“АББ” брэнд эрчим хүчний бодит хэмнэлтийг авчирдаг

11-р сарын 8, 2017 7:50 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 15
11-8-1

Ц.МЯГМАРБАЯР

АББ” группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын бизнес хөгжлийн менежер О.Оюун-Эрдэнийг энэ удаагийн “Бизнес, хөгжил” буландаа урьж ярилцлаа.

Компани бүрийн  бизнесийн эхлэл түүх сонирхолтой байдаг. Танай компанийн тухайд?

-Манай компани Швейцарийн Цюрих хотноо төвтэй эрчим хүч, автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгч технологи, инженерингийн олон улсын компани. Одоогоор дэлхийн 100 гаруй улсад үйлдвэр, салбар компанитай бөгөөд 150 мянга гаруй ажиллагсадтай, инноваци, бүтээмжийг харилцагчиддаа санал болгодог компани юм.

“АББ” Групп нь 130 гаруй жилийн түүхтэй, Швейцарийн Brown Boveri (1891) болон Швед улсаас гаралтай Asеa (1888) компаниудын нэгдэл юм. Энэ хоёр компани нь 100 гаруй жил тус тусдаа эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаад 1988 онд нэгдсэн байдаг. AББ буюу Asеa Brown Boveri Групп эндээс үүссэн. Группын жилийн дундаж борлуулалт 35-40 тэрбум ам.доллар байдаг.

Монгол Улсын эрчим хүчний салбарын үүсэл, хөгжилтэй “АББ” Групп салшгүй холбоотой гэж үзэж болох байх. “AББ”-н бүтээгдэхүүн шийдэл  Монгол Улсад анх 1932 онд нэвтэрсэн түүхтэй. Манай эрчим хүчний үүсэл нь одоогийн Төв шуудангийн хажууд “Гэрэл чийдэнгийн хороо”-г байгуулж дизель генератор суурилуулснаар эхэлж байсан юм билээ. Түүнээс 10-аад жилийн дараа анхны “Дулааны цахилгаан станц-1” гэж байгуулагдсан. Анхны станцад ирж байсан турбингенератор нь “AББ”-н буюу тухайн үедээ Браун Боверийн турбин байх жишээтэй.

1990-ээд оны дунд үеэс ДЦС-3, ДЦС-4 станцуудын турбин зуухын шинэчлэлийн ажилд тус группийн технологиудыг хэрэглээд 20 гаруй жил өнгөрчээ. Ингээд тус групп манай улсад байнгын үйл ажиллагаатай төлөөлөгчийн газрыг 2013 оны есдүгээр сард байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ жил эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байгаа. Ийнхүү түүхийн хуудас эргэсний 85 жил нь “AББ” групптэй холбоотой гэж үзэж болно.

Эртний сайхан түүхтэй компани байна. Одоо Оюутолгой компанийн ханган нийлүүлэгчээр ажилладаг гэж сонссон юм байна?

-Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа томоохон төсөл болох Оюутолгой компанийн бүтээн байгуу­лалтын ажилд “AББ” групп өөрийн брэндээрээ цахилгаан хангамжийн талд тэргүүлэн ажиллаж байна. Өндөр болон нам хүчдэл, цахилгаан хөдөлгүүр, давтамж хувиргагч, үйлдвэрийн авто­матжуулалтын чиг­лэлээр манай группийн бүтээгдэхүүн, шийд­лүүдийг сонгон ашиглаж байгаа юм. Дэлхийн хөг­жилтэй орнуудын ашигладаг дээд чанарын бүтээгдэхүүн үйлчилгээг тус компани сонгон ажиллаж байгаа нь сайн жишиг гэж боддог. Мөн Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын бүтээн бай­гуулалтын цахилгаан хан­гамжийг “AББ”-н бүтээгдэхүүнээр хийсэн. Сэргээгдэх эрчим хүчний хувьд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байгуулагдаж байгаа “Цэций” 50 мегаваттын салхин паркад ч мөн л манай компанийн бүтээгдэхүүнийг сонгож  суурилуулсан. Түүнчлэн төрийн өмчит компаниудад ч энэ группийн шийдэл болон бүтээгдэхүүнийг ашигладаг. Ихэвчлэн цахилгаан хөдөлгүүр, өндөр хүчдэлийн таслуурууд гэх мэт автомажуулалтын шийдлүүд хэрэгжсэн төслүүд байгаа. Эдгээр нь Монгол Улсын эрчим хүчний салбарт хэрэгжсэн төслүүдийн цөөн хэсэг юм.

-“АББ” брэндийн технологи, тоног тө­хөөрөмж, бүтээгдэхүүний давуу тал юу вэ?

-Бид бусад ижил төрлийн дэлхийн хэмжээний компаниудаас эрчим хүч, автоматжуулалтын чиглэлд зогсолтгүй шинийг эрэлхийлж, шинэ технологийг нэвтрүүлж, үргэлж тэргүүлэгч байдгаараа онцлогтой. “АББ” нь зөвхөн судалгаа шинжилгээ, шинэ технологийг турших, хэрэглээнд нэвтрүүлэх ажилд жил бүр 1.5 тэрбум ам.доллар зарцуулдаг. Бас эрдэм шинжилгээ, судалгааны нэгдсэн долоон төвд нийт 8000 гаруй мэргэжлийн өндөр төвшний эрдэмтэд, судлаачид, инженерүүд ажилладаг. Тэд эрдэм шинжилгээний цогц судалгаа хийдэг.Инноваци бүхий бүтээгдэхүүнүүд гаргадаг. “АББ”-н технологи болон тоног төхөөрөмж нь ямагт шинэ технологи, инновацийг эрэлхийлж байдаг тул эрчим хүчний хэмнэлттэй, найдвартай, аюулгүй ажиллагаа болон ашиглалтын хугацаа өндөр байдгаараа давуу талтай. Түүнээс гадна бүтээмж сайжруулах, өртгийг багасгах тал дээр илүү анхаарч бүтээгдсэн байдаг. Тухайлбал, “ДЦС-3”, “ДЦС-4”, “ЦДҮС”компанийн хэм­­жээнд тавьсан тоног­­лолууд нь засвар үйл­чилгээний ажлыг багасгаж, эрчим хүчний хэмнэлтийг гаргаж байна. Мөн найдвартай ажиллагааг сайтар хангаж байгааг мэргэжилтнүүд хэлдэг юм. Тэгэхээр тус группын бүтээгдэхүүнээр тоноглол тавьсан газар засвар үйлчилгээ бараг шаардаад байдаггүй гэж хэлж болно.

-“АББ” групп үргэлж инно­вацийг эрэлхийлж шинэ технологи нэвтрүүлдэг гэж та хэллээ. Монгол Улсад нэвтрүүлэх, өөрчлөлт хийх боломжтой шинэлэг технологиос дурьдвал?

-“АББ”-н бүтээг­дэхүүний цар хүрээ маш өргөн юм. Эрчим хүчтэй холбоотой бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг “АББ” үйлдвэрлэдэг. Эндээс бид Монгол Улсад тохиромжтой, эдийн засгийн үр өгөөж гаргах бүтээгдэхүүнүүдийг аль болох нэвтрүүлэхээр хичээж ажиллаж байна.Энгийн жишээ татахад “АББ”-н давтамж хувиргагч байна. Үйлдвэрлэл, барилга байгууламж болон бидний эргэн тойронд байгаа бараг бүх зүйл цахилгаан хөдөлгүүр ашиглаж байгаа. Цахилгаан эрчим хүчний 30 орчим хувийг зөвхөн цахилгаан хөдөлгүүрт зарцуулдаг гэсэн тооцоо бий. Ихэнх хөдөлгүүр байх ёстой хэмжээнээс том буюу хамгийн их ачаалалд зориулагдан сонгогдсон байдаг.Гэтэл хамгийн их ачаалал авах тохиолдол маш ховор бөгөөд зарцуулалтыг механик хаалтаар хаадаг тохиолдолд цахилгаан хөдөлгүүр хэвийн хурдаар ажилласаар байдаг тул эрчим хүчийг хэмнэх боломж олгодоггүй.”АББ”-н цахилгаан хөдөлгүүрийн ухаалаг удирдлагын хэлбэр болох давтамж хувиргагч нь зарцуулалтыг удирдаж цахилгаан хөдөлгүүрийн хурд, ачааллыг тааруулснаар үргүй зардлыг бууруулж эрчим хүчийг 30-50 хувь хэмнэх боломж олгодог бөгөөд байгальд ялгарах хорт хийн хэмжээг бодитоор багасгахад тустай байдаг. Мөн “АББ”-н дунд хүчдэлийн бүтээгдэхүүн болох иж бүрдмэл трансформаторын дэд өртөө нь Монгол Улсад өргөн ашиглагддаг хаалттай дэд өртөөний оронд ашиглагдах боломжтой. Мөн зай талбайг 4-5 дахин хэмнэхээр байдаг. Уг дэд өртөөний орчин үеийн шийдэл нь аюулгүй, найдвартай ажил­лагааг өндөр түвшинд хангасан, гэмтэл болон галын аюулаас бүрэн хамгаалагдсан, овор хэмжээ ба жин бага, засвар үйлчилгээ шаарддаггүй, цаг уурын эрс тэс буюу хүнд нөхцөлд нийцүүлсэн. Байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай зэрэг маш олон шинэ давуу талуудыг цахилгаан түгээх сүлжээний дэд өртөөний хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Магадгүй орчин үеийн байгальд ээлтэй технологи байх л даа, өөр ийм Монголдоо нэвтрүүлэх боломжтой шинэлэг шийдэл байгаа юу?

-“АББ” групп (www.abb.com) нь авто тээврийн салбарт “Tosa Bus” буюу зөвхөн цахилгаанаар цэнэглэгддэг автобус танилцуулсан. Энэ нь 2016 оны долдугаар сард Швейцарын Женев хотын онгоцны буудлаас Женев хотын зах хүртэлх 23-р шугаманд суурилагдаж нийтийн тээвэрт ашиглагдаж байгаа. Уг автобус нь автобусны буудал дээр ирж зогсох бүрт тухайн буудалд байршуулсан цэнэглэх төхөөрөмжинд нэг секунд хүрэхгүй хугацаанд автоматаар холбогдож 15 секундын хугацаанд 600кВт-н цахилгаанаар цэнэглэгддэг. Энэ нь дэлхийн хамгийн хурдан цэнэглэх төхөөрөмжинд тооцогдож байгаа юм. Автобусыг бүрэн цэнэглэхэд 4-5 минут болох бөгөөд шугамын эцсийн буудал дээр бүрэн цэнэглэж аваад хөдөлнө гэсэн үг юм. Цахилгаан автобусыг нийтийн тээвэрт нэвтрүүлснээр жилд 1000 тонн нүүрс хүчлийн давхар ислийг бууруулах тооцоолол гарсан бөгөөд хорт утаа ялгаралтыг үлэмж хэмжээгээр бууруулах юм. Манай баг уг Тосса автобусыг Монголын нийтийн тээвэрт нэвтрүүлбэл маш тохиромжтой гэж үзэж байгаа. Техник технологи хурдацтай хөгжиж байгаа энэ үед цахилгаан тээвэр хөгжиж ирээдүйд хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээ болох нь гарцаагүй юм.

Танайх цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ? 

-Манай засгийн газар Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль хэлэлцэж батлаад нэлээдгүй хугацааг үдээд байна. Энэ бол улс орны нийгэм, эдийн засаг хөгжиж, олон уул уурхайн жижиг, дунд, томоохон үйлдвэрийн газрууд баригдаж байгаа энэ үед цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжих үнэхээр цаг үеэ олсон хууль юм. Энэхүү зорилтыг биелүүлэхэд манай баг хувь нэмрээ оруулахаар хичээн ажиллаж байна. Мөн үүнээс гадна бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүний хөгжил, оюуны хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлд ихээхэн анхаарч байгаа. Тухайлбал, жил бүр “АББ”-н нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлаж гардуулж байгаа. Мөн ШУТИС-ын харъяа Эрчим Хүчний сургуульд орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан өндөр хүчдэлийн лабораторийн тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй хандивлаж, ирээдүйн оюунлаг инже­нерүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *