Архивын хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэлээ

11-р сарын 28, 2017 8:40 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 13
11-27-6й3

М.БААСАНДЭЛГЭР

Монгол Улсад орчин цагийн Архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн баяр энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Архивын ерөнхий газраас “Архивын албаны үүсэл хөгжил, уламжлал шинэчлэл” сэдэвт архивын хосгүй үнэт гэрэл зураг, баримт бичгийн үзэсгэлэнгийн нээлтийг өчигдөр хийлээ. Монголчуудын албан хэрэг хөтлөлт архивын уламжлал, Архивын сан хөмрөгийн баримтын дээжис, Монгол Улсын архивын салбарын үүсэл хөгжил гэсэн гурван хэсгээс бүрдсэн үзэсгэлэнд Манжийн үеэс Богд хааны үеийн данс бичиг хүртэлх дурсгалт үзмэрүүд багтсан байв. Энэхүү үзэсгэлэн нь арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл иргэдэд нээлттэй байх юм.

Өндөр гэгээн Занабазарын шүншиглэсэн Халхын Очирбат Түшээт ханы тамга, Эрдэнэ бишрэлт Засагт ханы тамга, 1674 оны Их жанжин төрийн бэйлээс Баруун хилийг төвшитгөх их ванд “Хол дахиныг амгалан болгож хулгайг арилгах” талаар илгээсэн бичиг, Сэцэн хан Шолойн гэрийн үеийн бичмэл, Анхдугаар үндсэн хуулийн эх /1924.11.26/, Мэгжид Жанрайсаг сүмийн байрыг Улсын архивын газарт шилжүүлсэн хоёр талын гэрээ, 1952 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Маршал Х.Чойбалсан Улсын архивын газарт хүрэлцэн ирж, ажил байдалтай танилцсан илтгэл, Архивын ажлын талаар авах зарим арга хэмжээ болон Улсын архивын хэрэг эрхлэх төв газрын дүрэм баталсан тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1958 оны зургадугаар сарын 6-ны өдрийн тогтоол зэрэг Засгийн газрын тогтоолууд, орон нутгийн болон төрөлжсөн архивуудын баримтын дээж, Орчин цагийн Архивын албаны түүхэн хөгжилд холбогдох олон сонирхолтой баримт бичиг, гэрэл зураг, баримтат кино, тамга, тэмдэг гэх мэтчилэн 120 орчим үзмэр дэлгэн тавигджээ. Тэртээ  XVIII зууны үе хүртэлх бичиг, баримтыг анхны байдлаар нь хадгалжээ.

Халхын Засагт хан аймгийн Жалханз хутагтын тамга. 1824 он. Суурийн хэмжээ: 7.6х7.7 см. Жин: 1200 грамм.

Энэ бүтээлүүдээс хамгийн сонирхолтой нь тамганы цуглуулга байлаа. Энэ талаар АЕГ-ын эрдэм шинжилгээний ажилтан Б.Ренчинноров “Манай архивт 100 гаруй тамганы цуглуулга бий. Эрт дээр үеэс Халхчууд дөрвөн аймаг, 86 хошуунд хуваагдан аж төрдөг байсан. Тэр үеийн дөрвөн хааны өндөр гэгээн Занабазарын шүншиглэж аравнайлсан Түшээт хааны тамга, Засагт хааны тамга хоёр нь манайд байгаа.

Халхад нийт 13 тамгатай хутагт байсан. Олон хутагт байсан хэдий ч тэр дундаас 750-аас дээш шавьтай хүнд шавь захирах эрх болгож тамга өгдөг байсан. Шавь захирах эрх авсан хүн тэр хошууны өөрийн газраас өөр тийшээ бичиг илгээх, баталгаажуулах зэрэгт тамгаа дарж ашигладаг” гэсэн юм.

Мөн энэ өдөр “Архивын албаны үүсэл хөгжил, уламжлал шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Хуралд нийт 32 эрдэмтэн, судлаач оролцож архивын албаны үүсэл хөгжил, түүний сан хөмрөгийн ховор чухал баримт, архивын хадгалалт хамгаалалт, төрийн архивыг цахимжуулах гэсэн сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа. АЕГ-ын дарга асан, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан “Бид анзаардаггүй байж магадгүй. Гэхдээ бидний ой санамж, туулж ирсэн замналыг харуулсан үнэт өв архивт байдаг.  Монгол, Манж, Хятад, Орос, Санскрит гэх мэтчилэн олон орны хэлээр бичигдсэн 1672 оноос хойшхи түүхийн баримтууд бий.

Эрдэнэ бишрэлт Засагт ханы тамга. 1670 он. Суурийн хэмжээ: 10.6х10.6 см. Жин: 3700 грамм.

Сүүлийн үед алт мөнгийг үнэтэй, нандин гэж үзэх болж. Үнэндээ алт, мөнгөөр үнэлж болдоггүй үнэт зүйл бол архивын өв сан. Монгол үндэстний хэдэн мянган жилийн турш туулж ирсэн зүйлийг баталгаажуулах эх сурвалж, нотлох баримт архивт үлддэг. Ихэнх хүмүүс архивын ажлыг овоолсон их бичиг цаас хадгалдаг газар гэж ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ тэр ховор нандин зүйл бичиж, тэмдэглэсэн цаасыг байх ёстой градус, чийглэгийн хэмжээг тааруулахгүй бол эвдэрч сүйтэх, гэмтэх аюултай. Стандартын дагуу байнга эсвэл түр хадгалах албыг хашна гэдэг нь үндэстнийхээ төлөө хийж байгаа хүндтэй үйл хэрэг юм” гэв.

Манай улсын хамгийн ууган, томоохон архив бол “Үндэсний төв архив” билээ. Тус архивт XVII-XX зууныг хамарсан 1000 гаруй сан үүсгэгчийн сая орчим боть баримт бичиг хадгалагддаг. Баримт бичгүүдийг дотор нь Манжийн захиргаанд байсан үе, Олноо өргөгдсөний болон Ардын засгийн гэсэн түүхэн гурван цаг үеэр ангилж үздэг байна.

Архивын ерөнхий газраас 90 жилийнхээ ойн баярыг угтан хийж буй ажлуудын нэг хэсэг нь энэ үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал байлаа. Мөн арванхоёрдугаар сарын 5-ны өдөр байгууллагын дотоод ажилтай тул нийтэд үйлчлэхгүй юм байна.

Манжийн үеэс Богд хааны үеийн данс бичиг хүртэлх дурсгалт үзмэрүүд багтсан байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *