Р.ОЮУН

Байгаль орчны ТББ-уудаас БОАЖЯ-наас байгаль орчны шударга ёс шаардаж мэдээлэл хийлээ. Тэд олон нийтийн мэдэх эрх, мэдээлэл хүртэх эрх, мэдээлэл олж авах эрх, мэдээллийг нээлттэй болгох, мэдээллийг ил болгох гэсэн асуудал багтдаг. Эдгээр эрх, эрх чөлөө хэрэгжиж гэмээ нь өнөө болон ирээдүй үеийн байгаль орчны эрх хамгаалагдана. Улмаар байгаль орчны шударга ёс тогтоно. Гэтэл БОАЖЯ-наас Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, байгалийн тэнцэл алдагдахаас, орчны эрүүл мэндээ төрөөр хамгаалуулах эрхийг дордуулсан, мэдээллээр хангагдах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилсон хуулийн төсөл боловсруулж олон нийтээс санал авч буй үйлдлийг эрс эсэргүүцэж байна гэсэн юм. 

Үндсэн хуулийн 16.2 дахь хэсэгт "Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах...иргэн эрүүл, аюулгүй орчин амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй" гэж заасан. Иргэдийн мэдэх эрх нь мэдээллээр хангагдах, мэдээлэлтэй байж үзэл бодлоо илэрхийлэх, төрийн хэрэгт оролцох суурь эрх юм. Үндсэн хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх гол хууль нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хууль аж. БОАЖЯ-наас "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай" төсөл боловсруулахдаа Үндсэн хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг илтэд санаатайгаар зөрчиж иргэдийн мэдэх эрхийг дордуулж, байгаль орчны эрхийн эсрэг хуулийн төсөл боловсруулаад байна.

ТББ, өмгөөлөгч, судлаачид бид хуулийн төсөлд тусгасан дараах асуудлуудад санаа зовнин БОАЖ-ын сайдад албан шаардлага, УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд, ХХААХҮ-ийн сайдад өргөх бичиг хүргүүлж байна. Учир нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл нь Үндсэн хуулийн 16.6.2-оор баталгаажсан "...одоо ба ирээдүй үеийн иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй" үзэл санааг хэрэгжүүлэхийн эсрэг олон заалт агуулсан төдийгүй өнөөгийн эрх зүйн орчны сайн зохицуулалтыг хасаж, иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг улам дордуулсан заалтуудыг тусгасан байна. 

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ буюу тухайн төслөөс байгаль орчин, хүний эрхэд үзүүлэх эрсдэл, сөрөг нөлөөллийг урьдчилан тодорхойлох үнэлгээ нь газрын хэвлийн баялгийг шиглах эсэх тухай шийдвэр гаргахад онцгой ач холбогдолтой, эрх зүйн үр дагавар бүхий баримт бичиг билээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд уул уурхайн төслийн улмаас газар, ус, агаар, биологийн төрөл зүйл, тэдгээрийн амьдрах орчинд үзүүлэх нөлөөлөл нь тухайн газар нутагт үе дамжин амьдарч ирсэн иргэдийн амьжиргаа нь бүхэлдээ орон нутгийнхаа байгалийн нөөцөөс шууд хамаардаг нөлөөллийн бүс дэх нүүдлийн амьдралтай нутгийн иргэдийн амьдралын чанар, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, уламжлалт амьдралын хэв маяг, соёл уламжлал, амьжиргааны эх үүсвэрээ хадгалах эрхэд эрсдэл, арилшгүй сөрөг нөлөө үзүүлсээр ирсэн. Иймд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг "Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн эрсдэлийн үнэлгээний тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл болгохыг БОАЖЯ-нд шаардаж албан шаардлага хүргүүлээд байна гэв. 

Эх сурвалж www.zms.mn