Б.Нямсүрэн

 Жүжигчин, найруулагч Б.Ариунсайхан “Жигүүр ургуулж өгсөн тэр минь” анхны номоо уншигчдад хүргэлээ. Номын редактороор нь зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва ажилласан байна. Тус ном нь үргэлжилсэн үгийн зохиол. Агуулгын тухайд хүний амьдралд тохиолддог саад бэрхшээл хэрхэн жигүүр болдгийг харуулсан. Мөн олон сонирхолтой зургийг шигтгэж өгснөөрөө онцлог байв. Тус номоо цаашид дэлгэцийн уран бүтээл болгохоор төлөвлөжээ.   

Номын редактор Н.Пүрэвдагва “Ном бичих нь их зориг. Зориг нэг удаагийнх биш байгаасай. Номын эхлэл хэсэгт өрөвдөлтэй дөрвөн настай хүүхэд аавыгаа ирэхийг хараад, хүлээдэг. Тэр сэтгэлээрээ дунд сургууль төгсөнө. Хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхийн төлөө ээжийн хэрхэн зүтгэж байгааг өгүүлнэ. Дараа нь тайз дэлгэцийн урлагийн “Харцага” дээд сургууль дүүргэж БНСУ руу “Күүкмин” дээд сургуулийн тайз дэлгэцийн найруулагчаар суралцахаар явсан. Хүсэл мөрөөдөл нь хязгааргүй, хөөрүү дэврүүн охин. Солонгос кино дэлхийд ноёрхож байхад орчинд суралцахаар явсан. Мөн хүний амьдралын  жам ёсоор  нас бие гүйцсэн хойноо өөрийн амьдралтай болжээ. Билгүүн хэмээх залуутай дөрвөн жил амьдарсан. Дараагийн хэсэг нь их сонин. Хамтын амьдрал нь дууссан ч мартаж чадахгүй байх үедээ нутагтаа ирсэн. Энэ хэсэгт эх орондоо ирээд ээжийнхээ цайг уугаад, хайрч өгсөн хуушуурыг нь иднэ. Ингээд Монголын амьдрал эхэлнэ. Эрдэнэ хэмээх залуутай танилцаад явж байтал гурван хүүхэдтэй болж таарсан. Дөрвөн настай хүүхэд хашааныхаа гадаа аавыгаа хүлээгээд сууж байдаг. Ийм амьдралыг гурван хүүхдэд үзүүлэхгүй гэж шийдээд Солонгос руу буцаад явна. Ийм л амьдралын тухай та бүхэн унших болно. Уран цэцэн үггүй, энгийн ном” гэсэн юм.

“Жигүүр ургуулж өгсөн тэр минь” номын зохиогч Б.Ариунсайхан “Намайг үргэлж дэмжиж урам өгдөг хүмүүс минь номын нээлтэд хүрэлцэн ирсэн байна. Мөн ирж амжаагүй хүмүүс ч бий. Би номын эхлэл хэсгээ дөрвөн жилийн өмнө бичсэн. Эхлэл хэсгээ бичсэний дараа гарчиг байх ёстой гэж бодсон. Ингээд жигүүр урлаж өгсөн тэр минь гэдэг нэр санаанд буусан. Үүний дараа бага багаар бичсэн гэж ойлгож болно. Редакторлох үед урлаж өгсөн гэдэг үг нь ургуулж өгсөн боллоо. Үгийн утга ямар чухал болохыг ойлгож авсан. Миний номоос үнэ цэнийг мэдрээсэй гэж хүсэж байна. Жижиг зүйл гэж байдаггүй” гэлээ.

Б.Ариунсайханы ээж Ч.Оюунгэрэл “Охин минь саяхан Солонгосоос ирээд өдөр шөнөгүй суусаар номоо хэвлүүллээ. Сэтгэл догдолж байна. Бичсэн зүйлийг харахад огших мэдрэмж төрлөө. Өмнө олон богино хэмжээний богино кино хийсэн. Ном бичнэ гээд ярьдаг байсан нь биеллээ оллоо. Охин минь дараагийн зорилгынхоо төлөө хөдөлмөрлөнө.  Найруулагчийн мэргэжил сонгоход нь бодсон зүйлийнхээ төлөө тууштай байгаасай гээд дэмжсэн дээ” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцав.

Номын хамгийн ард байрлах “Миний хүсэж тэмүүлсэн, Миний юу өгүүлж байгаа бүхнийг хөл минь хаа хүр, гар минь юу атгах тэр хүртэл жигүүрлэсээр байх болно” хэмээх  дулаахан үгийг номын зохиогч Б.Ариунсайханы зулайг гишгэж төрсөн ах  Б.Алдарсайхан бичсэн байна. Тэрээр баярлаж бахархсан сэтгэлээр дүүдээ амжилт хүссэн юм.                         

Хөтлөгч н.Хатанзориг “Ном бол ертөнцийг харах цонх гэдэг. Сайхан ном болсон гэж харж байна. Номын нэр анхаарал татлаа. Жигүүр ургуулж өгсөн гээд ойлгоход учир бүтүүлэг боловч тэр минь гээд төлөөлөл үг оржээ. Номын зохиогч найз маань өөрийн амьдралаасаа тодорхой хэмжээнд сэдэвлэж оруулсан. Мөн уран сайхны зохиомж орсон нь тааламжтай санагдлаа. Б.Ариунсайханы хувьд кино салбарт олон жил ажилласан. Солонгосын дэлгэцийн бүтээл гаргаж, телевизийн төсөлд найруулагч хийсэн. Найздаа их амжилтыг хүсье. Номын нэр шигээ жигүүрээ дэвж холын хол нисээсэй. Номоо аудио бүтээл болгохыг хүсэж байна ” гэв.    

Эх сурвалж: www.zms.mn