“Алтан дагина” цомыг монголд хүлээн авлаа

4-р сарын 24, 2018 10:01 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 10
IMG_4031

Х.ОЮУНБОЛД

 Монголын хөлбөм­бөгийн холбооны ногоон талбайд ОХУ-д болох ДАШТ-ий алтан цомыг хүлээн авах ёслол боллоо. Үүнтэй холбогдуулан олон арга хэмжээг зохион явуулав. Уг ёслолын өмнө тус талбайд Монгол Улсын урлаг, соёл болон спортын алдартнуудаас бүрдсэн багуудын хооронд бооцоотой тэмцээн болсон юм.

IMG_4010

Тэмцээнд гавьяат тамирчин Э.Бадар-Ууган ахлагчтай “Шонхрууд”, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр ахлагчтай “Барсууд” багийг 3:1-ээр хожсоноор аварга боллоо. Шагналыг хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир гардуулав. Үүний дараа ДАШТ-ий алтан цомыг залах ёслол эхэллээ. Цомыг Монгол Улсын консерваторийн морин хуурын чуулгын 21 морин хуурч, мөн 21 бүжигчний тоглолтоор угтсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулга нээлтэд оролцож үг хэлэхдээ “Алтан цом нь дэлхийн 51 орны 91 хотоор дамжиж манай оронд ирж байна. Монгол Улсын хөлбөмбөг сонирхогчид, тамирчид болон хувиасаа баярлаж байгаагаа илэрхийлье. Монголын хөлбөмбөгийн спортын хөгжилд түлхэц өгч, тамирчид, хөгжөөн дэмжигчид, сонирхогчдын урмыг нэмсэн үйл явдал болж байна” гэв. Нээлтэд Монголын хөлбөмбөгийн насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг болон ахмад үеийн хөлбөмбөгчид оролцов.

IMG_3991

Тэд Ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир болон “Кока кола” компанийн захирал Л.Мягмаржав нартай хамт дурсгалын зураг авахуулсан юм. Мөн поп дива, дуучин С.Наран, “Консонанс” хамтлагтай хамтран “We are the champions” дуугаар ая дууны мэндчилгээ өргөлөө. Нээлтийн төгсгөлд гадаад талбайн нээлтийн “Супер цом”-ын төлөө  “Эрчим” болон “Улаанбаатар сити” багийн тоглолт болсон юм. Германаас манай оронд  ирсэн ДАШТ-ий алтан цом БНХАУ, Японоор дамжиж ОХУ-д очих юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *