Александр Колотов: Дэлхийн банк, Эгийн голын усан цахилгаан станцыг сөрөг нөлөөтэй гэж дүгнэсэн

6-р сарын 9, 2016 11:16 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 218
6-9-7h

Б.ЗАЯА

 

Монгол Улсад барихаар зэхэж буй усан цахилгаан станцын төслүүд хойд хөрш ОХУын анхаарлын төвд байна. Сэлэнгэ мөрний дагуух станцууд Байгаль нуурт нөлөөлж болзошгүй гэдгийг тэд анхааруулах болов. Энэ мэдээллийн мөрөөр усан цахилгаан станцын нөлөөллийн талаар ОХУынПлатинабайгаль орчны байгууллагын тэргүүн Александр Колотовтой ярилцлаа.

Монгол Улс усан цахилгаан станц барих хэд, хэдэн төслийг урагшлуулаад байна. ОХУд дэгдээд буй асуудлыг ярихаас урьтаж, усан цахилгаан станцын талаар мэргэжлийн хүний байр суурийг сонсмоор байна?

НҮБын дэргэд дэлхий дээрх усан цахилгаан станцуудыг судлах эрдэмтдийн баг 1999 онд байгуулагдаж 2000 оноос судалгаагаа эхлүүлсэн байдаг. Тэдний эцсийн дүгнэлт нь усан цахилгаан станцын сөрөг үр дагавар нь эергээсээ илүү гэж гарсан. Тухайн голын дагуух уугуул оршин суугчдын амьдралын хэв маягийг өөрчилж, баялгийн шударга бус хуваарилалт бий болдог гэж дүгнэсэн. Тиймээс өөрөө өөртөө сэргээгдэх нарны болон салхины эрчим хүчийг ашиглах нь хамгийн үр ашигтай гэдэг.

Усан цахилгаан станцыг барихад голын тал усыг үгүй болгодог. Далан босгож урсгал усаар усны нөөц байгуулдаг. Өөрөөр хэлбэл, хиймэл нуур үүсгэдэг. Урсгал усанд байгалийн хамгийн үнэ цэнэтэй, үүрэгтэй амьтан амьдардаг. Голын эрэг дагуу хамгийн үржил шимтэй хөрс, газар бий болдог. Усан цахилгаан станц барихад тэдгээр шим тэмжээлтэй газар, ан амьтдыг устгадаг. Урсгал ус хөрсөнд байдаг хүнд металиудыг цэвэрлэж байдаг бол усан сан бий болчихоор тэдгээр хүнд металиуд үүрлэдэг. Голын эрэг дагуу аж ахуй эрхлээд олон зуун жил болчихсон хүмүүс бий. Мэдээж тэд ч бас шилжих шаардлагатай болдог. Усан цахилгаан станцыг барихаас өмнө хөрсний судалгааг маш сайн хийх хэрэгтэй. Хөрсөнд, газрын гүнд байгалийн ямар баялаг байж болохыг түрүүлж судлах ёстой. Тухайлбал, 1960-1970 оны үед баруун Сибирийн нутагт усан цахилгаан станц барих төслүүд явагдаж байсан юм. Тухайн үед төслийг түр зогсоогоод газрын доорх судалгааг хийсэн. Гэтэл усан цахилгаан станц барих гэж байсан газрын доор ОХУын хамгийн том нефтийн орд илэрсэн. Үүнээс үүдэж станцын төслийг зогсоож байсан. Тэрхүү орд одоо ОХУын  нефтийн үндсэн нийлүүлэгч болсон.

Монголын усан цахилгаан станцын төслүүд яагаад та бүхний санааг зовоох болов?

Монгол Улсын төр засаг, шийдвэр гаргах төвшний хүмүүс цахилгаан эрчим хүчний бие даасан улс болох ёстой гэсэн байр суурьтай байна. Түүнийг дэмжиж байна. Гэхдээ шууд хэлэхэд Сэлэнгийн эргийн дагуу усан цахилгаан станц барихад Байгаль нуурын цэвэр тунгалаг болон бүрэн бүтэн байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэж байгаа. Гол нь нөлөөлөл хэр хэмжээнд байх вэ гэдгийг судалгаагаар тогтооно. Бид Дэлхийн банктай бүс нутгийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийе гэж ярьж байгаа.

Бүр Орхон гол дээр усан цахилгаан станцаас суваг гаргаад говь руу ус татах гэж байгаа гэж сонссон. Гэтэл Байгаль нуурын усны тал хувийг Сэлэнгэ мөрөн эзэлдэг. Дэлхий дээрх хамгийн цэнгэг болон гүн нуур бол Байгаль нуур. Дэлхийн цэнгэг усны нөөцийн 20 хувь, ОХУын 80 хувийг бүрдүүлж байна. Усан цахилгаан станцуудыг Сэлэнгийн эргээр бариад эхэлвэл Байгаль нуурын усанд шууд нөлөөлнө.

Ямар байдлаар нөлөөлнө гэж?

Усан цахилгаан станцыг ашиглахын тулд хүний үйл ажиллагаанаас хамаарч усыг хааж нээдэг. Үүнээс болж усны цикл нь солигддог. Усан цахилгаан станц өвөл хамгийн их хэрэгцээтэй байдаг. Гэтэл өвөлд хамгийн бага ус урсдаг. Энэ нь усны циклд хамгийн сөргөөр нөлөөлдөг. Гол байгалийн экосистемээрээ зуны улиралд халуун, өвөлд хүйтэн байдаг. Усан далан барихад тэндээс тогтмол температуртай ус гарч байдаг. Ингэхээр өвөл хөлдөхөө больж, зун ч халуун байж чаддаггүй. Караснаяркд миний амьдардаг газраас 30 кмт усан цахилгаан станц барьсан юм. Станц барьснаас хойш хүмүүс голдоо сэлж чадахаа больсон. Станцыг анх барихад тухайн гол 30 км урсаад хөлдөнө гэж тооцоолж байсан ч одоо 300 км урсч хөлдөх болсон. Гол өвөлд хөлдөхгүй байгаа нь усны ууршилтыг их хэмжээгээр бий болгодог. Ууршилт ихээр үүссэн газрын оршин суугчдын уушгинд сөрөг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, өвөл, зунгүй их хэмжээний ууршилт гарах нь хүмүүсийн эрүүл мэндэд халтай гэсэн үг.

Үүнээс гадна усан цахилгаан станц бариад 50, 60 жил болсны дараа өөр нэгэн асуудал босч ирсэн. Станцын доор амьдардаг хүмүүсийн эрүүл мэнд, газар тариалан ямар байх вэ гэдгийг судлах шаардлагатай болж байна гэсэн үг. 2007 онд энэ төрлийн төсөл хэрэгжиж олон нийтийн сонсгол хийгдэж эрдэмтдийн байгаль орчны үнэлгээгээр усан цахтилгаан станц барих нь хор хохиролтой байна гэж дүгнэсэн. Тэгтэл одоо үүнээс илүү, асар том хэмжээний усан цахилгаан станцыг Эгийн голын эрэг дээр барих гэж байна.

Байгаль нуурт дэлхийд хаана ч байдаггүй, Оросын улаан номд орсон загас амьдардаг. Энэ загас дээшээ Сэлэнгэ мөрөн рүү өгсч түрсээ шахдаг. Сэлэнгийн эрэг дээр усан цахилгаан станц баривал тус загасны амьдрах, өсч үржих орчинд нөлөөлнө. Байгаль нуур дахь олон мянган жил дасан зохицож амьдарч ирсэн амьтад яаж өөрчлөгдөхийг одоогоор бид хэлж мэдэхгүй байна. Дээрээс нь нэг зүйл нэмж хэлэхэд Сэлэнгийн эрэг дагуу баригдах усан цахилгаан станцын талаар нутгийн уугуул оршин суугчид амьдралд нь, ажил хөдөлмөр, эрүүл мэнд, уур амьсгалд хэрхэн нөлөөлөх талаар ямар ч мэдээлэлгүй байна.

Энэ талаар ОХУын талаас Дэлхийн банкинд гомдол мэдүүлсэн гэсэн үү?

Сэлэнгэ мөрний эрэг дагуу баригдах усан цахилгаан станц манайд нөлөөлөх эрсдэлтэй байна гэж ОХУын талаас өнгөрсөн жил Дэлхийн банкинд гомдол мэдүүлсэн. Дэлхийн банк энэ асуудлыг хүлээн авч төлөөлөгчид нь Монголд ирж ажилласан. Тэд ОХУын талаас тавьсан асуудал үндэслэлтэй, аюул учруулж болзошгүй гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс эрэг дагуух ОХУ болон Монголын оршин суугчид энэ талаар мэдээлэлтэй байх ёстой гэдэг үүднээс Дэлхийн банк нийтийн сонсгол хийхээр болсон. Одоогоор хэзээ, ямар байдлаар сонсгол явуулах талаар хэлэлцэж байгаа. Зургаа, долоо, наймдугаар сард Сэлэнгэ мөрний эрэг дагуу байгаа Буриадын ард иргэдэд сонсгол хийнэ. Дүгнэлт, судалгааг хийгээд Дэлхийн банкны удирдах зөвлөлд танилцуулна. Тэр үед бүх зүйл тодорхой болох байх.

Усан цахилгаан станцын насжилт ямар байдаг вэ?

Усан цахилгаан стан­цын оршин тогтнох хугацаа нь хийгдсэн материалаасаа шалтгаалдаг. Сайн бетон бол 100 гаруй жил болно. Одоо ОХУд анхны усан цахилгаан станцын 100 жилийн ой 2030 онд болно. Харин үүнтэй зэрэгцээд АНУд усан цахилгаан станцаа буулгаж, байгалийн  хуучин хэвэнд нь оруулахаар ажиллаж байна. Миний бодлоор ОХУд ч ийм нөхцөл байдал үүснэ. Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарыг авч үзвэл мөн л усан цахилгаан станцаас татгалзаж байгаа нь харагдаж байгаа. Усан цахилгаан станцын төслийн тоо хэмжээг эрс бууруулж, нарны болон салхины эрчим хүчээр ажиллах станцуудын тоог нэмэгдүүлж байгаа. Тиймээс усан цахилгаан станц барьдаг хүмүүсийн бизнес шахагдаад ирэхээр бөөн бөөнөөр орж ирээд нөлөөлөл үзүүлж байгаа болов уу.

Усан цахилгаан станц байгаль орчинд болон эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэлээ. ОХУд ийм жишээ бий юу?

Мэдээж. Ангар мөр­ний эрэг дээр Багучаскад усан цахилгаан станц барихад нэг сая куб метр ойг тэр чигт нь усанд автуулсан. Тэр хавьд өөрийн гэсэн өвөрмөц соёл заншил, хэл яриатай, олон зуун жил амьдарч ирсэн нутгийн уугуул иргэдийг нүүлгэн шилжүүлж тэр соёлыг үгүй хийсэн. Бас манай улсад ивенкүүд гэж өөрийн гэсэн соёл, заншилтай иргэд байдаг. Тэдний нутагт бас усан цахилгаан станц барих гэж байсан. Хэрэв барьсан бол ОХУд хамгийн том станц болох байсан. Тэр үед нутгийн иргэд, эрдэмтэд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд бүгд хүчээ нэгтгэж эсэргүүцсэний эцэст зогсоож чадсан. Би ч тэр тэмцэлд оролцож байлаа.

Монгол Улсын хувьд заавал усан цахилгаан станц барьж бие даах гэснээс нарны болон салхины эрчим хүчээр цахилгаан гаргах боломж хангалттай байгаа. Энэ бол хамгийн цэвэр байгалийн гаралтай сэргээгдэх эрчим хүч. Эрдэмтэд Монголын нутгийг судалж үзээд нарны болон салхины эрчим хүчний маш их нөөц байна гэсэн. Зөвхөн дангаар бие даагаад зогсохгүй экспортлох бүрэн боломжтой. Тэр тусмаа Буриад руу гаргах боломж байна. Энэ бол эдийн засгийн хамгийн том үндэслэл.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 2 Сэтгэгдэл

Сэмка
2016 оны 7-р сарын 20

Усан цахилгаан станцын зориулалтаар боомт байгуулж усан сан байгуулснаар байгаль орчинд үүсэх сөрөг нөлөөлөл бага зэрэг байгаа боловч эерэг тал нь хэдэн арав, зуу дахин илүү. Харин эсрэгээрээ хэд дахин их ач холбогдолтой болохыг дараах жишгээр заримыг харьцуулан хэлье
1- д тухайн нутаг дэвсгэрийн бичил уур амьсгал сайжрана. Учир нь Монголын нийт нутаг дэвсгэр чийгийн дутагдалтай, нэн хуурай уур амьсгалтай. Энэ нь уур амьсгалыг зөөллөж өгөх, төрөл бүрийн усны шувууд, тогтонги усны төрөл бүрийн загасны амьдрах орчин сайжрах гм
2-т нар, салхины эх үүсвэр буюу сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж болох ч тэдгээрийн үзүүлэх сөрөг нөлөөлөл (тэдгээрт ашигласан зай хураагуурын хаягдал их, хүрээлэн буй орчинд хортой хаягдал үүсгдэг), эрс тэс уур амьсгалыг тэсвэрлэдэггүй. Гэхдээ зайлшгүй шаардлагатай газруудад ашиглах хэрэгтэй.
3-т ямар ч түүхий эд ашиглаж, хаягдал гаргадаггүй. Харин дулааны цахилгаан станцад их хэмжээний нүүрсийг олборлох, тээвэрлэх, түүнийг шатааж үүссэн утаа, үнсний хортой хаягдлуудаас хүрээлэн буй орчин бохирдож, маш их зардалтай
гм олон зүйлийг дурьдаж болно
4- т Эрчим хүчний асуудал байнга асуудалтай байсаар ирсэн ч өөрсдөө, хараат бус байдлаар шийдвэрлэх боломжгүй. Энэ салбарт маш их хөрөнгө төсөв зарцуулж мөнхийн өрийн сүлжээнд , хараат байдалд баригдсаар ирсэн. Энэ байдлыг зогсоох цаг болсон
5-д манай оронд олон арван том, жижиг усан сангуудыг барьж ашиглаж ирсэн, тэдгээр нь байгаль орчинд сөрөг нөлөө, хохирол учруулсан зүйл гараагүй, харин ч орон нутгийнхан тэдгээрийг түшиглэн амь, амьдралаа залгуулсаар хагас зууныг туулаад байна.
6- д эх орондоо томоохон бүтээн байгуулалт хийж, үр ашгийг нь өөрсөддөө, үр хүүхдүүддээ хүртээх цаг аль хэдийн болсон

Lakiesha
2016 оны 12-р сарын 1

A minute saved is a minute eaedrn, and this saved hours!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *