Америкт либерализмыг булшилж эхлэв

4-р сарын 15, 2018 12:24 pm Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 59
4-13-8-550x300

]

“Россия сегодня” олон улсын мэдээллийн агентлагийн улс төрийн тоймчДмитрий Косыревын бичсэн нийтлэлийг Д.Энхээгийн орчуулснаар хүргэж байна.

Америк профессор Барууны нийгмийн оршин тогтнож буй үзэл санаа буюу тулгын гурван чулуу болох либерализм нурж унасан тухай ном бичжээ. Үндсэндээ, сөнөж мөхсөн гэсэн үг.

Америкийн тоймч шүүмждээ үнэхээр либерализм мөхжээ хэмээн нотолж байна. Тэрээр, харин түүнийг хэрвээ сөнөөсөн бол яах вэ хэмээн таамаглахыг хүсчээ.

Энэ бол хэн ч анзаарахгүй ном хэвлүүлсэн хэн нэгэн шуугиан дэгдээгчийн тухай хэрэг биш юм. Нотр – Дамын (хачирхалтай нь, Францад биш, АНУ-д, Чикагогоос холгүй байдаг) их сургуулийн профессор Патрик Денин, түүний бүтээл болох “Либерализм яагаад нурж унав?” номыг Америкийн хэвлэл мэдээллийн томоохон байгууллага, философийн клубүүдэд хэлэлцэж байна. Олон хүн либерализмын төгсгөлийн талаар энэ номтой номгүй таамаглаж л байсан байх, тэгэхдээ хэн нэгэн энэ тухай тов тодорхой хэлэх л ёстой байсан. Ерөнхийдөө, энэ бол үйл явдал болж өрнөж байна.

Либерализмыг ганц өгүүлбэрээр илэрхийлж болно. АНУ-ын тусгаар тогтнолын Тунхаг (1776 оны долдугаар сарын 4-ний) юунаас эхэлдэг билээ. “Бүх хүн эрх чөлөөтэй, өөрийн нэр төр, эрхийн хувьд эрх тэгш төрдөг”. Энэ л тодорхойлолтыг тэд одоо булшилж байна.

Либерализм эхэндээ хүн бол тусгаар (нийгмээс, төрөөс), төрөлхийн эрхээ эдэлдэг, хувийн зорилгодоо хүрэхэд нь боломжит бүх эрх чөлөөг түүнд олгох хэрэгтэй гэх үзэл санаан дээр оршиж байсан.

Энэ санаа Томас Гоббс (XVI-XVIIзуун), Жон Локк (XVII-XVIIIзуун) нараас үүдэлтэй, үүн дээр төр бол чөлөөт иргэдийн хөлсөлсөн менежер юм гэсэн санааг дэвшүүлсэн Жан-Жак Руссо нэгдэнэ. Тэдний бүлэгт Америкийн төр улсыг үндэслэгчид болох Жорж Мэдисон, Томас Жефферсон нар багтана.

Харин өнөөдөр Денин энэхүү сайхан үзэл баримтлал анхнаасаа л үндэс суурь нь буруу байсан шалтгаанаар нурж унасан болохыг тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, либерализм бол дэмийрэл. Хүн зорилгодоо хүрэхийн тулд хүрээлж байгаа нийгмээ анзаарч тоохгүй явж байна гэсэн үг. Дээрээс нь энэхүү үзэл баримтлал өөрийг нь хүмүүн болгосон бүхнээс соёл, ард түмэн, бусад хүмүүс, гэр бүл, бүх нийтийн сайн сайхны тухай үзэл санаа зэргээс холбоо харилцаагаа таслах боломжийг хүнд олгосон. Тоглоом нь шоглоом болж байгаа нь энэ. Тэгэхээр либерализмтай зүйл дуусгаж, нийгмийн шинэ суурь (фундамент) барьж байгуулах хэрэгтэй хэмээн зохиогч өгүүлж байна.

Энэ номын талаар Кристин Эмба (The Washington Post сониноос уншиж болох цөөхөн тоймчдын нэг) сэтгэгдэлдээ “Сүүлийн 15 жилийн дотор АНУ-д амиа егүүтгэсэн тоо 24 хувиар өслөө, “аз жаргалын индекс”-ээр дэлхийн хамгийн либерал үндэстэн либерал бус нийгмээс хол хоцорч байна, улс орон буруу тийшээ яваад байна гэж америкуудын олонх үзэж байна, АНУ- ын оршин суугчид аймшигтай ганцаардацгааж байна”гэжээ.

Төгсгөлд нь тэрээр либерализм гэдэг бол хүний ганцаардал биз дээ, та нар өөр юу хүссэн юм бэ хэмээн дүгнэсэн байна.

Улс орныг янз янзаар тодорхойлж болно, тухайлбал, энэ бол тодорхой газар нутаг дээр ямар нэг нийтлэг үзэл санаа (үнэт зүйл, хэл гэх мэт)-ны дор амьдарч байгаа хүмүүс гэж. Хүн амын бүх нийтийн тооллогын тухай материалдаа би саяхан АНУ-ын нийгэм, төр засаг америкууд гэж хэн болохын учрыг дахин шинээр олох гэж хичээж байна хэмээн бичсэн билээ. Харин энд бол Америкийн нийгэм бүтээж байгуулагдсан үзэл санаа устаж мөхсөнийг хүлээн зөвшөөрсөн тохиолдол гарч байна.

Өөрөө аяндаа устаж мөхсөн үү. Америк хүний, эсвэл ижил төст нийгмийн оршин суугчийн (өөрөөр хэлбэл, бүхэлдээ Барууны нийгмийн) өдөр тутмын амьдралыг авч үзээд энэхүү бодит байдлыг Гоббс, Руссо болон бусад сэтгэгчдийн өндөр дээд үзэл санаанд хамааруулан хэрэглэе.

Гагцхүү өдөр тутмын амьдралын тухай л өгүүлж байна шүү дээ. АНУ-аас алс хол амьдарч байгаа бид эдгээр орны улс төрийн тогтолцоонд хамаарах олон зүйлийг сайн мэднэ. Тэдгээрийн гадаад бодлоготой холбоотой бусад олон зүйлийг ч бас мэднэ. Гэхдээ “эрх чөлөөтэй төрсөн” хүн маань улс төрөөс тэс хөндийрч болох юм. Сонгуульд оролцохгүй, сонин уншихгүй, телевизор үзэхгүй, олон хүн өнөөдөр ингэж ч байгаа. Өөрсдийн жирийн, хүн ёсны хувийн амьдралаараа амьдрахын тулд.

Кофег аваад үзье. Эсвэл вино. Эсвэл сахар. Энд бол ямар ч улс төр байхгүй. Гэтэл ийм нэг мэдээ. Калифорнид хэсэг солиотой этгээд кофе бол хорт хавдар үүсгэдэг тухай зар сурталчилгааны самбар байрлуулахыг кофены газар эзэмшигчдээс шаардсан хууль батлуулахыг хүсэж байна. Гэтэл сүүлийн үеийн судалгаагаар харин ч эсрэгээр кофе нь хорт хавдар үүсэхээс сэргийлдэг тухай өгүүлэх болсон. Алкоголь агуулсан аливаа ундаа мөн ийм хортой тухай сурталчилгааг Ирландад хийхийг хүснэ. Гэтэл судалгааны үр дүн зохистой хэмжээгээр хэрэглэж байгаа хүмүүсийн дунд хорт хавдраар өвчлөгсөд бага байгааг харуулсан байдаг. Эсвэл сахарыг авч үзье. Энэ сараас эхлэн Их Британид сахарыг хортой хүнсэнд тооцож, заавал төлөх татвар ногдуулах жишээтэй. Энэ бол гэхдээ хорт хавдар биш, харин диабет, эсвэл илүүдэл жин шүү дээ

Зарим эрх чөлөөт иргэд бусад эрх чөлөөт иргэдийн үзэл бодолтой нийцэхгүй өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж та хэлэх байх. Үүнийгээ өөртөө илүү таалагддаг “шинжлэх ухааны” баримтаар баталгаажуулна. Гэтэл хүн төрөлхтнийг эрүүл болгох эрчимтэй үйл ажиллагааг тухайлбал, тэрбумтан Билл Гейтс, Майкл Блүүмберг нарын байгуулсан хоёр том сан удирдан чиглүүлдэг нь тодорхой болно. Амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй өвчнөөс хүн төрөлхтнийг ангижруулах тэдний маш сайхан буянтай санаа. Гэхдээ үүнийг Засгийн газрын хориг, татвар болон бусад төрлийн албадлагаар хүчлэн хийж гүйцэтгэнэ.

Тэдний шахалт шаардлагаас бултах гээд үзээрэй. Улс төрд чи оролцохгүй байж болно, гэхдээ ганц аяга кофе, халбага сахар …

Хамгийн либерал нийгмүүд хүмүүсийг албадан, тэдний аяга тавганд хутгалдан байж эрүүл болгож байна, энэ тухай Руссо, Гоббс нарт хэлж болдогсон бол.

Энэ үүгээр дуусахгүй. “Эрх чөлөөтэй, өөрийн нэр төр, эрхийн хувьд эрх тэгш төрсөн” хүмүүсийг төрөлх хэлэнд нь дахин сургадаг. “Улс төрийн ноён нуруу” хэмээх үзэгдлийн (феномены) тухай өгүүлж байгаа юм, эхэндээ үүнийг шоолж инээдэм наргиан болгож байснаа сүүл рүүгээ шоолохтой манатай болсон.

Үүнийг төр засаг хийдэггүй, харин “эрх чөлөөт, эрх тэгш” хүмүүнд шийдвэрлэх цохилт өгөх шаардлагатай болсон үед л төр засгийг татаж оролцуулдаг гээд бод доо. Эрх чөлөөт бусад хэн нэгэн хүмүүс эхлүүлж, дараа нь асар их мөнгөтэй сангууд оролцож, улмаар тэд ямар ч Засгийн газарт хянагддаггүй бүтцийг үндэстний дээр бүрдүүлж бий болгодог. “Хувийн амьдрал”-д хамаатай хоёрхон жишээг бид авч үзсэнийг тэмдэглэе. Цаана нь ийм жишээ маш олон бий.

Эдгээр нийгэмд либерализм ерөөсөө хэрэгжсэн эсэхийг хэлэхэд хэцүү. Хэрвээ байсан бол тэр нь өөрийн бус үхлээр устаж үгүй болжээ. Өөрсдийгөө либерал үнэт зүйлсийн төлөө тэмцэгчид хэмээн өргөмжилдөг тэр хүмүүс түүнийг онц харгис хэрцгийгээр, ичгүүр сонжуургүйгээр устгаж хөнөөсөн.

Эх сурвалж: www.ria.ru

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *