“Арабын шейхүүд Сэлэнгэ мөрөнд хаалт тавих нь”

5-р сарын 13, 2013 9:15 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 580
Ийм гарчигтай нийт­лэл ОХУ-ын “Номер один” сэтгүүлд гарсныг товчлон хүргэж байна.

Б.БАРС

Ийм гарчигтай нийт­лэл ОХУ-ын “Номер один” сэтгүүлд гарсныг товчлон хүргэж байна.

Монгол улс Сэлэнгэ мөрөн дахь Шүрэнгийн УЦС барих төсөлдөө хө­рөнгө оруулагч хайж эхэл­жээ. Экологичдын үзэж буйгаар энэ төсөл хэрэгж­вэл Байгаль нуурын эко­системийг сүйрүүлж бо­лох аюултай юм.

Уг нь хагас жилийн өмнө манай хоёр орны усны нөөцийг хамтран ашиглах итгэмжлэгдсэн төлөөлөгчид Улаан-Үдэд уулзаж, ийм алхмыг нөгөө талтайгаа зөвлөлдөлгүй хийхгүй гэж тохиролцсон билээ. Хэдий тийм ч Монголын Засгийн газар өнгөрсөн оны намар Кувейтийн Арабын эдийн засгийн хөгжлийн санд хандан Шүрэнгийн УЦС-ийн төслийг санхүү­жүүлэх хүсэлт тавьжээ. Арабууд энэ хүсэлтэд нааштай хариу өгөөд байгаа юм.

 

Кувейтийн ЭСЯ-наас мэдээлснийг үзвэл энэ төслийг хэрэгжүүлэхэд нийтдээ 142 сая кувейт динар буюу бараг хагас тэрбум ам.доллар шаард­лагатай аж. Одоогоор Кувейтийн Арабын эдийн засгийн хөгжлийн сан тус төслийн нийт зардлын 4.2 хувь болох зургаан сая кувейт динарыг зээлээр өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа юм.

Арабууд УЦС барих газартай хэдийнэ очиж танилцаад ойр орчмын байгаль орчинд муугаар нөлөөлөхгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.      

Гэхдээ одоогоор манай хөрш улс арабуудтай төсөл боловсруулах л мөнгөний талаар ярьж байгаа. Тэгээд төслөө боловс­руулаад Дэлхийн банкинд санхүүжилт хүсэн хан­дахаар төлөвлөжээ. Сураг дуулахнээ Дэлхийн банк ч төслийг санхүүжилтийг зөвшөөрөх бололтой. Ийнхүү Сэлэнгэ мөрний асуудал хоёр хөрш орны харилцаанаас хальж эхэлжээ.   

Буриадын экологич С.Шапхаевын хүсэлтээр ОХУ-ын Байгаль орчны яам Дэлхийн банкинд хандан захидал илгээхдээ, Шүрэнгийн УЦС барих төлөвлөгөө нь олон улсын хэлэлцээрүүдийг зөрчсөн хэрэг төдийгүй дэлхий нийтийн өв болох Байгаль нуурт хор хохирол учруулах уршигтай тухай дурдсан юм. Үүнээс гадна ОХУ, БНХАУ, Монголын экологичид хамтран Кувейтийн Засгийн газар болон Арабын санд захи­дал илгээж, шейх Сабах аль-Халид аль-Сабахт тус улсын санхүүжилтээр таван жилийн өмнө баригд­сан Завхан гол дахь Тайширын УЦС хөдөө аж ахуйд маш их хор уршиг тарьсан тухай өгүүлжээ.

Алдаатай тооцооны улмаас Тайширын УЦС-аар төлөвлөснөөс хавьгүй бага ус нэвтрэх болж ойр орчмын газар нутаг хуу­райшсанаар олон тооны мал үхэхэд хүргэсэн юм. Малгүй үлдсэн зарим малчин байгаль орчинд халтай иймэрхүү туршил­туудыг тууштай эсэргүү­цэх болж, Сэлэнгэ, Онон гол дээр УЦС барихыг эхнээс нь буруушааж байгаа ажээ.

Тайширын УЦС 11 мега­ваттын хүчин чадал­тай. Тэгвэл Шүрэнгийн УЦС 300 мегаватт хүчин чадалтай болох төлөв­лө­гөө­тэй. Ингээд бодохоор Монголын хөдөө аж ахуй, Сэлэнгэ мөрөн, түүний биологийн нөөц, эцсийн бүлэгт Байгаль нуурт үзүүлэх хор уршиг хавьгүй их байх нь.

Монголын албаны хүмүүс Сэлэнгэ дахь УЦС мөрний усны төвшинд нөлөөлөхгүйн дээр эрэг дагуух бүсийн экологид харин ч эерэгээр нөлөөлөх тухай бишгүй ярьсан. Монголын усны нөөцийн газрын дарга ноён Батбаяр тус УЦС бороо хур ихтэй жилүүдэд усыг ихээр нөөц­лөх ач тустайг ч дурдаж байв.

Харин экологич С.Шапхаев үүнтэй санал нийлдэггүй хүн. Тэрээр, “Илүү ус гэж үнэндээ байдаггүй юм. Харин гидрологийн мөчлөг, жилийн болон улирлын урсацын хэлбэлзэл гэж байдаг. Байгаль нуур Сэлэнгээс маш их хамаа­ралтай. Сэлэнгэ мөрөн Байгальд цутгадаг усны 50 хувийг дангаараа ханга­даг. Үүнд өөрчлөлт орвол олон сая жил бүрэлдсэн экологийн тогтолцоонд шууд нөлөөлнө” гэжээ.

Нөгөөтэйгүүр сүүлийн жилүүдэд эдийн засгийн хурдацтай өсөлттэй яваа Монголын талын байр суурийг ойлгож бас болохоор. Энэ улсад хотын хүн ам, юуны түрүүнд Улаанбаатарын хүн ам огцом өсөхийн сацуу шинэ шинэ уурхайнууд нээгдсэнээр эрчим хүчний дутагдал, “өлсгөлөн” улам бүр ноцтой асуудал болж байгаа нь нууц биш. Монголын нийслэлд борооны дараахь мөөг шиг олширч буй шинэ орон сууцны хорооллуудад илүү их эрчим хүч шаардагдаж байгаа бол ихэвчлэн Говийн бүсэд нээгдэж буй уурхайнуудад илүү их ус шаардлагатай  болж байна.

Тус улсын Байгаль орчны дэд сайд Б.Тулга арванхоёрдугаар сард ярихдаа, “Монголчууд бид улс орноо цаашид ч хөгжүүлэх хэрэгтэй. Иймд усны нөөцөө зохих хэм­жээнд ашиглаж л таарна” гэсэн юм. Ер нь өнөөгийн Монголын амин чухал асуудлын нэг нь эрчим хүчний хангамж болоод буй.

Тэрхүү дутагдаж буй эрчим хүчийг ОХУ уг нь нийлүүлэх бүрэн боломжтой ч үнийн тал дээр тохиролцохгүй бай­саар асуудал ийн хурцдсан гэлтэй. Ингэснээр УЦС-ийн төсөл, Сэлэнгэ болон Байгалийн хувь заяа олон улсын улс төрийн нэгэн багаж, Орост шахалт үзүүлэх хөшүүрэг болж байх шиг. 

Нөгөөтэйгүүр, ОХУ-аас нийлүүлдэг эрчим хүч­ний үнэ нь өмнөд хөршдөө шахалт үзүүлэн газрын баялгийг нь олборлох эрх авах зэвсэг  юм. Монголчууд мэдээж иймэрхүү хамтын ажил­лагаанаас аль болох зайлсхийхийг чармайж, өөрсдийн дүрмээ санал болгон Байгалийн хувь заяагаар тоглож байна.

Чингис хааны удмын­хан газар зүйн хавчигд­мал байдалтай хэдий ч ийм тоглоомонд маневр хийх орон зай ихтэй. Тэдний ард Хятад бий. Монголын асар их байгалийн баялгийг сонирхдог Хятадад эко­логийн асуудал, Байгаль нуур үгүй болох эсэх огт хамаагүй. Үүнээс гадна монголчууд солон­госууд­тай, америкуудтай, одоо бүр арабуудтай идэвхтэй хамтын ажиллагаа өр­нүүлж эхэллээ. 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *