АН, МАН аль ч биш юм аа

11-р сарын 19, 2012 8:33 am Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 344

Б.БОЛД

 

Орон нутгийн сонгуу­лийн өмнө улиг болтол төр, засаг барьсан АН, МАН хоёр дахин улсын өмчийг завшиж, түмний хөрөнгийг идэхээр урал­дан дайрч эхэллээ. Өөрс­дийн гараар баталсан хуулиа улайран муулж эхлэв.

Гуравхан жилийн өмнө дэлхий нийтийн өм­нө гарын үсэг зуран батал­гаажуулж 100 жилд давтаг­дахгүй сайхан хууль бол­лоо хэмээж байсан Оюу­тол­гойн ор­дыг ашиглах гэрээний тухай хуулийг МАН-ын­хан “Засна, зал­руулна” хэмээн гудамж тал­байгаар нэг уриа лоозон өлгөж эхлэв.

МАН-ын Ерөн­хий сайд С.Батболд, АН-ын Тэргүүн шадар сайд Н.Ал­танхуяг, МАНАН-гийн сайдууд бо­лох Д.Зоригт, С.Баярцогт, Л.Гансүх на­рын 2009 онд баталсан Оюутолгойг ашиг­­лах гай­хам­шигт хууль Монголын баял­гийг гаднынханд хуу соруулах хууль болсныг одоо л мэдэж гэнэ.

МАН-ынхан энэ хуулийг өөрчлөхөөр уриа хадааж эхэлсэн бол өмнөх Их Хурлын үед гэрээг өөрчлөхөөр шударга царайлж байсан АН-ын зарим гишүүн албан тушаалын үнэр авмагцаа амандаа ус болгосон мэт таг дуугүй болсон нь ариун явдал мөн үү.

Эх орных нь байгалийн баялгийг гадныхан ухаж төнхөж, Монгол Улс эзэнгүй айл шиг болчихоод байхад харж хайхрахгүй атлаа төрийн өмчийг хувааж идэх болохоороо уралдаж байгаа АН, МАН хоёр өмнөх 22 жилд төр, засгийг хуваан захирч байснаа мартаад тэнгэрээс бууж ирсэн энхийн цагаан тагтаа шиг шударга үнэнч царайлах болов.

Орон нутгийн сонгуулийн өмнө гэр хорооллын өрхүүдийг хямд нүүрсээр хангах аяныг АН-ын Ерөнхий сайд дэвшүүлж хамгийн хөө тортогтой, илчгүй, цацраг идэвхит бодисын агууламж ихтэй Багануурын нүүрсийг хэдэн мянган тонноор буулгаж Улаанбаатар хотыг утаан дээр нь тортог, цацраг идэвхит хаягдлаар нэмж бохирдуулж эхэллээ. Тэр нүүрсийг ажилтай, сургуультай иргэн авах ямар ч боломжгүй гэдгийг эрхэм АН-ын дарга нар сэхээрэх ч үгүй яваа. Хоёр хоноод л ажлаа тасалж хороон дээрээ талонд дугаарлаж, хоёр хоноод л ганц шуудай нүүрс үүрч явах ажлаа алдсан хүн зах зээлийн нийгэмд бий гэж үү.

АН, МАН-ынхан орон нутгийн сонгуулиар хоорондоо хөлөө жийлцэхээс гадна шударга улс төрийн хүчин болох МАХН-аас айж эхэллээ. Тиймдээ ч МАН-ын гишүүнчлэлээс гараагүй гэсэн шалтаг хайж МАХН-ын нэр дэвшигчдийг орон нутгийн сонгуульд оролцуулахгүй гэсэндээ улайран зүтгэж байна. Хөвсгөл, Говь-Алтай аймаг, нийслэлийн Сүхбаатар, Налайх дүүрэгт МАХН-аас нэр дэвшигчдийг аймаг, дүүргийн сонгуулийн хороод нь бүртгэхгүй гэж зүтгэж, шүүхийн шийдвэр гараад байхад ч мандат олгохгүй цаг хугацаа алдуулсан юм. Энэ байдлаас болж дээрх аймаг, дүүргүүдэд нэр дэвшигчид өлсгөлөн зарлаж, тэмцлийн хатуу арга замыг сонгон байж сонгууль гадаа орсон хойно сая мандатаа авцгааж байна.

Яг л МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын сонгуулийн өмнө олон зуун цагдаагийн хүч түрэн баривчилж шорон гянданд хорьж, эрүүл мэндийг нь бусниулан улс төрийн хэлмэгдүүлэлт хийсэн шиг АН, МАН-ынхан МАХН-ын эгэл жирийн гишүүдээс орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн сонгох, сонгогдох эрхийг нухчин дарах бүхий л бохир арга мэхийг хэрэглэж байна.

Иргэд сонгогчид МАХН-ын гишүүдийг дэмжих магадлал өндөр байгаа учраас АН, МАН-ын зүгээс орон нутгийн сонгуулийн эцсийн өдрийг хүртэл нэр дэвшигчдийг нь сурталчилгаанд гаргахгүй байх арга мэхийг хэрэглэхээр шийджээ.

Ийнхүү МАХН-ын нэр дэвшигчдийг сурталчилгаандл гаргахгүйг бүх талаараа хичээж байгаа МАН-ынхан орон нутгийн сонгуулийн өмнө шившгээ хутгав. МАН-ынхан төв байр болох Тусгаар тогтнолын ордондоо нүүж ороод бүтэн жил болж буй атал байраа шатаалгачихаад түрээсэлж байсан Залуучуудын төвийн байрны түрээсийн мөнгийг өгөлгүй бултаж булайгаа чирээд байна. Энэ хэргийнх нь улмаас Нийслэлийн өмчийн харилцааны газраас МАН-ыг дөнгөж сая Сүхбаатар дүүргийн шүүхэд өгч 800 сая төгрөг нэхэмжлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарыг хариуцагчаар татжээ. Түрээсэлж байсан газрынхаа мөнгийг ч төлөлгүй нүүгээд талийдаг ийм жудаггүй улс төрийн хүчин өнөөдөр аймаг, сум, дүүрэг, хороонд эзэн суухаар улайрч байна.

МАН, АН орон нутгийн сонгуульд ялбал хамаатан садан, найз нөхөд, төрөл төрөгсдөөрөө аймаг орны удирдах албан тушаалыг дүүргэнэ гэдэг ойлгомжтой. Наад захын жишээ гэхэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ эхнэр, хүү, охин, туслахаа Баянгол дүүрэгт нэр дэвшүүлээд явж байна. С.Эрдэнэд ямар нэг байдлаар хамаатай 15 орчим хүн Баянголд нэр дэвшээд буй мэдээлэл бий.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Мянгуужингийн үлгэр, мөрөөдлийн жагсаалт гарган Улаанбаатарчуудын тархийг угааж эхэллээ. Метрогоор давхина л гэнэ. Цэцэрлэгт хүрээлэнд умбана л гэнэ. Гэтэл өмнөх үеийн бүтээн босголтыг л ханцуй шамлан нурааж байгаагаас өөр гавьяа алга. МАН-ынхан засаг барьж байхдаа нийслэлийг хөл гишгэх газаргүй там болгож хувиргасан. Явган хүний зам гэх зүйл Улаанбаатарт үлдээгүй. Дээрээс унах төмөр, дэргэдээс дайрах машин, дор онгойх траншей, гэр хороололд бол харанхуй гудамж, зуудаг нохой, жалга гуу гээд амьд явах баталгаа жирийн олонд алга. Уг нь үүнийг засч янзлах хөрөнгө төсөвт байсан ч МАНАН-гийнхан хуваагаад хүртчихсэн. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд дүүргийнхээ хогийг ачих мөнгийг хувьдаа завшиж, Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг нохойны хөшөө барьж, Хөвсгөлийн Засаг дарга Л.Цэрэнжав, Увсын Засаг дарга Э.Цасчихэр, Ховдын Засаг дарга Г.Нямдаваа, Говьсүмбэрийн Засаг дарга Ж.Баянмөнх гээд шинэ цагийн сайн эрс төсвийн хөрөнгөөр гараа угааж эхнээсээ АТГ-т дуудагдан хар гэрийн хаалга татсан.

Ийм уламжлалтай АН, МАН хоёр дахин орон нутгийн эрхийг авбал ирэх дөрвөн жил юу болж хувирах вэ.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *