Баатарын НЯМСҮРЭН

Зүлэг ногоон дэвжээнд урамтай сайхан барилдаж, бөхөд хайртай түмнийхээ хайр, хүндлэлийг хүлээсэн хүчтэн олон. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаарын зочноор “Хонгор нутаг” дэвжээний тэргүүн, улсын өсөх идэр, өсөн нэмэх начин Б.Эрдэнэхүүг урилаа.

 

-Бага насаа бодохоор ямар дурсамж сэтгэлд нь бууж байна. Бөхийн спортыг сонгох болсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Би Орхон аймагт төрж, өссөн. Тиймээс бага насны мартагдашгүй дурсамжууд минь Эрдэнэт хоттой холбоотой. Багадаа их сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхэд байснаа тод санадаг. Зургаадугаар ангиасаа жүдо бөхөөр хичээллэсэн. Манай аймагт “Хүрмэн булаг” гэж клуб байлаа. н.Дэлгэрбаяр, н.Моломжамц багшийнхаа удирдлага дор бэлтгэл хийж эхэлсэн. Жүдо, самбо бөхөөр УАШТ-д оролцож явсан удаатай. Мэдээж бөх болох сэдэл ааваас минь эхтэй. Хүүхэд байхад Эрдэнэт хотод долоо хоног бүр барилдаан зохион байгуулагдана. Энэ үед аавынхаа цүнхийг үүрээд л дагаад явдаг байсан. Дэвжээнд зодоглож байгаа ах нарын барилдааныг үзэх их дуртай. Ингэж л бөхийн спортыг сонирхох болсон.

-Та “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг төгссөн юм билээ. Оюутан болоход нь ямар багш зааж чиглүүлсэн бэ?

-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ой 2006 онд тохиосон. Энэ үед Хонгор нутгийн бөхчүүд аймагтаа бэлтгэлд гарч байлаа. Аав “Манай аймгийн бөхчүүд бэлтгэлд гарна гэнэ. Миний хүү хамт явах юм уу” гэж асуусан. Би сонирхолдоо хөтлөгдөөд бэлтгэлд гарсан. Тэр жилийн намар нь би улсын харцага Батболд ах, улсын начин Б.Сэр-Од ахтай танилцсан. Тиймээс Д.Батболд багш минь  “Шонхор” биеийн тамирын сургуульд хөтөлж оруулсан түүхтэй. Энэ цагаас хойш багшийнхаа удирдлага дор олон жил бэлтгэл хийсэн. Гэр бүлээрээ багагүй хугацаанд сайхан нөхөрлөж байна. Мөн намайг урмаар усалдаг “Хонгор нутаг”дэвжээний ахмад бөх О.Батгэрэл ах амьдралд минь таарсан багш минь юм.

-Хүн хамгийн ойр байгаа хүнээсээ үлгэр дуурайлал авч суралцдаг. Таны барилдаан аавтай нь хэр ижил вэ?

-Миний барилдаан зарим нэг талаараа аавтай төстэй. Гэхдээ мэх техник өөр. Аав надад залуу бөх, аймгийн цолтой байхад их зүйл захидаг байлаа. Сүүлийн үед зөвлөгөө нь багассан. Амьдралын хамгийн том зөвлөгч болдог. Наадмаар намайг жил бүр ирж үзнэ. Сүүлийн хэдэн жил цэнгэлдэхэд ирээгүй. Харин 2022 онд 1024 бөхийн барилдааныг ирж үзсэн шүү.

-Анх наадмын дэвжээнд зодоглоход аав тань хэр дэмжсэн бэ?

-Одоогоос 20 жилийн өмнө аавтайгаа хамт бэлтгэлд гарч байлаа. Ингээд Булган аймгийн Бугат сумын наадамд зодоглож  гурвын  даваанд өвдөг шороодсон. Ингэж л анх наадмын дэвжээнд  барилдсан юм. Үүнээс хойш сумын наадамд зодоглоогүй. Харин 2007 онд Эрдэнэт хотынхоо наадмын тавын даваанд одоогийн улсын начин Д.Амаржаргал найзтайгаа тунаж барилдаад унасан. Үүнээсээ дүгнэлт хийж алдаанаасаа суралцаад дараа жил нь аймгийнхаа наадамд тав давж начин цол хүртсэн.

-Анхны цолоо аймгийн начнаас эхэлжээ. Үүнээс хойш жил бүр цолоо ахиулсан байх аа?

-Аймгийн начин болсны дараа жил Баянхонгор аймгийн ламын гэгээний ой болсон. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад Богд суманд аймгийн баяр наадамд болоход нь түрүүлж арслан цолны болзол хангасан юм.  Харин 2010 онд Баянхонгор аймгийн наадамд түрүүллээ. 2012 оны тавдугаар сард бүх цэргийн баяр наадамд шөвгөрсөн. 2015 онд аймгийнхаа наадамд ээлжит түрүүгээ хүртэж хурц чимэг нэмлээ. 2017 онд Орхон аймгийн баяр наадамд үзүүрлэсэн. 2018 онд бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрсөн.

-Бөхчүүдийн хамгийн том зорилго улсын цолтон болох. Та улсын наадмын дэвжээг хэдэн онд зорьсон бэ?

-Би 2011 оноос хойш улсын наадмын дэвжээнд тасралтгүй зодоглосон. Энэ хугацаанд дөрвөн удаа дөрвийн даваанд унаж, хоёр удаа гурвын даваанд өвдөг шороодсон. Мөн нэг удаа хоёрын даваанд унасан. Эдгээр барилдаан надад сургамж, туршлага болсон гэж ойлгож болно. Сэтгэл гонсойгоод гэр лүүгээ харихдаа дараа жилийн наадмыг бодож тайвширна. Улсын цолоо авахын төлөө хөдөлмөрлөсөн хугацаанд бэлтгэл сайтай ч алдсан үе бий. Бэлтгэл сайн байгаа ч дэвжээнд гараад хамаагүй мэх хийхгүй, биеэ бариад барилдаанаа гаргаж чадахгүй явсан удаатай. Би 2019 оны наадамд улсын начин цол хүртсэн.  Ерөнхийлөгчийн зарлиг гарч допингийн асуудлаар намайг тав давсан гэж тооцсон.  Мөн 2021 онд тавын даваанд таарч барилдсан бөхөөс допинг илэрч өсөх идэр чимэг нэмсэн.

-Үзэгчид нэг хэсэг нь допингтой бөхтэй таараагүй бол өндөр цолонд хүрэх байсан, нөгөө талд өөрийн хүчээрээ тав даваагүй гэдэг. Үүнд ямар байр суурьтай явдаг вэ?

-Хүн бүрийн хандлага, үзэл бодол өөр шүү дээ. Бусдын юу гэж бодож, дүгнэх нь надад хамаагүй. Тэдний  хэлсэн үгэнд ач холбогдол өгвөл өөрийгөө алдах байх.  Цол нөхөж авсан нь бөхийн холбоо болон удирдлагуудын шийдвэр, дүрэм журамтай холбоотой. Судлаад үзвэл надаас өмнө допингийн асуудлаар нөхөж цол авсан бөхчүүд бий. Анх улсын цол авсан нь би  учраас хүмүүс шүүмжлэлтэй хандсан байж мэднэ. Үүнээс хойш допинг илэрсэн бөхөд унасан хүмүүс цол, чимгээ нөхөж авч байна.

-Та 2022 оны  төрийн наадамдаа одтой сайхан наадсан. Тав даваад туг тойрох агшинд юу бодогдсон бэ?

-Эргээд бодоход 2017 оноос хойш бэртлээс шалтгаалаад санасандаа хүрч барилдаж чадаагүй.  2022 онд  бэлтгэл сайн хангагдаж, сэргэлт ч тохирсон байлаа. Тавын даваанд би ам авна гэж тооцоолсон. Гэтэл зүлэг ногоон дэвжээнд өнгөлөн барилдаж байгаа залуу харцага Б.Цэдэнсодном намайг амласан. Дэвжээнд  гараад харгүй сайхан барилдаж би даваагаа ахиулсан. Үнэнийг хэлэхэд тухайн үед  туг тойрохдоо хүмүүсийн хэл амнаас гарлаа гэж бодсон. Төрийн наадамд цол авах амаргүй, олон жилийн хөдөлмөр шаарддаг.

-Зургаагийн даваанд Баянхонгор аймгаас гурван бөх гарч зодоглосны нэг нь шинээр начин цол хүртсэн Э.Батмагнай байлаа. Та залуу начинг амлах боломж байсан уу? 

-Би зургаагийн даваанд одоогийн улсын харцага Г.Бадрахыг амлаж барилдсан. Бага зэрэг яарсан нь миний алдаа болсон. Хүн унана гэж барилддаггүй давахын төлөө дэвжээнд гардаг. Тухайн наадмын зургаагийн даваанд гарахдаа Э.Батмагнай дүүтэйгээ хос харцага болно. Даваагаа ахиулна гэж ярилцсан. Нэгэндээ амжилт хүсээд дэвжээг зорьсон доо.

-Барилдаан таардаггүй бөх гэж бий. Ямар бөхтэй барилдах амаргүй вэ?

-Өөртэйгөө ижил нуруу, жинтэй хүчтэнтэй таарах амаргүй. Ер нь том биетэй бөх дэвжээ бүрд цөөхөн байгаа. Бэлтгэл дээр өөрөөсөө биеэр жижиг бөхтэй бэлтгэл хийдэг. Харин барилдаан дээр биерхүү хүмүүстэй таарахад барилдаан таарахгүй байх нь бий. Учраа таарсан бөхдөө тааруулж мэх уралдуулахыг хичээдэг.

-Бөхийн замналтай амьдралаа холбоод үнэн хүчээр бахархам амжилтууд гаргажээ. Сэтгэлд тод үлдсэн амжилт гэвэл?

-Би гаргасан амжилт бүрдээ хайртай. Амжилт гаргахын  тулд багагүй хугацаа, хөдөлмөр зарсан учраас тэр л дээ. Би аймгийн цолтой байхдаа бөхийн өргөөнд зохион байгуулагдсан барилдаан бүрд зодоглодог байсан. 2011 онд заалны барилдаанд анх удаа шөвгөрч билээ. Анхны бүхэн үнэ цэнтэй учраас  аймагт түрүүлсэн үе санаанд бууж байна. Тухайн үед аймгийн наадамд түрүүлэх зорилго тээж хичээсэн. Түрүүлэх үедээ их баярлаж, урам авч билээ. Харин энэ амжилтыг бөхийн холбоо хүлээн зөвшөөрөхгүй 10 гаруй жил явсан. 2018 оноос энэ амжилт хүчинтэй боллоо.

-Та Баянхонгор аймгийн Баянбулаг сумаар овоглодог байх аа?

-Миний аав аймгийн хурц арслан Д.Болд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн. Би хэдийгээр өөр газар төрж, өссөн ч аав, өвөг дээдсийнхээ нутгийг хүндэтгэж явдаг. Тиймээс Баянхонгор нутгаараа овоглосон. Төрсөн нутгийнхаа нэрийг дуудуулъя гэж бодоод хоёр жилийн хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумаараа зарлууллаа.

-Та оноос өмнө “Хонгор нутаг” дэвжээний тэргүүнээр сонгогдсон. Цаашид олон ажил хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь лавтай?

-Тамирчид, тэргүүлэгчдийн хурлаар дэвжээнийхээ тэргүүнээр сонгогдсон. Бөхчүүд дэвжээгээ удирдаад явах нь зохистой гэсэн үүднээс надад хариуцуулсан гэж ойлгодог. Бэлтгэлийнхээ хажуугаар дэвжээнийхээ ажлыг зохицуулаад явж байна. Манай дэвжээний бөхчүүдэд бахархам зан олон бий. Нийтээрээ бүх зүйлээ ярилцаж, хэрэгжүүлээд явдаг. Баянхонгор аймгаас аварга цолтон одоогоор байхгүй. Улсын арслан, гарди, заан, харцага, начинтай. Ирээдүй үеийнхээ амжилтын төлөө аймагтаа хүүхдийн барилдааныг улиралд нэг удаа зохион байгуулж байна. Тус барилдаан нь ирээдүйн аварга уриатай.

-Одоогоор дэвжээнд  хэдэн бөх бэлтгэл сургуулилтаа базааж байна?

-Яг одоо 30 гаруй бөх байна. Зарим орон нутаг руу явсан, удахгүй ирнэ. Ер нь 60-80 бөх бэлтгэл сургуулилтаа хийдэг. Бид нэгнээсээ суралцаж, дутуугаа нөхөж явна даа. Манай дэвжээнд Бууцагаан сумын харьяат  аймгийн начин Баянжаргал ах ирж дүү нартаа туршлагаа хуваалцаж, зааж зөвлөж байна. Мөн улсын начин Э.Батмагнай, цэргийн арслан Г.Жамбалдорж, аймгийн арслан Т.Дүүрэнсаран тэргүүтэй бөхчүүд бий.

-Таныг “Хонгор нутаг” дэвжээний бөхчүүд их үнэлдэг юм билээ. Залуу үеэ дэмжих нь таны зарчим гэлтэй?

-Тухайн дэвжээний том цолтой бөхчүүдийн үүрэг залуу үеэ дэмжих. Бид дардан шулуун замаар амжилтад хүрээгүй. Тэр замд олон саад бэрхшээл гарсан. Тиймээс  дүү нартаа тусалж дэмжихийг хичээдэг. Тэднийгээ хүссэн цолондоо хүрээсэй гэж боддог юм. Амжилтын нууц нь сахилга бат, шантрахгүй байхад оршино. Хэр хэмжээгээр хөлс урсгана тэр чинээгээрээ амжилт ирдэг. Үндэсний бөхөөр хичээллэсэн тамирчид дэг журамтай байхыг сурна, бусдыг хүндлэх их ухааныг олж авдаг. Мөн төлөвшил, зөв дадал суулгадаг гэж хардаг. Нийтэч зан, бусадтай харилцах занг бөхийн замналаас сурах боломжтой. Амьдралд хэрэгтэй олон чадварыг спорт өгөх нь сайхан.

-Та шулуун дардан замаар явж амжилтад хүрээгүй гэлээ. Шантарсан үеэ хэрхэн давж гардаг вэ?

-Мэдээж шантрах үе байлгүй яахав. Нутаг орноос бодлогоор хичээж буй залуусаа дэмжээсэй гэж боддог. Бөхчүүд нь хичээж байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Тамирчин амжилт гаргавал нутгийнх нь нэр гарна. Амжилтын төлөө зорилго тавиад хичээж буй хүн олон. Их зүйлийг золиосолж бэлтгэл хийж, барилддаг. Хувийн амьдрал, санхүү мөнгөөс шалтгаалаад ирээдүйтэй сайхан залуус спортын замналыг орхих тохиолдол ч байна.

-Мэдээж тамирчдын амжилтад дэмжлэг, туслалцаа чухал нөлөөтэй байх?

-Амжилт гаргахад чухал зүйлийн нэг нь санхүү. Тамирчин ажил, бэлтгэлийг хослуулаад явах боломжгүй. Харин дэмждэг байгууллага, компаниасаа сард нэг сая төгрөгийн цалинтай боллоо гэж бодоход мөнгөө хэрэглээндээ зарцуулаад санаа амар бэлтгэлээ хийгээд явах боломжтой.

-Амжилт гаргах тохиромжтой нас гэж байх уу, эсвэл тухайн тамирчны хөдөлмөрөөс шалтгаалах уу?

-Хүмүүс спорт залуу насных гэж ярьдаг. Гэхдээ үндэсний бөх их спорттой харьцуулахад бэлтгэл хийгээд олон жил барилдах боломжтой. Түүх сөхвөл Х.Баянмөнх аварга 44 настай улсын наадамд үзүүрлэсэн.  Магадгүй хүн залуу насандаа бардам байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам аливааг харах өнцөг, бодол өөрчлөгддөг байж мэднэ.

-Тамирчны алдаа, оноо бүхнийг гэр бүл нь хуваалцдаг. Таны өнөөдрийн амжилтад эрхэм хүмүүсийнх нь үүрэг их байгаа даа?

-Амжилтын ард гэр бүл минь байдаг. Манай эхнэр Э. Мөнхзул гэж хонгор нутгийн бүсгүй бий. Бид 2006 онд  жаахан хүүхэд байхдаа танилцаж, гэр бүл болж байлаа. Энэ хугацаанд дөрвөн хүүхдийн аав ээж болжээ. Би ханиараа үргэлж бахархаж, талархаж явдаг. Дөрвөн сайхан үрийг минь төрүүлж, зөв сайхан хүмүүжүүлж өсгөсөн. Их дайчин, миний талд бат зогсдог, шартай шантаршгүй тийм л бүсгүй. Би юунд ч санаа зовохгүй, сэтгэл амар бэлтгэлээ хийдэг. Жаахан биедээ баймгүй тэсвэр, тэвчээр гаргах нь бий. Бөх хүний гэргий дайчин, тэвчээртэй, уяхан, зарим үед хатуу, сайхан зан чанарыг бүрдүүлсэн байх ёстой. Миний хань энэ бүгдийг цогцлоосон гайхалтай эмэгтэй.  Энэ дашрамд миний ард бат зогсдог, намайг төрүүлсэн сайхан аав, ээждээ болон ханийг минь өсгөж хүмүүжүүлсэн аав, ээждээ баярлаж явдгаа  хэлмээр байна.

-Бөхчүүдэд хүүхэд нь цол дагуулж ирсэн байх нь бий. Танай гэр бүлд тийм тохиол бий юу?

-Миний дөрвөн сайхан үр баяр хөөр, амжилт дагуулж ирсэн. Том охиноо мэндлэхэд анхны цолоо авч байлаа. Харин хоёр дахь охин  маань аавдаа Ардчилсан хувьсгалын ойн барилдааны түрүү дагуулсан. Гурав дахь үрээ төрхөд нь аймгийн наадамд түрүүлж чимэг нэмлээ. Харин 2022 онд бага хүү наадмын өмнөхөн мэндэлсэн. Би хэдхэн хоногийн дараа улсын наадамдаа тав давсан даа.

-Бөхчүүд гэр бүлээрээ нөхөрлөхийн сайхныг хүмүүс таны хүрээллээс  хардаг.  Гэр бүлийн найзуудтайгаа хэр хугацааг үдэж байна вэ?

-Би нутгийн ахмад бөхчүүд, дүү нартайгаа ойр дотно байдаг. Мөн зүлэг ногоон дэвжээнээс нөхөрлөсөн олон сайхан найзтай. Тэднээс  гэр бүлээрээ найзалдаг нөхөд байдаг. Зорилго нэгтэй болохоор илүү бие биенээ ойлгоно. Цаг хугацааны уртад шигшигдээд үлдсэн нөхөрлөл илүү үнэ цэнтэй. Найзуудтайгаа зун аялах, үр хүүхдээ хамт нөхөрлүүлэх, гээд дурсамж бүтээж л байна даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 91 (7335)