АН-ын “зовлон” эхлэв

12-р сарын 4, 2018 9:14 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 24
Untitled-1-2

Эрх баригч намын асуудал цэгцрэх яагаа ч үгүй байхад дүү нам нь хагаралдаад эхэллээ.

АН-д өчигдрөөс эхлэн эрх ашгийн төлөөх тэмцэл албан ёсоор эхлэв. Намын үндсэн дүрмийн хороо хуралдаж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэх кноп дарсан гурван гишүүндээ хариуцлага тооцжээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хөөж, Л.Болд, Д.Мурат нарын сонгуульд өрсөлдөх эрхийг дөрвөн жилээр хасч шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэрийг өчигдөр намын дарга С.Эрдэнэ танилцуулсан юм.

С.Эрдэнэ: ДҮРМИЙНХЭЭ ДАГУУ ГИШҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦСОН

-Намын улс төрийн зөвлөлөөс Засгийн газрыг огцруулах саналыг дэмжсэн. Энэ асуудлаар гишүүддээ чиглэл өгсөн. Гэсэн ч намын зарим гишүүн үүнийг биелүүлээгүй. Тиймээс сахилгын хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. ЖДҮХС-гаас их хэмжээний мөнгийг завшсан Засгийн газрын гишүүдийг огцруулах нь зүйтэй байлаа. Аливаа улс төрийн нам өөрийн гэсэн дүрэм, журамтай. Улс орон ч гэсэн хууль дүрэмтэй байдаг. АН-ын Үндсэн дүрэмд заасан заалт бүрийг намын гишүүд ягштал биелүүлэх үүрэгтэй. Энэхүү дүрмээ хүлээн зөвшөөрч, АН-ын үнэт зүйл, үйл хэргийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс энэ намд нэгдэж, гишүүний эрх үүргийг хэрэгжүүлдэг.  Харин энэ үүргээ биелүүлээгүй зарим этгээдэд намын үндсэн дүрмийн хэмжээнд улс төрийн хариуцлага тооцсон.

“С.ЭРДЭНЭ, Д.ЭРДЭНЭБАТ НАРЫГ НАМААСАА ЗАЙЛУУЛНА”

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийж, Л.Болд намын бүлгээс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Л.Болд “АН хууль, төрийг хүндэлдэг нам. Гэтэл өнөөдөр нэг хүний дарангуйллын нам болж хувирав. Өнөөдөр олон нийт, сонгогчид ард түмнийхээ хүсэл эрмэлзлийг хүндэтгэн санал өгсний төлөө намаас нэр дэвших эрхээ хязгаарлуулж байгаад харамсаж байна. Үндсэн хуулиа би намын шийдвэрээс илүүд үзнэ. Тиймээс АН-ын бүлгээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдэе. АН-д шинэчлэлийн хөдөлгөөнийг өрнүүлнэ. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарыг намаасаа зайлуулна” гэв.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хэн нэгэнд хамаатуулж намайг гүтгэхээ болимоор байна. Ж.Батзандан гэдэг хувь хүн өөрийн тархи, зүрхтэй. Улстөрч хүн үндэсний эрх ашгийн үүднээс томоор харж байх ёстой. Намайг хөөсөн учир би АН-аас гарч буйгаа мэдэгдэе. Намайг Монгол Улс хөөгөөгүй тул эх нутагтаа би ажиллаж, амьдарна. Мөн УИХ-ын 40 гишүүний бойкот дуусаагүй” гэсэн юм.

Ийнхүү АН-ын бүлэг өчигдөр хоёр гишүүнээ алдаж, долуулаа боллоо. АН бүлэггүй, парламент сөрөг хүчингүй,  УИХ хоёр сул гишүүнтэй болж байх шиг байна. УИХ-ын Дэгийн тухай хуульд найм болон түүнээс дээш гишүүнтэй бол бүлэг үйл ажиллагаа явуулна гэсэн байдаг. Тэгэхээр АН одоо долоон гишүүнтэй болсон учраас УИХ-ын даргад хүсэлт хүргүүлж, бүлгээ “татан буулгах” нөхцөл байдал үүслээ. Ер нь АН бүлэггүй боллоо гээд парламентын үйл ажиллагаанд нэг их асуудал болчихгүй л байх. УИХ-д 65 суудалтай эрх баригч нам өнгөрсөн хугацаанд сөрөг хүчнийхээ үгийг нэг удаа сонсож, үйл ажиллагаандаа тусгаж байл уу даа. Тиймээс АН-ын бүлэг тарахад нэг их гарзгүй.

Харин манай улс төрийн намууд хоорондоо үзэл санаа, үйл хэргээрээ өрсөлдөх биш нам дотроо эрх ашгийн төлөө тэмцэлдэж байгаа нь парламентын үйл ажиллагааг сулруулж байна.

Ер нь АН-ын  нэгнээ хөөж, хасах улс төрийн тоглолт хаанаас эхэлчихэв, үүний ард хэн зураг зураад сууж байгаа вэ гэдэг нь л сонирхолтой юм. Төрийн нэгдүгээр хүн энэ намд байсан. Тэр одоо ч намдаа төдийгүй, монголын улс төрд өөрийн “тоглолт”-ыг хийж л суугаа. Нэгдүгээр хүний бие төлөөлөгч З.Энхболдыг АН-д буцаад очиж байгаа  тухай сураг гараад намжсан. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хилийн чанадад байгаа ч улс төрийн үйл явдлуудад нэлээд ач холбогдол өгч ойрын өдрүүдэд цахим хуудаснаа үзэл бодлоо илэрхийлэх болсон. Түүний оруулсан мэдээллээс харахад экс Ерөнхийлөгч маань нэлээд ууртай байх шиг байна лээ. Удахгүй эх орондоо ирэх сураг ч байна. Ийнхүү МАН-ын “зовлон”-гийн араас АН-ын “зовлон” эхэллээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин Т.БАТСАЙХАН

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *