Т.САЙХАН

УИХ-ын чуулганы /05.03/ нэгдсэн хуралдаан эхэллээ.  Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Т.Доржханд нар байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -  Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна.  Хэвлэлийн эрх чөлөөг хадгалах хамгаалах чиглэлд сайн ажиллаж чадаагүйдээ уучлал хүсье.  Өнгөрсөн найман жилийн хугацаанд манай хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт 80 байраар ухарсан байна. Өөрөөр хэлбэл, хэвлэлийнхний эсрэг үйл ажиллагаа явуулдаг ийм  төр засагтай болжээ.  Энэ бол ардчиллаас ухарч байгаа том үзүүлэлт болж байна.  Манай нам сөрөг хүчнийхээ үүргийг хангалттай хэмжээнд биелүүлж чадаагүй.  Бидний өмнөөс сөрөг хүчин болж байсан сэтгүүлчиддээ талархаж байна.   Сөрөг хүчин болсныхоо төлөө өнөөдөр олон олон сэтгүүлч нар яллагдагч болж байна.  30 орчим сэтгүүлч яллагдагч болсон байна.  Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй.  Тэгвэл Монголд дарангуйлал тогтоно. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:- Дэлхийн дээр 200 улс байна.  Энэ улсуудын 50 хувь нь ардчилсан улс. Түүний тал нь авторитор дэглэм рүү хэлбийж байна. Үүнээс хамгаалдаг зүйл нь ардчилсан парламент, ардчилсан сонгууль байна.  Мөн хэвлэл мэдээллийн салбарынхан байна.  Талархал дэвшүүлж байна. Ногоон автобусны худалдан авалтаар нээлттэй сонсгол хийх ёстой ч Түр хорооны ирц бүрдэхгүй байна. УИХ-ын сонгууль болохоос өмнө эл асуудлаар нээлттэй сонсгол хийх ёстой. Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр энэхүү ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудлаар маш ноцтой зүйлүүд ярьсан шүү" гэсэн юм. 

Эх сурвалж:www.polit.mn