Анхны Атилла Х.Мөнгөнхөлөг

6-р сарын 25, 2018 8:46 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 30
6-25-2

Ч.ГАНТУЛГА

“Тэнгэрийн ташуур” Атилла ирж явна. Түмэн цэргээ дагуулан сүр хүчийг тэр үзүүлнэ. Сэлэмнийх нь үзүүр хурц, сэтгэлийнх нь гал дүрэлзэж байна. Ялалтдаа бахдсан хаан цэргүүдийнхээ хүч чадал, эр зориг, сүр жавхааг харуулсан сэлэмт бүжгээ хийнэ. Хүннү гүрний өмнө дэлхий чичирч байв. Ийм нэгэн өрнөлтэй бүжгэн жүжиг 2012 онд анх УДБЭТ-ын тайзнаа амилсан юм. Эрэгтэй гоцлоочийн авьяасыг сорьж, ур чадвар шаардсан тус бүжгэн жүжигт УДБЭТ-ын балетын гоцлооч, гавьяат жүжигчин Х.Мөнгөнхөлөг бүжиглэж, Монголын балетын урлагийн түүхэнд анхны Атилла хэмээн нэрээ мөнхөлжээ. Тэр үеэс хойш зургаан жил өнгөрчээ. Түүх дахин давтагдав.

Энэ өдрүүдэд ягаан театр хөл хөдөлгөөн ихтэй байна. Учир нь Хүннү гүрний их хаан Атиллагийн түүх амилахад бэлэн болжээ. Анхны Атилла догдлон сууна. Энэ удаад тэрээр өөрийн шавь нартаа халаагаа өгчээ. Гэвч өөр дүрээр тайзнаа гарна гэсээр биднийг инээмсэглэн угтав.

Бид энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа гавьяат жүжигчин, бүжигчин Х.Мөнгөнхөлөгийг урилаа. Монголын балетын урлагийн энэ цагийн өнгийг тодорхойлж яваа эрхэм уран бүтээлчийн амьдралын түүх баялаг байх нь дамжиггүй ээ.

АТИЛЛА ХААНЫ ДОТООД СЭТГЭЛ, МӨН ЧАНАРЫГ ГАРГАХЫГ ЭРМЭЛЗЖЭЭ

Амьдралынх нь нэгээхэн хэсэг, хоёр дахь гэр нь болсон дуурийн театрт бидний яриа өрнөсөн учир уран бүтээл, ялангуяа, “Атилла” балетын тухай дурсамж дэлгэлээ. Хөгжмийн зохиолч, балетмейстер А.Батдэлгэр анх бүжгэн жүжиг тавихаар болж, уран сайхны зөвлөл хэлэлцэж эхэлжээ. Харин Атиллад хэн бүжиглэх вэ. Энэ үед балетмейстер А.Батдэлгэр, Б.Жамъяндагва гуай хоёр “Х.Мөнгөнхөлөг л чадна. Дүрийнхээ тухай судалгаа сайн хийгээрэй” гэж итгэл хүлээлгэсэн юм байна. Ийнхүү Хүннү гүрний их хаан Ромын хаадын дунд “Тэнгэрийн ташуур” гэж алдаршсан түүхэн хааны дүрийг хэрхэн бүтээх тухай судалгаа хийж эхэлжээ. Бүжгэн жүжигт Хүннү гүрний байлдан дагуулалтыг харуулдаг. Атилла хааны амьдралын алтан үе, нэр алдраа цуурайтуулж явсан баялаг түүхээс нь нэгээхэн хэсэг энэ бүжгэн жүжигт өрнөдөг билээ. Нийтлэлийн баатар маань дүрээ судлахдаа эр зоригтой байдал, хурдан шалмаг хөдөлгөөнөөс гадна Атилла хааны дотоод сэтгэл, мөн чанарыг гаргахыг эрмэлзжээ. Энэ бүтээл баатарлаг, туульсын хэлбэртэй учир тулалдааны хэсгээс гадна үсрэлт, харайлт гээд эрэгтэй гоцлоочоос мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг юм байна. Хэдийгээр түүхэндээ Атилла хаан өвчний улмаас нас бардаг ч бүжгэн жүжигт өс хонзонгоо авах гэсэн нэгний өгсөн хорыг уугаад үхэж буйгаар өөрчилжээ. Хаан тэнгэрт халих мөчид бүжигчнээс дотоод сэтгэлийн тоглолт их шаардсан гэж гавьяат маань дурссан юм. Учир нь хор уусан хүн сэтгэл санааны хувьд ямар өөрчлөлтөд орох вэ, хоолойны өнгө нь хэрхэн өөрчлөгдөх вэ гээд бодож, тунгааж ажилласан гэнэ. Одоо ч өөрийг нь залгамжилж Атиллад бүжиглэж буй шавь Б.Хан-Очир, Б.Нацагдорж нартаа өөрийнхөө туршлагаас ярьж, сургаж байгаа гэсэн.

БУУРАЛ ААВЫН АМИНЫ ХҮҮХЭД

Х.Мөнгөнхөлөг гурван дүүтэй.

Нийтлэлийн баатар маань Ховд аймгийнх. Гэвч бага нас нь аймгаас аймгийн хооронд өнгөрчээ. Учир нь аав Халзай нь хуулийн мэр­гэ­жилтэй хүн байж. Социализмын үед хүмүүсийг албан томилолтоор аймгаас аймаг руу дөрвөн жилээр шилжүүлж ажиллуулдаг байж. Төв, Завхан, Сүхбаатар, Эрдэнэт гээд Халзайн гэр бүл олон аймагт суурьшиж байсан нь бяцхан хүүгийнх нь сэтгэлд дурсамж болон үлдсэн байна. Х.Мөнгөнхөлөг айлын том. Гурван дүүтэй юм байна. Нийтлэлийн баатар маань эмээ өвөөгийнхөө ачлалт хүү нь аж. Ялангуяа, буурай аавынхаа амины хүүхэд юм байна. Түүнээс эмээ өвөө дээрээ өссөн хүүхэд ихэвчлэн эрх танхил байдаг та хэр эрх вэ гэж асуухад “Би эрх биш. Буурал аав намайг ер эрхлүүлдэггүй байсан. Аль болох яриагаараа хүмүүжүүлнэ. Миний хүү том болоод цэрэгт явбал ингээрэй, тэгээрэй” гээд л. Би хоёр буурлынхаа сургаалиар хүн болсон гэж боддог. Түүний хүчинд суурь хүмүүжил төлөвшсөн. Буурал аав ээжийнхээ хэлж, ярьсан бүхнийг одоо ч бодож, санаж явдаг” гэсэн юм. Тэрээр найман нас хүрээд XXI сургуулийн нэгдүгээр ангид элсчээ. Төгсөх жил нь аав ээж нь Сүхбаатар аймагт шилжих болсон тул хүүгээ авч явах хүсэлтэй байгаагаа буурал аавд нь хэлж. Учир нь нэг дүү нь сургуульд, нөгөө дүү нь цэцэрлэгт орох нас болсон тул ахынхаа үүргийг гүйцэтгэх хариуцлагатай мөч Х.Мөнгөнхөлөгт ирж. Буурал аав, эмээ хоёр нь шөнөжингөө уйлж, аргагүй эрхэнд хүүгээ ээж аавтай нь явуулжээ. Ингээд Халзайнх ачааны машинд гэрээ ачаад Сүхбаатар аймгийг зорив. Аймгийнхаа нэгдүгээр 10 жилд элсч, найзуудтай болж энэ нутагт элэгтэй болсон гэдэг. Түүнийг дөрөвдүгээр ангийн сурагч байхад нь Хөгжим, бүжгийн дунд сургуулиас элсэлтийн шалгалт авахаар хүмүүс иржээ. Тухайн үед Хөгжим, бүжгийн дунд сургуульд сонгодог бүжгийн ангийг үүсгэн байгуулсан Б.Жав багш болон морин хуурын багш Л.Баасанхүү хоёр ирсэн байж. Хүүхдүүдийг самбарын өмнө жагсаагаад “Бид Улаанбаатар хотоос явж байна. Хөгжим бүжгийн сургуульд хүүхэд шалгаруулж авна” гэхэд бяцхан хүүгийн нүүрэнд инээмсэглэл тодроод ирж. Учир нь Улаанбаатарт очих юм бол буурал аавдаа очиж санасан сэтгэлээ дэвтээнэ гэсэн ганцхан хүсэл хүүг ээрч байв. Б.Жав багш урдуур нь өнгөрч явснаа Х.Мөнгөнхөлөг рүү эргэж хараад “Чи маргааш соёлын ордонд ирээрэй” гэхэд нь сэтгэл нь хөөрчээ. Ингээд ээж аавдаа ч хэлэлгүй шалгалтад орж сүүлийн шалга­руулалт хүртэл тэнцэв. Гэтэл монгол хэлнийхээ шалгалтад муу авчихаж. “Ингээд хот орж буурал аавдаа очиж чадахгүй боллоо” хэмээн бяцхан зүрхэндээ шаналж зогсоход нь Б.Жав багш “Чи гайгүй хүүхэд юм. Шалгалтдаа уначихдаг л тун тоогүй. Гэхдээ чи өөрөө чин хүсэлтэй байвал аав ээжтэй чинь уулзъя” гээд дуудуулав. Энэ тухайгаа аавдаа хэлтэл “Юун бүжиг. Битгий дэмий юманд цаг үрээд бай” гэж дургүйцжээ. Харин Б.Жав багш гэрт нь ирж “Хүү чинь долоон жил сураад шууд бүжигчин болно. Эрт амьдралд хүрнэ” гэж ятгахад аав нь “Би хүүгээ хуульч болгоё гэж бодсон юм. Гэхдээ өөрийнх нь хүсэл бүжигчин болох юм бол яв даа. Харин ямар нэгэн шалтгаанаар замаасаа ухарч, шантрах юм бол би хүлээж авахгүй шүү” гэснээр Улаанбаатар руу явах чин хүсэлд нь “виз” дарж өгчээ.

БҮЖИГЧИН БОЛОХ СОНИРХОЛГҮЙ БАЛЧИР ОН ЖИЛҮҮД

Ийнхүү бүжгийн урлаг гэж юу байдгийг мэдэхгүй бяцхан хүү зөвхөн буурал аавдаа очих чин хүсэлтэйгээр бүжгийн урлагт хөл тавьсан нь хувь тохиол гэлтэй. Тэрээр 1987 онд бүжгийн ангид элсчээ. Үнэндээ түүнд бүжигчин болох хүсэл, чармайлт байсангүй. Тиймээс хичээл нь сонирхолгүй санагдаж, явахаас төвөгшөөдөг болжээ. Харин 1988 онд буурал аав нь өнгөрөхөд хүүд хотод байх бүр хэцүү болж. Эргээд гэртээ харъя гэхэд аавынх нь хэлсэн үг чөдөр болж, хотод байж, сургуульдаа сурахаас өөр сонголт байхгүйг түүнд хэлж өгнө. Нэг удаа багш нар нь өрөөндөө дуудаад “Чи одоо л сонголтоо хий. Бүжигчин болох хүсэлгүй бол эртхэн харьж, ирээдүйгээ бод” гэжээ. Энэ үед Х.Мөнгөнхөлөгт нэг удаа хичээгээд үзье гэсэн бодол төржээ. Ийнхүү тэрээр гурав дахь жилээсээ шамдан суралцаж, бүжигчин болох мөрөөдлөө олж авсан байна. 1991 онд аав нь өнгөрч, ээжтэйгээ тавуулаа үлджээ. Амьдрахын эрхэнд зуны амралтаараа ачаа зөөгчөөс эхлээд олон ажил хийдэг байж. Х.Мөнгөнхөлөгийг анх монгол хэлний шалгалтад унахад нь багш нь “Бүжигчин хүн тайзан дээр ярихгүй. Харин тооны хичээлдээ сайн байна гэдэг давуу тал” гэж хэлж байсныг тухайн үед бяцхан хүү ойлгоогүй гэнэ. Харин хичээлээ ойлгоод бэлтгэл хийх үед бүжгийн хөдөлгөөн бол геометр, үсрэлт, эргэлтүүд нь геометрийн хууль, математик бол тооцоолон бодох, тайзыг хуваарилах мэдлэг гэдгийг ойлгосон гэдэг. Энэ үеэс нийтлэлийн баатар маань УДБЭТ-ын бүтээлүүдийг үзэж, олны хэсэгт тоглодог болж. Энэ нь түүнд энэ урлагт шунан дурлах сэтгэлийн галыг нь асааж өгсөн байна.

“Б.ДАМЧАА ГУАЙ ШИГ ЭСРЭГ ДҮР ЭЭЛТЭЙ”

“Хунт нуур”-ын Ротбартын дүр.

Нийтлэлийн баатар маань 1987-1994 он хүртэл боловсроод, шууд УДБЭТ-д бүжигчнээр иржээ. Х.Мөнгөнхөлөг гавьяатыг анх театрт ирэхэд бүжиг ангид эрэгтэй гоцлооч цөөхөн. Тиймээс эмэгтэй бүжигчин давамгайлсан “Хунт нуур”, “Жизель” хэмээх балетыг тавьдаг байв. Х.Мөнгөнхөлөгийн бодолд яавал энэ бүжигчдээс ялгарах вэ гэсэн ганцхан өгүүлбэр эргэлдэнэ. Тухайн үед театрт зөвхөн эсрэг дүр бүтээдэг Т.Дашцэрэн гэдэг гоцлооч байж. Түүнийг хараад энэ хүн шиг эсрэг дүрийн бүжигчин болъё гэж шийдсэн гэдэг. Тэрээр энэ тухайгаа “Би эсрэг дүрийн жүжигчин. Кино жүжигчнээр яривал Б.Дамчаа гуай шиг гэсэн үг” гэж онцолсон юм. Бүжигчин бүрт өөрийн характер гэж бий. Х.Мөнгөнхөлөг гавьяатын хувьд театрынхаа эсрэг дүрийн жанжин гэж уран бүтээлчид нь түүгээр ба­харх­­даг юм билээ. Тэрээр театрт ирээд  хамгийн анх бүтээсэн эсрэг дүр нь 1997 онд бүтээсэн “Шарилжин дундах цэцэг” бүжгэн жүжгийн жанжин аж. Энэ үеэс театрынх нь түүнийг ийнхүү хүндэтгэдэг болж. “Хунт нуур” бол сонгодог урлагийн оргил бүтээл. Нийтлэлийн баатар маань энэ балетын хорон санаат шидтэн Ротбартын дүрээрээ алдартай. Тэрээр дүрийнхээ тухай “Ротбарт бол миний хайртай дүрийн нэг. Үлгэрийн сэдэвтэй бүжгэн жүжиг. Би II, IV үзэгдэлд шувуу болдог. Шувууг ямар хэлбэрээр хүмүүст хүргэх вэ гэдгийг бодож судалдаг. Далавчны дэвэлт, толгойны хөдөлгөөн, харц зэрэг бүх зүйл, шувуу байх ёстой. Харин III үзэгдэлд шувуу маань хүн болж хувирна. Тэгэхээр хүн ямар характертай байх, ямар ихэмсэг байж болох уу гэж бодож ажилладаг. Одоо ч Ротбартын дүрд тоглож байгаа шавь нартаа “Үсрээд буухдаа тайзан дээр биш нуурын хөвөөнд, зэгсэнд бууж байна гэж бод. Зэгснээс яаж гарах вэ гэдгийг бодитоор төсөөлж хий” гэж захидаг гэв.

ЗАЯАНЫ ХАНЬТАЙГАА ЯГААН БАЙШИНДАА ТАНИЛЦЖЭЭ

Нийтлэлийн баатар маань хөнгөн атлетикаар 100 метрт гурван жил дараалан бүсийн аварга болж байснаас гадна бөхөөр хичээллэж, аймгийн наадамд гуравт орж байсан туршлагатай тамирчин юм байна. Түүнд сонгодог урлаг насны ханийг нь бэлэглэжээ. Түүний гэргий Б.Урангоо УДБЭТ-ын дуучин. 2001 онд СУИС-аас 10 гаруй мэргэжилтэн дуурийн театрт ирэхэд нэг хөөрхөн бүсгүй байсан нь түүний хань аж. Тэд одоо гурван сайхан охины ээж аав болжээ. Тэрээр том охиноо ур­лагийн хүн болгох хү­сэлгүй гэнэ. Бид балетын урлагийг их амархан гэж боддог ч үнэндээ тэсвэр, тэвчээрийн урлаг гэж нийтлэлийн баатар маань онцолсон юм. Учир нь бэлтгэлийн үед бэртэх, хүүхэд төрүүлэхээс эхлээд хүндрэлтэй асуудал олон байдаг аж. Гавьяат маань цааш нь “Бүжгийн урлагт жинхэнэ эрчүүд байдаг. Тэсвэр, тэвчээр шаарддаг. Тамирчид ямар их тэвчээр гаргадаг билээ. Түүнтэй адил. Нуруу, хөл, гар гэмтэх, эмэгтэй бүжигчнээ өргөхдөө алдаа гаргахгүй байх зэрэг хатуужил их шаарддаг” гэ­сэн юм. Тэрээр театрт бүжиглэхээс гадна Хөгжим бүжгийн консерваторид 15 жил багшилж байна. Одоогоор зур­гаан шавьтай. Нийт­лэлийн баатар маань шавь нартаа мэргэжлийн хичээл заахаас гадна дотоод сэтгэлтэй нь ажиллахыг чухалчилдаг гэсэн. Гадаадын оронд хүүхдүүдийг 4-5 насанд нь шалгаж авдаг гэнэ. Харин манай улсад 10-11 настайд нь авдаг ч зургаан наснаас нь балетаар хичээллүүлж эхэлбэл илүү үр дүнд хүрнэ гэж Х.Мөнгөнхөлөг багш ярьж байсан юм. Тэрээр сонгодог урлагаас өөртөө зөв хүмүүжил, төлөвшлийг авсан нь амьдралынх нь хамгийн үнэтэй ололт гэж байсан юм. Түүний цаашдын зорилго нь сургуульдаа баг­шилж, мэргэжлийн бү­жиг­чин бэлтгэхээс гадна Монгол Улсад хэрэгтэй зөв төлөвшилтэй хүн бэлтгэх гэж байв.

“Спартак” балет.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *