Аавын хүүгийн од гийх монгол наадам

7-р сарын 3, 2012 11:51 am Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 632

Д.НАДМИД

 

Уясан хүлгээ хурд­луулж айраг, түрүү гори­лох уяачид, эр бяраа гай­хуулах хүчит бөхчүүд, тавь­сан сум нь байгаа алдаж үзээгүй мэргэчүүл­тэй дэлхийд ганцхан мон­гол наадам айсуй. Ердөө ганцхан долоо хоноод мон­гол түмэн наадамлана. Энэ үед дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын сонгуулийн маргаашааас наадмын тухай гэгэээн сайхан яриа дийлэх болов. Тийм ээ. Монгол наадам монголоороо байдгийн, монгол наадам улс төрөөс ангид оршихын жишээ энэ. Уулзсан, учирсан бүхэн энэ жилийн наа­дамд хэн гэдэг аавын хүү түрүүлэхийг таамаг­лан ярих юм. Бөхчүүд бэлт­гэлдээ гараад олон хонож. Нийслэлийг тойроод аль л байгалийн сайхан, усны тунгалагтай тэр газруудад гал болон гарсан бөхчүү­дийн өнгө зүс нь бие бял­дар нь улам жавхаажин мэндлэх, хүндлэх нь хүр­тэл өөр болоод эхэлчихэж. Төв аймгийн нутаг Бугын САА-н нутагт уламжлал ёсоор “Хилчин” спорт хороо, Баянхонгор айм­гийн бөхчүүд гал болон гарчээ. Мөн Өвөрхангайн бөхийн гал энд байна. Бөхчүүд ингэж нутаг ус, нийгэмлэг хороогоороо дэвжээ нэгтгэн гал болон гардаг болоод арав гаруй­хан жилийн нүүр үзэв. Урьд нь бол бөхчүүд малын бэлчээр, тээврийн замаа­саа наадамд ирдэг байсан цаг бий. Бүр дээхнэ үед монгол бөхчүүд наадамдаа яаж бэлддэг байсан гэдэг ч сонин шүү дээ. Дан­шигийн их бөхчүүдийн бэлтгэл аян жин тээх, адуу малтай ноцолдох ерөнхий бэлтгэлтэй байсан тухай хууч зөндөө. Хуучны авар­гуудын жинхэнэ монгол уламжлалд адуу мал, аварга том чулуу өргөж биеийн чилээгээ гарган хоол хүнсэндээ голчлон бор цай ууж, булчин мах идэж, суран дээр унтаж эр биеэ чангаруулдаг байсан түүх бий.

Монголын уран сайхны “Гарьд магнай” кинонд тэр байдлыг эрс эдүгээчилж нутаг хошуугаараа гал болон гарч чамбайхан бэлтгэл хийж байсан тухай үзүүлдэг. Тэнд усан бороог ажралгүй барилдах, халгай дэвсэж ноцолдуулах зэрэг айхтар шалгуурыг хэрэглэж байсныг харуулдаг л даа. Тэгвэл одоогийн бэлтгэл орчин үеийн дадалд шилжсэн гэж болно. Монгол бөхийг шинжлэх ухаанч талаас нь бөхийн бусад төрлүүдтэй адилавтар бэлтгэлийн өнгө төрхөд оруулсан гэж болно.  Бугын САА-н орчим буюу “Хилчин” амралтын тэндхийн уул ус бөхөд ээлтэй газар гэдэг. Эндээс улсын том цолтнууд жилийн жилд төрдөг аж. Өнгөрсөн жилийн наадмаар гэхэд энд гарсан галаас С.Мөнхбат улсын харцага цолтой зодоглож улсынхаа баяр наадамд анх удаа түрүүлж аварга цол хүртсэн Ж.Бат-Эрдэнэ дөрөвт үлдэж улсын гарьд, Ц.Содномдорж зургаа давж улсын харцага, Н.Багахүү тав давж улсын начин болсон гээд тоочвол олон гэгээн бүхнийг дурсаж болох ажээ. Энэ үеэр багийн дасгалжуу­лагч, улсын начин Н.Бү­рэн­баатартай уулзахад:

-Наадам сайхан болох байх. Миний таамаглаж буйгаар бөхийн барилдааныг таван янзаар тайлбарламаар байгаа. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, өмнөх хоёр Мөнхийн үе шиг тасархай бөх одоо алга. Энэ жил аварга С.Мөнхбат, улсын арслан Х.Мөнхбаатар, Б.Ганбат нарын хэн нэг түрүүлэх болов уу. Заан, харцага, начингууд дөрвийн даваанаас эхлээд тунаж барилдана. Залуу бөхчүүдийн од гийж дээш гарч ирэхийг үгүйсгэх арга байхгүй. Харин улсын цолтон тийм олон төрөхгүй л болов уу гэлээ.

“Нарман тур” жуулчны баазад гарсан Баянхонгор аймгийн бөхийн галыг ахалж байгаа улсын харцага Д.Батболд:

-Бид ачаалалтайхан байгаа. Хөлбөмбөг тоглох, холын зайд гүйж амьсгаа задлах зэргээр бэлтгэлээ хийж байна. Манай галд цолоо ахиулах, шинээр цол авах бөх ч бий. Нэрлэх нь илүүц байх гэсэн юм.

Ер нь наадам ойртсон энэ мөчид бөхчүүд битүү цагаан хэл амнаас цэрвээд хэн нэгнийгээ тийм цолд хүрнэ гэж хэлэхээс татгалздаг. Энэ нь гэм биш зан. Монгол бөхийн уламжлалын зах сэжүүр ч байж магадгүй аж. Бас том цолтнуудыг төрүүлсэн сайхан хангай бол Сүүж уул. Бөхчүүд гал болж бэлтгэлд гардаг болсноос хойш дархан аварга Б.Бат-Эрдэнэ, даян аварга Г.Өсөхбаяр, аварга Д.Сумъяабазар нарын улсын наадмын 15 түрүү бөх эндээс тодорсон байна. Бөхчүүдэд эр бяр хийморь лундаа хайрладаг энэ довноос Завхан аймгийн бөхчүүд их хишиг буян хүртсэн тухай “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн бөхчүүдийн багш, улсын начин Б.Адъяахүү ярихдаа:

-Завхан аймгаас л гэ­хэд улсын гарьд Ц.Цэрэн­пунцаг, М.Баяржавхлан, улсын начин У.Балжин­ням, Ж.Оргил, Ш.Жар­гал­сайхан, Б.Гончигдамба нарын цолтон эндээс төр­сөн. Миний хувьд сургуу­лийнхаа 25 залуу бөхийг дасгалжуулж байна гэлээ.

Бөхийн гал бүхэн өөр, өөрийн онцлогтой байдаг аж. Улсын гарьд И.Доржсамбуугийн ахалсан Булган аймгийн бөхчүүд нутагтаа Хутаг-Өндөр сумын тэнд нэгэн амралтад төвхнөдөг болж. Эдний галд улсын арслан Д.Азжаргал, өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, улсын начин Э.Энхбат, С.Дэл­гэр­бат, аймгийн арслан А.Отгонбаатар, А.Сүмбээ, Б.Бат-Эрдэнэ, Б.Хашбат нарын 30 гаруй бөх байгаа юм байна. Булганы бөхчүүд төрийнхөө наадамд одтой нааддаг уламжлалтай. Энэ жил бэлтгэлээ улам чамбай хийж байгаа тухай мэдээ байна. Бэлтгэл нь зохирч, ир бяр нь тэнцсэн бөхчүүд цолоо ахиулан зарим нь шинэ цол авах наадмын өдөр ойртлоо. Хүлэг нь хурдан, бөх нь хүчтэй, харваач, шагайчид цэцэн байхын ерөөл өргөе.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 10

Macrobid Tablet For Sale cialis 5mg best price Viagra Cialis For Sale Order Now Generic Stendra Mastercard Free Consultation

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *