Тогтвортой санхүүжилтийг шинэ зах зээлд тэлэхэд бодлогын эрс шинэчлэл шаардлагатай гэж Тогтвортой банк, санхүүгийн холбооноос гаргасан шинэ судалгаанд дүгнэжээ

 

ОУСК-ийн дэмжлэгтэй Тогтвортой банк санхүүгийн холбооноос (ТБСХ) дэлхийн 66 шинэ зах зээл, хөгжиж буй оронд хэрэгжүүлж байгаа тогтвортой санхүүгийн чиг хандлага, санаачилгыг дэлгэрэнгүй судалсан тайлан болох Дэлхийн ахиц дэвшлийн 2024 оны тойм (2024 Global Progress Brief), түүнд суурилсан шинэлэг Статистик мэдээллийн сан (SBFN Data Portal) -ийн нээлтийг хийлээ.

Дэлхийн ахиц дэвшлийн 2024 оны тойм нь ТБСХ-ийн гишүүн орнуудын тодорхойлсон Хэмжилтийн Хүрээнд заасан Байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) интеграчлал, Уур амьсгал, байгальтай холбоотой эрсдэлийн менежмент, Санхүүжилтийн тогтвортой байдал гэсэн 3 суурь зарчмын хүрээнд ТБСХ-ны гишүүн орнуудад гарч буй ололт амжилт, сорилт бэрхшээл, боломжуудыг толилуулжээ. Түүнчлэн, энэ жилийн тайланд байгальтай холбоотой эрсдэл, хүртээмжтэй санхүүжилт, олон улсын сайн туршлага стандартад нийцсэн уур амьсгалын эрсдэлийн шинэ үзүүлэлтүүд зэрэг сүүлийн үед анхаарал татаж буй асуудлуудыг ч багтаасан байна.

Дэлхийн ахиц дэвшлийн 2021 оны тоймоос хойш ТБСХ-ны бүх гишүүд уур амьсгал, байгальтай холбоотой эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх талаар ихээхэн хүчин чармайлт гаргасан нь Парисын хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүрэг амлалтандаа хүрэх бодлого зохицуулалтын арга хэмжээний нэг болжээ. Мөн ESG интеграцчлал тогтвортой санхүүгийн суурь болж байгаа бөгөөд гучин есөн орон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа Байгаль орчин, нийгмийн эрсдэлийг ОУСК-ийн Гүйцэтгэлийн стандарт зэрэг олон улсын стандартад нийцүүлэн тооцож байгаа бөгөөд тогтвортой санхүүгийн хэрэгслүүдээр ногоон мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх арга болгон ашиглаж байна.

ТБСХ-ны тэргүүн бөгөөд ОУСК-ийн Европ, Латин Америк, Кариббийн тэнгэсийн орнуудыг хариуцсан дэд ерөнхийлөгч Альфонсо Гарсиа Мора "Сүүлийн гурван жилийн хугацаанд холбоо хүрээгээ мэдэгдэхүйц тэлж, гишүүн улс орнууд бодлого боловсруулах, зах зээлд нөлөөлөх чиглэлээр асар их ахиц гаргасан нь санхүүгийн системийг тогтвортой хөгжилд чиглүүлэх ажилд мэдлэг мэдээлэл солилцох,  хамтын ажиллагаа, түншлэл чухал үүрэг гүйцэтгэж байгааг илтгэж байна" гэж цохон тэмдэглэлээ. "Санхүүгийн системийг эмзэг байдалд оруулж буй хүчин зүйлийн нэг нь уур амьсгал, байгаль орчны эрсдэл гэдгийг хүлээн зөвшөөрөхийн чухлыг ТБСХ-ны гишүүд тод томруун харуулж байгаа төдийгүй, энэ сорилт нь тогтвортой санхүүгийн шинэ зах зээлийг хөгжүүлэх боломж болон хувирах чадвартайг ойлгуулж байна”.

Цаашилбал, ТБСХ-ны гишүүн орнуудын дунд тогтвортой санхүүгийн таксономи, сэдэвчилсэн бондын гаргах удирдамжийг батлах явдал түгээмэл болсон бөгөөд энэ нь дэлхийн болон үндэсний хэмжээний тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зориулах санхүүгийн эх үүсвэрийн тоог нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. ТБСХ-ны гишүүн дөчин таван оронд 759 тэрбум ам.долларын сэдэвчилсэн бондыг гаргасан бахдам амжилтыг энд тэмдэглэх нь зүйтэй.

ТБСХ нь далан орны санхүүгийн салбарын зохицуулагч, яамд, салбарын холбоод гэх мэт 91 байгууллага буюу шинэ зах зээл, хөгжиж буй орнуудын нийт банкны активын 92% буюу 68 их наяд ам. долларыг нэгтгэдэг. Түүнчлэн гишүүн орнууд 400 гаруй бодлого хэрэгжүүлсэн нь 2021 оны үетэй харьцуулахад 107 хувиар өссөн гайхалтай үзүүлэлт юм.

Дэлхийн ахиц дэвшлийн тоймтой зэрэгцэн ТБСХ-оос гишүүн орнуудын тогтвортой санхүүгийн санаачилгыг тасралтгүй хянах зорилготой динамик хэрэгсэл болох Статистик мэдээллийн санг танилцууллаа. ТБСХ-ны гишүүдийн үйл ажиллагааны талаар нарийвчилсан ойлголт, мэдээллийг өгөх энэхүү шинэлэг мэдээллийн санг ашиглан ахиц дэвшлийг тогтмол, тууштай хянах төдийгүй, улс орон, бүс нутаг, шалгуур үзүүлэлтүүдийг хооронд нь харьцуулан олон хэмжээст үнэлгээг хийх боломжтой. Мэдээллийн сан гишүүн орнуудад цаг алдалгүй харилцан суралцах, мэдлэг хуваалцах, туршлага солилцох гүүр болох юм.

“ТБСХ-ны статистик мэдээллийн санг нээснээр тогтвортой санхүүг хөгжүүлэх чиглэлд бидний тавьж буй хүчин чармайлтад чухал алхам боллоо” гэж Морокко Улсын Хөрөнгийн зах зээлийн газрын дарга, ТБСХ-ны Хэмжилтийн ажлын хэсгийн ахлагч Неза Хаят тэмдэглээд “Энэхүү шинэлэг мэдээллийн сан гишүүн орнуудад ахиц дэвшлээ хянах, тэргүүн туршлагуудыг тодорхойлох, харилцан суралцах явдлыг түгээгээд зогсохгүй бидэнд тогтвортой ирээдүйг бүтээх зорилгодоо хүрэхэд туслах болно” гэлээ.

Дэлхийн ахиц дэвшлийн 2024 оны тойм болон Статистик Мэдээллийн сангийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл https://www.sbfnetwork.org/ хаягаар хандана уу.

ОУСК-ийн тухай

Дэлхийн Банк Грүпийн гишүүн ОУСК нь шинэ зах зээл дэх хувийн хэвшилтэй ажилладаг дэлхийн хамгийн том хөгжлийн төлөөх байгууллага юм. Бид дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хөгжиж буй орнуудад шинэ зах зээл, боломжуудыг бий болгохын төлөө өөрийн хөрөнгө, туршлага, нөлөөллөө зориулдаг билээ. 2023 оны санхүүгийн жилд ОУСК-аас хөгжиж буй орнуудын хувийн хэвшил, санхүүгийн байгууллагуудад 43.7 тэрбум ам. долларын туслалцааг үзүүлсэн бөгөөд дэлхийн хэмжээний томоохон гамшгийн үр нөлөөлөлтэй тэмцэж байгаа энэ үед ядууралтай тэмцэх, өсөлт хөгжлийг эрчимжүүлэхэд хувийн хэвшлийг үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол www.ifc.org хаягаар орно уу.

Байгууллагын нийгмийн сүлжээний хаяг (IFC on social media)-аар мэдээлэл аваарай

ТБСХ-ны тухай

2012 онд байгуулагдсан Тогтвортой банк санхүүгийн холбоо (ТБСХ) нь тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилготой шинэ зах зээлийн санхүүгийн салбарын зохицуулагчид, төв банк, Сангийн яам, Байгаль орчны яам, салбарын холбоодоос бүрдсэн сайн дурын нийгэмлэг юм. ТБСХ нь зах зээлийн түвшинд тогтвортой санхүүжилтэд төвлөрдөг дэлхийн анхны сүлжээ бөгөөд 2024 оны 4-р сарын байдлаар ТБСХ нь 70 орны 91 гишүүн байгууллагыг нэгтгэж, шинэ зах зээл дэх нийт банкны активын дор хаяж 68 их наяд ам.доллар (92 хувь)-ыг төвлөрүүлээд байна. ТБСХ-ны гишүүд байгаль орчин, нийгмийн эрсдэлийн менежментийг сайжруулах (уур амьсгалын эрсдэлийг ил тод болгох зэрэг) болон уур амьсгал, байгаль орчин, нийгэмд эерэг нөлөө бүхий үйл ажиллагаанд хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх хоёр зорилгын дагуу санхүүгийн салбараа тогтвортой байдал руу шилжүүлэх үүрэг хүлээсэн. Дэлхийн Банкны Группийн гишүүн болох ОУСК нь ТБСХ-ны Ажлын алба, мэдлэгийн түншийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд үндэсний тогтвортой санхүүгийн санаачилгыг боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэдлэгээ хуваалцах, чадавхыг бэхжүүлэхэд гишүүдэд тусалдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.sbfnetwork.org/ хуудаснаас авна уу.

Мөн SBFN on LinkedIn хаягаар нэмэлт мэдээлэл авна уу.