Энэ удаагийн "Онцлох фото" буландаа "Зууны мэдээ" сонины №91 /7335/ дугаарт хэвлэгдсэн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” булангийн зочин "Канна гарден" цэцгийн дэлгүүрийн цэцэгчин Г.Лхагва-Очирыг онцоллоо. Тэрээр багаасаа гэртээ нохой, муур, усан гахай, аквариумтай загас тэжээдэг байжээ. Авга ах нь түүнд аквариумтай загасаа хариуцуулан усыг нь солих, хооллох, доторх ургамлыг нь арчлахыг даалгасан нь байгальд дурлах эхлэл нь байв. Аквариумтай загас тэжээх хоббигоо 2016 он хүртэл үргэлжлүүлээд дараагийн шинэ хоббигоо хөгжүүлсэн байна. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас харна уу.

 

Аквариумынхаа модлог ургамлыг төрөл бүрээр ургуулан тохижуулахын зэрэгцээ гадна талд нь цэцэг тавиад чимэглэе гэж бодоод анх дөрвөн цэцэг худалдан авчээ. Сонирхолдоо хөтлөгдөн цэцгийнхээ төрөл, тоог өргөжүүлсээр байтал гэрт нь багтахаа болсон байна. Цэцгүүд нь ч сайхан ургаж, цэцэглэсэн нь цэцгийн төрөл, зүйлийг судлахад хүргэж өөрийн дэлгүүрээ нээхэд хүргэжээ.

 

Тэрээр “Эрэгтэй хүнд модлог ургамал өгвөл зохимжтой. Учир нь ирээдүйд илүү том болж ургадаг учир өсөн дэвжихийг билэгддэг. Бид төрөл бүрийн тасалгааны цэцгийг гэр орон, албан тасалгаандаа тарьж ургуулан түүнээсээ гоо сайхны таашаал авах дуртай. Мөн ямар нэг баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр найз нөхөд, хайртай хүмүүстээ цэцэг бэлэглэдэг. Гэвч тарьж ургуулж байгаа болон бэлэглэж буй цэцгээ юуг билэгддэг, ямар утга агуулж байгааг сайн мэддэггүй" гэж байлаа.

Тасалгааны цэцгийг үрээр нь тарих хамгийн зөв арга. Гэхдээ үрээ суулгачихаад гарч ирэхийг нь жил гаруй хүлээх ч тохиолдол бий. Цэцэг ургуулна гэдэг зөвхөн суулгаад услаад  орхих биш. Цэцэгтээ хүрээд, услаад хөрсийг нь солих шиг таашаал байдаггүй.  Шороонд хүрэх мэдрэмж өөр. Хүн байгалийн амьтан учраас сайхныг мэдэрдэг гэж байв.

Цэцгүүдээ авчирч нутагшуулаад зарахыг хичээдэг. Цэцгийг тухайн орчинд нь дасгаж, шинэ навч гарсны дараа борлуулдаг гэж байв. Учир нь тээвэрлэлтийн хугацаанаас шалтгаалан орж ирсэн цэцгийг шууд зарах нь цэцэг стрессддэг байна. Цэцгийг хүн өөртэйгөө адилтгаж үзэх хэрэгтэй. Хүмүүс миний цэцэг цэцэглэхгүй байна гэдэг. Та хөрсөө сүүлд хэзээ сольж, хэзээ бордсон бэ гэдгээ анхаарах хэрэгтэй.

Эх сурвалж www.zms.mn