Н.Жаргалмаа

Өнөөдөр “Оюуны өмчийн хамгаалах өдөр” тохиож байна. Үүнийг тохиолдуулан оюуны өмчийг хамгаалж, үр шимийг нь хүртэх, соёлын экспорт хийхэд чиглэсэн “Art Exchange Hub” ХХК албан ёсны зөвшөөрлөө гардан авч үйл ажиллагаагаа эхлүүлж буй талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Хуульч Э.Болорчулуун “Юуны өмнө өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна. Нийт уран бүтээлч, шинийг санаачлагч нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ цаг үед УИХ-д оюуны өмчийн талаар хуулийн төсөл хэлэлцэгдээд явж байна. Ингэснээр бүтээлээ эдийн засгийн эргэлтэд оруулах хууль эрхзүйн орчин бүрдэж буй юм. Бидний хувьд бүтээлээ ашиглах, наймаалцах, арилжих эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэсэн зуучлагч байгууллага болох “Art Exchange Hub” ХХК-ийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм" гэлээ.

Энэ талаар СГЗ, шог зураач С.Цогтбаяр “Өнөөдөр манай урлагын салбарынхан өөрсдөө бүтээлээ зарж, борлуулах ажлыг хийдэг. Харин одоо энэхүү зуучлагч байгууллагын үйл ажиллагаа эхэлснээр уран бүтээлч бид илүүтэй бүтээлдээ анхаарч чадах юм. Түүнчлэн өөрийн бүтээлээсээ ашиг хүртээд үр хойчдоо өвлүүлэн үлдээх тэр эрхийг нь хангаж өгөх боломж бүрэн гарч ирж байгаад туйлын баяртай байна” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм. “Art Exchange Hub” нь энэ чиглэлийг үйл ажиллагаа явуулж буй анхдагч болж байна. Гэвч дэлхийн бусад оронд энэ бол хэдийн өргөн тархсан, уран бүтээлчид өөрийн бүтээлээсээ хувь хүртээд амьдрах боломжтой байдаг гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Эх сурвалж: www.zms.mn