Аман зохиолын анхдагч Б.Содном

10-р сарын 3, 2018 4:21 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 45
10

Р.ОЮУН

Монгол Улсын шинжлэх ухааныг хөгжүүлэх, соёл, утга зохиолыг судлах, нэр томъёог боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, судлаачдын нэг, Д.Нацагдоржийн шагналт судлаач, нэр томъёоч Б.Содномын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна. Энэ талаар Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлах салбарын эрхлэгч, доктор А.Алимаа болон үр хүүхдүүд нь ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг маргааш Үндэсний номын санд зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийсэн юм. Б.Содном бага сургуульд зургаан сар суралцаад дунд сургуульд шилжиж 1926 оны тавдугаар сард төгсчээ. 1926-1930 онд Германы Берлин, 1931 онд ЗХУ-ын шинжлэх ухааны академийн оюутны сургуульд суралцаж байгаад 1933 онд өвчний улмаас чөлөөлөгдөн Шинжлэх ухааны академид ирж ажилласан байна. Тэрээр 1938 оноос эрдэм шинжилгээний ажилтан, 1941-1947онд эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллажээ. Б.Содном ном товхимол 24, өгүүлэл 70 гаруйг бичсэн бөгөөд уран зохиол, ардын аман зохиолын талаар олон өгүүлэл бичиж, цуглуулсан эхүүдээ эмхэтгэл болгон хэвлүүлсэн байна. Мөн “Д.Нацагдоржийн уран зохиолын тухай”, “Д.Нацагдоржийн намтар зохиол”, “Д.Нацагдоржийн зарим уран зохиолын судалгаа” II зохиол, бүтээлийг шинжлэх ухааны үүднээс анх судалжээ.

Түүний талаар хүмүүс юу хэлснийг хүргэж байна.

Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлах салбарын эрхлэгч, доктор

А.Алимаа: Б.Содном гуай хоёр удаа хэлмэгдсэн судлаач

-Б.Содном гуайг 1938 онд Дотоод яаманд баривчилж “Хувьсгалын эсэргүү бүлгэмд элссэн” гэж улс төрийн хилс хэрэгт тулгасан ч 1940 онд сулласан. Гэвч түүнийг 1947 онд албан тушаалын хувьд хариуцлагагүй хандсан, эрх хэмжээгээ хэтрүүлсэн хэмээн дахин буруутган хорих ялаар шийтгэсэн. Ингээд 1951 онд энэ хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Хэдийгээр цагаадсан ч эрдмийн зэрэг хамгаалах боломжийг нь олгоогүй. Эрдэм шинжилгээний хурлыг угтаж бид Б.Содномын эмхэтгэсэн гурван боть номыг Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлах салбарынхан цэвэр аман зохиолыг нь бэлдэж хэвлэсэн. Манайд Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гуай гээд нэрт эрдэмтдийн аман зохиолын ном олон гарсан. Гэвч анхдагч нь хэн байв гэдэг асуудлыг бид энэ номноос сөхөж тавьснаараа онцлогтой. Социализмын үед Чингис хааны нэрийг хэлэх цээртэй байсан ч “Чингисийн эр хоёр загал” номыг бичээд, орос хэл дээр хэвлүүлсэн байна. Түүний охин Үзмээ АНУ-д ажиллаж, амьдарч байгаа. Тэрээр аавынхаа энэ номыг англи хэл дээр хэвлүүлжээ. Энэ мэтчилэн бид Б.Содном гуайн шинжлэх ухааны анхдагчийн хэн бэ гэдэг байр байдлыг гаргаж тавина. Шинжлэх ухааны түүх ямар замаар туулж ирсэн бэ гэдгийг энэ хүний амьдралаар олон нийтэд хүргэх болно.

Охин Үзмээ: Миний аав зургаан салбарт хувь нэмрээ оруулсан

-Манайх 11 хүүхэдтэй, би айлын зургаа дахь охин. Намайг 14 настай байхад аав маань өөд болсон. Миний аав зургаан салбарт хувь нэмрээ оруулсан. Тухайлбал, Д.Нацагдорж судлал, нэр томъёо, хэл шинжлэл, уран зохиол, аман зохиол, угсаатны зүйг судлахын зэрэгцээ зохиол бүтээл бичсэн. Үүнээс гадна ерөнхий боловсролын сурах бичигт үлгэр домог, ёгт үлгэр, ертөнцийн гурав, дөрөв, Далан худалчийн үлгэрийг хэвлүүлсэн байдаг. Энэ хийж бүтээсэн уран бүтээл нь миний аавын зорьсон зорилго. Тиймээс аавынхаа зорьсон зорилгыг өчүүхэн ч болтугай үргэлжлүүлнэ.

Хүү С.Цогоо: Миний аав шударга, үндэсний үзэлтэй хүн байсан

-Миний аавын түүх их сайхан. Анх Герман улс руу явахад нь Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн хүү, Д.Сүхбаатар жанжны хүүтэй III шатанд ороход миний аав шалгараад явж байсан. Тэр үед Хичээнгүй сайд Б.Цэрэндорж гуай “Миний хүү хар ажлын, Д.Сүхбаатар жанжны хүү цэргийн, ядуу ард Содномын хүү номын хүн болох юм байна” гэж хэлж байсан гэдэг. Тэр үед улс нийгэм шударга байсан байна. Мөн шавь нар нь “Үндэсний үзэлтэй байсан. Тиймээс ардын аман зохиолыг маш тулгуу үзэж бүгдийг нь цаасан дээр буулгахын төлөө зорьж байсан” гэж ярьдаг. Д.Нацагдорж судлалыг хамгийн анх бий болгосон. Хоёулаа нэг нутгийнх. Д.Нацагдоржийн шагнал, хөшөө, музейг нь бий болгож мөнхөлсөн хүн. Хэт их үндэсний үзэлтэй, Чингис хааныг магтан дуулсан, Нууц товчоо яах аргагүй түүхийн эх сурвалж мөн гэж хэлснийхээ төлөө хэлмэгдэж, намаасаа хөөгдөж байсан. Миний аав хэлэх гэсэн үгээ хэлдэг шударга хүн байсан. Үүнээсээ болж хэлмэгдсэн байх магадлалтай.

Эх сурвалж www.polit.mn  

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *