Аймгийн арслан түрүүлж, Монгол морьд өнгөлсөн төрийн наадам

7-р сарын 16, 2012 10:17 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 1133

Ардын хувьсгалын 91 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жи­лийн ойн баяр наадам өр­гөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Нар, хур тэг­шир­сэн дэлгэр зуны сард наадамчин олны сэт­гэл тэ­нүүн, бодол гэгээн дэл­хийд ганц монгол наад­маа­раа дэнж хотойлгон наадацгаалаа. “Төв цэн­гэлдэх”-ийн зү­лэг ногоон дэвжээнээ Есөн хөлт ца­гаан тугаа залан, Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлснээр наадам албан ёсоор эхэл­сэн юм. Энэ жилийн наадмын нээлт өмнөх жи­лүү­дийн­хээс онцлогтой бо­лов. “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээс улбаатай хоёр гараа хагас дугуй дээш өргөн ёслохыг төрийн ёс­логоо болгосон.Түүний дараа “Төрийн хатан эх”, Ардын жү­жиг­чин Н.Сувд цацал өргөж, гавьяат жүжигчин Б.Са­ран­туяа “Цацал” дугаараа ая дуу өргөн, төв цэнгэлдэ­хийн ногоон дэвжээнээ дөрвөн зүг найман зовхист нарны цацраг мэт зам татуулан дэвссэн даавуун дээгүүр драмын театрын жүжиг­чид хуран чуулсан наа­дамчин олондоо тө­рийн ёслогоогоороо ёслон хүн­дэтгэл үзүүлэв. Universe Best Songs наад­мын шилдэг оролцогч залуус “Цэнхэр дэлхийгээ дуулъя” хэмээх дуугаараа ард түмэндээ мэндчилэв. Энэ жил олимпийн жил тохиож буй учир Лон­доны тэнгэрт төрийн дал­баа­гаа мандуулж, эх ор­ны­хоо аз хийморийг гэ­рэл­түүлэх эрхэм зорилго өвөрт­лөөд буй тамирчид наадамчин олонд хүндэт­гэл үзүүлсэн юм. Цагаан шаргал хослолоор жигдэр­сэн тамирчиддаа наа­дамчид баяр хүр­гэн уухай хадааж байсан юм.

 

Унаач хүүхдээ дээдэлсэн “Цэнгэлийн манлай” галынхан

 

Аргамаг хурдан хүлгүүдийн алтан тоостой Хүй долоон худгийн дэнжид моринд хорхойтой монголчууд дөрвөн өдөр наадлаа. Нэг өдөр  олон морь шандас сорьж, хүчит бөхчүүд эр чадлаа гай­хуулж, мэргэн харваачид цэцээ шалгадаг болохоор   “Дэлхийд ганцхан монгол наадам” хэмээн омогшдог энэхүү  баяр наадмаар   хэний уяа өнгөтэй, хэний өргөө тохилогийг  шинж­сэн яриа дараа жилийн наадам хүртэл  яригддаг уламж­лалтай.Өнгөрсөн жилийн наадмын чимэг болж, жишиг галаар шал­гарч байсан  “Цэнгэлийн манлай” гал өнөө жил мөн л наадамчин олны анхаарлыг татаж байна.

 Хүй долоон худгийн дэнжид  монгол төрийн далбааг хамгийн өндөрт намируулсан тус  га­лынхныг холоос харахад андашгүй. Уяан дээр нь зургаан насны морьд дүүхэлзэнэ.  “Монгол Глобал” компанийн  “Цэнгэлийн манлай” галын уяач нь алдарт гоё хүрэнгийн эзэн  Монгол Улсын алдарт уяач Г.Ганбат  эрлийзтэйгээ нийлээд энэ жил найман нас уяжээ.

“Цэнгэлийн манлай” галынхны өргөө энэ жил хоёроор нэмэгдсан харагдана.  Уламжлалт монгол гэрийг орчин үеийн загвараар бүтээсэн, тав тухтай, тохилог өргөөнд халуун хоол ундаар дайлуулах зочид наадмын өнгийг хүүрнэж сууна. Том өргөөний баруун талд зочид гийчид орж сонирхохын зэрэгцээ дурсгалын зураг  ава­хуулж буй  монгол сийл­бэртэй бас нэгэн өргөө сүндэрлэх аж. Эсгий хаал­гыг сөхөн орж гарахаас эхлээд зочдын ёс занш­лын талаарх мэдлэгийг шалгах энэ өргөөнд  XIII зууны үеийн монгол­чуудын амьдарч байсан үеийг дүрслэн нум сум агссан, Чингис хааны хөргийг хоймортоо залсан нь содон. Гэрийн тооно, багана, төв хэсэгт байрлуулсан тулганаас эхлээд хийц, донж төгөлдөр аж.

“Цэнгэлийн манлай” галынхан зочид  гийчдээ уламжлалт хоолоор дайла­хаар ахлах тогоочдын багаар үйлчилж байлаа. “Монгол уламжлалыг ор­чин үеийн чиг ханд­лагатай уял­дуулж, олон түмнээ баяс­гахад өөрс­дийн хувь нэмрийг оруулах зорил­готой” хэмээн онцлох энэ уяаныхан хөдөө талд дэд бүтэц хөгжүүлж болдгийг жинхэнэ утгаар нь ийнхүү  харуулж чаджээ. Модон жорлонд хэдэн арваараа дугаарлах иргэдийн ариун цэврийн асуудлыг евро стандартын бараа бүтээгдэхүүнээр шийдэж өгснөөрөө өвөрмөц.  “Заавал төв газар биш хөдөө талд ч ариун цэврийн өрөөг ажиллуулж болно. Наадамчид Хүй долоон худагт зөвхөн морь уралдахыг харчихаад буцах биш,  эрүүл, аюулгүй нөхцөлд амарч цэнгэх боломжтой  гэдгийг харуулсан нь энэ. Жилээс жилд галынхаа өнгө үзэм­жийг нэмж, өргөжүүлж, иргэдийнхээ тав тухыг хангаж болох бүхий л боломжийг бий болгохыг хичээн ажиллаж байна” хэмээн ярьсан  галын тэргүүн О.Отгон­баатар хамт олныхоо өмнөөс  өөрийн төрсөн нутаг Зав­хан нутгийнхан, наадам­чин олондоо  бая­рын мэнд­чилгээ дэвшүүлж байлаа.

“Айргийн тавд хурдалсан морьдын унаач хүүхдийг нэг сая төгрөгөөр байлна” гэсэн явган яриа наадмын өмнөхөн олны  дунд нисч  байсан. Тэгвэл ийнхүү амласан  “Монгол Глобал” компанийн  “Цэн­гэлийн манлай” уяаныхан амласанаа биелүүлж  зургаан насны айргийн тавд ирсэн морьдын унаач 30 хүүхдийг “Уяачдын наадам”-ын үеэр нэг сая төгрөгийн үнэ бүхий алтан гулдмай буюу Чингисийн алтан гэрэгээр  байлсан юм. Хүний эрх, эрх чөлөө  гэж бид их ярьдаг бол унаач хүүхдийн аюулгүй байдлыг анхаарах ёстой. Хүүхэд бол бидний ирээдүй. Хүүхдүүд хэчнээн өнгөлөг байна, Монголын ирээдүй тийм  гэгээлэг  байна хэмээн   тус галынхан ийнхүү санаачилга гаргажээ.  Барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал, барилгын материалын импорт зэрэг олон салбарт тэргүүлж яваа “Монгол Глобал” компанийн захирал Б.Ганбаяр энэ талаар “Ирээдүй хойчдоо оруулж буй хувь нэмэр” хэмээн онцолсон юм. Тэрээр “Монголчууд бид морины тухай л ярихаас биш хүүхдээ анхаарах нь бага явж ирсэн. Телевизээр уяачид алдар, цолоо  дуудуулаад байхаас биш унаач хүүхдийн тухай дурсдаггүй. Энэ санаач­лагыг манай  уяачид дэмжиж, үлгэр дууриал авах байх” хэмээн ярьж байна. Олон зүйлээр ши­нэ­лэг, санаачлагч, ман­лайлагч тус галын­хантай  хурдан морины уралдаа­ныг цаашид хэрхэн хөг­жүүлэх тухай сонирхолтой санал дэв­шүүлж байгаа юм билээ. Энэ тухай да­раа­гийн ду­гаарт  асуудал дэвшүүлсэн нийтлэлийн хамт хүргэх учраас “Цэн­гэлийн манлай” галынх­ны тухай сурвалжлагаа ийнхүү өндөрлүүллээ.

 

Б.Улсбаяр:Найзууд аа, бүсийн наадмаар  уулзаж  сайхан давхия

 

Унаач хүүхдүүд тэр болгон ярилцлага өгдөггүй ч манай сурвалжлах баг жаахан бор хүүг онцолсон нь Сүхбаатар аймгийн Асгат сумаас ирсэн 13 настай Б.Улсбаяр  байсан юм.

-Сайхан наадаж байна уу. Хэд дэх жилдээ морь унаж байна?

-Энэ жил наадам сайхан болж байна. Би энэ жил 13 настай. Долоон настайгаасаа эхэлж морь унасан. Улсын наадамд хоёр дахь жилдээ уралдаж байна. Энэ наадамд  нэг насны морь уналаа. Сумандаа зургаан насны морь унасан.

-Хэдэн айраг, түрүү авч байв?

-Улсын наадамд дөрвөн  айраг,  гурван түрүү авч байсан.

-Хурдан морь унаж уралдахад  юу анхаарах ёстой вэ?

-Хоёр тийшээ гуйвахгүй байх, болоогүй байхад хэт гуядахгүй байх гээд олон юм бий. Бариа хүртэл амыг нь татаж явах­гүй бол болохгүй. Уяа­чийнхаа захиж хэлснийг сайн биелүүлэх ёстой.

-Улсын наадам юугаараа сонин, сайхан байдаг вэ?

-Олон морь уралддаг, үзэгч олонтой  болохоор гоё. Харин зам, газрынхаа байцыг мэдэхгүй болохоор жаахан тиймэрхүү.

-Нутаг хаана вэ?

-Сүхбаатар аймгийн Асгат сумаас ирлээ.

-Танай нутгаар зуншлага сайхан уу?

-Бороо, хур ихтэй зун сайхан болж байгаа.

-Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, Зүүн бүсийн хурд гээд олон том наадам давхцаж байгаа гэсэн. Одоо тийшээ морь унахаар явах уу?

-Тэгэлгүй яахав. Нутгийнхаа наадамд очиж уралдана.

-Ингэхэд танай нут­гийн морьд яагаад хурдан байдаг юм бэ?

-Уудам тал нутаг болохоор унага байхаасаа  дахиад сурчихдаг байх.

-Унаач найзууддаа хандаж манай сониноор юу хэлэх вэ?

-Улсын наадмын да­раа болох бүсийн урал­даанаар уулзъя, сайхан  давхия.

 

Ногоо эрт идсэн морьд өнгөллөө


Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Тэнгэрлэг хүлэг” галын уяач аймгийн алдарт уяач Д.Бат-Өлзий  наадмын өнгө, ямар морьд өнгөлж байгаа талаар  ингэж ярилаа.

 

-Сайхан наадаж байна уу. Хөдөө, орон нутгаас ирсэн уяачид наадмын өнгийг хэрхэн дүгнэж байгааг танаас сонирхъё?

-Манай нутгаас зургаан уяач ирлээ. Зургаан насанд арав гаруй морь уясан. Манай Сэлэнгэ аймагт  газрын гарц сайтай, зуншлага сайхан байгаа. Бид улсын наадамд хоёр дахь жилдээ ирж байна. Өнгөрсөн жил манай морьд  дундуур сай­хан давхисан. Галаараа бол арваад морь айрагд­сан. Энэ жил манай галын морьд 30 дотор дахиж бай­на. Морьд маань давхар уяатай байгаа. Наадмын дараа  морьдоо  харж бай­гаад бүсийн наадмууд руу явна. Манай уяанд Сүх­баа­тар, Хэнтий чиглэлийн адуунууд бий. Энэ жил Хүй долоон худгийн дэнж хаана нь ч бууж болохоор газрын гарцтай, хур бороо элбэг  тоос, шороогүй, дэг журам сайтай  сайхан байгаад бид баяртай байна. Наадмын өнгийг харахад ногоо эрт идсэн  Сүх­баатар, Хэнтий чиглэлийн адуу өнгөллөө.

 

Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн Төрийн наадамд түрүүлж айрагдсан морьдын дүйз

Шүдлэн 294-250

Эзэлсэн байр

Зүс

Эзэн, уяач

Угшил, амжилт

Түрүү

Зээрд

Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, “Чандмань тал” компанийн захирал Ж.Энхболд

Өнгөрсөн жил даагандаа улсын наадмын айргийн дөрөвт хурдалсан

Аман хүзүү

Хар

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, аймгийн алдарт уяач Г.Нямцэрэн

Эх тал нь алдарт хурдан хүлэг Дахиу ногооны угшил, эцэг тал нь Дарьганга сумын адуучин Т.Одсүрэнгийн хурдан зээрд адууны төл

Айргийн гурав

Хар хээр

Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн алдарт уяач Т.Ганзориг

 

Айргийн дөрөв

Хээр

Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн алдарт уяач Б.Сүхбаатар

Өнгөрсөн жилийн аман хүзүүдсэн Б.Наранхүүгийн хээр азарганы төл, өвлийн уралдаанд тогтмол дээгүүр давхиж байсан юм

Айргийн тав

Хар халтар

Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Г.Гантөмөр

 

 

Хязаалан 270

Эзэлсэн байр

Зүс

Эзэн, уяач

Угшил, амжилт

Түрүү

Зээрд

Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Улсын алдарт уяач Г.Доржпүрэв

“Нахиу хар” гэж алдаршсан хурдан азарганы төл

Аман хүзүү

Хонгор  

Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Д.Баянбат уяач ньУлсын тод манлай уяач Д.Даваахүү

 

Айргийн гурав

Зээрд  

Завхан аймгийн Яруу сумын уугуул,  аймгийн алдарт уяач Д.Дагвадорж, уяач нь тод манлай Д.Даваахүү

 

Айргийн дөрөв

Хээр

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Н.Нямлхагва

 

Айргийн тав

Шувуухай хүрэн

Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Д.Баяраа

 

Азарга-236

Эзэлсэн байр

Зүс

Эзэн, уяач

Угшил, амжилт

Түрүү

Ембүү халзан

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч, улсын манлай уяач Д.Бат-Эрдэнэд “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү өнгөрсөн жил бэлэглэсэн

Төрийн наадамд хоёр дахиа түрүүлж байсан. Бүсийн наадамд нэг айрагдсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын малчин Н.Шинэтулгын унаган адуу

Аман хүзүү

Зээрд 

Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Ц.Бямбасүрэн

Бүсийн наадмуудад айрагдсан. Дундговийн Дэрэн сумын унаган адуу

Айргийн гурав

Соёмбо зээрд

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Улсын манлай уяач Г.Батхүүгийн соёмбо зээрдийг Нийслэлийн алдарт уяач Ц.Батболд уяжээ

“Дүнжингарав 2012”-д аман хүзүүдсэн

Айргийн дөрөв

Цагаан хул  

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, ТӨХ-ны дарга Д.Сугар

Соёолондоо Хэнтийн бүсийн наадамд айрагдсан

Айргийн тав

Хээр

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Н.Батсүхийн хээрийг Улсын алдарт уяач П.Баяраа уяжээ

Дорнод аймгийн Халхгол сумаас гаралтай,даагандаа бүсийн наадмуудад айрагдсан

Их нас 417-381

Эзэлсэн байр

Зүс

Эзэн, уяач

Угшил, амжилт

Түрүү

Хүрэн

Улсын манлай уяач “Алтай констракшн”-ийн захирал Х.Бат-Эрдэнийн хүрэн морийг улсын манлай уяач Н.Бат-Өлзий уяж хурдлуулжээ

Хэнтий аймгийн Галшарын угшилтай, 2009 онд Ламын гэгээний 370 жилийн ойн даншиг наадмын соёолонгийн уралдаанд аман хүзүүдсэн. Өмнөговь, Дорноговийн бүсийн наадамд айрагдсан

Аман хүзүү

Ембүү хул  

Гачууртын уяачдын холбооны тэргүүн, Нийслэлийн алдарт уяач Ү.Атарсайхан

 

Айргийн гурав

Сумын хүрэн

Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Баясгалан

Бүсийн наадмуудад түрүүлж байсан

Айргийн дөрөв

Хүрэн халзан

Шадар сайд М.Энхболдын хүрэн халзангийн уяа сойлгыг Нийслэлийн шилдэг уяач Н.Дашчийрэв тааруулжээ

“Дүнжингарав-2012” хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Хэнтий аймгаас гаралтай адуу, дээд угшил нь тодорхойгүй

Айргийн тав

Бор  

Улсын тод манлай уяач С.Ганхуяг

Улс, бүсэд түрүүлж байсан

 

Даага 317-251

Эзэлсэн байр

Зүс

Эзэн, уяач

Угшил, амжилт

Түрүү

Хээр халзан

Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Б.Батдэлгэр

 

Аман хүзүү

Хонгор халзан

Дундговь аймгийн Хулд сумын уугуул Ц.Ганхүү

Ховд аймгийн Цагаан-Овоо сумын малчин Н.Батсайханы унаган адуу

Айргийн гурав

Ухаа хээр

Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, улсын алдарт уяач Б.Далай

Б.Далайгийн унаган адуу

Айргийн дөрөв

Халтар

Ховд аймгийн Дөргөн сумын уугуул, “Гарьд зам” компанийн захирал Н.Батбаярын халтарыг уяач Н.Мөнхтөр уяач уяжээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын унаган адуу бүсийн наадамд түрүүлсэн

Айргийн тав

Халиун

Төв аймгийн Баян сумын уугуул П.Энхмөнх

 

 

Соёолон 273-236

Эзэлсэн байр

Зүс

Эзэн, уяач

Угшил, амжилт

Түрүү

Халтар 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, “Тавантолгой транс” компанийн захирал Х.Түмэнбаярын халтар соёолон, улсын манлай уяач А.Батсүх уяжээ

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Н.Рагчаасүрэнгийн унаган адуу, хязааландаа Дорноговийн бүсийн наадамд айрагдаж, өвлийн уралдаанд өнгөлж байсан.

Аман хүзүү

Хонгор

Улсын манлай уяач “Алтай констракшн”-ийн захирал Х.Бат-Эрдэнэ

Дорноговь аймгийн алдарт уяач Н.Саруулбуянгийн унаган адуу

Айргийн гурав

Хүрэн

Архангай аймгийн Чулуут сумын уугуул, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай

 

Айргийн дөрөв

Хонгор буурал

Сэлэнгэ аймгийн Орхон сумын уугуул, аймгийн алдарт уяач С.Ганболдын морийг Нийслэлийн алдарт уяач Ц.Цэнд-Аюуш уяжээ

Эцэг нь Орхон, эх нь Хэнтий гаралтай

Айргийн тав

Хээр   

Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул О.Мөнхтайван

Говь шанхын наадамд түрүүлсэн

Эрлийз дунд нас 62           

Эзэлсэн байр

Зүс

Эзэн, уяач

Түрүү

Зээрд  

Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул А.Ариунсайхан

Аман хүзүү

Сартай хээр

Улсын манлай уяач “Алтай констракшн”-ийн захирал Х.Бат-Эрдэнэ

Айргийн гурав

Хул

Орхон аймгийн Жаргалант сумын уугуул Ц.Буянбаатар

Айргийн дөрөв

Бор

Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Ч.Бүргэдээ

Айргийн тав

Хээр  

Дундговь аймгийн Луус сумын уугуул С.Шинэбаяр

Эрлийз дээд нас 57-44

Эзэлсэн байр

Зүс

Эзэн, уяач

Түрүү

Дөлгөөн хар   

Архангай аймгийн Их тамир сумын уугуул Г.Тэмүүлэн

Аман хүзүү

Хээр халзан

Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Б.Ганбаяр

Айргийн гурав

Хээр

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Г.Мөнхсайхан

Айргийн дөрөв

Бор

Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул “Зоос” галын уяач Д.Батбаяр

Айргийн тав

Хээр  

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул ГЕГ-ын дэд дарга Б.Цэрэнбалтав

Эрлийз бага нас

Эзэлсэн байр

Зүс

Эзэн, уяач

Түрүү

Хар бор   

Улсын манлай уяач Д.Одгэрэл

Аман хүзүү

Халтар

“Мон Уран”-ийн ахирал Б.Наранхүү

Айргийн гурав

Бор хээр

Сэлэнгэ аймгийн Мандал сцмын уугуул Н.Алдар

Айргийн дөрөв

Халиун

З.Ганбаатар

Айргийн тав

Зээрд

Ш.Лхамсүрэн

 

Ц.Хүдэрчулуун дархан мэргэн, Х.Оюунчимэг хошой мэргэн боллоо

 

Их Монгол Улс бай­гуулсны 806, Ардын хувьс­галын 91 жилийн ойн баяр наадмын салхийг Урианхай сурын   харваа­гаар хагалдаг уламж­лал­тай. Урианхай харваанд 40 гаруй харваачид цэц мэр­гэ­нээ сорьсоноос Баян-Өлгий аймгийн харваач Халх сурын Улсын мэргэн, Урианхай сурын хошой мэргэн, Буриад сурын мэргэн М.Батгэрэл 30 сумнаас 28 онож улсын наадамд хоёр дахиа түрүүл­лээ. Харин  залуу харваач Ж.Мягмар эц­сийн мөч хүртэл 30 сумнаас 28 оносон ч дүрэм ёсоор товх харваж сурын алтан шар зурхай Хошой мэргэний талд байлаа. Ийнхүү залуу харваач Ж.Мягмар II байрт орсон. 2008 оны Улсын аварга Х.Бямбажав 30 сумнаас 27 онож гуравдугаар байр эзэлсэн. Харин дөрөв, тавдугаар байрт Спортын мастер З.Нямсүрэн 30 сумнаас 27 онож дөрөвдүгээр байр, “АПУ Трейдинг” ком­панийн “Зэв Алтан түрүү” багийн гишүүн, спортын мастер Н.Баянмөнх 30 сумнаас 25 онож удаалсан. Урианхай харваа нь 40 метрээс 30 сум тавьдаг. Үндэсний баяр наадмын сурын тэмцээн Буриад сурын харваагаар үргэл­жилж, 155 харваач цэц мэргэнээ сорьсон уг тэм­цээнд Буриад сурын хар­ваа­ны мэргэн, Спортын мастер  О.Сүхбаатар түрүүллээ.

О.Сүхбаатар буриад харвааны дүрмийн дагуу 64 сум тавьж, 59 оносон. Хоёрдугаар байрт “Мон-Уран” компанийн харваач З.Нямсүрэн 56 оноо, гуравдугаар байрт харваач Б.Батбаатар 53 оноо­той­гоор тус тус шалгар­лаа. О.Сүхбаатар мэргэ­ний хувьд өнгөрсөн жи­лийн наадмын Халх сурын харваанд спортын мастерын болзол хангасан, 40 настайгаасаа хойш зургаан жил сураар хичээллэж байгаа юм. Харин баяр наадмын сүүлчийн өдөр халх сурын харваа болсон. Халх сурын харваанд 350 гаруй харваачид цэц мэргэнээ сорьсон юм. Эрэгтэй хар­ваанд Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат Баянзүрх дүүрэг, “Бурхан халдун” группийн харваач Монгол Улсын гоц мэргэн Ц.Хүдэрчулуун 40 сум­наас 39 онож, баяр наад­мын түрүүг авч Дархан мэргэн цолны болзол хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гардсан юм. Тэрээр дархан мэргэн А.Цэ­вээн гуайн хүү гэдгийг Монголын ард түмэн андахгүй биз ээ. Ийнхүү аав хүү хоёр дархан мэргэн боллоо. Халх сурын эмэгтэй харваанд Хэнтий аймгийн Дадал сумын харъяат, өнгөрсөн жилийн сурын харваанд түрүүлсэн Х.Оюунчимэг түрүүгээ бататгаж Улсын гарамгай мэргэн цол хүртсэн юм. Энэ жилийн сур хар­ваанд зургаан настай балчраас 91 настай ахмад харваач гарамгай мэргэн А.Цэвээн оролцсон нь наадамчдыг өөрийн эрхгүй уухайлахад хүргэсэн.

 

Хамгийн цэвэрхэн галаар “Аварга зээрд” тодорлоо

 

Хурдан морины урал­даанд хэний морь түрүүлж, айрагдсанаас эхлээд олон мэдээлэл цэнхэр дэлгэцээр  уншигчдад шууд хүрдэг учраас  бид мэдээллийг өөр өнцгөөс хүргэх  зорилгоор уяачдын галуудыг сурвалжилсан юм. Түүний нэг нь бидний “Хамгийн цэвэрхэн гал”-аар тодруулсан Монгол Улсын манлай уяач, УИХ-ын гишүүн Ч.Улаан тэргүүтэй “Аварга зээрд” галынхан байлаа. Тэдний галыг хайж, нөгөөтэйгүүр машин явуулахгүй гэсэн  наадмын журмаас шалтгаалан  Хүй долоон худгийн дэнжийг явган бэдэрч нэлээд олон км замыг туулав. Замдаа  тус, тусын таамгийг  дэвшүүлж байлаа. Гэрэл зургийн сурвал­жлагч маань  Ч.Улаан гишүүн өөрөө цэмцгэр хүн учраас хам­гийн цэвэрхэн гал тэднийх байгаа”  гэсэн бол зарим нь  “Монгол ёс, заншлыг ихээхэн  дээдэлдэг хүн  учраас нэлээд  дэг журамтай гал байх ёстой” гэж байна. Ингээд хүмүүсээс  асуулт­гүй гэж үзэн өөрсдөө  хайсаар Хүй долоон худгийн дэнжид нэлээд хойгуур буусан гурван гэрийг онилж очсон нь оносон байв. Машины зогсоолыг гэрүүдийн хойно байрлуулсан бол  уяагаа нэлээд хол байхаар тооцсон нь илт. Гэрийн үүд орчим цэлгэр харагдана. Биднийг очиход гадаа  зассан ширээний ард галынхан сууцгааж, Ч.Улаан гишүүн хүүхэд, багачуудад гарын бэлэг тарааж байв. Биднийг зоч­ны ёсоор угтаж, наадмын хуушуураар дайлсан тус галынхан  бүсийн наадамд уясан хурдан хүлгүүдтэйгээ нийлээд төрийнхөө их наадамд зургаан  насны морь уяж хийморио сэргээж байгаа аж.  Энэ галд Ч.Улаан гишүүнээс гадна түүний  найз,  уяач н.Хийморьсан байдаг юм байна. Тус га­лын морьд их төлөв Сүх­баатар аймгаас угшилтай, мөн н.Хийморьсан уяач  Увс нутгийнх учраас Тэсийн голын унаган хүлгүүд олон юм. Галынхан гол төлөв монгол адуугаараа уралддаг уламжлалтай.  Энэ жилийн наадмын өнгийн тухай Монгол Улсын манлай уяач, УИХ-ын гишүүн Ч.Улаанаас сэтгэгдлийг нь асуухад  “Дэлхий дэлэгнэсэн сай­хан наадам болж байна. Энэ жил морь уралдахад ихээхэн тохиромжтой тоос, шороо бага, газар нь зөөлөн, морины хоол, унд зохимжтой байлаа. Морьдын хурд ч их өндөр байна. Газар, газрын хурдан буян наадамд ирж тоосоо өргөж байгааг харах сайхан байна” гэсэн юм. Мөн морин спортыг цаашид хэрхэн хөгжүүлэх тухай  бид  зорилтот нийтлэл, сурвалжлага бэлтгэж байгаагаа ярьж, ямар байр суурьтайг нь асуухаа  ч мартсангүй.  Уламжлал, шинэчлэлийг хэрхэн уялдуулж морин спортыг хэрхэн хөгжүүлэх тухай түүний яриаг уншигч танаа дараагийн дугаарт хүргэх болно.

 

Од нь гийсэн арсланг хэн ч дийлсэнгүй

Энэ жилийн улсын наадам сайхан боллоо гэж түмнээрээ хэлэлцэж байна. Тэр дотроо бөхийн хувьд бүр ч сонирхолтой байсан. Монгол бөхийн түүхнээ олон тохиолдоогүй тийм сайхан барилдааныг үзсэн наадамчид дараа жилийн наадам хүртэл ярих, бахар­хах юмтай үлдэв. Тэр нь Увс аймгийн Давст сумын харъяат бөх, айм­гийн арслан П.Бүрэн­төгс гэдэг од нь гийсэн залуу дөрвийн даваад нутгийн­хаа бөх, өнгөрсөн жилийн наадмын түрүү, аварга С.Мөнхбатыг өвдөг шо­роодуулснаас хойш учраа бүхнээ хял­бархан орхи­соор түрүүлсэн явдал байлаа.

Аймгийн цолтой бөх улсын баяр наадамд тү­рүүлж шууд Улсын арслан цолд хүрсэн тохиолдол бидний үеийхний мэдэх маш цөөн. Дархан аварга Б.Түвдэндорж, аварга Ж.Бат­суурь, арслан Д.Ор­годол нар л ийм амжилтын эзэн болсон байдаг. Түүнээс 60-аад жилийн дараа П.Бүрэнтөгс уг түүхийг давтав. Үнэхээр гоц амжилт гэж хэлж болох юм энэ л дээ.

Улсын начин, харцага, заан, гарьд гэсэн дөрвөн цолыг алгасч, өөрөөр хэлбэл нэг наадамд таван цол авсан гэдэг басхүү бөхийн түүхийг баяжуул­сан үйл явдал. Мөн Увсын бөхчүүд сүүлийн гурван жилийн наадмыг авлаа. Ийнхүү шинэ арслан тө­рөв. Үзүүр бөх улсын заан Д.Рагчаа найман даваагаар цолоо ахиулж гарьд болов.

Мөн Өвөрхангайн харъяат, аймгийн арслан Т.Санчир зургаа давж ул­сын харцага, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харъяат Ж.Амартүвшин, Архангайн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва, Ховд аймгийн Чандман сумын харъяат Б.Пү­рэвсайхан, Өвөрхангай аймгийн Б.Сугаржаргал нарын аймгийн цолтнууд Улсын начин цол хүртлээ.

Даян аварга Г.Өсөх­баяр, аварга С.Мөнхбат нар дөрвийн даваанд унас­ны дараа  наадамчдын дунд ямар ч гэсэн шинэ аваргатай наадам болох нь гэлцгээх нь гэсэн яриа  дуулдаж байв. Энэ нь өнгөрсөн жилийн наадмын учуур бөх, Улсын арслан Г.Эрхэмбаяр, арслан Х.Мөнхбаатар, Б.Ганбат нарын хэн нэг нь түрүүлж аварга болно доо гэсэн таамаг байлаа. Гэтэл С.Эрхбаяр түрүү бөх П.Бү­рэнтөгст, Х.Мөнхбаатар энэ наадмын үзүүр бөх Д.Рагчаад, Б.Ганбат шинээр харцага болсон Т.Санчир өвдөг шороодож тэр таамгийг төөрүүлсэн юм.Тиймээ. Энэ жилийн наадмын бөх үзүүштэй, хожлоосоо дахин  дахин яриуштай тун сайхан бол­лоо. Жил жилийн наадмын сонин дараа жилийн наа­дам хүртэл шив шинэхэн хэвээрээ байдаг билээ.

Шинэ цолтнууд ярьж байна

Өвөрхангай аймгийн ХарХорин сумын харъяат Монгол Улсын харцага T.Санчир

-Харцага цол хүртсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Баяртай байна. 2010 онд начин цол хүртэж байсан. Хүчтэй хоёр арслангуудыг дараалан хаяж харцага цол хүртлээ.

-Хамгийн хүнд давааг нэрлэвэл?

-Дөрвийн даваанд оноолтоор Ө.Даваабаатартай барилдахад маш их хүч гаргасан.

-Шинэ цолны төлөө барилдахад биеэ бариагүй юу?

-Начин цолоо баталсан болохоор зоригтой барилдъя гэж бодсон. Харцага цол хүрсэндээ баяртай байна.

 

Төрийн баяр наадамд дөрвөн удаа дөрөв давж Монгол Улсын начин цол хүртсэн Говь-Алтай аймгийн Бигэр сумын харъяат аймгийн арслан Ж.Амартүвшиний сэтгэгдлийг хүргэе.

-Бигэр сумаас жил дараалан начин цолтон төрлөө. Баяраа хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Өнгөрсөн түүхт ойн наадамд манай сумаас Аймгийн арслан Багахүү начин цол хүртсэн. Бид хоёр бөхийн спортоор хичээллээд олон жил болж байна.

-Наадамд хэд дэх жилдээ барилдаад начин цол хүртэв?

-Наадмын зүлэг ногоон дэвжээнд найм дахь жилдээ барилдаад цолтны эгнээнд багтлаа.

 

Архангай аймгийн Эрдэнэ булган сумын харъяат “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын начин Р.Пүрэвдагва:

-Улсын начин цол хүртэхийн тулд хичнээн жил хөдөлмөрлсөн бэ?

-Хүүхэд байхаасаа хичээллэж улсын цолонд хүрэх хүртэл арав гаруй жил хөдөлмөрлөсөн.

-Хэд дэх жилдээ наадамд зодоглож байна?

-Улсын наадамд гурав дахь жилдээ барилдаж байна.

-Начин хэмээх улсын эхний цолыг хүртлээ цаашид цолоо ахиулна байх

-Тэгэлгүй яахав. Үндэсний бөхийг гэр гэж үзвэл би дөнгөж хаалгаар нь орж байгаа юм. Хойморт нь залархын тулд хичээх болно.

-Зургаа давчих боломж байсангүй юу?

-Харцага цолны даваанд нутгийн ах Д.Рагчаа заантай таарсан. Хэрэв Д.Рагчаа ахаас өөр хэн нэгэн таарсан бол яах ч байсан юм билээ. Аз жаахан дутлаа. Гэхдээ ах маань сайхан барилдаж цолоо ахиулсанд баяртай байна.

 

Өвөрхангай аймгийн ХарХорин сумын харъяат “Хилчин” спорт хорооны бөх, улсын начин Б.Сугаржаргал:

-Үндэсний бөхөөр богино хугацаанд хичээллэж начин цол хүртлээ. Дөрвийн давааг эргэн дурсахгүй юу?

-Хамгийн сайхан даваа тэр. Өсөхөө аваргыг хаяснаар тавын даваанд заан Б.Соронзонболдтой барилдахад айж эмээх явдалгүй сайхан барилдсан.

-Та дараагийн даваанд Г.Эрхэмбаяр арслантай анхааралгүй барилдчих шиг болсон.

-Тийм ээ. Цол аваад ханачихсан. Мөн харцага цолны барилдаанд хэт хичээсэн боловч анхаарлаа сайн төвлөрүүлж чадаагүй.

-Та бас залуу начны даагыг хөтөллөө, ямар байна?

-Уг нь П.Бүрэнтөгс даага хөтлөх байсан. Гэвч тэр цолоо ахиулж, надад даага хөтлөх хувь оногдсон. Баяртай байна.

 

М.Баттулга: Эмэгтэй хүн шагай харваж байсан түүх үгүй

 

Шагайн харваанд 42 багийн 350 тамирчин өрсөлдсөн. Орхон аймгийн Хангарьд  клубын тамирчин Улсын дэд мэргэн М.Баттулгатай ярилцлаа.

-Энэ жилийн наадам нар хур тэгширсэн сайхан болж байна. Таны хувьд шагайн харваагаар улсын баяр наадамдаа хэд дэх удаагаа оролцож байна вэ?

Шагайн харваагаар хичээллээд 23 жил болж байна. Улсын наадамд дөрөв дэх удаагаа оролцож манай баг одоогоор шөв­гийн зургаан багт шалгараад байна.

-Жил болгоны наадам өөр өөрийн өнгө аяс онцлогтой байдаг. Энэ жилийн хувьд наадмын өнгө ямар байна?

Энэ жилийн наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Тэр дундаа шагайн харваагаар өрсөлддөг багууд, тамирчид олон болжээ. Тийм учраас маш өрсөлдөөнтэй тоглолтууд өрнөж байна.

-Танай удамд шагайн харваагаар хичээллэдэг хүн байдаг уу. Яагаад энэ спортоор хичээллэх болов?

Манай аав шагай харвадаг хүн байсан. Гэрт аавын хэрэглэдэг шагайн харвааны багаж хэрэгс­лүүд байдаг байлаа. Анх сонирхон харваж үзээд оносон. Түүнд урамшаад  хичээллэж эхэлсэн. Гэх­дээ миний хувьд нэлээд сүүлд 32 наснаасаа шагай харвасан.

-Шагай харваж байгаа хүмүүсийг харахаар дандаа л эрэгтэй хүмүүс байх юм. Эмэгтэй хүн шагай харвадаггүй юм уу?

Тийм ээ. Манай аймагт байдаггүй. Говь тал руугаа байдаг гэж сонс­­сон. Гэхдээ би ха­раагүй. Ер нь бол  эмэгтэй хүн шагай харваж байсан түүх байхгүй.

 


Их Монгол улсын 806, Ардын хувьсгалын түүхт 91 жилийн баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Энэ жилийн наадам нар хур нь тэгширсэн сайхан наадам боллоо хэмээн наадамчин олон сэтгэл өндөр байв. XIII зууны үеэс гаралтай шагайн харваанд энэ жил 42 ба­гийн 350 тамирчин ав­хаалж самбаа, онч мэр­гэнээ шалган өрсөлдсөн юм. Шөвгийн зургаад аймгийн гоц мэргэн  М.Дорж­сүрэн ахлагчтай Өмнөговь аймгийн Оюутолгойн баг, улсын мэргэн Ө.Тогоо ахлагчтай Орхон аймгийн Хангарьд баг, үлэмж дар­хан мэргэн  С.Ямааранз ахлагчтай “АПУ” компанийн баг, гарам­гай мэргэн А.Ши­жир­болд ахлагчтай “Гарьд тур” ХХК-ийн баг, айм­гийн гоц мэргэн С.Бат-Эрдэнэ ахлагчтай Өмнөговь аймгийн Овоо­гийн говь баг, үлэмж дархан Х.Батбаатар ахлагчтай “ЮУ ЭМ БИ” багууд шалгарлаа. Үүнээс Өмнөговь аймгийн М.Дорж­сүрэн ахлагчтай Оюу толгойн баг нэгдүгээр байр, А.Шижирболд ахлагчтай Улаанбаатар хотын “Гарьд тур” баг хоёр дугаар байр, Х.Батбаатар ахлагчтай “ЮУ ЭМ БИ” баг гурав дугаар байр эзэлж наадамчин олныг баясгасан юм.  

 

Бэлтгэсэн: Наадмыг сурвалжлах хэсэг    

 

 

 

Нийт: 7 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Prix Du Viagra Ou Autre Buy Propecia Side Effects To Amoxicillin In Toddlers

Kelgrorge
2017 оны 7-р сарын 1

Viagra Efectos Prolongados viagra cialis Achat Cialis En Europe

Kelgrorge
2017 оны 7-р сарын 3

Purchase Stendra online pharmacy Buy Doxycycline Online Canada

Chasadvito
2017 оны 8-р сарын 25

Viagra Pas Cher Paris cheap cialis Priligy Generico Mexico

Kelgrorge
2017 оны 8-р сарын 25

Propecia Insulina cialis Levitra Selbsthilfe

EveDalo
2018 оны 2-р сарын 23

Conseil Pour Acheter Du Cialis Doxycycline Drugs Cialis Crea Dependencia cialis Priligy Farmacias Guadalajara

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Zithromax Oral Suspension cialis 20mg for sale Teva Usa Ingredients For Amoxicillin 500mg Prescription Tadalis Sx Soft

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *