Архивын “нэвтэрхий толь”

12-р сарын 4, 2017 9:48 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 6
12-4-2

Т.БАТСАЙХАН

Монгол Улсад Архивын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна.  Энэ салбарын тогоонд багтаж, эдүгээ цагийн их түүхийн шад мөр бүрт хөдөлмөрөө шингээж явсан олон  буурай бий.  Тэдний нэг бол доктор, профессор С.Ичинноров юм. Түүнийг “Амьдралын тойрог” буландаа урьж, архивын байгууллагын нэгэн үеийн түүхийг сөхлөө.

БАГААСАА ҮЛГЭР, ТУУЛЬС ШИМТЭН УНШДАГ БАЙВ

С.Ичинноров гуай өдгөө 90 насны босгон дээр ирээд байна. Түүний амьдралын хагас зуун жил архивын салбартай холбоотой байв.  Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт төрж өссөн тэрээр айлын ганц хүү байжээ.  Аав  нь 1935 онд, ээж нь 1947 онд өвчний улмаас өөд болж С.Ичинноров багаасаа өнчрөл зовлонг амсч байв.  Гэсэн ч нагац ах нарыгаа бараадан  Тарагт сумын бага сургуульд орж, эрдмийн их хаалгыг татсан байдаг.

 Тэр л цагаас хойш номд шимтэн, үлгэр туульс их уншдаг, түүх сонирхдог хүүхэд болжээ.   Нагац ах Мөнх, Чойнзод нар нь ч зав л гарвал түүнийг ном уншуулж, түүх ярьж өгдөг байв.  Архивын салбарт амжилттай ажиллах уг сурвалж нь тэр л үед суусан гэдгийг С.Ичинноров гуай дурсан ярьж байна.  Түүний дараа 1949 онд тэрээр хотод нагац ах Г.Тойдовындоо иржээ.  Энэ үеэс түүний хөдөлмөрийн гараа эхэлсэн.  Улсын хэвлэх үйлдвэрт ажилд орж, үсэг өрөгчөөс эхлээд олон ажлыг хийж байжээ.  Ажиллахын зэрэгцээ сурахаа ч мартсангүй. Ажилчдын оройн дунд сургуульд суралцаж, мөн эрхэлсэн ажилдаа амжилт гарган шинийг санаачлагч хэмээн өргөмжлөгдөж явсан байдаг.  Тэрээр “Би удалгүй Улсын хэвлэх үйлдвэрийн зургийн цехийн дэргэдэх МАХН-ын үүрт гишүүнээр элсч байлаа. Ингэж миний ажил амьдралын гараа ам­жилт­тай эхэлсэн дээ” гэв.

АРХИВ НАДАД БИЧГИЙН ЭРДЭНЭСИЙН САН МЭТ САНАГДДАГ

Тэрээр МАН-ын архивын түүхийг “шүүрдэж” явснаас гадна, Монголын түүхэн дэх баримт сэлт данс харааг сайн мэдэх “Нэвтэрхий толь” мэт хоровхон судлаач юм.

Архивын байгуул­лагатай амьдралаа холбосон үе нь 1958 он юм байна.  Өөрийн хүсэлтээр хэвлэх үйлдвэрийн ажлаа өгч, Улсын төв архивт ажиллах болсон нь С.Ичинноровын хувьд нэр төрийн хэрэг байлаа. Тэрээр “Урьд өмнө би архив гэж сонсож байснаас орж нэвтэрч байсангүй. Их бичгийн эрдэнэсийн сан мэт санагдаж байлаа. Угаас агуулга нь тэр юм шүү дээ. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр эндээс би олон зүйлд мэдэж авах юм даа гэж бодож байсан” гэв.  Тухайн үед архивын газрын даргаар Доржсүрэнхорлоо, зааварлагч даргаар Намхайдавга нар ажиллаж байжээ.  С.Ичинноровыг ажилд авахдаа монгол бичгээр уншиж бичүүлж, ихэд шалгаж байж авч байжээ. Ингэж тэрээр архивч болсон байдаг.   Нээрээ л эрдэнэсийн авдраасаа олон үнэт зүйлээ шүүрдэж, тархи оюундаа хийж, эрдмийн ажлаа ч эхлүүлсэн он жилүүд байв. 1959 оноос архивын фондын эрхлэгч, 1960 оноос 1921 оны Хувьсгалын өмнөх үеийн баримт бичгийн хэлтсийн эрхлэгчээр томилогдон ажиллав.  Энэ он жилүүдэд тэрээр сурч боловсрох боломж бололцоог байнга эрэлхийлж байсан гэдэг. Улаанбаатар хотын намын хорооны дэргэдэх Марксизм Ленинизмийн оройн их сургууль, МУИС-ийг ч дүүргэж амжив.  Тэрээр “МУИС-ийг дүүргэснээр миний амьдралд их ахиц дэвшил гарсан. Эрдэм оюуны үүд хаалгыг нээж өгсөн багш нараа санаж байна. Дундад зууны түүх, Эртний дэл­хий дахины түүх, Мон­голын төр эрхийн түүх гээд түүхээр ёстой л бөмбөг­дүүлж байсан. Тэр хүчинд би ч толгойдоо овоо их зүйл хийж байлаа” гэв.

БҮТЭЭЖ ТУУРВИСАН ОН ЖИЛҮҮД

Түүний ажиллаж суралцах он жилүүд үргэлжилсээр мөн эрдмийн ажлын мөр хөөлөө.  1967 онд МУИС-ийг төгсөж, МАХН-ын төв хорооны Түүхийн институтэд хуваарилагдаж, эрдэм шинжилгээний ажлын зах зухыг мэдэрч эхэлсэн гэдэг. Ер нь түүний судалгааны ажилд намын түүх, хэлмэгдүүлэлт, төрж өссөн Өвөрхангай аймгийнх нь тухай бүтээлүүд зонхилж байна. Тэрээр намын түүхийн институдэд ажиллаж байх үеэ дурсан “1972 онд ШУА-ийн ажилтан Ү.Загдсүрэн “Хатанбаатар Магсаржавын долоон үеийн түүх” хэмээх нэгэн гар бичмэлийг крилл болгосон  хувилбараар ном хэвлүүлэх болсноо надад хэлж байлаа.  Тэр гар бичмэлийг Булган аймгийн Хутаг сумаас олж ирсэн гэдэг. Тэрийг архивт байх гар бичмэлтэй тулгахад түүхийн жинхэнэ эх болох нь нотлогдов. 1940 онд хуулж бичихдээ атоман Семёнов нар гэснийг Ядам, Семерков нар гэж буруу гаргаж бичсэн алдаа байсныг залруулж билээ. Энэ бол архивын эх бичгийн үнэ цэнэ юм” гэв. Тэрээр энэ хугацаанд “БНМАУ өөрийн зах зээлээс гадаадын капиталыг шахан зайлуулсан нь”, “Хорлоогийн Чойбалсангийн улс төрийн амьдрал цаг үе”, Их жанжин Д.Сүхбаатарын тухай “Монгол ард түмний гарамгүй хүү”, “МАХН-ын орон нутгийн байгууллага үүссэн түүхээс”, “Түүхийн үнэний мөрөөр” I, II, III, IV дэвтэр, анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар, “Эрдэнэзуу ба түшээт ханы хошуу” гээд олон арван бүтээл туурвижээ.  Түүний бүтээлийн эх сурвалж архивын баримт бичигт тулгуурлаж байсан болохоор уншигчдад шинэ мэдээлэл, мэдлэг өгөх ач холбогдолтой бүтээл болдог байна.  Тэрээр энэ салбарт ажиллаж байхдаа олон сайхан бичгийн хүнтэй танилцаж байсан тухайгаа дурсан ярьж байна.  Нэрт бичээч Өөлдийн Чимэд гуайтай танилцаж байжээ.  Ө.Чимэд гуай их сайхан бичдэг учраас VIII Богдын айлдварыг бичдэг байсан цөөн хүн байсан.  Архиваас түүний бичсэн айлдварын бичгийг хараад уншиж биширч явлаа.  Түүний бичсэн Манжийн үеийн эмэгтэйчүүдийн дарлагдал” нэртэй эмхэтгэл 1950 оны үед хэвлэгдэж байлаа. Тэр одоо олдохгүй болжээ” гэлээ.

ТҮҮНИЙ СУДАЛГААНЫ АЧ ХОЛБОГДОЛ

Түүний судалгааны ажилд намын түүх, хэлмэгдүүлэлт, төрж өссөн Өвөрхангай аймгийнх нь тухай бүтээлүүд зонхилж байна.

Түүний хэлмэгдэгс­дийн талаар судалгааны ажлаас онцлон асуулаа.  Лам нарын хэлмэгдлийн асуудлыг архивын баримт материалд тулгуурлан намтрыг тодруулжээ. Халхын 13 тамгатай хутагтын нэг Б.Содномцэрэн, Эрдэнэзуу хийдийн цорж хувилгаан Гончигжамцан,  Баруун хүрээний хувилгаан Г.Лувсанцэвээнравдан, Сайн ноёны Юндэндорж Аграмба, Арвайхээрийн бандида Г.Данзандаргиа,  М.Агваанчүлтэмжамцан нарын нэр төрийн сэргээхэд С.Ичинноров гуай гол үүрэг гүйцэтгэсэн байна.  Мөн тэрээр хувьсгалчдын үеийн нууц үг харилцааг тайлсан байна.  Тухайлбал Сибирт иргэний дайн ид өрнөж байсан үед цагаантан дийлбэл “цагаан гурил үнэтэй байна”, улаантан дийлбэл “овъёос үнэтэй байна”. Мөн 1920 онд долдугаар сард Зөвлөлт Орос явсан төлөөлөгчдөд хүрээнээс явуулсан нэг цахилгаанд “Малын үнэ муу, хээр морь эмгэгтэй, будковоос янчаан авах төлөвтэй, Георгийгээр хүргүүлнэ” гэснийг “Хятадууд, Сюй Шужаны харгислал улам ширүүсч байна. Тусламжийн бичигт Богдын тамгыг даруулах төлөвтэй. Тусламж авахыг түргэл. Догсомоор хүргүүлнэ” хэмээн тайлжээ.   Мөн Эрхүүг Мөрөнгийн хүрээ, Бээжинг Тарианы газар, Японыг даавуу, Английг төмөр, Ленинийг Леников, Д.Сүхбаатарын Төмөр, Х.Чойбалсанг Иван, Д.Лосолыг Дагва, Д.Догсомыг Дэмбэрэл гэж нэрлэж байсныг тэрээр тогтоожээ.   Энэ нь түүнийг ямар архивч, түүхч байсныг илтгэх ажээ. Мөн түүни судалгааг зөвхөн 1921 оны үндэсний хувьсгал, намын түүхийн асуудлаар хязгаарлаж ойлгох нь учир дутагдалтай санагдаж байв. Тэрээр 1990 оноос хойш Монголын эрт дундад үеийн улс төр түүхийн асуудлаар олон сонирхолтой судалгаа хийжээ. “Орхоны хөндий монголчуудын дээд өвөг, Хүннү улсын төв оршиж байсан нутаг болох нь”, “Эзэн Чингис хааны төрийн их хар цагаан сүлдийг хадгалж  уламжлуулсаны учир” зэрэг судалгааг нь онцолж  болохоор байна.  Ийнхүү тэрээр МАН-ын архивын түүхийг шүүрдэж явахаас гадна,  Монголын түүхэн дэх баримт сэлт данс харааг сайн мэдэх “Нэвтэрхий толь” мэт хоровхон судлаач ажээ.

ЭРТ БОСОХ НЬ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ЭНГИЙН ДҮРЭМ

Түүний хань Г.Цээпил ханийгаа даган мөн л хөдөлмөр бүтээлд шимтсэн нэгэн байжээ. Том хүү Н.Пүрвээ уул уурхайн инженер, И.Пүрэвдорж эдийн засагч, бага хүү И.Нямдорж нь газарзүйн багш мэргэжилтэй.

Тэр сайн архивч, судлаач, түүхч байхын зэрэгцээ сайн аав юм.  С.Ичинноров гуайнх таван хүүхэдтэй.  Түүний хань Г.Цээпил орос хэлний багш мэргэжилтэй. Ханийгаа даган мөн л хөдөлмөр бүтээлд шимтсэн нэгэн байжээ. Том хүү Н.Пүрвээ уул уурхайн инженер, И.Пүрэвдорж эдийн засагч, бага хүү И.Нямдорж нь газарзүйн багш мэргэжилтэй.  Тэрээр үр хүүхдээ  эрдэм номд дуртай болгохын зэрэгцээ, цэгцтэй үнэнч  шударга, мөн эртэч байхыг зааж сургадаг байна.  Бага хүү И.Нямдорж нь “Миний аав их эрт босдог хүн.  Эрт боссон хүн илүү нэгэнтэй танилцана гэж байнга хэлдэг байлаа.  Ер нь амьдралынх нь энгийн нэгэн гүн ухаан нь энэ юм” гэлээ. С.Ичинноров “Миний хань Цээпил олон түмэнд нэр хүндтэй, шулуун шударга хүн байлаа. Энгийн ардын олон мянган үрсэд орос хэл заасан даа.  Гэгээн үйлстэн байсан юм” хэмээн дурсан ярьж байна.  С.Ичинноров гуай чөлөөт цагаараа монгол бөхөө шимтэн үзнэ.  Олон мянган жилийн түүхтэй энэ салбарын архив болон сууна.  Мөн морьд нүдтэй нэгэн байсан талаар  хүү  И.Нямдорж нь өгүүлж байна.  Тэрээр “Аав минь олон таван үггүй, яншиж загнадаггүй, үр хүүхэд бидэндээ ямагт үнэнийг хэлж ойлгуулдаг хүн. Аав албаны хүмүүстэй ийшээ тийшээ томилолтоор их явна.  Тэгээд хурдан зүсмийн морийг анддаггүй гэж найз нөхөд нь ярьдаг байлаа. Хөдөө морин дэл дээр өссөн болоод ч тэр үү. Морь мал их хайртай.  Нутаг руугаа зав чөлөөгөөрөө очиж амрах дуртай” гэлээ.  Ийн­хүү анх архивын сан хөмрөгөө эрдэнэсийн сан хэмээн бодож энэ салбарт хагас зуун жилээс ч илүү зүтгэсэн С.Ичинноров гуай надад мөн л эх бичгийг эрдэнэ­сийн сан мэт санагдаж байв. Тэндээс би түүний амьдралын нэгээхэн хэс­гийг шүүрдэх гэж оролд­лоо. Гэсэн ч энэ эрх­мийн мэддэг бүхэн шавхаг­дашгүй ажээ.  Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Халхын 13 тамгатай хутагтын нэг Б.Содномцэрэн, Эрдэнэзуу хийдийн цорж хувилгаан Гончигжамцан, Арвайхээрийн бандида Г.Данзандаргиа, М.Агваанчүлтэмжамцан нарын нэр төрийн сэргээхэд С.Ичинноров гуай гол үүрэг гүйцэтгэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *