АМГ-ын сервер хэний хяналтад байдаг вэ?

8-р сарын 26, 2015 9:35 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 42
8-26-1

С.УЯНГА

Зүүн аймгуудад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өн­гөр­сөн даваа гариг буюу 24-нөөс олгож эхлэв. Цахимаар бүрт­гэх энэ олголтыг олон мян­ган аж ахуйн нэгж удаан хүлээсэн нь ойлгомжтой. Гэвч бүртгэл эхэлсэн өд­рөө л сервер нь гацчихав.

Ингээд бүртгүүлж, хайгуулын тусгай зөвшөөрөл авах нь тодорхой болоод байсан 51 аж ахуйн нэгжийн зүтгэл, ажил талаар болоодхов. Энэ асуудлын дараа АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа  тайлбар хийлээ. Тэрээр “…Нэгэн зэрэг 900 хандалт хийснээс сервер ачааллаа дийлсэнгүй” гэв. Хачин тайлбар байгаа биз?

 Яг үнэндээ бүртгүүлж амжаад “цуцлагдсан” 51 тусгай зөвшөөрөл энд сонин биш. Бүхэл бүтэн улсын газрын доорх баялгийг хуваарилах энэ чухал ажил ядмаг техникийн хангамжтай байсан нь хачирхалтай. Энэ төрлийн техник технологийг ямар ч үйлдвэрээс ийм ажил гүйцэтгэхэд зориулж авъя гэхэд 900-хан хүн хандахад гацдаг хүчин чадалтай сервер санал болгоно гэж үгүй. Энэ ойлгомжтой. Мэргэжлийнхэн ч ингэж хэлж байна.

Харин ингэж гацсанд анхаарлаа хандуулах учиртай. Цаана нь ямар нэгэн шалтгаан байна гэцгээж байна. Тиймээс бид Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газраас энэ талаар тодруулахад “… Асуудлыг шалгаж байна. Тодорхой хариу удахгүй гарна. Тэр үед нь мэдээлэл өгнө” гэлээ.

Өчигдөр оройны байдлаар сервер нь засагдаж, систем нь хэвийн ажиллаж эхлээгүй байв. Эх сурвалж ирэх даваа гаригаас өмнө ажиллах боломжгүй гэж байна.

Чухамдаа АМГ-ын энэ цахим бүртгэлийн санд зүгээр л нэг байгууллага, хувь хүний нууц байхгүй. Монгол Улсын газрын доорх баялгийн бүртгэл бий. Энэ утгаараа тусгай хамгаалалт, хяналт, аюулгүй ажиллагааны дор найдвартай ажиллаж байх ёстой сервер юм. Гэсэн ч тийм биш байна. Эндээс үзвэл АМГ-ын цахим бүртгэл хэн нэгний хяналтын дор, гарын аясаар нь ажиллаж гацаад байгаа юм биш биз гэсэн асуулт гарч ирж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *