Алдархаан сумын малчин Д.Бумдоржийнд өнжив

5-р сарын 14, 2018 8:48 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 42
5-14-2й1
“Манай самган энэ жил Улсын аварга саальчин болсон. Би ч залуудаа аймгийн төвд Усны аж ахуйд өрмийн мастер хийж байхдаа төрийн хишиг буяныг чамгүй хүртсээн. Нүүдэл ихтэй болохоор ачаагаа цөөлөх гээд гэрийн эд хогшлоос эхлээд бүхий л зүйлсээ бөөгнүүлээд их гэртээ үлдээчихдэг юм. Сурвалжлагч ирэхийг мэдсэн бол үзүүлж харуулах зүйлээ бэлдэх байлаа” хэмээн гэрийн эзэн хэллээ.

Д.ОЮУНЧИМЭГ

Завхан аймгийн Алдархаан сумын малчин Д.Бумдоржийг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урьсан юм. Аймгийн төвөөс 30-аад км-ын зайд хаваржиж буй малчны хотонд хүрэхэд гэрийн гадна гурав орчим насны охин нэгэн залуугийн хамт түлээ бэлтгэж байлаа.

“Амьдралын тойрог”-ын зочин маань ганц хүүтэй, хоёр ачтай. Эхнэр Ц.Ганхүү нь Цагаан сарын өмнөхөн “Улсын аварга саальчин” болжээ. Бидний очиход ямаагаа самнаад тун завгүй байв. Бас болоогүй гэрийн эзний том эгч, нагац дүү гээд төвөөс ирсэн гийчдээр хүч нэмжээ.

Д.Бумдоржийнх хөл хөдөлгөөн тасрахгүй. Баруун гар талаас том эгч Д.Сүхээ, эхнэр Ц.Ганхүү, гэрийн эзэн Д.Бумдорж, зээ дүү В.Ууганбаяр.

Нийтлэлийн маань гол баатрын том эгч “Манай хоёр хар багаасаа мал дагасан хүмүүс. Бэр маань 10-хан настай байхаасаа л ма­лын дэлэн шувтарсан хүн” гээд сонирхолтой яриа дэлгэв.  Гэрийн эзэд удам дагасан малчид аж. Эхнэр Ц.Ганхүү Алда­р­­­­­хаан сумын уу­гуул. Харин гэрийн эзэн Сантмаргазынх. Д.Бумдорж эхээс дөр­вүү­лээ. Хоёр эгч, нэг дүүтэй. Тэ­рээр хамгийн том эг­чийн хүү В.Ууганбаярт арай л элгэмсүү байдаг бо­лолтой. Учир нь эхнэр­тэй­гээ танилцах үеэр хань бараа хийж, хамтдаа явж байсан түүхтэй юм би­лээ. Хожуухан гэр бүлийн амьдрал зохиосон хоёрыг том эгч Д.Сүхээ танил­цуулсан байна. Бас болоогүй манай нийт­лэ­лийн баатар гэрчгүй зүйл ганцийг ч ярихгүй. Түүний хийсэн үйлдэл, хэлсэн үг бүр гэрчтэй гээд хөгжилдөж байв.

ҮГ ДУУ ЦӨӨТЭЙ ГЭРИЙН ЭЗЭГТЭЙ

Биднийг зорьсон айлдаа очиход гэрийн эзэгтэй, өрхийн тэргүүний том эгч Д.Сүхээ, зээ дүү В.Ууганбаяр нар угтсан юм. Гэрийн гадаа ногоон портер, улаан жижиг тэрэг, мотоцикль, портерийн дэргэдээс хоёр ямаа уяатай байгаа нь содон харагдав. Гэрт орж мэнд мэдсэний дараа портероос уяатай ямааны талаар асуув. Том эгч Д.Сүхээ “Та нарыг ирж байна гээд самнаж байсан ямаагаа түр  уячихсан юм” гэнэ. Уг нь хэл дуулгалгүй очсон санаатай. Гэвч га­зар­чилсан жолооч Бямба­сүрэн хальтхан хэл дуулгажээ. “Ямаа самнах үеэр ч гэр гэдэг чинь хөглөрч ноолроод хүн орох зайгүй бол­чихдог юм. Тэгээд л сандраад хамаг юмаа эм­хэллээ” гээд гэрийн эзэгтэй инээмсэглэв. Ц.Ганхүү эхээс 14-үүлээ. Өдгөө ээж нь 80 гаруй настай хөгшин аймгийн төвд байдаг аж. Ах дүүсээс нь “Аварга малчин” нэ­лээд хэд бий бөгөөд уугуул Өгөөмөр нутагтаа амьдардаг гэнэ. Биднийг хөөрөлдөж суух зуур хадам эгч яриа өрнүүлнэ. “Цаг сайхан болж цахилгаан барааг хөдөөгийнхөн хэ­рэг­­лэ­дэг болсон. Бид өвөл хураасан өрөмөө ши­нээр нь хөлдөөж хад­галдаг болохоор шинэхэн тос хайлж байна. Хэрэв урд цагт байсан бол тос хуршиж хуучирна л даа” гээд зуухны өмнө суугаа том эгч сонин сайхныг хуучилна. Энэ зуур үг дуу цөөтэйхэн гэрийн эзэг­тэй­гээс хүүх­дийнх нь талаар асууж со­­нирхлоо. Түүний бэрийг С.Бат-Амгалан гэ­дэг. Урангоо, Уянгаа гэх хоёр ачтай. “Хүү минь Алдар­хаан сумын Төрийн сан­­­­­гийн мэргэжилтэн хийж байгаад аймгийн төвд “Бодь” даатгал ком­па­­нид ажилд орсон” гэв. Хүү Б.Ууганбаярыгаа эрд­­мийн мөр хөөлгөхийг зорь­­­­­­­сон аав, ээжийн хү­сэл биелэсэн хэмээн хуу­чиллаа.

ХАТУУ ӨВЛИЙГ ӨНӨТЭЙ ДАВЖЭЭ

Энэ өвөл хүнд орсон хэдий ч хадлан, тэжээлийн хүчээр өвлийг ажралгүй давснаа ярилаа. Мал дагаж амьдарч буй болохоор өвлийн хүйтнээр хэдэн малаа цутраахгүй гэсэндээ хадлан тэжээлээ ахиухан базаадаг айлуудын нэг гэдгийг жолооч Бямбасүрэн ярьсан юм. Цагаан сарын өмнөхөн “Улсын аварга саальчин” болсон бэрээрээ бахархаж байгаагаа том эгч дуулгав. “Сүүлийн нэлээд хэдэн жил энэ шагналын чимээ тасарсан байсан. Гэтэл дүүг минь шагнаж байгааг сонсоод төр засаг ард түмнээ мартаагүй юм байна гэж бодоод баярлаж сууна” хэмээн том эгч хэлэв. Гэрийн эзэгтэй нь аавыг П.Цэвээнжав, ээжийг нь Д.Хорлоо гэдэг. Нутаг усандаа ажилсаг гэдгээрээ алдартай аавын охин өдгөө нутаг усандаа нэр хүндтэй саальчин юм. Ээж нь насаараа саальчин байсан бөгөөд тэр үед нэгдлийн үхэр маллана. Үнээний заводын шилдэг саальчдын нэг юм байна.

Газарчилж очсон жолооч маань “Ганхүү эг­чээс юм асуухаар та ха­риу­лаад байх юм” гээд цааш­лууллаа. Гийчин Д.Сүхээ “Манай бэр үг дуу цөөтэй. Зарим нэг мэдэх зүйлээ сурвалжлагчид хэлэхгүй бол манай хүн ч дуугүйхэн инээж байгаад л гар­гачихна” гээд гэр дүү­рэн инээд болов. Биднийг хөөрөлдөж  суух зуур зээ дүү В.Ууганбаярыг зээ охин “гадаа гаръя” гэлээ. “Гадаа тэнгэр бүрхэг сал­хитай болохоор нүд рүү чинь бууц чихчинэ” гээд өвөө нь халгаасангүй. Хотын эгчтэй юм ярьж бай миний охин гээд аргалахыг оролдсон ч ер тоосонгүй гарахаар зүтгэлээ. Угаасаа ач, зээгээ дийлдэг эмээ, өвөө байх биш, хөтлөөд гарч одсон юм.

ЭЛДЭВ ЧАМИРХАЛГҮЙ МАЛЧИН АХУЙ

Д.Бумдорж гуай малдаа яваа юу. Сая биднийг ирж явах зам зуур хөтөлгөө морьтой хүн үхэр эргүүлж байгаа харагдсан гэхэд минь “Уг нь гараараа далласан. Харсан бол ирэх учиртай хараагүй л байх нь. Үхрээ эргүүлэхээр гарсан” гэв. Бид замыг нь тосч очоод хэдэн зураг авдаг юм билүү гээд ухасхийхэд минь “Хүүе тэгвэл энэ дээ­лийг нь аваад яв. Цамцтай яваа” гэлээ. Зээ дүү В.Ууганбаяр “Юм байгаагаараа сайхан шүү дээ. Хувцас сольж яах нь уу. Ахыг малаа эргүүлж бай­хад нь хэдэн сайхан зураг дараад болчихно” гээд хүд, хүд инээнэ. Энэ зуур гэрийн эзэгтэй их л тэвдэж буй бололтой харагдав.

Гэрийн гадаа аймгийн даргын машин зогсч байгаа харагдаад дөтөлж явна хэмээгээд Д.Бумдорж өөдөөс давхиад ирэв. Жолооч Бямбасүрэн, зээ дүү Ууганбаяр “Тантай яриатай ирлээ. Та бу­цаад үхэр лүүгээ явах хэрэгтэй байна” гэсэн юм. Нийтлэлийн гол баатар маань “Хонь нийлэх гээд байна. Салгачихаад ирье. Манайд очоод хүлээж бай” гэнэ. Тэгэхээр танайхаас сур­валжлага авах санаатай зорьж ирлээ” гээд хэрэг зо­ригоо гол баатартаа дуулгалаа.  “Үгүй мөн сүрхий улс юмаа та нар. Хэл үг дуул­гахгүй ирчихдэг. Сан­дар­гаад” гээд мэнд мэ­дэл­цэн хэрэг зоригийг минь лавлалаа. Биднийг малын бэлчээрт хэдэн па­тиар татаад ирэх зуур шинэ­хэн хайлмаг аль хэдийн бэлэн болжээ. Нө­хөртөө цай барьж, ир­сэн гийчдэд гэрийн эзэгтэй шинэ хайлмагаа таваг­лав. Хайлмагаа талхан дээр тавиад идвэл арай гайгүй байх. Тэгэхгүй бол хотынхонд шинэ тос хурц­даж мэднэ шүү хэмээн Д.Сүхээ эгч анхааруулав. Бас нэг сонин нь зээ дүү В.Ууганбаяр аймгийн төвд талх нарийн боовны цех ажиллуулдаг юм байна.

БАЙГАЛИЙН АРАНШИН…

Хавар ноолуураа борлуулж малчид хөлждөг цаг. Энэ жил ноолуурын ханш гайгүй байгаа аж. Завхан аймгийн төвийн буудлуудад ноолуурын ченжүүд битүү байрласан тухай нутгийнхан ярьж байлаа. Д.Бумдоржийнх ноолуураа 100 мянгад өгчээ. “Өнгөрсөн хэдэн жил 20-50 мянга хүрч байсан, их сайн өгсөн. Төр засгийн хишиг буян гээд залбираад хүртэх хэрэгтэй” гээд ярих зуураа гэрийнх нь ойролцоо сүргээсээ төөрсөн ишгийг махчин шувуу идэхийг завдаж байхад нь олж ирснээ хэлэв. Сүвээг нь цоолж, нүдийг нь сохлох шахжээ. Манай нутагт махчин шувуу бий. Ганц нэгээрээ яваа малыг андахгүй хэмээн ярих нь хотын бидэнд сонин содон хийгээд тэвдүүхэн л сонсогдох. Тэрээр цааш нь өнөөдөр их тухгүй өдөр байна, улаан шороо шуураад. Аймгийн даргын жолооч бололтой. Гэтэл Ууганаа суусан харагдана. Тэгэхээр нь Бямбаа, Ууганаа хоёр маниас юм гуйхаар ирж дээ гэсэн шүү юм бодож байлаа. Тэгээд л хонио эргүүлсний дараа ярина биз гэж санаад ухасхийх гээд байсан хэрэг. Тэгсэн сурвалжлагч байна гэдэг байгаа. Би ч сандарлаа гээд нүдээ онийлгож ирээд инээв. Гэрийн гадаа өнөөх ишиг майлсаар… Их л өвдөж байгаа бололтой. Өвчин намдаах эм уулгахгүй бол болохгүй нь гээд зээ дүү, гэрийн эзэгтэй хоёр гэрээс гарав. Тэрээр манийг хүүхэд байхад байгаль дэлхий сайхан байсан шүү. Гэтэл одоо ч ааш нь ч олдохоо байж дээ хэмээн малчин хүнд байгалийн араншинг ажих ухаанаас хуваалцав. Урд цагт байгаль дэлхий хэдий чинээ аятай байна тэр хэрээр мал, малчин хоёр нуруу тэнийдэг юм хэмээн Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу гуай бидэнд зааж сургадаг байлаа. Тиймээс хүн хөдөл­мөр­лөс­нийхээ хэрээр бай­галийн шалгарлыг давах боломж гардаг юм шүү дээ.

ХОЖУУ УЧИРСАН ХОЁР БА “ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭГЧИД”

Цэргийн алба хааж ирсний дараа аймгийн төвд төрийн албан хаагч байжээ. Д.Бумдорж ахын аав, ээж нь ганцхан жилийн дотор бурханы оронд заларсан байна. Ингээд л аав, ээжээс үлдсэн мал ахуйгаа эргүүлж, тойруулах ажлыг том хүү нь хийхээс аргагүй болсон гэдэг. Аймгийн төв дэх ажлаа өгч малчин болох замын эхлэл болж. Бас ч үгүй 1990 оны цагаан морин жил таарч мал дээр гарах зам нь шулууджээ. Ингэхдээ аль болох төв бараадах нь дээр гэж санан Алдархаан сумын нутагт суурьшсан гэдэг. “Эхнэр маань 30-тай байлаа, би ч 35-тай залуу. Тухайн үедээ ч нас явж байна даа. Эхнэр хүүхэдтэй болох хэрэгтэй юмсан гэж боддог байсан бололтой. Эргээд бодохоор залуу байж дээ” гээд хуучны дурсамжаасаа хуваалцав. Мань хүн орой эхнэр авдаг ч буруудав уу, зөвдөв үү гэж бодож байсан өдрүүдийнхээ дурсамжийг уншигч авхай тантай хуваалцсан юм. Нуг нуг инээхдээ нүдээ онийлгож ирээд жуумагнах гэрийн эзэн хоёр ачдаа ч “нугасгүй” гэнэ. Мэдээж өнөөх “гайхал”-ууд “эзлэн түрэмгийлэгч” гэнэ лээ. Харин 30 гарсан залууг эрхлүүлнэ гэж юу байхав дээ “хөгшин” хархүү шүү дээ гэх хэрнээ цаанаа л уярангүй. Ач нартаа “базуулдаг” юмаа даа гэхэд минь “Сүүлийн үеийн эцэг, эх, эмээ, өвөө нар ч ялгаагүй болсон юмдаг уу даа” гэх зуураа гэнэт хүн ирнэ гэхээр тэвдлээ. Бүр хэл чимээгүй ирсэн бол “хатуу шийтгэл” ногдуулах байлаа гээд бас цаашлуулна.

ТОМ ЭГЧИЙН ЗААСАН ЗАМААР…

“Манайхыг сурвалж­ла­хаар болсон нь учиртай юу” гээд гэрийн эзэн сонирхож байна. Нийслэлээс 1000 км-т зорьж ирчихээд нутгийн малчин айлаар орж сурвалжлага бэлтгэх хүсэл­тийг аймгийн дарга нарт дайснаа хэлэв. Нийтлэлийн гол баатар маань аймгийн худаг усны газарт 15 жил ажиллажээ. Завханы 24 суманд худаг гаргаагүй ганц ч сум байхгүй хэмээв. Өрмийн мастер залуу хоёр жил ажиллаж байгаад цэргийн албанд мордсон байна. Халагдаж ирснийхээ дараа хуучин ажилдаа эргэж орсон ч ар гэрийн шалтгаанаар мал дагах болсон нь түүний амьд­ралын нэгээхэн дурсамж. Ажил­лах хугацаандаа аваагүй шагнал бараг байхгүй дээ гээд инээв. “Бид чинь нүүдэл, суудал ихтэй болохоор ихэнх тавилга, эд зүйлээ баглаад том гэрийн гадаа хураалттай байгаа” гэв. Хоёр хөгшнөө ойчсон жил Монголын элсэн дундуур малаа туусаар Алдархаан сумын нутагт ирсэн гэдэг. Том эгчийнхээрээ хааяахан зочлох Д.Бумдорж эхнэрээ анх харжээ.

Учир нь Д.Сүхээгийн гэр бүлийн хүний авга ах Ц.Ганхүүгийн аав байсан аж. Эгчийндээ ирэх далим мундахгүй. Бас гэргийтэйгээ уулзах шалтгаан ч мундахгүй. Ингэж явсаар айл болсон гэдэг. Нийтлэлийн гол баатарын том хүргэн ахыг Ванчин гэдэг. Насаараа аймгийн усны байгуул­лагад тээврийн жолооч хийдэг байж. Хүргэн ахдаа дэм болох нэрийдлээр эхнэрээ уургалсан зальтай залуу тэр цагийн олон сай­хан дурсамжийг нандигнан хадгалахыг хүсч буй мэт. Хүргэн ах, том эгч тэр ч бүү хэл том зээ дүү В.Ууганбаяр ч тэдний зуучлагч гэнэ. Хожуухан гэр бүл болсон хоёрыг дэр нэгтгэх их үйлсэд нэлээдгүй хүнийг хамарчээ.

Хөдөөгийн малчдын амьд­­ралын нэг өдөр иймэр­хүү өнгөрдөг аж. Өглөө мал ахуйгаа бэл­чээрлүүлж, өдөржин тэд­нийгээ эргэж, бас болоогүй айлчин гий­чинд зав гаргаж ажлаа ам­жуул­саар өглөөний нар­тай уралдаж, үдшийн бүрий­гээс өмнө борви бохисхийх завгүй ажиллана. 600 гаруй бог, 400 гаруй бод малтай Д.Бумдоржийн амьдралын хүрд ийн эргэж байна. Ах захаа хүндлэх, малч ахуйг сурталчлах их үйлсэд зүтгэж олны мэдлэгт дусал нэмэр болгоорой хэмээн манай хамт олонд захисан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 10

Buy Zithromax Online Overnight Viagra Cialis Nebenwirkungen buy cialis online Amoxicillin Dosage Adult

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *