Ардчиллыг бэхжүүлж байдаг иргэний оролцоо Монголд сул байна

2-р сарын 22, 2017 10:18 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 24
1

Ч.ОЛДОХ

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Иргэдийн оролцоо” төсөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран “Ардчиллын хөгжил-Иргэний оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулав.

Монгол Улс  ардчиллын замаар замнаад 27 жил болж байна. Энэ хооронд  төлөөллийн ардчилал, зөвлөлдөх ардчилал, шууд ардчилал гэхчлэн ойлголтууд бий болж, бид ийнхүү  ярьж, бичиж ирэв. Гэвч энэ бүхэнтэй хослуулж явах салшгүй  хэсэг буюу зоосоор бол нэг тал нь болох иргэний оролцоонд төдийлөн анхаарч байсангүй.

 

Магадгүй социалист  хэмээгддэг нэг намын, үзэл суртлын тогтолцооноос гарч хязгааргүй эрх чөлөөтэй болчихсон мэт санагдаад тэр талыг орхигдуулсан байж мэдэх юм.  Үндсэн хууль дахь иргэд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэх заалтыг хэлж, цээжээ дэлдэж явахдаа   хэрэгжүүлэх тал нь  дутмаг байдагт ч төдийлөн  анхаарч байсангүй. Тэгвэл  сүүлийн үед  иргэний оролцоо ямар чухал болохыг анзаарч эхлэв. Энэ нь магадгүй төлөөллийн ардчилалд маань үүсээд буй гажгаас эхтэй байх. Мөн  бидний төрд итгэж сонгосон төлөөлөл сонгогчдынхоо хүсэл бодлоос илүүтэй аль нэг намын сонирхлыг түлхүү  илэрхийлж, буруу үйлдэл гаргах нь цөөнгүй болж, хариуцлага ярих гэхээр хаалттай зэргээс үүссэн нийгмийн бухимдал зэрэг нь хүссэн хүсээгүй иргэдийн өөрсдийн оролцоог нэхэж эхэлсэн гэж болно. Энэхүү иргэд өөрсдөө гэдэг зарчимд тулгуурлан  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг  боловсруулан УИХ-д оруулсан ч харамсалтай нь  парламент дэмжээгүй. Гэтэл өнөөдөр ардчиллын гивлүүр дор иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төрд үгээ хүргэх, оролцох нь дутмаг, түүнийгээ олж харах тал нь бас бүрхэг байна. Жишээ нь, Үндсэн хууль дахь эрхээ хэрэгжүүлж үзэл бодлоо илэрхийлж, жагсч цуглах гэхээр аль нэг дүүргийн Засаг даргаас заавал зөвшөөрөл авах ёстой болдог. Зөвшөөрөл өгөхдөө ихэнхдээ  үзэмжээр хандах, машины зам хаана, олон нийтэд бухимдал төрүүлнэ гэхчлэн хязгаарлах тал руугаа. Иргэд хамтран ТББ байгуулж, үзэл бодлоо илэрхийлэх, шаардлага тавих, мэдэгдэл хийх эрх нээлттэй байдаг ч тэр нь бодитой ажил болох, шийдвэр гаргах түвшин дэх  нөлөөлөл тун бага байдаг. Тэгвэл энэ асуудлаар судлаач, хуульчдын байр суурь, судалгаа, шинжилгээний баримтуудыг дэлгэснээрээ эрдэм шинжилгээний хурал онцлог боллоо. Хуралд Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Ч.Энхбаатар “Төлөөллийн ардчилал, тулгамдсан асуудал”, Удирдлагын академийн дэд захирал, доктор Ш.Батсүх “Шууд ардчилал, иргэдийн оролцоо”, Улс төрийн боловсролын академийн Удирдах зөвлөлийн дарга, Д.Ганбат “Монгол Улсын ардчиллын чанар, анхаарах асуудал”, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг “Орон нутгийн түвшин дэх иргэдийн санаачлах эрх”, МУБИС-ийн багш, доктор Э.Гэрэлт-Од “Улс төрийн нам,  иргэний нийгмийн оролцоо”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, доктор  А.Бямбажаргал “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийн хэрэгжилт, шинжилгээ”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан “Жагсаал, цуглаан хийх эрх чөлөө, түүний хэрэгжилт”, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Бариаширсүрэн “Ардчиллын хөгжилд хүний эрхийн байгууллагуудын оролцоо” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Тэдний  байр, суурийг хүргэе.

 


dulguund_hartsaga_(3)Доктор Ч.Энхбаатар: ТӨРИЙГ ТҮМНЭЭС НЬ ХӨНДИЙРҮҮЛСНЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХ ШИНЖ НЬ БУУРДАГ

 -Төлөөллийн болон шууд ардчиллын эерэг, сөрөг талууд нь юу вэ?

-Төлөөллийн ардчиллын сөрөг талаас дурдвал, төрийн  бодлогын шийдвэр гаргах үйл явцад ард түмэн шууд оролцох боломжгүй, шийдвэр гаргах хүндийн жин нь ард түмэнд биш, төлөөлөгчдөд, бүр тодруулбал, төлөөлөгчдийн ард байгаа намуудад төвлөрдөг. Засаг төрийг ард түмнээс хөндийрүүлснээр түүний хүлээн зөвшөөрөгдөх шинж |легитим шинж| буурдаг. Нам төрийн толгой дээр гарч, парламентын шийдвэр нэрээр суудлын олонхийг авсан намын шийдвэр гарч хэрэгждэг. Парламентын гишүүн харъяалах намын бодлогыг заавал дагах үүрэг хүлээснээс түүний хараат бус байдал алдагддаг. Энэ байдал өнөөдөр УИХ-ын үйл ажиллагаан дээр ч, аймаг, дүүргийн ИТХ дээр ч  харагддаг.

 

_MG_8883Доктор Д.Ганбат:

-Иргэдийн оролцооны нэг тал болсон ардчиллын үнэт зүйл, чанар, ардчиллыг боловсронгуй болгох  гэдэг талаас та ямар дүгнэлт хийж байна?

-Монголын ардчиллын чанарт ахиц гарсан гэж үзэж болохгүй. Либерал ардчиллын үнэт зүйлсийн нэлээд хэсэг Монголд хөгжлөө олоогүй байна.Процедурын хэмжүүр дотор авлигын хяналт, хэвтээ хариуцлагын тогтолцоо болон эрх зүйт ёс дутмаг. Иргэдийн эрэлт, хэрэгцээ, сонирхлыг төр засаг нь гүйцэлдүүлж байх явдал хамгийн их үгүйлэгдэж байна. Сонгогдсон улс төрчдийн авлигад автахаас сэргийлэх хуулийн хамгаалалт дутуу. Сонгуулийн санхүүжилтийн хатуу чанд зохицуулалтыг боловсруулах, Шүүх, хуулийн байгууллагын хараат бус дархлаа, чадамжийг нэмэгдүүлж, улс төрийн нөлөөллөөс ангижруулах нь зүйтэй юм.

 

Untitled-4(4)Доктор А.Бямбажаргал: ИРГЭД ҮНДСЭН ЭРХЭЭР БУСАД ЭРХЭЭ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО НЬ  ХЯЗГААРЛАГДМАЛ

-Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш  25  жилийн хугацаа өнгөрлөө.  Үндсэн хуульд тусгагдсан  иргэдээс төрийн байгуллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх асуудал бодит байдалд үндсэн эрхийн түвшинд хамгаалагдахаас гадна бусад эрхүүдээ хамгаалах үндэстэй гэж үздэг. Гэтэл энэ нь манай одоогийн тогтолцоонд бүрэн хангагдаагүй, хязгаарлагдмал хүрээнд байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Юунаас болов гээд аваад үзвэл, үндсэн эрхээ хамгаалж болдог тогтолцоо буюу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэхээс эхтэй юм. Энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр зөвхөн үндсэн  эрхээр  хамгаалж болдог тогтолцоо Монгол Улсын хэмжээнд хязгаарлагдмал байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *