Амьдрах уу, амтлах уу?

4-р сарын 5, 2018 8:22 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд , эрүүл мэнд Уншсан: 22
bag-of-salt

Б.СОЛОНГО

Таны эргэн тойронд артерийн даралт ихсэх өвчтэй, тархинд цус харвах эрсдэлтэй хэчнээн хүн байна вэ. Шалтгааныг нь удмынх, ядаргааных гээд элдэв янзаар таамаглаж сууна уу. Тэгвэл үүний анхдагч шалтгаан нь давсны илүүдэл хэрэглээ гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд нотолж байна. Давсыг хэтрүүлэн хэрэглэснээр цусан дахь натрийн хэмжээ байх ёстойгоосоо хэт ихэсч, артерийн даралт ихсэх, улмаар тархинд цус харвахад нөлөөлдөг.

НИЙТ НАС БАРАЛТЫН 50 ХУВИАС СЭРГИЙЛЭХ БОЛОМЖТОЙ

Монгол Улсын 15-64 насны гурван хүн тутмын нэг нь 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдрын аль нэгээс шалтгаалан нас барах эрсдэлтэй байгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. Тэгвэл монголчуудын дунд зонхилж буй эдгээр өвчлөлийн анхдагч шалтгаан нь давсны илүүдэл хэрэглээ гэдгийг дэлхийн эрдэмтэд хэдийнэ нотолжээ. Зөвхөн давс хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхий даяар жилд дунджаар 1.7 сая хүн нас барж байна гэж 2010 онд мэдээлж байсан бол 2017 оны судалгаагаар энэ тоо дөрвөн сая болтлоо өсчээТиймээс Нэгдсэн үндэсний байгууллагаас 2025 он гэхэд хүн амын давсны хэрэглээг 30 хувиар бууруулахаар зорьсон бол манай улс тус хугацаанд хүнс болон хоолны давсны агууламжийг 40 хувиар бууруулахаар зорьжээ. Хэрэв ингэж чадвал Монгол Улс ирэх 15 жилийн хугацаанд нийт нас баралтынхаа 50 хувиас сэргийлэх боломжтой гэнэ.

БАРУУН БҮСЭД ДЭМБЫН ЗӨВЛӨМЖӨӨС 3 ДАХИН ИХ ДАВС ХЭРЭГЛЭЖ БАЙНА

Давсны далд хэрэглээ буюу бэлэн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах нь одоогийн байдлаар хамгийн хямд өртөгтэй төдийгүй хамгийн үр дүнтэй арга болохыг дэлхийн улс орнуудын туршлага харуулж байгаа ажМанай улсын хувьд үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83 хувь нь давс ихтэй гэсэн судалгаа байна. Тиймээс энэ чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахаар тодорхой ажлууд хийгдэж байна.

Харин та хоол хүнсэндээ хэрэглэж байгаа давсны хэрэглээгээ хянаж чаддаг уу. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн хоногт 5 граммаас бага давс хэрэглэхийг зөвлөжээ. Гэтэл манай улсын нийт хүн амын 83.2 хувь нь буюу арван хүн тутмын найм нь хоногт дунджаар 11 грамм давс хэрэглэж байнаМонголчуудын давсны хэрэглээ нутаг дэвсгэрийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байна. Тухайлбал, Улаанбаатар хотод давсны дундаж хэрэглээ 11.7 грамм байхад, улсын баруун бүсэд 15.4 грамм буюу ДЭМБын зөвлөмжөөс даруй гурав дахин их давс хэрэглэж байна. Харин зүүн бүсэд хамгийн бага буюу 7.7 грамм гэж судлагджээ.

ДАВСГҮЙ ЦАЙ ХОЁР ГРАММААР БАГАСГАНА

Монгол хүн хоногт хэрэглэж буй давсныхаа 46.2 хувийг уух зүйлсээс, 33.5 хувийг хоолноос авдаг. Монголчуудын давсны хэрэглээг бүсчилсэн байдлаар харахад шорвог цай уудаг баруун аймгийнханд хэт өндөр, харин зүүн аймгийнханд хоёр дахин бага хэрэглээ ажиглагдаж байна. Тэгэхээр хамгийн түрүүнд цайгаа давсгүй чанаад ууж хэвшвэл давсны хэрэглээг өдөрт хоёр граммаар бууруулах боломж байна.

Түүнчлэн хоол хийхдээ давсыг цагаан гаа, яншуй, сонгино, сармис, чинжүү, нимбэг зэргээр орлуулан амтлах нь илүү тансаг үнэр амттай хэрнээ эрүүл сонголт болно. Мөн давс болон давсалсан сүм­сийг ширээн дээрээсээ бүрмөсөн авч хаях хэрэгтэй. Лаазал­сан даршилсан бүтээг­дэхүүнээс татгалзаж, шинэ жимс ногоог хэрэглэх, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа шошгыг сайтар уншиж, давс багатайг сонгох ёстой. Хүүхэд багаас нь давсны хэрэглээг бага байлгахад анхаарах хэрэгтэй юм. Давсны нийт хэрэглээний 77 хувийг далд хэрэглээгээр авч байгаа учир цусан дахь натрийн хэмжээ хангалттай нөхөгддөг гэнэ.

Амаар ороод хоолойгоор давж, ходоод руу унах хүртлээ чихэрлэг, гашуун, шорвог гээд түмэн мэдрэмжийг мэдрүүлээд өнгөрдөг хоол хүнс бидний амьдралыг ийнхүү урт эсвэл богино байхыг шийдэж байна. Та бид сонголтыг ухаалгаар хийх л үлдлээ.

ДЭМБаас насанд хүрсэн хүн хоногт 5 грамм ба түүнээс бага давс хэрэглэхийг зөвлөсөн. Тэгвэл амталгааны төрлийн зарим бүтээгдэхүүний 100 грамм тутамд ямар хэмжээтэй давс агуулагддагийг харцгаая.

Нөөшилсөн алаг салат – 2.1 гр

Даршилсан өргөст хэмх – 1.9 гр

Лечо – 1.5 гр

Хиам – 1.9 гр

Элэгний нухаш – 1.5 гр

Бульон/ хуурай шөл – 63.2 гр

Бууз амтлагч – 37.6 гр

Цуу – 22.4 гр

Кетчуп – 2.7 гр

Кимчи – 1.7 гр

Майонез – 1.3 гр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Viagra Preise In Deutschland cialis cheapest online prices Allergic Reaction Keflex

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *