“Аав минь амьдралдаа үнэнч байгаарай гэж захисан”

9-р сарын 28, 2017 11:22 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 28
9-28-8

Ч.ГАНТУЛГА

Шинжлэх ухааны нээлтийн эзэн, Төрийн соёрхолт, академич Ц.Тойвгоогийн мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байна. БСШУСЯ,  Шинжлэх ухааны академи, Мал эмнэлгийн хүрээлэн, түүний үр хүүхдүүд хамтран “Мал эмнэлэг-биологийн шинжлэх ухааны ололт, өнөөгийн төвшин” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, Ц.Тойвгоогийн амьдралын түүхийг өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэнг өчигдөр дэлгэлээ. Эрдэм шинжилгээний бага хуралд эрүүл мэндийн салбарын эрдэмтдээс гадна судлаачид оролцож, академичийн бүтээлийн тухай илтгэл тавьсан юм. Тэрээр 1957 онд доцент, 1960 онд мал эмнэлгийн болон биологийн ухааны доктор, 1961 онд профессор болсон юм. Ц.Тойвгоогийн нэрэмжит Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг нээж “Академич Тойвгоо” илтгэлээ танилцуулав. Тэрээр академичийг Анхны шинжлэх ухааны доктор, академийн анхны есөн гишүүний нэг хэмээн онцлоод “Уйгагүй хичээл зүтгэлийн дүнд хүссэн нээлтээ хийж чаддагийн сонгодог жишээ. Дэлхийд цөөхөн эрдэмтдийн нэг” гэв. Ц.Тойвгоо нь үхрийн толгойн ясны онтогенезийг нарийвчлан судалж, Монголд элбэг тохиолддог үхрийн эргүү өвчнийг мэс заслын аргаар эмчлэх хамгийн ойр дөт, үр дүнтэй аргыг сонгох боломжийг нээж өгснөөрөө онолын болоод практикт ач холбогдолтой нээлт болсон ажээ. Мөн Монгол, Өвөрмонгол, Буриад, Тува, Халимаг, Казахстан, Кыргыз, Якут, Алс Дорнодын бүс нутаг, Манжуур, Синьзян, Сибирийн зарим нутгийн үхрийн бүлгийг нэг хэвшилд багтаах онолын үндэслэлийг нотолсон нь биологийн шинжлэх ухаанд нээлт боллоо хэмээн дэлхийн шинжлэх ухаан хүлээн зөвшөөрсөн байна. Эрдэмтэн Ц.Тойвгоо нь 1990 онд “Бод малын төл хүлээн авч, бойжуулах тохиромжтой хугацааны шинжлэх ухааны үндэслэл” бүтээлээрээ Төрийн шагнал хүртэж, 1994 онд “Монгол үхрийн насны краниологийн үзэгдлүүд” бүтээлээрээ шинжлэх ухааны салбарт шинэ нээлт хийсэн юм. Академич хоёр хүүхэдтэй бөгөөд хүү, охин хоёр нь аавынхаа адил эмчийн мэргэжил эзэмшжээ.

9-28-8é1

Түүний охин хүний их эмч Анагаах ухааны доктор Т.Аира “Аав минь залуудаа хийл тоглож, спортоор хичээллэдэг хүн байлаа. Гэртээ төгөлдөр хууртай, шатар тоглох дуртай байсан. Амралтынхаа өдрөөр хачин сайхан хоол хийдэгсэн. Амьдралдаа, өөртөө үнэнч яваарай гэж захисныг нь хэзээ ч мартдаггүй. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тусгай болон түгээмэл үг хэллэгийн орос монгол толь бичиг дээрээ голчлон ажилласан. Одоог хүртэл манай нэг өрөөнд аавын гар бичмэлүүд бий. Бид бичмэлүүдийг нь ном болгох төлөвлөгөөтэй байна” гэсэн юм. Ойд зориулсан ажиллагааны нэгээхэн хэсэг нь гэрэл зургийн үзэсгэлэн байв. Академичийн залуу нас, ажил амьдрал, гэр бүлийн нандин агшинг өгүүлсэн 30 гаруй зургийг дэлгэжээ. 1958 оны ХААИС-ийн багш Ц.Тойвгоо, 1950 оны судлаач Ц.Тойвгоо, 1949 оны мал аж ахуйн яамны алтан үсгийн үнэмлэх зэрэг түүх болон үлдэх зураг олон байлаа.

9-28-8é2

medee-dund

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *