Ассанжийг буруутгасанд санаа зовниж байна

11-р сарын 19, 2018 8:52 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 8
11-19-6

Д.ЭНХЭЭ

“Wiki Leaks” байгууллагыг үндэслэгч Жулиан Ассанжийг АНУ-д гэм буруутай гэж үзэж байгаа тухай олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтэлсэн мэдээнд сэтгэл зовниж байгаагаа Сэтгүүлчдийн эрхийг хамгаалах байгууллага илэрхийлж. Ийм алхам дэлхийн сэтгүүлчдэд хор хохирол учруулахуйц аюултай алхам болно хэмээн онцолжээ. Энэ тухай баасан гаригт нийтлэгдсэн Сэтгүүлчдийн эрхийг хамгаалах байгууллагын мэдэгдэлд дурджээ.

“The Washington Post” сонин өнгөрсөн пүрэв гаригт олж авсан баримтаа эшлэн АНУ-д Ассанжийг эчнээгээр гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай мэдээлжээ. Тус сонины баримтаар АНУ-ын Шүүх яам энэ тухай нийтэд мэдээлэхээр төлөвлөөгүй боловч прокурорын туслахуудын нэг нь санамсаргүй энэ мэдээг ил болгожээ. Сонины газрын эх сурвалжууд “Wiki Leaks”-ийн үндэслэгчийг үнэхээр буруутгаж байгаа, эдгээр мэдээг санаатай ил болгоогүй болохоо нотолжээ.

“Буруутгалын талаар нарийн ширийн зүйл тодорхойгүй ч Засгийн газрын баримт бичгийг нийтлэх нь гэмт хэрэг гэж үзэх хүрээнд цаашдаа явуулж болох эрүүгийн мөрдлөг бидний сэтгэлийг зовоож байна. Энэ нь АНУ-д эсвэл өөр улсад байгаагаас үл хамааран бүх сэтгүүлчид хор хохирол учруулах аюултай тохиолдол болно” хэмээн Хойд Америк дахь сэтгүүлчдийн эрхийг хамгаалах хорооны хөтөлбөрийн зохицуулагч Александра Эллербек мэдэгджээ. Нью-Йорк хотноо төвлөж байсан сэтгүүлчдийн эрхийг хамгаалах хороо 2010 онд тухайн үед АНУ-ын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Барак Обамагийн захиргаанд Засгийн газрын нууц баримт бичгийг нийтэлсний төлөө Ассанжийг буруутгахгүй байхыг хүсч захидал илгээж байсныг Эллербек сануулжээ.

Ассанжийн өмгөөлөгч нарын нэг болох Барри Поллак “Wiki Leaks”-ийн үндэслэгчтэй холбоотой мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил болсонд сэтгэл зовниж байгаагаа мөн илэрхийлжээ. “Энэ мэдээлэл нийтлэгдсэн бодлогогүй арга хэрэгслээс илүү ноён Ассанжийг эрүүгийн гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай мэдээ маш түгшүүртэй байна” хэмээн тэрээр ТАСС агентлагт мэдэгджээ.Поллакийн хэлснээр Засгийн газар “үнэн мэдээллийг нийтэлсний төлөө хэн нэгнийг эрүүгийн гэмт хэрэгт буруутгах нь ардчиллын хувьд аюултай зам” ажээ.

АССАНЖИЙН ЭРГЭН ТОЙРНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ

Ассанж өөрт нь хоргодох боломж олгосон Лондон дахь Эквадор улсын Элчин сайдын яамны нутаг дэвсгэрт 2012 оноос хойш амьдарч байна. “Бэлгийн дарамт шахалт үзүүлж” хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт буруутган баривчлах зөвшөөрөл олгосон Швед улс руу албадан аваачихаас “Wiki Leaks”-ийн үндэслэгч ийнхүү аргацааж байгаа. Гэхдээ Төрийн департаментын нууц баримт бичгүүдийг нийтэлсний төлөө 35 жил шоронд хоригдох эсвэл цаазлуулах аюул хүлээж байгаа. АНУ руу Швед улс түүнийг шилжүүлэх байх гэдгээс Ассанж хамгийн гол нь болгоомжилж байгаа билээ. Ногдуулж байгаа гэм бурууг Ассанж няцааж улс төрийн сэдэлтэй хэмээн нэрлэж байгаа. Энэ оны гуравдугаар сард Эквадорын эрх баригчид “Wiki Leaks”-ийн үндэслэгчийг интернэт болон телефон утсаар харилцах боломжгүй болгосон. Кито энэ алхмаа Ассанж улс төрийн мэдэгдэл хийсээр байгаатай холбон тайлбарласан. Эквадорын эрх баригчид түүнийг хоргодох эрхгүй болгож АНУ-д шилжүүлэх гэж байна хэмээн “Wiki Leaks”-ийг үндэслэгч шүүхэд өргөдөл гаргасан ч Китогийн талаар Ассанжийн гаргасан бүх гомдлыг шүүх хэрэгсэхгүй болгосон билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *