Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат: Хэрэг зохиомол гэдгийг хамгийн сайн мэдэх хүн нь Б.Хурц

1-р сарын 3, 2018 8:27 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 93
1-3-4х

Ч.ҮЛ-ОЛДОХ

Ардчиллын удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн гурван иргэний нэг Төмөрбатын Чимгээгийн төрсөн ах  Т.Хүрэлбаттай ярилцлаа.

С.Зоригийг хөнөөсөн хэргийг гүйцэтгэсэн гэж ял шийтгүүлсэн гурван хүний нэг нь таны дүү, бас эмэгтэй хүн. Яагаад энэ хэрэгт холбогдсон юм бэ гэдэг нь одоо хүртэл асуулт дагуулж байна?

-Энэ гурван хүн хэн бэ, тухайн үед  хаана юу хийж  байв гэдгээс эхэлж яривал ойлгомжтой болох байх. Дүү маань 1969 онд төрсөн. Дорноговь аймгийн хөгжимт жүжгийн театрт  жүжигчнээр ажиллаж байгаад хүнтэй сууж “Эрдэнэт” рүү явж, Хивсний үйлдвэрийн ажилчин болсон юм.

Тэр  хэрэг гарах үед 28 настай, гурван хүүхэдтэй, хамгийн бага нь нялх, дээр нь өндөр настай эмээгээ асраад Дорноговьд байсан.Энэ талаарх нотлох баримтуудыг бид цуглуулж өгсөн.  Содномдаржаа нь 1981-1989 онд Чимгээгийн нөхрийн хамар хашаанд амьдарч байсан айлын  хүү.  Хувийн мал аж ахуйтай, өвс татах, мал услахад аав, ээждээ тус  болоод явж байсан. Амгаланбаатарын хувьд 1982 онд төрсөн, манай дүүгийн хадам эгчийнх нь өргөж авсан хүү юм байна лээ. Зургадугаар ангиас сургуулиас гарч, 2000 онд цэрэгт явахдаа л  Улаанбаатар орж үзсэн хүн. Цэргээс халагдаж очоод болж бүтэхгүй юм хийж явсаар 2007 онд таксины жолоочийг  хөнөөсөн  хэргээр шоронд орсон. Ийм л гурван хүн С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт яригдаж байна. Яагаад энэ хэрэгт холбогдов гэвэл, Амгаланбаатар шоронд орсноосоо хойш 6-7 жилийн дараагаас мессэж бичиж эхэлсэн байдаг. Тэр нь маш муухай, миний үгийн санд байхгүй үг хэллэгтэй /хуулга үзүүлэв/. Мессэждээ “Зоригийг  чи бид хамт алаа  биз дээ, хэргээ хүлээ” гэдэг. Үүнийг нь дүү маань тухайн үед  цагдаад аваачиж өгсөн. Цагдаа юу ч хэлээгүй алга болсон юм билээ. Амгаланбаатар манай дүүг дарамтлах болсон шалтгаан нь цэргээс ирээд удаагүй байхдаа гэрээс нь гурван бурхан хулгайлсан юм билээ. Айлын эхнэр болсон хойно дүү маань тэнд жов, жов хийж  нөхөртэйгөө муудан барин  танай дүү ингэлээ, тэглээ гээд цагдаад мэдэгдсэн байдаг. Энэ өс хонзонгийн үүднээс Амгаланбаатар манай дүүг гүтгэх болсон. Содномдаржаагийн хувьд цагдаад  хэл хүргэсэн, бариулсан гэж хонзогнодог гэсэн. Хувийн өс хонзонгийн сэдэлтэй гүтгэлэг гэнэт С.Зоригийг хөнөөсөн хэрэг болон хувирсан.

Тэгж хувиргах шалтаг, шалтгаан хэнд байсан гэж?

-Б.Хурц гэдэг хүн хэлсэн шүү дээ. “Онгоцон дотор Ц.Элбэгдоржтой таарсан.Энэ хэргийг илрүүл гэсэн үүрэг өгсөн” гэж. Тэгэхээр Б.Хурц тэр хэргийг илрүүлэхийн тулд шорон дотор  хүн амины хэрэгтэй ямар хүмүүс байна вэ гэдгийг судалж олсон. Эсвэл дарамтлахад л юу ч байсан  хүлээх, эсвэл хэнийг ч хамаагүй гүтгэж чадах хүн нь Амгаланбаатар байсан. Ийм нөхцөл байдалд эдгээр хүмүүсийг хэрэг хийсэн болгох гүтгэлэг эхэлсэн. Амгаланбаатар өөрийн хамгийн дургүй хүмүүстээ эзэнгүй хэрэг тохож, өс хонзонгоо авсан. Хөдөлбөргүй гаргалгаа энэ.

-2015 оны наймдугаар сард ТЕГ-ынхан Т.Чимгээ, Содномдаржаа нарыг  баривчилсан гэдэг. Тэр мэдээллийг аваад танд  юу бодогдсон бэ?

– Ажилдаа явах замд  нь гудамжинд гэнэт хар хувцастай хүмүүс гарч ирээд машинд хийгээд явчихсан гэж харсан хүмүүс  хэлсэн байсан. Нөхөр нь цагдаа, шүүхээс очиж асуугаад юу ч мэдэгддэггүй гээд над руу утсаар хэлсэн. Би хотод байсан. Долоо хоногийн дараа ээж маань утасдаад “Дүүг чинь Зориг гэдэг хүнийг алсан хэрэгт баривчилсан гэж хэллээ” гэсэн. Би “Манай дүү, гурван хүүхэдтэй чөрийсөн бүсгүй улс төрийн тэр том хүнийг ална гэж юу байхав. Цаагуураа учир нь олдох байх аа” гэсэн. ТЕГ-ынхан хэрэгтнийг барихын тулд наагуур нь өөр хүнийг баривчилж тактикийн ажиллагаа явуулж байгаа болов уу, удахгүй суллах биз гэж ойлгосон. Гэтэл 2-3 сар өнгөрч эвгүй зүйл сонсогдож эхэлсэн.Тухайлбал, Амгаланбаатарыг тагнуулын хүн дагуулчихсан манай дүүг хорьсон  камерт шөнө ороод  “Шорон хэсэх сайхан байна уу, чи муу алсан шүү дээ Зоригийг” гээд дарамталдаг гэнэ. Нөхцөл байдал ийм болонгуут өмгөөлөгч хайлаа. Гэтэл мөнгө байдаггүй. Гэтэл нөхөр нь хоёр сарын дараа уулзчихаад  ирэхдээ “Эндээс өмгөөлөгч авч өгнө” гэж байна гэлээ. Тэр үед би “Тэгэх юм бол наадах чинь болохгүй. Шоронд хүн дарамтлуулж яваа хүмүүс өөрсдөө өмгөөлөгч авч өгнө гэж юу байх вэ. Багийнхаа хүнийг л өмгөөлөгчөөр тавих нь байна. Тэр хүн нь манай үйлчлүүлэгч хүн алсанаа хүлээсэн гэж гүтгэвэл яах вэ, аюултай” гэж хэлсэн. Ингээд өр зээл тавин байж өмгөөлөгч авсан. Өмгөөлөгч чадлынхаа хэрээр л явсан. Гэвч хоёр дахь шатны шүүх хурлын дараачаас би өмгөөлөгч аваад ч нэмэргүй байж гэдгийг мэдсэн. Өмгөөлөгчийг гарын үсэг зуруулаад шүүх хурал дээр болсон нэг ч үгийг гадаа гараад хэлж болохгүй гэж үүрэгдсэн. Тэгэхээр өмгөөлөгч тэр дотор ороод яах юм бэ. “Наадах чинь хүн алаагүй” гэж нотлох баримт гаргаж өгч өмгөөллөө ч цаанаас нь “хүн алсаан” гээд алх цохиход гарч ирээд тэр тухай хэлэх боломжгүй болгочихсон. Шүүх хурал ийм байдалд явагдсан. Дотроо маш олон будлиантай асуудал байсан.

Тэр нь юу билээ?

-Хөндлөнгөөс харахад л надад мэдэгдэж байгаа 16 асуудал бий. Тухайлбал, Б.Булганыг шүүх хуралд оруулаагүй. МҮОНРТ-ээр ээрч муурч ярьсан  прокурор нь “хэдийгээр Б.Булганы хувьд шүүхийн шатанд шилжүүлэх гэм буруугүй, хэлэлцэх хэмжээний асуудал баримт бүрдээгүй гэдэг нөхцөл байдлаар өнөөдөр энэ хүнийг прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэсэн ойлгомжгүй зүйл хэлсэн. Үүнийг нь  ухаж бодвол тэр хүн хэрэгт хамааралгүй болоод явчихаж байгаа юм. Гэтэл гол үндэслэл хамааралтай нь нотлогдохгүй учраас хэрэгсэхгүй болгосон гэсэн. Телевизээр ингэж ярьсан хэрнээ Б.Булганыг гэрчээр оруулаагүй. Энэ ямар учиртай вэ. Эсвэл Б.Булгантай хэрэв уулзуулсан бол, тэр хүн “Энэ гурав мөн байна” гэсэн бол ТЕГ-ынхан новшийн юм хийж явахын оронд хаалгаараа багтахгүй чихэлдэж гарч ирнэ биз дээ “Булган ингэж хэллээ” гээд. Би бодохдоо Б.Булгантай уулзуулсан юм байна. Нөгөөх нь “Биш” гэсэн учраас л  тагнуулынхан хэрэг зохиож, новшийн  юм цуглуулж явна гэж таамаглаж  байгаа. Булганыг  ч бас айлгаж, дарамталсан байх. Монголын тусгай албад энүүхэндээ гэхэд, хүн алах эрхтэй байна шүү дээ. Энхбат гэдэг хүнийг алчихаад яагаа ч үгүй сууж байна.

Шүүх хуралд Б.Булганыг гэрчээр оруулаагүй атал түүний ам зургийг  баримт болгосон гэсэн. Тэр нь 1998 оных  уу гэтэл шинээр зуруулсан байсан гэх юм?

-1998 оны зураг бол хэрэг халуун байх  үеийн баримт. Тэр зурагт эмэгтэй нь өндөр, эрэгтэй нь намхан байгаа. Гэтэл одоо эсрэгээрээ, эрэгтэй нь өндөр, эмэгтэй нь намхан. Хэргийн газар дээр байсан хүн андуурна гэж байх уу. Гэтэл  20  жилийн дараа Булганы амаар  дахиж зураг зуруулсан гэж  байгаа юм. Тухайн үед тайрмал үстэй эмэгтэй хүн гэж яригдаж байсан. Тэгвэл тэрэнд ойртуулах гэж   тагнуулынхан манай дүүгийн гэрээс 1988 онд театрын  бүжигчин байхдаа  авахуулсан тайрмал үстэй зургийг нь хурааж авч  явсан байдаг. Тэгээд  хөрөг маягийн зураг зуруулчихсан байгаа юм. 20 жилийн дараа хөрөг шиг зурна гэж байх уу. Түүнийгээ баримт гээд байгаа.

Бас нэг ноцтой асуудал бол  Чимгээ, Амгаланбаатар, Содномдаржаа нар гэр бүлийн дөрвөн хүнийг шатааж алсан гэж хуулийнхан мэдэгдсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ерөнхий прокурор Энх-Амгалан УИХ-ын чуулган дээр хэлсэн тэр үг  асуудалтай. Тухайн үед хэрэг нууцлалаас гараагүй байсан. Тэгэхээр тэр хүн нууц задалсан. Бидэнд болохоор нууц гээд үзүүлээгүй, хэлээгүй. Гэтэл тэнд дөрвөн хүн шатааж алсан гэж ярьсан. Тэр нь ямар учиртай вэ гэхээр, Отгонбаатар гэдэг залуу, хоёр хүүхэд, эхнэртэйгээ амьдардаг.  Түүхий эд цуглуулж, дугуй засвар ажиллуулдаг байж. Гэтэл тагнуулынхан “Эд нар Зоригийг дөрвүүл нийлж алсан. Отгонбаатар нь хэлэх гээд байсан учраас шатааж алсан” гэдэг үлгэр зохиосон. Энэ худал. 2007 онд  Отгонбаатарын гэр шатсан байдаг. Тэр үед Орхон аймгийн  Онцгой байдлынхан газар дээр нь шалгаад “Цахилгаан ашиглалтын буруугаас гал гарчээ” гэсэн дүгнэлт гаргасан. Энэ эрхзүйн баримт /хуулбарыг үзүүлэв/. Үүнийг би ярилцлагаараа  дамжуулаад  Энх-Амгалан прокуророос асуумаар байна. Гэр бүлээрээ шатсан тэр айлын эгч нь шүүх хуралд оролцсон. Гарч ирээд сэтгүүлчдэд  “Амгаланбаатар л бид шатаасан гэж хэллээ” гэснээс өөр юу ч яриагүй.

С.Зоригийг алах ямар ноцтой шалтгаан байсан бэ  гэдгийг  хууль, хяналтынхан  тодорхой болгосон уу?

-Хэрэг гарах үед тэнд гурван хүүхдээ харж, настай ээжээ асарч байсан нэг хүүхэн, намар болж өвс тэжээлээ бэлдэж явсан хөдөөний нэг  залуу, Амгаланбаатар нь ч яахав хийх ажилгүй тэнэж явсан байх. Нас барсан Отгонбаатар хаа явсан нь бүү мэд. Ийм хэдэн хүн яах гэж хотод цуглах вэ.  Тэд бүрээ дуугарахад ирдэг  цэргийн хүмүүс биш, хүний аминд хүрэх ямар  шалтгаан байсан бэ.Хэрэв хүн алсан бол ямар шан хөлстэй, хэний захиалгаар үйлдэв гэдэг огт  тодорхойгүй. Ямар “Манайд ирээд мод хагалаад өгөөч” гэнгүүт гүйж ирж хийж өгчихөөд гэртээ хариад амьдарцгаасан юм шиг яриад  байхаар ямар ч үнэмшилгүй байна. Дээрээс нь би нэг зүйлийг их гайхаж байгаа, шоронд байгаа Амгаланбаатарт хэн гар утас оруулж өгсөн юм бол. Үүнийг тагнуулынхан өөрсдөө тогтоох ёстой. Бичсэн мессэжүүддээ  хажууд нь байгаа хүүхдийнх нь хувцасны өнгийг хэлсэн байдаг. Чи гэртээ, хашаандаа тийм юм хийгээд сууж байна гээд харж байгаа юм шиг  хэлээд байдаг. Шоронд байгаа хүн тэрийг яаж мэдэж байгаа юм бэ. Эсвэл тагнуулынхан тэр хүнийг гадуур дагуулаад явж байна. Эсвэл шорон дотор хүн хэлж өгөөд бичүүлж байна. Ийм л хоёр гаргалгаа байна. Манай дүү утасныхаа дугаарыг нэлээд хэдэн удаа сольсон гэсэн. Шоронд байгаа Амгаланбаатар яаж дугаарыг нь  олж авч мессэж бичээд байсан юм бэ.

Чимгээг хэрэгт татахын өмнө хашааг нь давуулж хүний цогцос хаясан гэх мэдээлэл гарч байсан. Энэ үнэн үү?

-Хашааг нь давуулаад хүний хүүр хаясан байсан гэсэн. Тэр нь нас бараад хээр тавьсан хүний шарил байсан гэж цагдаа хэлсэн. Хаа байсан хөдөө хээр тавьсан хүний шарилыг хэн авчирч хашааг нь  давуулж хаях вэ. Энэ зориуд тийшээ явж авчраад шөнө болохыг хүлээж байгаад хашаанд нь хаясан үйлдэл. Хэн үүнийг хийх вэ. Хийх ажилгүй хүний ажил биш шүү дээ. Гэтэл цагдаагийнхан нэг ч үг дуугараагүй. Дээрээс нь  С.Зоригийг алсан гээд байгаа тэр хэргийг нууцын зэрэглэлээс гаргуулж шалгуулах хүсэлтийг хохирогчийн талаас С.Оюун гуай хэд хэдэн удаа тавиад мөн л хариу өгөөгүй. Ерөөсөө энэ хэргийг яагаад тагнуул мөрдөх болсон юм бэ, ямар хэргийг тагнуул, ямрыг нь цагдаа мөрддөг юм бэ гэдэг тодорхойгүй өнөө хүрлээ.

Д.Мөрөн хурандаагийн үед  1998 онд С.Зоригийн амийг хөнөөсөн нь  улс төрийн аллага гэж тодорхойлсон байдаг юм байна лээ. Гэтэл 2015 оноос  ахуйн хүрээний аллага гэсэн  томъёоллоор шалгасан гэж ойлгосон. Ахуйн хүрээний аллага бол нууц гэмээргүй санагдана?

-Хуулийнхан ч хэлж байгаа “Мөрдсөн арга ажиллагааны зүйлүүдээ нууцлана уу гэхээс баримтууд юунд нууц байх юм бэ” гэж. Энэ хүмүүс чинь хүн алчихаад 17-18 жил баригдахгүй явах тийм туршлагатай гэж үү, энэ бас л асуулт. Д.Мөрөн 1998 онд хэвлэлд ярихдаа “Алуурчид гэрт нь шоронгийн хэллэгээр ярьж байсан” гэсэн байдаг. Гэтэл тэднээс хэн нь шоронд орж байсан, тийм хэлээр ярьдаг юм бэ. Манай дүү гурван хүүхэд гаргаад гэртээ байж байхдаа шоронгийн хэллэгээр яриад байж байх уу. Дээр нь Зоригийг захиалгаар алсан гүйцэтгэгч гээд байгаа. Зөн билгийн тулаанд ордог хүмүүс л алгаа ойртуулж үзээд тийм, ийм байна гэж хэлдэг юм байна лээ. Тэдэн шиг  нүүр рүү нь харчихаад “Эд нар захиалагчтай” гээд байгаа. Хэргээ хүлээгээгүй хүмүүсийг захиалагчтай гэж юугаар нотолсон юм бэ гэдэг бас л асуулт. Амгаланбаатар л “алсан нь үнэн” гээд байгаа, тийм юм бол захиалагчаа бариад авахгүй яасан юм бэ. Ийм баримтууд байгаа учраас би  анхан шатны шүүгч Алдар, прокурор Энх-Амгалан нарын хүмүүсийн ёс зүйд би гомдол гаргасан. Дээр нь шүүх хурлыг хуулиар хориглосон газар буюу шоронд хийсэн гэсэн асуудлыг тавьсан. Гэтэл  эдгээр асуултад “тухайн өдөр нь дүүргийн шүүхүүд хурал ихтэй, танхим хүрэлцээгүй” гэх мэт хачин тайлбар хэлсэн. Танхим хүрэлцэхгүй бол шорон дотор шүүх хурлыг хийж болно гэсэн хууль байхгүй. Дээр нь галын асуудал, гар утасны мессэжний талаар асуухаар “төрийн нууц” гээд хариу өгдөггүй. Прокурор нь болохоор хуулийн зүйл заалт хэлээд тэр дагуу ажилласан гэчихдэг. Ийм ёс зүйгүй, увайгүй шүүх, прокурор байдаг юм байна. Ийм хүмүүс өнөөдөр энэ  хэргийг хаах гэж улайрч, Ц.Элбэгдорж гэдэг хүний даалгаврыг  Б.Хурц гэдэг хүн гүйцээж, Монгол Улсын хуулийг ард түмэнтэй нь доромжиллоо. Дээр нь энэ хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн ар гэр, хамаатан садангийн 200-300-гаад хүний амьдралыг бусниуллаа. Миний дүүгийн амьдрал орвонгоороо эргэсэн. Бага хүүгийнх нь сургалтын төлбөрийг төлөх гээд зээл авч байшин барьж байсан нь дутуу. Одоо банкны зээлийн өрийн асуудлаар бие муутай нөхөр нь шоронд явахдаа туллаа. Том охин нь ээжийгээ хэрэг төвөгт орчихлоо, үзмэрч төлөгчөөс асууя гэж яваад автомашины осолд орсон. Осолд орсон юм уу, оруулсан юм уу гэдэг асуудлыг уг нь ярих ёстой. Гэвч надад өнөөдөр тэр осол ямар учиртайг шалгаад явах  цаг, зав алга. Ард нь зургаан настай хүүхэд нь өнчин үлдсэн. Бид эцэг, эхээс есүүлээ, энэ бүхнийг дагаад  бүгд л хямарч байна. 80 дөхсөн ээж минь маш хүнд байдалд байгаа. Эцэст нь хэлэхэд, энэ хэрэг худал, зохиомол гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа хүн бол Б.Хурц. Тийм хэрэгт орооцолдсон хүнд Ц.Элбэгдорж яагаад санал тавьсан байх вэ. Тэрийгээ Амгаланбаатараар дамжуулан гүйцэлдүүлж олон хүнийг цус, нулимстай нь  хутгалаа.

Машинтай хүмүүс араас  дагадаг  гэж та өнгөрсөн намар хэвлэлийн хурал дээр   хэлсэн. Одоо тийм зүйл байна уу?

-Ийм зүйлүүд бидэнд тохиолдсон. Тусгай албаны машин болохыг нь ч мэдсэн.  Монголд үхэл байдаг гэдгийг тэртэй тэргүй Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч хэлсэн, Ц.Нямдорж ч ярьж байсан. Саяхан Ж.Батзандан гишүүн “Намайг  орон дотор чинь  ална гэсэн” гэж мэдэгдсэн шүү дээ.  Үхчих байх гээд  үнэнийг  хэлэхгүй байж би чадахгүй.  Монголын төр дандаа ийм байхгүй байх, цэвэр тунгалаг болох өдөр ирнэ.  Б.Хурц гэдэг хүнийг, түүний тушаалаар ажиллаж байсан хүмүүсийг Монголын төрөөс зайлуулах л хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 14

Diflucan Prices cialis canada Buy Sildenanael

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *