Архи, тамхи инфляц өсгөлөө

10-р сарын 15, 2012 1:45 pm Нийтлэгч: Ангилал Эдийн засаг Уншсан: 350

Б.СОЛОНГО

 

Үндэсний статисти­кийн хорооноос сар бүр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэл­тийг тоон тайлангаар гар­гадаг билээ. Тус тайлан­гаас хэр үнэтэй хүнс хэ­рэг­лэж, ямар өртөгтэй үйл­чилгээ авч, халааснаа­саа хэдэн төгрөгийг яг юунд зарцуулж байгааг бид олж мэддэг. Энэ оны эхний есөн сарын байд­лаар хэрэглээний үнийн улсын индекс буюу бидний хэлдгээр инфляц өмнөх сараас нэг хувиар нэмэгдчихэж. Энэ нь жи­лийн өмнөхөөс 14.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэлээ. Өөрөөр хэлбэл, бидний эдэлж, хэрэглэж байгаа хэрэглээний бараа, үйл­чил­­гээний үнэ ерөнхий дүнгээрээ өссөөр л байна. Инфляц нөлөөлөхөд шалт­гаан байдаг. Энэ сарын хувьд тэр шалтгаан нь архи, тамхины үнэ гэнэ. Тодруулбал, өнгөрсөн сард онцгой албан татварыг нь хоёр дахин нэмэх шийдвэр гаргасан УИХ-ын тогтоол өнөөдөр бидний халаасыг эргээд тэмтэрч байгаа нь энэ. Архи, тамхины үнэ 39.9 хувиар өссөн нь инф­ляцид нөлөөлсөн гэсэн үг. Тамхины үнэ нэмэгдэхэд л улсын инфляц бүтэн нэг хувиар нэмэгддэг жижиг­хэн эдийн засагтай юм бид. Өнгөрсөн сард инф­ляц өмнөх сараасаа мөн л 0.7 хувиар нэмэгдсэн. Үүнд нь сургалтын төлбө­рийн хэмжээ нөлөөлсөн гэж байсан. Өмнөх сард нь хүнсний ногоо, түүний өмнөх сард нь махны үнэ нөлөөлж байв. Ерөөсөө л тухайн сард зах зээлд ямар үйл явдал болно, түүнийг нь дагаад улсын хэрэглээ­ний үнийн индекс нэ­мэгд­чихдэг. Уг нь энэ ха­маарлыг зохицуулдаг бод­лого байх ёстой. Манайд харин эсрэгээрээ. Гэтэл биднээс 500 дахин их хүнтэй, түүнийг дагасан асар том зах зээлтэй Хятад улсад инфляцийн хэмжээ дөн­гөж 3.2 хувь байна. Энэ тоог дахин бууруулна гэж эрх баригчид нь амалсан. Манайх шиг мах, тамхи­ны үнэ нэмэгдэнгүүт инф­ляц өсчихдөг жишгийг хэрэв эрүүл эдийн засаг гэж бодвол зах зээлд нь бум бужигнаж, түм түжиг­нэж байдаг Хятад улсад юу болох байсан бэ. Тэд хэрэглээний үнийн индек­сийг нэг байтугай бутархай тоогоор хэмжигдэх нэг­жээр өсөхөд л зохицуулах бодлого хэрэгжүүлж, байд­лыг хэвийн болгож чаддаг. Харин манайд нэмэгдэж л байвал энгийн үзэгдэл мэт ойлгодог болчихсон.

Энэ сарын тайланд анхаарал татсан тоонууд бас байна. Манай улсын нэгдсэн төсвийн тэнцвэр­жүүл­сэн орлого ба туслам­жийн хэмжээ эхний есөн сард 3485.8 тэрбум төгрөг байхад нийт өрийн хэмжээ нь 4043.7 тэрбум төгрөг гэнэ. Ийнхүү улсын төсөв 557 тэрбум төгрөгийн ал­даг­далтай гарчээ. Гадаад худалдааны тэнцэл ч мөн сайнгүй байна. Хоёр тэр­бум гаруй ам.долларын алдагдалтай болчихож. Ердөө л сарын өмнө гадаад худалдааны алдагдлын хэмжээг өндөр байна гэж байсан бол энэ сард дахиад 628 сая ам.доллараар нэмэгд­чихсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бид үйлд­вэрлэж, экспортлохоос илүү импортын барааг ихээр оруулж байгаа нь гадаад худалдааны тэнц­лийг гажуудуулахад хүр­гээд байна. Энэ нь ч бас шалтгаантай. Экспортын 98.2 хувийг эзэлдэг ашигт малтмалын бүтээгдэхүү­ний ханш уналттай хэвээр л байгаа юм.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *