Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

10-р сарын 9, 2018 8:50 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 16
й7

Ц.БАЯР

Мөрөн сумынхаа VII хорооны иргэдийн итгэл, дэмжлэгийг хүлээж Аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Л.Төмөрбаатар тус хорооны 500 гаруй ахмадыг Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан  хүлээн авч уулзан театрын уран бүтээлчдийн тоглолтоор бэлэг барилаа. Тус арга хэмжээнд Аймгийн ахмадын хорооны дарга Г.Төмөрбаатар оролцов. Мөрөн сумын VII баг Мөрөн хотын зүүн урд зүгт байрладаг. Үйлдвэрлэл хөгжиж буй баг юм. ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар уулзалтынхаа эхэнд 2016 оноос хойш хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийсэн юм. “Хөвсгөл аймаг  улсын төсвөөс их хэмжээний татаас авдаг. Биднийг ажил авахад 100 төгрөг тутмынхаа есөн төгрөг 20 мөнгийг аймаг өөрөө бүрдүүлдэг. Үлдсэн мөнгийг нь улсаас татаасаар авдаг байлаа. Иймээс аймгийн орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарсан. 2016 онд орон нутгийн компаниуд 634 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2017 оны жилийн эцсээр 3.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Ингэснээр аймаг орон нутагт тулгамдсан олон асуудлыг шийдвэрлээд байна. Өөрөөр хэлбэл, орон нутгийн өмчит  компаниудыг ашигтай ажиллуулахад  онцгой анхаарсан. Энэ хүрээнд аж, ахуйн нэгж компаниудын удирдлагуудтай нэг бүрчлэн гэрээ хийсэн нь үр дүнгээ өглөө. Төсөв хөрөнгө хүндрэлтэй ч аймгийн удирдлагууд төр хувийн хэвшлийн харилцааны хүрээнд бүтээн байгуулалтыг хийсээр байна. Цаашид ч энэ бодлогоо барьж ажиллана” гэсэн юм. Тэрээр  Мөрөн сумын VII багт Монгол Хятадын хамтарсан “Уужим хангай” компанитай хамтарч  махны үйлдвэрийг  барьж байгуулан ашиглалтад оруулахад хичээл зүтгэл гаргасан аж. Ингэснээр 118 хүнийг ажлын байраар хангаж улмаар  үхэр, хонь, ямааны үнэ нэг дахин өсч малчдыг мөнгөжүүлэх орлогын эх үүсвэр болсон байна. VII багаас 18 хүн ажлын байртай болж дунджаар 700 мянган төгрөгийн цалин авч байгаа аж. Аймгийн ахмадын хорооны үйл ажиллагааг дэмжиж энэ жилийг “Амьдрах орчноо сайжруулж ахмад настнаа дэмжих” жил болгох санаачлагыг ИТХ-аас дэмжиж төсөв хөрөнгийг нь шийдвэрлэж өгчээ. Тухайлбал, “Автобус ахмад” ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай ахмадуудад нийтийн тээврээр  үнэ төлбөргүй зорчих үйлчилгээнд 64 сая төгрөгийг баталсан байна. Түүнчлэн ахмадын амралт болох  “Эрчим- 1”, “Эрчим-2” амралтын газрыг өргөтгөх хөрөнгө санхүүжилтэд  аймгийн  хурлын дарга хичээл зүтгэл гарган ажилласныг дурьдаж байв.

АХМАДУУДАА ГЭСЭН СЭТГЭЛГЭЭ ӨӨРЧЛӨГДСӨН

Олон улсын ахмадын баярын өдрөөр VII багийн ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн энэ арга хэмжээнд Хөвсгөл аймгийн ахмадын хорооны дарга Г.Төмөрбаатар оролцож үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ “ Юуны өмнө 26 дахь жилдээ тэмдэглэж байгаа Олон улсын ахмадын баярын мэндийг энд цугларсан  та бүхэнд хүргэе. Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар өөрийн сонгогдсон багийнхаа ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаад талархсанаа илэрхийлье. Манай аймаг энэ жилийг “Амьдрах орчноо сайжруулж ахмад настнаа дэмжих” жил болгох шийдвэрийг гаргахад Л.Төмөрбаатар дарга хүчин зүтгэж ажиласан нь ахмад үеэ дээдэлдгийн илэрхийлэл юм. Нөгөөтэйгүүр манай аймаг шиг бүтэн жилийг ахмад настанд анхаарч, ахмадуудад ээлтэй аймаг болох дунд хугацааны стратеги төлөвлөгөөг  баталж хэрэгжүүлж буй аймаг одоогоор хаана ч байхгүй. Тэгэхээр ахмадууд бидний төлөө бүхэл бүтэн нэг жилийн турш  анхаарал хандуулж бодлогын баримт бичиг баталсан нь үнэхээр бахархууштай. Бүх хүн, бүх байгууллага анхаарлаа ахмадуудад хандуулсан нь энэ нэрлэсэн жилийн ажлын ач холбогдол юм. Хөвсгөл аймаг 2010-2016 онд НҮБ-аас “Хүүхдэд ээлтэй” аймаг болж байсан бол энэ удаа “Ахмад настанд ээл­тэй аймаг” болох зорилт дэвшүүлж буй. Тэр үед манайхан хүүхдийн төлөө гэж хүн бүхэн хэлж байсан. Одоо манай удирдлагууд ахмад настнаа дэмжих гэдэг үгийг амны уншлага болгосон. Ингэснээр ахмад настанд хандах сэтгэлгээ өөрчлөгдсөн. Цаашдаа ч анхаарсаар байна гэдэг нь энэ бүх хандлагаас өөрийн эрхгүй төрж байна” гэв. Тэрээр цааш нь нэрлэсэн жилийн хүрээнд Хөвсгөл аймагт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 27 төв ажиллаж байна. Мөрөн суманд дөрвөн газар нээлээ. Эдгээр төвийн үйл ажиллагааг тогтмолжуулах, техник тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулж 80 гаруй сая төгрөг зарцуулсан. Мөн төв бүрд  урамшуулалт цалинтай орон тооны нэг хүн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж байна. Эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй, дугаар харгалзахгүй үйлчилдэг боллоо гэсэн юм. Эцэст нь ахмадууддаа хандаж ухаалаг, цовоо цойлгон, зангарагтай сайхан хөгшид байцгаая. Эрүүл энх байж хүн бүхэн ирээдүйгээ өөдрөг сайхнаар төсөөлцгөөе хэмээн уриалав.

“БҮРЭНХААН” 240 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙГ ӨРГӨТГӨЖЭЭ

Л.Төмөрбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Мөрөн сумын VII багаас сонгогдсон. Тэрээр багийнхаа тулгамдсан асуудлуудыг эхнээс нь шийдвэрлэж байгаа аж. Тухайлбал, Мөрөн сумын VII багт байрлах “Бүрэнхаан” 240 хүүхдийн хуучин бага сургуулийг цэцэрлэг болгож хөрөнгийг асуудлыг шийдвэрлэснээр тус багийн хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдах болжээ. Түүнчлэн багийнхаа гудамж хорооллыг гэрэлтүүлэгтэй болгох ажил дуусч улсын комисс хүлээж авахад бэлэн болсон байна. Мөн нэгдсэн эмнэлгийн урдуур VII багийг төв замтай холбох хар замын ажил энэ сард дуусна. Ирэх жил орон сууц болон аж ахуйн нэгж, гудамж хорооллын шороон замыг хатуу хучилттай замаар холбох ажлыг хийхээр төлөвлөжээ. Тус багийн өрхийн эмнэлэг стандартын шаардлага хангахгүй, ачааллаа даахгүй нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс 2019 онд өрхийн эмнэлгийг өргөтгөж эрүүл мэндийн үйлчилгээнд иргэдээ ойртуулах зэргээр тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Сургалтын төлбөр, төсөл хөтөлбөрт хамрагдах, ажлын байртай болох зэргээр хандсан 130 хүний хүсэлт, өргөдлийн  80 орчим хувийг нь шийдвэрлэжээ. VII багт өрхийн орлого багатай айл өрх олон аж. Тиймээс 1200 өрхийн  амьжиргаанд нь тус нэмэр болж түлээ нүүрсний дэмжлэг үзүүлжээ. Мөн Цагаан сарын баяраар 500 ахмад настанд хүндэтгэл үзүүлж тавгийн идээг нь өгсөн аж. Эдгээр арга хэмжээ цаашид үргэлжлэнэ гэж Л.Төмөрбаатар ярьж байв. VII багийн шилдэг тэргүүний олон ахмад буурлуудыг Аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”, “Хөвсгөлийн од” тэмдэг болон аймгийн тэргүүний ажилтан цол тэмдэг, ИТХ-ын жуух бичиг, Засаг дарыг баярын бичгээр 50 гаруй ахмадыг шагнасан юм. Шагналыг Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Аймгийн ахмадын хорооны дарга Г.Төмөрбаатар нар гардуулан өглөө. Энэ үеэр VII багийн зарим ахмадын сэтгэгдлийг сонслоо.

Г.Сэнгээ: ОЛОН ЖИЛ АХМАДЫН БАЯРАА ХАМТДАА ТЭМДЭГЛЭЖ БАЙХЫГ ХҮСЬЕ

-Би аймгийн Холбооны газар 33 жил ажилласан. Аймгийнхаа бүх ахмадуудад баярын мэнд дэвшүүлье. Өнөөдөр аймгийнхаа ЗДТГ-ын баярын бичгээр шагнуулсандаа баяртай байна. Бидэнд хүндэтгэл үзүүлсэн  ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Ахмадын хорооны дарга Г.Төмөрбаатар нарт баярласнаа илэрхийлье. Олон жил ахмадын баяраа хамтдаа тэмдэглэж байхыг сайхан ерөөлийг нийт хүсэн ерөөе.

Ц.Нянтайсүрэн: АХМАДУУДЫН  ИДЭВХИ АМЬДРАЛДАА ИТГЭХ УРАМ СЭРГЭСЭН

-Л.Төмөрбаатар дарга жил бүхэн VII багийн ахмадуудыг хүлээж авдаг юм. Тиймдээ ч ахмадууд аравдугаар сарын 1-нийг тэсэн ядан хүлээдэг. Ялангуяа энэ жил манай аймагт ахмадын байгууллагын 30 жилийн ой болж байна. Ахмадуудад ээлтэй аймаг болох зорилт дэвшүүлсэнд баяртай байна. Ахмадуудын идэвхи урам сэргэсэн. Манай аймаг уламжлал болгон жил бүр ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг. Энэ нь бусад аймгуудад үлгэр жишээ болсон гэж боддог.

А.Цэцгээ: ИРЭХ ЖИЛЭЭС ХАШААНДАА НОГОО ТАРИХ БОДОЛТОЙ БАЙНА

-Би 45 жил Цагаан-Уул суманд  мал маллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Одоо Мөрөн сумын VII багт хүүхдүүдтэйгээ энх тунх сайхан амьдарч байна. Өнөөдөр манай багаас аймгийн ИТХ-д  сонгогдсон Л.Төмөрбаатар дарга биднийг хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаад туйлаас баяртай байна. Би зүгээр сууж чаддаггүй. Тэгээд ирэх жилээс хашаандаа ногоо тарих бодолтой байна. Хашаандаа хоёр гурван гэрээр амьдардаг болохоор хашаагаа томсгох шаардлагатай байгаа. Над шиг ийм олон ахмад манай хороонд зөндөө бий. Харин Л.Төмөрбаатар дарга энэ саналыг хүлээж аваад ирэх жил “Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих “ жил болгоно гэж байна. Иргэдийнхээ юу хүсч байгааг  мэдэрдэг даргатай байх сайхан юм. Энэ жил хүн бүхэн ахмад настанаа дэмжиж тусалж байгаад урам орж ирээдүйдээ итгэх итгэл бадарч байна.

Д.Мягмарсүрэн : СЭТГЭЛД МАРТАГДАХААРГҮЙ САЙХАН ҮЙЛ ЯВДАЛ БОЛЛОО

– Нийт ахмадууддаа олон улсын ахмадын баярын мэнд дэвшүүлье. Манай аймаг энэ жилийг ах­­мадыг дэмжих жил бол­­г­осон нь ард түмний ан­­хаарлыг бидэнд хан­дуулъя гэсэн онцгой ажил. Ялангуяа уулзаж учирч чадахгүй байгаа олон ахмадыг уулзуулж, кон­церт үзүүлэн гарын бэ­лэг өгч байгаа ИТХ-ын даргадаа баярлалаа. Сэтгэлд мартагдахааргүй сайхан үйл явдал боллоо.

Мөрөн сумын VII багийн засаг дарга Ч.Бадамцэцэг: СЭТГЭЛТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХИЙХ АЖИЛ МУНДАХГҮЙ

-Юуны өмнө  “Тэнхлүүн явахад нь тэмээгээр тусалснаас тэвдэж явахад нь тэвнээр тусал” гэсэн ардынхаа цэцэн үгийг сэтгэлдээ тээж, идэр есийн хүйтний үед зутарсан айл өрх бүрийг түлш нүүрсээр тэтгэж, өгөөмөр сайхан сэтгэл гаргасанд аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатартаа манай багийн иргэд баярлаж явдагаа илэрхийлье. Манай багаас ИТХ-ын төлөөлөгчөөр Аймгийн хурлын төлөөлөгч Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Мөрөн сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Базардамбуу, Наранбаатар Ариунаа нар сонгогдон ажиллаж байна. Багийнхаа төлөө сэтгэл зүрхээ гарган ажилладагт бид бүхэн баяртай байдаг.

н.Чогжиргаваа: ХУВИЙН ХЭВШЛИЙГ ТӨРТЭЙ ХОЛБОЖ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА

-Би эрүүл мэндийн салбарт насаараа ажилласан. Өнөөдөр Олон улсын ахмадын баярын үйл ажиллагаанд оролцож байгаад баяртай байна. Аймгийн удирдлагууддаа маш их баярлаж байна. Ахмад үеээ дээдэлж бидний үг сургааль, санал хүсэлтийг сонсож ажил хэрэг болгож байдаг Л.Төмөрбаатар даргадаа баярлалаа. Ажил үйлс нь өөдрөг байх болтугай. Өөрөө хувийн хэвшилд ажиллаж байсан хүн болохоор аймаг орон нутгийн бодлогыг хувийн хэвшилтэйгээ холбож ажил хэрэг болгож байгаад талархаж явдаг.

Л.Нарангэрэл: МАНАЙ БАРИЛГЫН АХМАДУУД МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ БАГ БАЙГУУЛСАН

-Олон Улсын ахмадын баярын уулзалтад урилгаар оролцож байгаад баяртай байна.  ИТХ-ын дарга Л.Төмөр­баатар жил бүр ах­ма­дуудаа хүлээн авч хүн­дэт­гэл үзүүлдэгт бид баяртай байдаг. Манай Л.Төмөрбаатар дарга VII ба­гаас аймгийн ИТХ-д хуралд сонгогдсон юм.Бид ба­рилгын салбарт 30 гаруй жил ажилласан ахмад ажил­т­­н­ууд. Ахмадуудын амьд­рал дажгүй, тэтгэвэр цагтаа буучихдаг болохоор санаа зовох зүйлгүй. Зарим нэг олон хүүхэдтэй хүмүүст хүнд­рэл байдаг л байх. Манай барилгын ахмадууд мэргэжлийн зөвлөн туслах баг байгуулж  бүтээн бай­гуулалтын ажилд зөвлөж ажил­ладаг.

Р.Бямбаа: ЖАРГАЛ ЗАМ НЭГДЭЛД БАРИЛГАЧИН, МАЛЧИН ЗЭРЭГ ОЛОН АЖЛЫГ ХИЙЖ БАЙЛАА

-Өнөөдөр “Аймгийн Хүндэт” тэмдэгээр шаг­нуул­сандаа баяртай байна. Хөвс­гөл аймгийнхаа нийт ахмадууд болон удирд­лагууддаа эрхэм хүндтэй шагнал олгосонд талархаж байна. Улсдаа 30 жилд ажил­ласан. Жаргал зам нэг­дэлд барилгачин, мал­чин зэрэг олон ажлыг хийж байсан. Одоо чзүгээр суухгүй л байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *