АНУ Кубаас шинэчлэлийг шаардаж байна

10-р сарын 1, 2015 10:01 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 47
10-1-4

Н.МӨНХЖИН

Барак Обама, Рауль Кастро нар НҮБ-ын чуул­ганы үеэр дахин сэр­гэж буй дипломат харил­цаандаа хүч нэмж уулзав. Хоёр тал дипломат харил­цаагаа сэргээж буйг зарласнаас хойш тэд ийн­хүү хоёр дахь удаагаа нүүр тулан уулзаж байна. Хэдий­гээр 60 орчим жил үргэлжилсээр буй Кубын эсрэг хориг арга хэмжээ дуусгавар болоогүй ч томоо­­хон ахиц дэвшил гар­чээ. Хоригийг төгсгөл болгох, хүний эрхийг хүндэтгэх, ардчилсан өөрч­лөлт, шинэчлэлт хийх тал дээр Эрх чөлөөний аралд тодорхой ахиц дэв­шил гарсаар байна. НҮБ-ын төв байранд болсон уулзалтын үеэр хоёр удирдагч дипломат ха­рилцаан дахь ахиц дэв­шил болон хоёр талын хамтын ажиллагааг гүнз­гий­­рүүлэх дараагийн алх­­мын талаар ярилцлаа хэ­мээн Цагаан ордноос мэдээлэв.

Гаванын эрх баригчид дипломат харилцааг бүрэн сэргээхэд тавьж буй шаард­лагын дотор АНУ Кубын Гуантанамогоос цэргийн баазаа гаргах тухай байгаа аж. Америкууд Куба арлыг Испанийн колончлолоос чөлөөлөхөд тусалсныхаа төлөө Гуантанамо дахь 50 км кв газрыг эзэмших болсон юм. Дараа нь тэнд АНУ-ын тэнгисийн цэргийн бааз байгуулж, 2002 онд Афганистаны талибуудыг хорих лагерь байгуулсан билээ. Б.Обама, Р.Кастро нар уулзсаны дараа Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес “Цагаан ордны тэргүүн өөрийн эрх мэдлээ ашиглаж чадсан бол арлын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг ихээхэн зөөлрүүлж болохоор байлаа” хэмээн Обамаг хатуу шүүмжилжээ.

Обамагийн засаг захир­гаанаас сүүлийн ар­ван сард гаргасан бодлого, шийдвэр нь тун хязгаарлагдмал, дорвитой, мэдэгдэхүйц үйл хөд­лөл байхгүй хэмээн Родригес хэллээ. Харин Вашингтон өөрийн гэсэн бодолтой байна. АНУ-ын Ерөнхийлөгч арлын лидертэй уулзах үеэрээ “Кубад ардчилсан өөрчлөлт, шинэчлэл хийх тусам АНУ-ын Кубын талаар баримтлах бодлогод эергээр нөлөөлнө” хэмээн онцолжээ. Б.Обама Куба дахь хүний эрхийг сайжруулахын төлөө ажил­ласаар байх болно гэд­гээ дахин сануулсан байна. Рауль Кастро өмнөх өдөр нь НҮБ-ын ин­дэр дээрээс хэлсэн үгэндээ ч, Обаматай уулзах үеэрээ ч Куба дахь хүний эрхийн талаар нэг ч үг дурдаагүй билээ. Харин Кубын Гадаад хэргийн сайд АНУ афро-америк гаралтай иргэдийнхээ эсрэг цагдаагийн хүчийг балмадаар ашиглаж байгааг шүүмжлээд “Куба улс энэ тал дээр харин ч бахархалтай зам туулсан” хэмээн тодотгожээ.

Куба арал ардчилсан өөрчлөлт, шинэчлэл дээрээ дорвитой ахиц гар­гавал АНУ-ын Конгресс хориг арга хэмжээг цуцлахад гол түлхэц болж өгөх юм. 60 жил үр­гэл­жилж буй Кубын эсрэг эдийн засаг, худал­дааны хориг арга хэмжээг цуцлах эрх АНУ-ын Ерөнхийлөгчид бус, Конгресст байдаг. Бүгд найрамдах намын сенатч, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Марко Рубио (куба гаралтай) Цагаан ордны эзэн Барак Обамад хандаж Кубын хоригийг цуцлах дээр хатуу байр суурьтай байхыг шаардлаа. Өнгөрсөн оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей дээрх Кубын эсрэг хоригийг цуцлах тогтоолыг 188 орон дэмж­сэн юм. Америк, Из­раиль хоёр үргэлж эс­рэг санал өгдөг аж. “Кубын эсрэг хориг арга хэм­жээ АНУ-ын хууль тогтоом­жид тусгалаа олж, шин­гэсэн байдаг. Энэ хуулийн талаарх ямар нэг үл ойлголцол, эргэлзээг НҮБ дээр биш, АНУ-ын Конгресст хэлэлцэж, шийдвэрлэх ёстой хэмээн Марко Рубио хэлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *