүй болгоод мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгаж Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүний дагуу гурван байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгасан. Нийслэлийн прокурорын газар хэрэг асуудлыг хянаад эвлүүлэгтэй холбоотой асуудлыг огт болоогүй гэж үзээгүй. Хамгийн гол нь нотлох баримт нь эх хувиараа байх ёстой гэсэн шаардлагыг хангахгүй учраас хэрэг бүртгэлийг хаах саналыг прокурорт шилжүүлсэн. Прокуророос хаах тогтоол гаргасан. Тэр тогтоол нь одоо хүчин төгөлдөр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *