“Алт-2” Заамарыг дахин самарна

5-р сарын 2, 2017 10:26 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг , Хууль эрхзүй Уншсан: 13
5-2-8

Б.ЭНХЗАЯА

Уул уурхай уг нь өгөөжтэй салбар. Төр засаг хуулиа сахиулж, уул уурхайн компаниуд үүргээ хэрэгжүүлдэг бол Монгол Улсад төвлөрч байгаа хөрөнгө оруулалт одоогоос хэд дахин илүү, ард түмэн уухайлан дэмжих байлаа. Харин уул уурхай хөгжсөн өнгөрсөн он жилүүдэд энэ байдал эсрэгээрээ хэрэгжсээр, ард түмэн байнгын бухимдал, эсэр­гүүцэлтэй байх боллоо.

Төв аймгийн Заамар сум. “Алт-1” хөтөлбөр анхлан хэрэгжиж, улсдаа 120 тонн алт тушаасан алдар гавьяатай тухай улиг болтлоо сонслоо доо. Гэвч энэхүү өчүүхэн алдар гавьяаны цаана хэзээ ч нөхөгдөшгүй хор хохирол газрын хэвлийд, ард түмнийх нь сэтгэлд үлджээ. Заамарынхныг анх тэнгэрт гартал хөгжүүлнэ, газрынх нь баялгаас хүртээнэ, ажлын байраар хангана, амьдралыг нь сайжруулна гэсэн амлалт аль тэртээ 20 жилийн өмнө үлдэж, одоо энэ тухай бурхан хэлсэн ч тэд үнэмшихээргүй болж. Захын жишээ гэвэл, өнгөрсөн 20 жилийн хугацаанд нэг ч томоохон бүтээн байгуулалт хийгдээгүй, аль тэртээх 1968 оны ЗХУын хөрөнгөөр барьсан хуучны барилгууд сүүмийж байна. Заамарын газар нутаг дээр 121 лицензийг 50 гаруй компани эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа ч уул уурхайн компаниудад ажиллаж буй ажилчдын 10 хүрэхгүй хувь нь л нутгийн иргэд байх жишээтэй. Байгаль орчны доройтлын хувьд яриад ч хэрэггүй. Алт олборлохоор хөндөгдсөн талбайгаас өнөөдөр нэг ч га талбайд нөхөн сэргээлт хийж, бэлчээрийн хэлбэрт шилжүүлээгүй. Монголын хүн амын тал хувийг ундны усаар хангадаг Туул голын Заамар дахь хэсэг бүрэн сүйдсэн гэж байгаа.

Ийм байтал дараагийнАлт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон шийдвэр Засгийн газраас гарч, Заамар суманд 21000 га газрыг олгохоор болсон асуудал эдүгээ үргэлжилж байна.

Ашигт малтмал, газрын тосны газраас Заамар сумын захиргаанд ирүүлсэн хүсэлтээр бол сумын Төмстий багийн нутагт орших Түмэнгийн дөрөлж нэртэй 5628 га, Өвөр наймганы 15541 га талбайг олгохыг хүсчээ. Гэтэл уг талбай нь сумын мал аж ахуй, бэлчээрийн гол бүс нутаг бөгөөд малчдын бэлчээр ашиглалтын гэрээ байгуулан гэрчилгээ авсан 48 өвөлжөө, хаваржаа багтаж байна. Түүхийн дурсгалт газрууд, эрт үеэс уламжилж ирсэн тахилга шүтлэгтэй уул ус гээд дархлагдсан газ­руудыг хөндөхөөр болсон нь нутгийнхны эсэргүүцэлтэй тулгараад байна. Түүгээр зогсохгүй Заамар сум, тэр дундаа Төмстий багийнхан мал аж ахуй, газар тариалан дээр суурилж амьдарч ирсэн ард түмэн. Гэвч сүүлийн жилүүдэд эмх замбараагүй олгогдсон уул уурхайн лицензийн үр дүнд нутгийн иргэд малаа бэлчээрлэх газаргүй болж нутаг заагдахад хүрээд байна. Эдүгээ Заамар сумын бэлчээрийн даац дөрөв дахин хэтэрсэн. Уул уурхайн нөхөн сэргээлт хийгдээгүйгээс цөлжилт маш хурдтай явагдаж байгааг нутгийнхан онцолж байна.

Мөн нутгийнханЗаамар сумын малчдын баян булаг болсон, байгаль цаг уурын хүнд хэцүү нөхцөлд малаа оторлуулж хүнд үеийг даван туулж ирсэн Төмстэй багийн нутаг дэвсгэр дээрээс 21000 га газрыг уул уурхайд олгохоор болсныг маш ихээр эсэргүүцэж байна. Бид бүхэн өмнөхАлт-1” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн шийдвэрийг хүндэтгэн хүлээцтэй хандаж ирсэн. Гэвч нутаг орон, баялгийн эзэд болсон нутгийн уугуул иргэдэд амьдралд сөрөг үр дагавар бий болгож, байгаль орчныг улам доройтуулсан бодит жишээг бид нүдээрээ харж ирлээ. Тиймээс Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Төв аймгийн ИТХын шийд­вэрийг эсэргүүцэн, газар нутгаа хамгаалахын төлөө бүх чадлаараа тэмцэх болногэцгээж байна.

Хэрэв уг хөтөлбөр хэрэгжвэл Заамар өнөө байгаагаас илүү сүйтгэгдэх нь гарцаагүй болжээ. Одоогоор энэ талаар холбогдох албаныхан ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Тиймээс баг, сумын ИТХаас эсэргүүцлийн тогтоол баталж холбогдох албаныханд хүргүүлж. Бүр 1000 орчим хүний гарын үсэгтэй эсэргүүцлийн өргөдлийг Өргөдлийн байнгын хороонд хүргүүлжээ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *