Агаарын бохирдлын асуудлыг шийдэх боломж

2-р сарын 15, 2017 9:34 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 12
dbca27f9b7e9dc6eoriginal

 


16754226_1736479866681141_781349509_nБ.ЭРДЭНЭБИЛЭГ

Сэргээгдэх эрчим хүч гэсэн ойлголт шинэ зүйл байхаа больж аль ч орны амьдрал, эдийн засагт нэвтрээд эхэлчихсэн, өнөөдрийн байдлаар хүн бүр ямар нэгэн ойлголттой болоод байгаа билээ. Бидний хэрэглэж ирсэн уламжлалт эрчим хүчний үүсвэрүүд болох нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг нь өдгөө дэлхийн дулаарал, агаарын бохирдлын гол шалтгаан болсон, мөн шавхагддаг нөөц гэдэг утгаараа улам бүр хэрэглээ нь хязгаарлагдах, үгүйдээ л хязгаарлахыг ихээр хичээх болсон энэ үед сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хүн төрөлхтөн зогсоо зайгүй хайж, хөгжүүлж байна. Энэ талаар өдийд бас ч чамгүй ажил хийгдэж байгаа ба зарим томоохон улс гүрнүүдийн эрчим хүчний үйлдвэрлэлд дийлэнх хувийг эзэлж амжаагүй байгаа ч нар, салхи, далайн давалгаанаас цэвэр эрчим хүчийг хэдийнэ олон арван тераватт-аар нь гарган авч байгааг харж болно.

Монгол орон нар, салхи, ус гэх мэт сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Манай хөдөөгийн ард иргэд лаанаасаа салаад гэрэлтэй, мэдээлэлтэй болсон нь үнэхээр том дэвшил.

Манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчээ ашиглах зорилт тавин ажиллаж чамгүй амжилт олж байгаагаас харвал Салхитын 50 мегаваттын цахилгаан станц, ашиглалтад оруулсан болон шинээр барихаар төлөвлөж байгаа усан цахилгаан станцууд байгаагаас гадна иргэдийн цахилгааны нэг киловаттын төлбөр тутмаас дөрвөн төгрөгийг хураан авч байдаг Сэргээгдэх Эрчим Хүчийг дэмжих Сан ч юм уу, эсвэл Газар гэж байгууллага хүртэл бий болжээ.

Дархан хотод нарны цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулсныг мэдээллийн хэрэгслээр харлаа. Мөн шинэ Засгийн газар утаатай тэмцэх талаар шийдвэртэй арга хэмжээ авахаар зорьж байгаагаа мэдэгдэж байгаа тул энд сэргээгдэх эрчим хүчний олон эх үүсвэрээс онцолж нарны эрчим хүчийг гарган авах, хэрэглэх боломжийн талаар ярих гэсэн юм.

Ганцхан цагт нарнаас манай гаригт ирж буй эрчим хүч нь хүн төрөлхтний бүтэн жилд үйлдвэрлэж байгаа нийт эрчим хүчнээс их  байдаг байна! Үнэгүй, цэвэр эрчим хүч!

Ингээд нарны эрчим хүчийг үйлдвэрлэн гаргах талаар товч тооцоо хийгээд үзье.

Нарнаас дэлхий дээр ирж байгаа эрчим хүч нэг ам метр талбайд цагт 1000 ватт буюу нэг киловатт байдгийг эрдэмтдийн судалгаагаар тогтоожээ. (1m2 = 1 000 w = 1 kW).

Манай оронд ойролцоогоор жилийн 300 өдөр нартай байдаг гэсэн судалгаа байдаг. (Дархны нарны станцынхан 285 гэсэн) Нарны эрчим хүчийг ашиглахын тулд өглөө оройн хоорондох үе буюу нарны гэрэл хамгийн хурц үеийг ашиглах ёстой. Өдрийн үргэлжлэх хугацаа зундаа урт, өвөлдөө богино учир дундажлаад хамгийн их эрчим хүч авч болох хугацааг өдөрт 5 цаг гэж бодъё. Тэгвэл нэг ам метр талбайтай нарны хавтан өдөрт 5 киловатт эрчим хүч хүлээн авах болно.

Гэвч бид тэрхүү 5 кВт эрчим хүчийг бүгдийг нь хэрэглэж чадахгүй. Яагаад гэвэл ямар ч эрчим хүчийг нэг хэлбэрээс нөгөөд хувиргахад тодорхой алдагдал гардаг байна. Өнөөгийн байдлаар амьдралд нэгэнт түгээмэл хэрэглэгдэж байгаа хавтангуудын ашигт үйлийн коэффициент 15  хувьтай байна. Энэ нь тодорхой талбайд ирж буй нарны эрчим хүчний 15 хувийг л бид цахилгаан эрчим хүч болгон “хурааж авна” гэсэн үг. Тэгэхлээр нарны гэрлийн эрчим хүчийг цахилгаан эрчим хүч болгон хувиргаж байгаа нарны хавтангуудын ашигт үйлийн коэффициентийг аль болох өндөр хувьтай болгох зорилт тулгарч байна.

Сүүлийн үед энэхүү ашигт үйлийн коэфициентыг 46 хувьд хүргэсэн тухай шуугиж байна. Онолын хувьд бүр илүү байх боломжтой гэнэ. Мөн хамгийн өргөн хэрэглэгдэж буй цахиурын моно эсвэл поликристал хавтангийн хүчин чадал хорь гаран хувьтай байх боломжтой юм байна. Иймээс энэ төрлийн нээлтүүд олширч байгаа, технологи байнга сайжирч байгаа, үйлдвэрлэл ихээхэн хурдацтай нэмэгдэж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, бас тооцоолоход хялбарыг бодож тооцоогоо 20 хувьтай байхаар бодож хийе.

Өдөрт нэг ам метр хавтан 5 кВт эрчим хүч хүлээн авах ба үүний 20 хувь нь нэг киловатт болох юм. Улаанбаатар хотын гэр хороололд байгаа ямар ч айлын хашаанд байшингийн дээвэр, зарим сул газрыг ашиглавал хааш хаашаа 10 м буюу 100м2 талбай гарах байх. Тэгээд 100м2 талбайтай нарны хавтан суурилуулсан гэж үзвэл өдөрт 100кВт цахилгаан эрчим хүч гарган авах нь байна. Энэ нь ойролцоогоор нэг сар буюу 25 өдөрт 2500кВт, нэг жилд буюу ойролцоогоор 300 өдөрт 30 000кВт болох юм. Мянган киловатт нь нэг мегаватт учир энэ нь 30 мегаватт болно. Албан байгууллагуудад бүр ч их талбай бий.

Нэг зуун ам метр хэмжээнд хийсэн тооцоо ийм байгаа ба улс, хот, дүүргийн хэмжээнд хөрөнгө оруулалтыг нь шийдээд нэг га газарт суурилуулвал: 1 гектар = 10 000 м2 буюу өдөрт 10 000кВт эсвэл 10 мегаватт болж байна. Энэ нь сард 250 мегаватт, жилд 3 000 мегаватт эсвэл 3 гигаватт эрчим хүч юм. (1000 мегаватт = 1 гигаватт)

Өнөөдрийн Монгол Улсын цахилгаан станцуудын хүчин чадал нийтдээ нэг гигаватт орчим байгааг бодоход ганцхан га талбайтай тоног төхөөрөмжөөс гарган авч болох эрчим хүчний хэмжээ огт чамлахааргүй байна. Цаашлаад нэг ам километр талбайн нарны хавтангийн үйлдвэрлэх эрчим хүчний тооцоог хийвэл:

Өдөрт: 1км2 = 1 000 000 м2 буюу 1 000 000 кВт=1 000 мегаватт эсвэл 1 гигаватт эрчим хүч.

Сард: 25 000 000 кВт = 25 000 мегаватт эсвэл 25 гигаватт.

Жилд: 300 000 000 кВт буюу 300 гигаватт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой байна.

Тэгвэл одоо 100 ам километрт суурилуулвал ямар дүн гарахыг тооцоолж үзье. Манай орон нэг сая таван зуун мянган ам километр нутагтай. Эндээс хааш хаашаа зуун километр талбай нэг биш гаргаж болно. Хариу нь ганцхан өдөрт 10 000 000 000 кВт буюу 10 тераватт эрчим хүч гэж гарч байна!

Нарны тоног төхөөрөмжийн үнэ ихээхэн буурч байгаа, мөн өөрийн өртгөө нөхөх хугацаа ихээхэн богиноссон, ашиглалтын хугацаа уртасч (25-50 жил) байгаа тухай мэдээ захаас аваад тааралдаж байна.

Нэг айлын гэж болох 100м2 талбайтай төхөөрөмж жилд 30 000кВт эрчим хүч үйлдвэрлэх чадалтайг дээр дурьдсан. Тэгвэл манайх 100м2 талбайтай амины орон сууцанд амьдардаг бөгөөд галлагаагүй, цахилгаан халаагууртай айл. Цахилгааны төлбөр өвлийн ид хүйтэнд өндөр, хавар намартаа харьцангүй гайгүй, зундаа бага гарна. Улаанбаатар цахилгаан түгээх  сүлжээний www.my.tog.mn сайтаар орж өөрийн хэрэглээг харахад өнгөрсөн 12 сарын (2015.11-2016.10) хугацаанд 21 739кВт эрчим хүч хэрэглэжээ.

Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчин эмгэг ихэсч ард иргэд бухимдан жагсах цуглахдаа тулаад байгаа энэ үед Засгийн Газарт энэ асуудлыг бүрэн шийдэх боломж байгааг энэхүү тооцоо харуулж байна.

Эх сурвал: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *