Ардчиллыг Эль Сальвадор улсад дахин ярилцахаар боллоо

4-р сарын 30, 2013 11:16 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 438
Улаанбаатар гурав хо­ногийн турш ардчиллын төв цэг боллоо. Ардчиллын төлөө идэвхтэй  үйл хэрэг явуулдаг улс орнуудын төлөөлөгчид Монголд гур­ван өдөр хуралдаад өчиг­дөр өндөрлөв.

М.ГАНЦЭЦЭГ

 

Улаанбаатар гурав хо­ногийн турш ардчиллын төв цэг боллоо. Ардчиллын төлөө идэвхтэй  үйл хэрэг явуулдаг улс орнуудын төлөөлөгчид Монголд гур­ван өдөр хуралдаад өчиг­дөр өндөрлөв. Ардчилсан орнуудын хамтын ний­гэм­лэгийн Сайд нарын YII бага хурал өчигдөр Төрийн ордны Их танхимд болсон юм.

Дэлхийн 104 орныг төлөөлөн ирсэн хүндэт зочид олноор цугласан хуралдааны танхимын тэргүүлэгчдийн ширээнд Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж, Тайландын Ерөн­хий сайд Йинлак Чинават, Коста Рикагийн Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Альфио Пива Месен, Нигерийн Дэд Ерөн­хийлөгч Намади Самбо, Европын комиссын Дэд ерөнхийлөгч Катрин Аштон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Кассым-Жомарт Токаев, Нобелийн шагналт Ануг Сан Суу Чий, Нобелийн шагналт Товаккол Карман, Ард­чилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мариа Лайсснар нар суудлаа эзэлсэн байв.

Хурлын дарга УИХ-ын гишүүн, Гадаад хэр­гийн сайд Л.Болд хүндэт зочид, төлөөлөгчдийг та­нилцуулаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг индэрт урилаа. Ерөнхийлөгч хурлын үндсэн илтгэлийг тавьсан юм. Дараа нь Тайландын Ерөнхий сайд хатагтай Йинлак Чинават, Нобелийн шагналт, ардчиллын бэлэг тэмдэг хэмээн нэрлэгдэх болсон хатагтай Ануг Сан Суу Чий нар үг хэлсэн юм.

Нобелийн шагналт, сэтгүүлч, улстөрч, хүний эрхийн төлөө тэмцэгч, Йемений иргэн, хатагтай Таваккол Карман “Ард­чиллыг тайван замаар хөг­жүүлсэн 20 гаруй жилийн хугацаанд хүний эрхийн төлөөх нийгмийг бай­гуулс­наараа  Монгол Ул­саас Нобелийн энх тайвны шагналтан төрхийг үгүйс­гэхгүй. Ардчиллыг амжилттай хөгжүүлсэн Монгол Улс нь Арабын орнуудад үлгэр жишээ орон болж байна. Би энэ улсад ардчилал өндөр хөгжсөн гэдгээс нь гадна, Чингис хааны эх орон гэдгээр нь сайн мэддэг. Шашин хоорондын мөр­гөл­­дөөн, үндэсний цөөнхийн ялгаагүйгээр эв найрамдалтайгаар ард­чиллыг хөгжүүлж, бэх­жүүлж байгаад нь бахархаж байна” гэв.

Тэрээр Арабын ертөнцөөс 2011 онд анх удаа Нобелийн энх тайвны шагнал хүртсэн юм. Сэтгүүлч, улстөрч, хүний эрхийн төлөө тууштай тэм­­цэгч энэ эмэгтэй Йемен улсад 2005 онд до­лоон эмэгтэй сэтгүүлчийн хамт “Гинжнээсээ салсан эмэгтэй сэтгүүлчид” гэдэг бүлгэм байгуулж эрх чөлөөний төлөө тэмцэж байжээ.

Ерөнхийлөгч хэлэхдээ “Ардчилал, эрх чөлөөний тухай бусдад зааж сургах бодол бидэнд алга. Харин бусадтай хуваалцах сургамж бол бидэнд байна. Манай орны ардчилсан тогтолцоонд шилжих зам амар хялбар байгаагүй. Одоо ч амар хялбар биш байна. Ардчилал бол очих газар биш, явах зам. Эрх чөлөө, ардчилал хоёрын аль алинд нь хүнийг хү­чээр жаргаах зорилго байх­гүй. Хүн өөрийн сон­гол­тоороо эрхээ эдэлж амьд­рах л бололцоо юм. Хүний нийгэмд, ялангуяа нээлт­тэй нийгэмд асуудал ший­дэгдэж дуусахгүй. Нэг шийдлийн ард дахиад л олон асуудал соёoлж бай­даг. Энэ бүхний мөн чана­рыг одоо ч таньж мэдэх үйл явц манай улсад үр­гэл­жилж байна” хэмээв.

Сирид олон хүн зөвхөн ардчилал, эрх чөлөөний төлөө амиа алдаж буйг төлөөлөгчид хэлж байв. Ардчилал, эрх чөлөө хүнд хамгийн хэрэгтэй зүйл учир үүний төлөө хүн хамгийн үнэтэй зүйлээ золиосолдог гэнэ. Иймд ардчиллын төлөөх орнууд нягт хамтран ажиллах хэрэгтэйг онцолж байлаа. Цаашид ч их зүйл хийх хэрэгтэй гэнэ. Хурлын үеэр АНУ-ын Ерөнхий­лөгч Ба­рак Обамагийн мэндчил­гээг танилцуулав. Тэрээр ардчилагчид үйл хэр­гийн­хээ төлөө тууштай байхыг АНУ-аас уламжилжээ.

Төлөөлөгчид салбар хуралддааныг үргэлж­лүүлж үдээс хойш хурлыг хаав. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Иргэний нийгэм, Парламент, Эмэг­тэй­чүүд, Бизнес, За­луучуудын чуулга уулзал­тын төлөөлөгчид хурлын­хаа дүнг танилцууллаа. Мөн энэ хуралдаанаас Улаанбаатарын тунхаглал гаргаж баталлаа. Монгол Улс АОХН-ийн тугийг дараагийн дарга орон Эль Сальвадор улсад шил­жүү­лэв. Тус улс ирэх хоёр жилд энэ нийгэмлэгийг даргалах юм. Мөн ард­чиллын төлөө Улаан­баа­тарт чуулсан төлөөлөгчид хоёр жилийн дараа Эль Сальвадор улсад дахин чуулахаар боллоо.

Төлөөлөгчид оройдоо урлагийн тоглолт үзэж, Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж “Sky Resort” цогцол­борт хүндэтгэлийн дайл­лага хийсэн байна. Тө­лөөлөгчид өнөөдрөөс бу­цах бөгөөд Нобелийн шагналт Ануг Сан Суу Чий өнөөдөр Иргэний тан­химд илтгэл тавих юм.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *