“Ану сервис” байгальд ээлтэй  нам даралтын зуух суурилуулалтаар анхдагч нь

5-р сарын 9, 2018 9:33 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 288
5-9-6

Ц.БАЯР

“Бизнес, хөгжил” булангийн зочноор “Ану Сервис” компанийн ерөнхий инженер Д.Түвшинжаргалыг урилаа.

 

-Танай компани хэдэн оноос ямар чиглэлээр бизнесээ эхлүүлсэн бэ?

-Манай компани 2000 оноос “ Гадаад, дотоод худалдаа, зуучлал”-ын үйл ажиллагаа явуулж байгаад  2002 оноос Улаанбаатар хотын төвлөрсөн системд холбогдох боломжгүй Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн зарим сургууль, цэцэрлэгийг халаах 12 халаалтын нам даралтын зуухыг, 2007 онд Төв аймгийн Угтаалцайдам, 2009 онд Төв аймгийн Дэлгэрхаан, Заамар сумын төвийн гадна шугам сүлжээ, халаалтын зуухыг, 2010 онд Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн өргөтгөл, Хан-Уул дүүргийн Яармаг дахь 118 дугаар шинэ сургууль, 2013 онд Төв аймгийн Лүн, Цээл, Жаргалант сумын нэгдсэн халаалтын зуух, гадна шугамыг өргөжүүлсэн. Өнөөдрийн байдлаар дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах хүрээнд Улаанбаатар хотын таван дүүрэгт 13 халаалтын зуух, орон нутагт долоон зуух  ажиллуулж байна. Нийт 50 гаруй албан байгууллага, аж ахйун нэгж, 180 гаруй айл өрхийн  дулаан хангамжийг хариуцан, засвар үйлчилгээг гүйцэтгэн ажиллаж байна. Гадаад худалдаа, худалдааны зуучлалын чиглэлээр бараа бүтээгдхүүний импорт, европ стандартын орчин үеийн халаалт, цахилгаан, салхивч, сантехникийн бусад тоног төхөөрөмж, шугам хоолой, барилгын засал чимэглэлийн төрөл бүрийн материалыг нийлүүлж,  суурилуулах, угсрах ажлыг хийж гүйцэтгэн, Чех, Итали, Швед, Унгер, Герман, Словак, Хятадын барилгын инженерийн байгууламжийн материал үйлдвэрлэгч компанитай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Монгол дахь албан ёсны борлуулагчаар үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.

-Сүүлийн үед утааны хаягдал багатай нам даралтын зуухыг Монголд нутагшуулсан.  Үр дүнгийн талаар тодруулахгүй юу?

-Манай компани Улаанбаатар хотын төвлөрсөн системд холбогдоогүй, холбогдох боломжгүй гэр хорооллын сургууль, цэцэрлэг, хороо, эмнэлгийг нам даралтын нэгдсэн зууханд холбох ажлыг хийдэг. Мөн хөдөө орон нутаг, сумдыг төвлөрсөн системд холбох ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Одоогоор  20 гаруй нам даралтын зуухны ашиглалтыг хариуцаж байна. Нийт 100 гаруй нам даралтын зуухыг Монгол Улсад нутагшуулж угсарсан. Зуухаа Европоос оруулж ирдэг. Орчин үеийн түлшний хэмнэлт сайтай,  утааны хаягдал бага. Мөн хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн автомат горимд ажилладгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, хуучин уурын зууханд галчийн ажиллагаа их байдаг бол манай зуух автоматаар өөрийгөө тохируулдаг. Галч зөвхөн зуухны ашиглалтад хяналт тавих, цэвэрлэгээ үйлчилгээ хийх, үнс, хаягдал  нүүрсээ гаргаж функерт хийх  зэрэг ажлыг гүйцэтгэх үүрэгтэй. Бусад түлшний шаталтын горим автоматаар явагдана. Зуух болгон утаа шүүгчтэй. Утаа шүүгч нь байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх экологийн төвшинг дээшлүүлэх хөтөлбөрт нийцэж байгаа. 2003 оноос суурилуулж эхэлсэн болохоор энэ төсөл хүмүүст илүү танигдсан. Энэхүү зуухыг нутагшуулсан нь эдийн засаг, улс орны, байгууллагын үйл ажил­лагаа тогтвортой хөг­жих боломжийг бүрдүүлсэн.

-Зуухаа хаанаас оруулж ирдэг юм бэ?  

– Чех, Унгер, ОХУ-ын зуухыг оруулж ирдэг. Анхны зуух зохион бүтээсэн, үйлдвэрлэгч Европын орнуудаас авч байгаа болохоор тавих шаардлага өндөр, орчин үеийнх учраас Монголд нэвтрүүлж, нутагшуулах боломжтой гэдгийг 15 жилийн туршлагаараа нотолж байна. 15 жилийн өмнө анх  авч суурилуулсан  зуух өнөөдрө хэвийн ажиллаж байна. Хятадын зуух халах гадаргуу муу, 4-5 жил ажиллаад солих шаардлагатай болдог.

-Нийслэлийн хэмжээнд 330 нам даралтын уурын зуух байдаг гэсэн. Түүнээс гарах утаа агаарын бохирдол үүсгэдэг гэдэг. Танайх ер нь Нийслэлд хэдэн зуух сурилуулсан бэ?

-Нийслэлд 13 халаалтын зуух суурилуулсан. Хан-Уул дүүрэгт хоёр, Сонгинохайрханд дөрөв, Чингэлтэйд гурав, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт нэг бий. Эдгээр зуух гэр хороололд байдаг. Тэгэхээр нэг зуухнаас 70 гаруй байгууллага халаалтаа авч нэгдсэн системд холбогдоно төдий хэмжээгээр яндангаас гарах утааны хэмжээ буурч байна гэсэн үг.

-Хүлэмжийн хийг хэдэн хувиар бууруулаад байгаа вэ?

-2003 оноос бизнесээ тогтвортой явуулахын тулд төсөл хөтөлбөрт хамрагдсан. Төслөө хэрэгжүүлэхэд Хас банкнаас хэд хэдэн санхүүжилт авч амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн үр дүнд эрчим хүчийг хэмнэлттэй зарцуулах, утааны хаягдлын хэмжээ, хүлэмжийн хийг бууруулах зорилтот хөтөлбөрт нэгдсэн. Харин манай  энгийн  зуух  агаар халаагч төхөөрмжгүй. Зөвхөн орчны агаарын хэмтэй агаарыг галын халаагуурт нэвчилтээр өгдөг байсан. Төслийн хүрээнд агаар халаагч суурилуулснаар шаталтын горим дээшилж түлшний зарцуулалт буурсан. Ингэснээр  байгаль орчинд хаягдах утааны хаягдал буурсан. Одоо манай бүх зуух агаар халаагчтай болж манай түлшний зарцуулалт 23 хувиар буурсан. Төслийн үр дүнд нь  түлшээ хэмнэснээр санхүүжилтээ нэмэгдүүлэх, зээлээ төлөх  үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгдсэн.

-Компанийнхаа  томоохон хийж гүйцэтгэсэн ажлаас дурьдахгүй юу?

– Манайх өмнө нь Эрдэс баялаг эрчим хүчний яам, Эрчим хүчний газрын захиалгаар Хөвсгөл аймгийн Мөрөн хотыг бүхэлд нь дулаанаар хангаж, төвлөрсөн системд холбох 34.8 мВт-ын “Дулааны станц”-ын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад өгсөн. Мөн  2016 онд Төв аймгийн Сүмбэр сумын төвийг нэгдсэн халаалтын системд холбосон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *