Арванхоёрдугаар сарын сонгууль

11-р сарын 17, 2015 10:09 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 75
Hand-Voting-Slider

М.ГАН

Ард нийтийн санал асуулгыг ирэх сарын 6-нд хийхээр төлөвлөжээ. Энэ тухай хуульд өөрчлөлт оруулах, мөн тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэж эхлээгүй байна.

Хууль, тогтоолыг энэ долоо хоногт батлаад УИХ-ын намрын чуулганыг завсарлуулж, 14 хоногийн хугацаанд УИХ-ын гишүүд тойрог, хөдөө орон нутагт ажиллаж ард нийтийн санал асуулгын талаар мэдээлэл өгөхөөр ярилцаж байгаа аж.

Уг нь энэ сарын 26 буюу Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр санал асуулгыг явуулахаар хуулийн төсөлд тусгасан ч цаг хугацааны хувьд амжихааргүй бол­жээ. Иймд хуулийг баталс­наас хойш 14 хоногийн дараа буюу ирэх арванхоёрдугаар сарын 6-нд явуулахаар төлөвлөсөн аж. Учир нь энэ өдөр ардчиллын төлөөх таван нам нэгдэж АН-ыг байгуулсан чухал өдөр гэдэг. Мөн 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулсан өдөр учир АН-ынхан энэ өдрийг бэлгэшээдэг гэдэг юм билээ.

Хэдийгээр ард ний­тийн санал асуулгыг явуулах өдөр чухал ч гэлээ Үндсэн хуулийг өөрчлөх эсэх талаар бүх ард түмнээс асуух нь илүү чухал зүйл гэдгийг хуулийн төсөл санаачлагчид болон УИХ-ын гишүүд онцолж байгаа юм. Учир нь Үндсэн хуу­лийн гуравдугаар зүйлд “1.Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламж­лан энэхүү эрхээ эдэлнэ.  2.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” хэмээн заасан. Иймд ард түмнээс асуух ёстой бөгөөд  тэд Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг шийднэ гэсэн үг. Хэрэв өөрчлөх шаард­лагагүй гэсэн дүн гарвал УИХ-аар хэлэлцэхгүй, дэмжвэл зохих өөрчлөлтийг парламентаар хэлэлцэн энэ онд шийдэхээр ярьж байгаа аж.

УИХ-д суудалтай бүх нам, эвсэл, мөн бие даагч гишүүдийн төлөө­лөл болох нийт гишүүний 60 гаруй хувь нь Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг өөрчлөх төсөлд гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн юм. Иймд санал асуулгыг явуулах хуулийг хурдан хугацаанд баталж, иргэдэд энэ тухай танилцуулах ажлыг шуурхай зохион байгуулахад УИХ дахь нам, эвслийн бүлгийн олонх гишүүн санал нэг байгаа аж.

Энэ удаагийн ард нийтийн санал асуулга нь Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан зөвшөөрөх асуудлаар 1945 оны аравдугаар сарын 20-нд явуулсан анхны бөгөөд цорын ганц санал асуулгын 70 жилийн ойн жил тохиож байгаагаараа мөн онцлогтой аж.

Уг нь Ард нийтийн санал асуулгын тухай хууль нь 1995 оны аравдугаар сарын 19-ний өдөр батлагдсан юм байна. УИХ-ын сонгуулийн тухай хууль 2011 онд шинэчлэгдсэн батлагдсантай холбоо­тойгоор Ард нийтийн санал асуулгын тухай хуульд тухайн үед нь нэмэлт, өөрчлөлт оруулаагүй үлдээжээ. Мөн Ард нийтийн санал асуулгын тухай хуу­лийг 1995 онд баталсан ч гэлээ нэг ч удаа хэрэглэж байгаагүй аж. Огт хэрэглээгүй хууль хуучирсан учир агуулга, бүтцийг нь хэвээр хадгалж, зарим нэгэн өөрчлөлтийг хийж батлах гэж байна. Энэ хуулийн төслийг байнгын хороогоор энэ долоо хоногт хэлэлцэх аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *