Афган эмэгтэйчүүд “Ёс суртахуун”-ы хэргээр хоригдсоор байна

5-р сарын 23, 2013 9:40 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 525
Афганистанд “ёс суртахуун”-ы хэргээр шоронд хоригдож буй эмэгтэйчүүд, охидын тоо сүүлийн хагас жилд 50 хувиар нэмэгдлээ хэмээн хүний эрхийн Human Rights Watch (HRW) байгууллагаас мэдэгдлээ. ­­­­­

Н.МӨНХЖИН

 

Афганистанд “ёс суртахуун”-ы хэргээр шоронд хоригдож буй эмэгтэйчүүд, охидын тоо сүүлийн хагас жилд 50 хувиар нэмэгдлээ хэмээн хүний эрхийн Human Rights Watch (HRW) байгууллагаас мэдэгдлээ. ­­­­­

Афганы Дотоод явдлын яамны тоо баримтаас үзвэл, 2012 онд “ёс суртахуун”-ы хэмээх хэргээр 400 орчим эмэгтэй шоронгийн хаалга татжээ. энэ оны тавдугаар сарын байдлаар энэ тоо 600-д хүрсэн нь түгшүүр дагуулж байна хэмээн HRW сануулав. Афганистаны шүүх гэрээсээ зугтаах, гэр бүлээс гадуур сексийн харилцаатай байхыг “ёс суртахуун”-ы хэрэг хэмээн үздэг аж. Үүнээс гадна, 2011 оны аравдугаар сараас хойш өөр янз бүрийн хэргээр шорон болон хүүхдийн засан хүмүүжүүлэх төвд хоригдсон эмэгтэйчүүдийн тоо 30 хувиар нэмэгджээ. ­­­­­­­­

“Талибуудын Засгийн газар нурж унаад 12 жил, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хууль батлагдаад дөрвөн жил өнгөрч байхад эмэгтэйчүүд хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, албадсан гэрлэлтийн золиос болж шоронд орсоор байна” хэмээн HRW байгууллагын Азийн салбарын захирал Брэд Адамс ярилаа. ­­­­­­­­­­­­­­

2012 онд Афганистан дахь шоронд хоригдож буй охидын 95 хувь, эмэгтэйчүүдийн 50 хувь нь гэрээсээ зугтаасан, гэр бүлээс гадуур сексийн харилцаа тогтоосон зэрэг “ёс суртахуун”-ы хэргээр ял эдэлж байгааг хүний эрхийг хамгаалагчид онцолж байна. ­­­­

“Зина” буюу гэр бүлээс гадуур сексийн харилцаа тогтоох “гэмт хэрэг” нь Азийн энэхүү оронд 15 хүртэлх жилийн ялтай байдаг. Хүчирхийлэлд өртсөн, эсвэл бусдын албадлагад орж биеэ үнэлсэн эмэгтэйчүүдийг энэ хуулиар шийтгэж орхидог аж. Ийм хэрэгт буруутгагдсан охид, эмэгтэйчүүдийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр онгон ариун эсэхийг нь шалгаж байна хэмээн хүчирхийллийн золиос болгож, хорьж шийтгэдэг байна. ­­­­­­­­­­

Хүний эрхийн байгууллагын үзэж буйгаар, афган охид, эмэгтэйчүүд албадсан болон насанд хүрээгүй гэрлэлт, гэр бүлийн хүчирхийллээс зугтаах нь нэмэгдсээр байгаа юм. 12 жилийн өмнө талибууд эрх мэдлээс зайлуулагдсанаас хойш Афганистанд эмэгтэйчүүдийн байдал сайжирсан. Тэр тусмаа боловсрол, хөдөлмөр эрхлэлт зэрэг дээр байдал харьцангуй сайжирсан ч өөр олон талбарт хавчин гадуурхагдсан хэвээр байгаа юм. ­­­­­

Өнгөрсөн долоо хоногт Афганистаны парламент эмэгтэйчүүдийн хүчир­хийл­лийн эсрэг бас нэг хуулийг хэлэлцсэн ч кон­серватив улстөрчдийн эсэр­гүүцлийн улмаас ба­талж чадсангүй. Гэрлэл­тийн хууль ёсны насыг 16-гаас дээш тогтоох, хүчир­хийллийн золиос болсон эмэгтэйчүүдэд зориулсан хүлээн авах төв байгуулах зэргийг хэт хуучинсаг улс­төрчид лал шашны эсрэг зүйл хэмээн эсэргүүцсэн аж. Афганистаны Хүний эрхийн хараат бус ко­миссын мэдээллээр, 2012 оны гурваас аравдугаар сард тус улсад дөрвөн мянга гаруй эмэгтэй хү­чир­хийллийн золиос бол­жээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 28 хувиар нэмэгдсэн үзүү­лэлт юм. 2014 онд НАТО-гийн цэрэг улс орныг ор­хин гарахад афган эмэг­тэйчүүдийн байдал улам дордоно хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *