Афган дахь эмнэлгийг АНУ бөмбөгдлөө

10-р сарын 5, 2015 10:40 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 38
10-5-7

Н.МӨНХЖИН

Афганистаны Кундуз дахь эмнэлгийг бөмбөгдсөнийг олон улсын хүмүүнлэгийн “Хил хязгааргүй эмч нар” байгууллага хатуу шүүмжиллээ. Үүний улмаас 12 ажилтан, долоон өвчтөн амиа алдсан юм. Долоон өвчтөний гурав нь хүүхэд байсан хэмээн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагаас мэдэгдэв.

АНУ-ын нисэх хүчний онгоцууд аравдугаар сарын 3-ны үүрийн 02:08-03:15 цагийн хооронд (орон нутгийн цагаар) Кундуз дахь эмнэлгийг 15 минут тутамд агаараас довтолж бөмбөгдсөн аж. Агаарын дайралтын үр дагавар, хохирлыг арилгах ажилд хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд оролцож байна. Хүнд шархдаж гэмтсэн хүмүүсийг хөрш Баглан мужийн эмнэлэгт хүргэжээ.

“Хил хязгааргүй эмч нар” байгууллага энэ довтолгоог хараат бус байдлаар шалгаж, буруутныг шийтгэхийг уриалав. Байгууллагын тэргүүн Меини Николаи “Агаарын довтолгоо олон улсын хууль дүрмийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг боллоо. Олон хүний амь нас аймшигтайгаар үрэгдэж байгааг дайны хохирол мэтээр хүлээж авдгийг бид хүлээн зөвшөөрөх ёсгүй” хэмээн тэрээр онцолсон байна. НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүн Афганистан дахь эмнэлэгт агаараас цохилт өгснийг буруутгаад, энэ хэргийг нарийн нягт шалгах шаардлагатай хэмээн мэдэгдэв. Эмнэлэг, эмнэлгийн ажилтнууд олон улсын хүмүүнлэгийн хууль дүрмээр хамгаалагдсан байдгийг тэрээр санууллаа. Кабул, Вашингтоны эрх баригчид Кундуз дахь эмнэлгийн яг ямар хэсэгт нь агаараас цохилт өгсөн талаар мэдээлэл солилцоод байна.

Афганистан дахь АНУ-ын зэвсэгт хүчний ерөнхий командлагч, генерал Жон Кэмпбелл, агаарын довтолгооны улмаас Кундуз дахь эмнэлгийн зарим барилга сүйрч, олон хүний амь нас үрэгдсэнд харамсаж буйгаа улс орны Ерөнхийлөгчид илэрхийлжээ. Америк генерал Афганы ард түмэн болон лидер Ашраф Ганигаас уучлал гуйсан ч дараа нь Ерөнхийлөгчийн засаг захиргаа уучлалыг хүлээн авахаас татгалзсан байна. Вашингтоны эрх баригчид Афганы Засгийн газартай зөвшилцсөний дараа дээрх хэрэг явдлыг судлан шалгаж эхэлснийг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер дуулгалаа.

“Талибан” хөдөлгөө­ний дайчид есдүгээр сарын 28-нд Афганистаны Кундуз мужийг эзэлсэн юм. Дараагийн өдөр нь Афганы Батлан хамгаалах яам мужийг чөлөөлөх ажиллагааг эхлүүлж буйгаа зарласан билээ. Есдүгээр сарын 30-нд АНУ-ын нисэх хүчин агаарын довтолгоо явуулж 160 орчим босогчийг устгажээ. Өнөөдөр Афганистанд Америкийн арван мянга, НАТО-гийн гурван мянган цэрэг үүрэг гүйцэтгэж байна. Олон улсын хүмүүнлэгийн “Хил хязгааргүй эмч нар” байгууллага (Medecins Sans Frontieres, MSF) 1980 оноос хойш Афганистанд ажиллах болсон билээ. Нутгийн иргэдийн эмчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжтэй болгох нь тус байгууллагын зорилго юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *