Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй. Амьдралын тэр олон бэлгийг мөрөөдөл, хатуужил, зорилго, чин сэтгэл, алдаа, мөн чанар, өгөөмөр хүмүүс, хайрын хүчээр олж авдаг.

Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Овон товон дардан бус байх тусмаа амьдрал давс чинжүүтэй, бас сургамжтай.

Орох орон, оочих аягагүйн зовлон түр зуурынх байдгийг, хязгааргүй мөрөөдөж, чин сэтгэлээсээ хүсэж, зорилго, зориг тэмүүлэлтэй явахад дэлхий уужмын хутгаа бэлэг болгон өгдгийг туулсан амьдралынхаа түүхээс уншигчиддаа хуваалцахыг хүслээ.

 Даяаршиж буй дэлхий ертөнцөд гадаад хэл сурсан хүнд ямар өргөн боломж олддогийг, зөн совингоо дагах ёстойг, ээж аавын сургаал хүүхдийнхээ хувь заяаны чигийг заагч алтан гадас од байдгийг, эмэгтэй хүний амьдралд тохиолддог эмзэг асуудлуудыг үнэт зүйлийнхээ баримжаагаар шийдэх боломж, эр зориг өөрт байдгийг, ажил мэргэжлээ зөв сонгох, өөрийгөө зөв үнэлж сурах зэрэг сургамжит түүхээрээ намайг урласан тэнгэр ээж Пүрэвийн Отгондоо номон суварга бүтээсэн нь энэ билээ.

Номын зохиогч Отгоны Мөнхзаяа нь АНУ-ын“Гранд Серкл” корпорацийн Ази, Номхон далайн бүсийн бизнесийн захирал, олон улсын эрх зүйч хүн юм.

Мөрөөдөл хүнийг хаа хүргэдэг тухай түүхээ хуваалцья. Ээж маань оюутан байхдаа намайг Дорноговь аймгийн Сайншанд суманд амьдардаг сувилагч Цэнд эгч дээрээ очиж төрүүлэн, улмаар Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд ээж аав дээрээ зургаан сартай байхад минь үлдээсэн гэдэг. Өвөө эмээ хоёр маань хошуу нутагтаа нэр хүндтэй Ц.Пүрэв, Д,Бор хэмээх малчин хүмүүс байсан бөгөөд намайг ингэний сүүгээр угжиж өсгөсөн байдаг. Таван настайгаас минь морь, тэмээ унуулж сурган нэгдлийн олон хонь, хурга хариулгаж сургасан нь миний хүн болохын эхлэл байлаа. Жил бүр зуныхаа амралтаар эмээ өвөөгийндөө очиж мал маллахдаа малын бэлчээрт ном уншин, уншсан номоосоо мөрөөдлөө урладаг байв. Хамгийн олон удаа нүдэндээ харж мөрөөдсөн мөрөөдөл минь дэлхийгээр аялж, гадаад далайг гатлах, буцаж ирэхдээ ээждээ бэлэг авч ирэх байсан юм.

Энэ мөрөөдөл минь биежиж дэлхийн тавь гаруй орноор ажил хэргийн шугамаар явж, өдөр тутамдаа арав гаруй орны хүмүүстэй баг хамт олон ажиллаж байна. Харин ээж минь миний мөрөөдөл биелэхээс өмнө бурханы оронд одчихсон нь хүсэхэд хясахын зовлон гэгчийг нас залуу байхад минь ойлгуулсан. Тэр үед би миний ээжийн мөрөөдөл юу байсан юм бол гэж өөрөөсөө асуусан ч хэзээ ч ээжээсээ мөрөөдлийг нь асууж байгаагүй болохоо ухаарсан. Гэвч ээжийн минь найз Дундговь аймгийн харьяат, Энх тайван найрамдлын ажлыг олон жил хийсэн Д.Сарантуяа эгч маань ээжийн нас барахаасаа өмнө өөрт нь бичсэн захидлыг хуваалцаж, “энэ захианд ээжийнх нь сүүлийн хүсэл мөрөөдөл бий” гэсэн юм. 2000 оны дөрөвдүгээр сард найздаа бичсэн ээжийн захианд “охиноо англи хэлтэй хүн болгохсон, Америк оронд сургах юмсан, хожим дүүгээ эрдэм номтой хүн болгоно бизээ” хэмээн бичсэн байлаа. Миний ээжийн сүүлийн мөрөөдөл нь хүртэл үр хүүхэд биднийхээ төлөө байсныг уншаад элэг эмтэрч байв.

Тэнгэрт буй ээжийнхээ мөрөөдлийг харин би биелүүлсэн. 2022 онд АНУ-ын нийслэл Вашингтон ДиСи хотын ууган хуулийн сургууль болох Жорж Вашингтоны их сургуульд хүний эрхийн чиглэлээр магисртийн зэргээ хамгаалсан. Суралцах хугацаандаа “Авилгалаас үүдэлтэй агаарын бохирдол: Хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад төрийн хүлээх үүрэг” сэдвээр олон улсын эрх зүйн харьцуулсан судалгаа хийсэн нь сургуулиасаа өндөр үнэлгээ авч, гадаадын хоёр оюутанд өгдөг шагналынхаа нэгийг надад өгсөн билээ. Түүгээр ч зогсохгүй сургуулийн хүндэт самбарт “Монгол улсаас ирсэн Отгоны Мөнхзаяа” хэмээн нэрийг минь сийлсэн нь Монгол хүн болсондоо бахархсан, ээжийнхээ мөрөөдлийг биелүүлсэн мартагдашгүй мөч байсан юм.

Та бүхэн том бөгөөд зөв мөрөөдөөрэй. Ээж аавынхаа мөрөөдлийг асууж, амьдад нь биелүүлж өгөөрэй. Мөрөөдөл биелдэг юм. Амьдрал үзэсгэлэнтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 83 (7327)