Архины хууль ард түмний хүссэнээр батлагдах уу?

1-р сарын 29, 2015 10:04 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хөндөх сэдэв Уншсан: 727
Архидалттай тэмцээд, амжилтад хүрсэн орон байна уу гэж асуувал аль улсыг нэрлэх бол.

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Архидалттай тэмцээд, амжилтад хүрсэн орон байна уу гэж асуувал аль улсыг нэрлэх бол. Энэ талаар судалж үзвэл архидалтыг шийдсэн орон байдаггүй. Гэхдээ архины зохистой хэрэглээ, стандарт хангасан үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээтэй  улс гэвэл барууны орнуудаас эхлээд АНУ-аар жишээ татаж болох байх. Дэлхийн зарим улсын адил манайд ч архидалт нийгмийн тулгамдсан асуудлын нэг болсоор өнөөг хүрлээ. Монголд нэг хүнд оногдох архины хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгааг албаны хүмүүс онцолж байна. Үүнийг хоёр талын үзүүлэлтээр тайлбарлаж болох талтай. Нэг талаас улсын төсөвт төвлөрч байгаа онцгой албан татвар 50, 100 тэрбумаар нэмэгдэж байгаа.

Нөгөө талаас 2010-2013 оныг хүртэл архины үйлдвэрлэл тогтмол нэмэгдэж, жилд хоёроос гурван хувиар ихэссэн байна. Харин 2014 онд архины хэрэглээ эргээд буурсан ч шар айрагны хэрэглээ 2010 оноос хойш өнөөг хүртэл тогтмол нэмэгдсээр байна. Өнөөдөр монголчууд жилд 20-23 сая орчим литр архи хэрэглэж байгаа аж. Үүний зэрэгцээ 350 мянган литр архийг гаднаас авдаг байна. Тэгэхээр энэ их хэмжээний согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах зайлшгүй шаардлага үүссэн нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн хууль эрх зүйн хатуу зохицуулалт нийгэмд яах аргагүй үгүйлэгдэж, шийдлээ хүлээж байгаа юм.

Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнгөрсөн арваннэгдүгээр сард УИХ-д өргөн барьсан. Үүний дараа Засгийн газар энэ сарын 20-нд Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг өөрийн хувилбараар мөн өргөн барьсан юм.Хэдийгээр бүх нийтийн эрүүл мэндийг дэмжих, согтууруулах ундааны хор уршгаас хамгаалах зорилгоор стандартын шаардлага хангасан согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, үйлчлэх, импортлох, экспортлох үйл ажиллагааг согтууруулах ундааны эрэлт, нийлүүлэлт, хэрэглээг хязгаарлах замаар зохицуулна гэж байгаа ч нөгөө талаас улстөрчдийг лоббидох байдлаар хууль орж ирэх вий гэсэн хардлага байгаа. Хувийн ашиг сонирхолтой улстөрчид, бизнесийнхний хувьд улс төрийн хүрээнийхэнд нөлөөлөх магадлал өндөр гэж болно. Иймд уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг авч үзэж байгаа энэ үед хуулийн төслийн талаар зарим мэдээллийг хүргэж байна.

Засгийн газар болон УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын өргөн барьсан Согтууруулах ундааны хяналтын хууль нь төстэй гэж болно. Л.Эрдэнчимэг гишүүний хуулийн төсөлд архины жижиглэн худалдааг илүү нарийн тусгажээ. Хуулийн төсөлд  хүнсний зориулалттай түүхий эдээр үйлдвэрлэсэн этилийн спирт, бүх төрлийн архи, хоёр хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, шар айраг, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг согтууруулах ундаа гэж тодорхойлж, 21-ээс доош насныханд худалдаалж, хэрэглэхийг хоригложээ. Согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр аж ахуйн нэгжид Засгийн газар олгохоор тусгасан бол үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэхдээ тусгай зөвшөөрөл авах юм. Мөн 10:00-22:00 цагийн хооронд тусгай зөвшөөрөлтэй цэгээр худалдана.Архины эрэлт, нийлүүлэлт, хэрэглээг багасгахын тулд татварыг нэмэгдүүлэх, согтууруулах ундаа үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд төрийн зүгээс хөнгөлөлттэй зээл, урамшуулал, татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байхаар тусгажээ. Харин Л.Эрдэнэчимэг гишүүний хуулийн төсөлд хэд хэдэн заалтыг нэмж тусгасан байна. Тухайлбал,байршлыг харгалзан 2000 мянган хүн ам тутамд нэгээс ихгүй, 2000-аас доош хүн амтай суманд 2-оос дээшгүй байхаар тооцож сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтоох зэргээр үргэлжилнэ.

Хоёр талаас өргөн барьсан энэ хууль цагаа олсонгүй гэж хэлж буй улстөрч олон байна. Архидалтын гол шалтгаан нь ядуурал, ажилгүйдэл. Тиймээс эдийн засаг хүнд, ажилгүйдэл их байгаа үед уг хуулийг батлах гэж байгаа нь тохиромжгүй. Иргэд хуулийг мөрдөж, хэрэгжүүлэхгүй гэж үзэж байгаа аж. Мөн архидан согтууралтын эсрэг хатуу хуультай болсноор Монгол эргээд гэрийн нөхцөлд стандартын бус хуурамч архи үйлдвэрлэх, шагийн худалдаа цэцэглэж 1990-ээд оны үе рүүгээ очих вий гэх болгоомжлол бас бий. Түүнчлэн эдийн засаг, ажлын байр талаас нь ч харвал хүнд байгаа юм.

Одоогоор манайд 7100 орчим найман нэрийн барааны дэлгүүрээр архи болон энэ төрлийн бүтээгдэхүүн худалддаг. Гэтэл энэ хуулиар согтууруулах ундааг зориулалтын тусгай жижиглэнгийн цэгээр худалдаална гэж байгаа. Тиймээс найман нэрийн дэлгүүр эрхэлж буй хүмүүсийн амьдрал хэцүүдэж мэдэх юм. Архины эсрэг хууль гаргаж байсан олон улсын туршлагыг сонирхоод үзвэл амжилттай болж байсан түүх ховор аж. Тухайлбал, 1920-оод оны АНУ-ын гаргасан архины хориг нь эргээд мафийг төрүүлсэн байдаг. Мөн 1914  оны ОХУ-ын архины хорио архаг архидалт, донтолтыг бий болгосон гэж үздэг. Тиймээс хорьж цагдах замаар бус зохистой хэрэглээг нь урамшуулах, ухамсартай ажиллах ёстой гэсэн санааг олонх дэмжиж байгаа аж. Харин хатуу хууль гэхээсээ илүүтэй эдийн засгийн хөшүүрэг буюу татварын бодлогоор дэмжсэн туршлага барууны орнуудад олон байдаг байна. Тухайлбал, нэг градусаар бага хувьтай архи үйлдвэрлэвэл татварын нэг хувийн хөнгөлөлт үзүүлэх юм. Арван жилийн дараа гэхэд 10 градусаар бага болж арван хувийн хөнгөлөлт үзүүлдэг байх жишээтэй. Үүнийг дагаж бага хувьтай согтууруулах ундааг олон нийт хэрэглэж заншдаг байна. Архидалттай тэмцэх энэ мэт туршлагаас санаа авахад ч илүүдэхгүй байх. Монголчуудад дутагдаж буй өөр нэг шалтгаан бол ухамсар. Бид архитай нь биш архичинтай нь тэмцэх ёстой. Гэтэл өнөөг хүртэл архины хориг, хязгаарлалт хэмээсээр ирлээ.

Энд нэг зүйлийг онцлоход Согтууруулах ундааны хяналтын тухай хууль Монголд нэн хэрэгтэйг үгүйсгээгүй бөгөөд архидалт, түүнээс үүдэлтэй гэмт хэрэг гээд буруу,муу болгоныг өмгөөлж, хамгаалж, өөгшүүлэх гэсэнгүй. Нийгэм даяар хямралтай, ажилгүй орлогогүй хүний тоо олон байгаа үед хатуу дэг тогтоовол хямрал, ажилгүйдлийг дагасан архидалт улам гаарна гэсэн болгоожлол байгаа нь нууц биш. Улстөрчид ч энэ тухай ярьдаг. Хэн нэгний бизнест халдах зорилгогүй бөгөөд нийгмийн хямралтай байдлыг далимдуулсан хор уршиг улам нэмэгдэх вий гэсэн сэрэмж юм. Ер нь монголчууд хааж хавчсан юм болгоны өөдөөс сөрдөг, нуух тусам цааш нь ухдаг зантай хүмүүс. Шөнийн цэнгээний газруудыг 24:00 цагаас хойш ажиллуулахгүй гэсэн шийдвэр гарсны дараа шөнийн цагаар ажилладаг газар илүү олон болж, нууц үйл ажиллагаа явуулдаг болсон жишээ бий. Ямар боловч энэ хуулийн төслийг өчигдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авав. Нийгэмд нэлээд хүлээлттэйгээс гадна согтууруулах ундааг үйлдвэрлэдэг, худалддаг, үйлчилдэг гээд олон талын төлөөллийн эрх ашгийг хөндсөн хууль учраас нухацтай хэлэлцэх шалтгаан байгаа болов уу.

 

Олны анхааралд буй энэ хуулийн төслийн талаар УИХ-ын зарим гишүүн ямар байр суурьтай байгааг хүргэе.

 

Я.СОДБААТАР:

-Хатуу хууль гаргах нь өөрсдийгөө ажлын байраар хангаж буй хүмүүсийг ажлын байргүй болгох, эргээд архидан согтууралтыг нэмэгдүүлэх сул талтай. Монголд архийг дагнасан цэгээр худалдах цаг нь арай болоогүй байна. Хатуу бодлого барих тусам шагийн архи нэрээр архи үйлдвэрлэх нь ихсэнэ. Дээрээс нь энэ хуулийн төсөлд аж ахуйн нэгж, албан өрөөндөө архи уухыг хориглосон заалт байгаа юм. Үүнийг хэн, яаж хянах нь тодорхойгүй. Ер нь амьдралд нийцсэн хууль болсонгүй. Засгийн газар яагаад ийм хууль оруулж ирснийг ойлгохгүй байна. Хувь гигшүүнийхээ хувьд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.

 

Ц.ОЮУНГЭРЭЛ:

-Хоёр хуулийн төслийг дэмжиж байна. Цаашид хоёр төслийг нэг болгох хэрэгтэй болов уу. Мөн хуулийн төсөлд нэг зүйлийг түлхүү тусгах хэрэгтэй. Хүний ухамсарт чиглэсэн үйл ажиллагаанд ач холбогдол өгөх нь зөв. Архидан согтууралтыг хянах нэг зүйл бол ухамсартай ажиллах, иргэний боловсролыг нь дээшлүүлэх явдал. Ухамсарт нөлөөлөх ажлыг хэрхэн, яаж хийх түүнийг нь ямар байдлаар дэмжиж байх асуудлыг бүтэн нэг бүлгээр нь зааж оруулж ирэх ёстой гэсэн бодолтой байна. Эцсийн эцэст энэ хууль хэнд гэрэл гэгээ авчрах вэ гэвэл хүчирхийлэлд өртөөд буй гэр бүл, холын аймаг сумдад л байх ёстой.

 

Ё.ОТГОНБАЯР:

-Юуны өмнө хязгаарлалт, хориг нь далд бизнесийг цэцэглүүлнэ. Энэ хууль батлагдвал хэрэгжилт нь ямар байхыг Тамхины тухай хуулиас харж болно. Тамхины хууль гарснаар тамхи зарахаа болиогүй шүү. Зарж байгаа. Ганцхан үнэ нь нэмэгдсэн. Улсын төсөвт төлдөг байсан орлого нь үгүй болсон. Үүнтэй адил зүйл Архины хуульд гарах нь гарцаагүй. Тиймээс хуулийн концепц дээрээ бодох ёстой. Ер нь хасах тусам хүснэ гэж үг бий. Үүний оронд архины зохистой хэрэглээг бий болгох тал дээр анхаарах хэрэгтэй.Засаг барихаараа хянадаг, хорьдог, цагддаг өвчнөөс салмаар байна. Архидалт бол ухамсар, ажилгүйдэлтэй холбоотой. Ухамсартай нь, зохистой хэрэглээтэй нь тэмцэж асуудлаа шийдэж байх ёстой. Дээрээс нь архи худалдаалах цэгийн тоог багасгаснаар хөдөөд, суманд хоёр дэлгүүртэй л болно. Нэг нь Иргэдийн хурлын даргын дэлгүүр, нөгөө нь Засаг даргын дэлгүүр. Дэлгүүрээ сумын хоёр босс нь аваад үлдсэн нь архиа шагаар зардаг болно шүү дээ. Нийгмийн сөрөг үзэгдэлтэй хуулиар бус ухамсарт нь нөлөөлөх байдлаар тэмцдэг байя. Бидэнд дайраад өнгөрсөн гашуун туршлага байгааг санахад илүүдэхгүй.

 

С.ГАНБААТАР:

-Энэ хуулийн төслийг гишүүд дэмжвэл их буян болно. Өнөөдөр нийгэм даяараа архинаас  болж шаналж байна. Монголын айл бүрт архины асуудалтай хүн байна гэхэд хэлсдэхгүй. Тиймээс архинаас болж зовж, шаналж байгаа ядарсан айлын хүүхдүүдийн нулимсыг арчихад хэрэгтэй гэж уриалмаар байна. Манай зарим гишүүн архи худалдаалж байгаа ТҮЦ, найман нэрийн барааны дэлгүүрийн эздийг бодож байна. Гэтэл цаана нь үүнээс ч чухал асуудал байгаа. Мэдээж хууль батлагдсанаар өөрөө хөл ургаад хэрэгжинэ гэж байхгүй. Хамгийн гол нь ард иргэд энэ хуулийг хүсч байгаа. Хуулийн хэрэгжилтэд иргэд өөрсдөө хяналтаа тавих боломжтой. Чухал хууль учир дэмжээд батлах нь зүйтэй.

 

Засгийн газар болон Л.Эрдэнэчимэг гишүүний УИХ-д өргөн барьсан дээрх хоёр хуулийн төсөл хоорондоо ойролцоо утга санаатай. Л.Эрнэнэчимэг гишүүний хувьд цаашид Согтууруулах ундааны хуулийн төслийг Засгийн газрын хувилбартай нэгтгэж зарим зүйл, заалтыг нь нэмээд үргэлжлүүлэн хэлэлцэх боломжтой гэсэн тайлбарыг өгч байсан юм. Хэрэв энэ хууль батлагдвал 2016 оны сүүлчээс хэрэгжих юм байна.

 

 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 9

Information On Keflex Viagra Naturale Femminile cialis online Avis Site Achat Cialis

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *