АН-ынхан ажил хаяж, МАН-ынхан төсөв хэлэлцсэнгүй

11-р сарын 2, 2018 7:30 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 7
11-2-3

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан уриа лоозонтой, сүртэй эхлэв.  Төрийн ордны гадаа  хүүхэд харах үйлчилгээнийхэн жагсч, төрийн ордонд АН-ынхан улс төрийн акц хийв.  АН-ын бүлэг энэ парламентад есөн гишүүнтэй сууж байна.    Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд “Ерөнхийлөгчийн албан бичгийн хариуг би ойрын хугацаанд өгнө. Энэ албан бичигтэй холбоотой заавал Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах шаардлагагүй” гэв. Үүний дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “УИХ, Засгийн газар хууль зөрчсөн үйлдлүүдээ зогсоотол чуулган, байнгын хорооны хуралдаануудад оролцохгүй” гэдгийг мэдэгдлээ. Тэрээр “Ардчилсан намын бүлгээс  аравдугаар сарын 26-нд УИХ-ын дарга, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Шаардлагын дагуу арга хэмжээ авахгүй бол бид хуралдаандаа орохгүй гэсэн. УИХ-ын даргаас “Хуралдааны дэгийг баримталж, хуралдаандаа орох нь зүйтэй гэсэн албан бичгийг Ардчилсан намын бүлэгт ирүүлсэн. Гэвч Засгийн газраас ямар ч хариу ирүүлсэнгүй. Тиймээс бид асуудлыг нэг тийш болгох байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна. УИХ-ыг гишүүдийг зохион байгуулалттай авлигадсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дахин шаардаж байна. Сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэн, үндэсний эрх ашгийг уландаа гишгэж, өөрийн компаниуддаа зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна” гэсэн юм.  Ийнхүү тэд УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдэн орхин гарсан.  Үүний дараа УИХ хуваарийг дагуу хэлэлцэх асуудлаа хэлэлцээд явлаа.  Гэхдээ гол асуудал болох 2019 оны төсвийн төслийг тухай хуулийг өчигдөр  хэлэлцсэнгүй. Харин МАН-ын бүлэг Төсвийн байнгын хороон дээр энэ асуудлыг хэлэлцэж саналаа нэгтгэсэн байна. Төсвийг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байна. УИХ-ын чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжив.  Түүний дараа Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.  УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Шатахууны үнэд валю­­тын ханш нөлөөлж байна. Гэтэл өнгөр­сөн хугацаанд зориудаар валютын ханшид нөлөөл­сөн байж болзошгүй. Ер нь төв банкинд ажлын хэсгийн шалгалт оруулаад, интервенц зөв бодлогоор явж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Төгрөгийн ханш унахад экспорт хийж байгаа компаниудад ашигтай. Яг ханш унаж байх үед валютын ханшийг зориудаар орхисон юм байна лээ. Тэгэхээр лоббид өртсөн байх магад­лалтай гэж хардаж байна.

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир:

-Энэ онд нийт нэг тэрбум ам.доллараар интервенц хийхээр харагдаж байна. ОУВС-гаас өгч байгаа мөнгөөр валютын нөөц нэмэгдүүлэх, эдийн засгаа сайжруулах ёстой болохоос ханшийг тогтворжуулах мөнгө биш гэдгийг сануулсан. Ажлын хэсэг байгуулаад, Монголбанкийг шалгаж болно.

 

Монголбанкны ерөн­хийлөгч Н.Баяртсайхан:

-Монголбанкинд 3,2 тэрбум ам.долларын нөөц байна. Хэд хоногийн өмнө Хөгжлийн банк 500 сая ам.долларын бонд гаргасан. Ингэснээр валютын нөөц нэмэгдсэн. Бид валютын ханшийг тогтвортой болгохын тулд хоёр арга хэрэглэдэг. Эхнийх нь мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх арга юм. Эдийн засаг сэргэж эхэлж байхад мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлснээр зээлийн хүү дагаад нэмэгдэх эрсдэлтэй. Энэ нь бизнес эрхлэгчдэд хүндрэл учрах магадлалтай. Иймд интервенц хийх аргыг хэрэглэж байна. Эдгээр асуудлаар Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *