Баатарын НЯМСҮРЭН 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” булангийнхаа “Дугаарын зочин”-оор ҮУИТ-ын гоцлол хөгжимчин, СУИС-ийн багш, эвэр бүрээчин, Соёлын тэргүүний ажилтан Н.Жүрмэддоржийг 
урилаа

 

-Та удахгүй ээлжит уран бүтээлийн тоглолтоо Өмнөговь аймгийн тайзнаа толилуулах гэж байна. Энэ удаагийн тоглолтын онцлог юу вэ? 
-Миний хувьд уран бүтээлийн хоёр дахь тайлан тоглолтоо төрсөн нутагтаа толилуулах гэж байна. Энэхүү тоглолтоо “Эгшиглэнт говийн бүрээн дуудлага” гэж нэрлэсэн. Анхны тоглолтоо ҮУИТ-таа хийсэн. Харин энэ удаад алтан нутгийнхаа шинэхэн тайзыг мялааж, уран бүтээлээ хүргэх гэж байгаадаа баяртай байна. Миний тоглолтод их олон уран бүтээлч урилгаар оролцоно. Энэхүү тоглолтоор монгол үндэсний эвэр бүрээ нь хөгжмийн эрт, дунд, одоо үед хэрхэн хөгжсөн тухай, ямар уянгалаг аялгууг эгшиглүүлж болдгийг харуулах зорилготой. Түүнчлэн миний туурвисан бүтээлүүд тоглолтод эгшиглэнэ. 
Тоглолтын тов нь дөрөвдүгээр сарын 4-нд буюу ханш нээх бэлгэдэлтэй өдөр тохиож байгаагаар онцлогтой. Эвэр  бүрээ тэнгэр рүү үлээдэг хөгжим. Урин цагийг угтан сайн сайхныг урин дуудсан, эх нутгаа аргадсан сайхан мөч, сайхан тоглолт болно гэдэгт итгэж болно шүү.  


-Таны тоглолтоос хэдэн жилийн хүч хөдөлмөр “үнэртэх” бол? 
-Бие даасан тоглолт бол уран бүтээлч хүний хамгийн том шалгуурын нэг.  Тоглолтын бэлтгэл ажил хангагдсан. Би эвэр бүрээ хөгжимдөөд 30 гаруй жил болж байна. Тиймээс өдий хугацаанд эзэмшсэн мэргэжлийн  ур чадвараа тоглолтдоо гаргана. Мөн урт хугацааны дараа нутгийнхаа тайзыг зорих гэж байгаадаа догдлолтой байна. 


-Тоглолтоо үзэгчдэд хүргэх нь  уран бүтээлчийн  жаргалтай мөчийн нэг. Урмаар хөглөгдөж ихийг хийх сэдэл авдаг нь байх даа? 
-Тоглолтоо толиулаад үзэгч олны хайр хүндлэлээс илүү хичээх урам авдаг. Манай театрын уран бүтээлчид зундаа жуулчдад тоглолтоо толилуулдаг бөгөөд гадаадын үзэгчид монгол урлагаас сэтгэлийн хөг авч буйг харахад их сайхан мэдрэмж авдаг. Өнгөрсөн хугацаанд олон тэмцээнд уралдаанд оролцжээ. 2008 онд  үндэсний хөгжимчдийн анхдугаар уралдаанд түрүүлсэн. Өнгөрсөн жил СУИС-ийн  “Тэнгэр аялгуу” хамтлагтай хамтарч олон улсын уралдаанд оролцож гранпри шагнал хүртсэн. Тус тэмцээнд 35 орны 85 хамтлаг өрсөлдөж шилдгээ тодруулсан юм. Аливаа уралдаан тухайн уран бүтээлчийн ур чадварыг шалгадаг.

 


-Та Монголын анхны дээд мэргэжлийн эвэр бүрээч. Ер нь багаасаа урлагаар хичээллэсэн үү? 
-Миний бага нас Өмнөговь аймгийн Сэврэй суманд өнгөрсөн. Аав минь хөгжимчин мэргэжилтэй болохоор ааваасаа үлгэр дуурайлал авч урлагийн замналыг сонгосон. Нэгдүгээр ангид байхдаа бөмбөр тоглож, кларнет  хөгжим тоглож эхэлсэн. Би Өмнөговь аймгийн театрт 1992 оноос эвэр бүрээчээр орсон. Ингээд СУИС-д Урлагийн гавьяат зүтгэлтэн Самбалхүндэв багшийн шавь болж, 1995-1999 онд суралцаж, анхны дээд мэргэжлийн эвэр бүрээч болсон. Үүний дараа  соёлын хосгүй өв болох ховор төрлүүдийг суралцсаар явна. Жишээлбэл, төмөр хуур, ясан хуур, нуман хуур, хэл хуур, хулсан хуур, хурган чих, жижиг хэрэглэлийн хөгжмүүдийг оркестрт тоглодог. 


-Хөгжим бүр өөрийн гэсэн онцлогтой. Эвэр бүрээний онцлог, түүхээс  хуваалцахгүй юу? 
-Эрт үед үхрийн эврээр хийсэн хөгжим нь таван хошуу малыг гаршуулж эхэлснээс үүсэлтэй. Мөн гарын доорх түүхий эдээр хийдэг хөгжим ч бий. Эртний овог, аймгууд дохио дуудлага өгөх хэрэгсэл болгож  ашиглаж байсан юм билээ.  Миний судалснаар  Сяньби, Жужан улсын үед эвэр бүрээ нь бурхны зурагт их дүрслэгдсэн байдаг.  Чингис хааны үед хэнгэрэг бүрээ чухал үүрэгтэй байсан. Их хааны цэргүүд  ирэхдээ их холоос дуу чимээ нь сонсогддог байсан гэдэг яриа бий. Эвэр бүрээний онцлог нь үндэсний үлээвэр хөгжмүүдээс дуугарах цар хүрээ хамгийн ихтэй нь юм. Учир нь зөөлөн намуун дуутай,  бүдүүн болон нарийн өнгө гаргаж болдог зэрэг онцлогтой хөгжим. Ёочин болон цохиур хөгжмүүдийг хооронд нь холбох үүрэгтэй. Цөөхүүл чуулга, оркестрт эвэр бүрээ нь  тачигнасан өнгийг зөөллөх жишээтэй. 


-Та эвэр бүрээний нэг шинэ хувилбарыг гаргасан. Хөгжмийг засаж сайжруулахад хэр  судалгаа шаардсан  бэ? 
-Эвэр бүрээ хөгжим монгол дархны ур ухаанаар бүтсэн. 1956 онд хуучин хөгжмийг сэргээх тогтоол Намын төв хорооноос гарсан. Энэ ажлыг Ардын жүжигчин Л.Мөрдорж гуай гардаж хэрэгжүүлсэн ба гарын уртай хөгжимчид нийлж нэгэн шинэ хувилбарыг бүтээсэн байдаг. Одоогоор эвэр бүрээ хөгжмийн зургаа дахь хувилбар гараад байна. Бүтээл тоглоход илүү хялбар болж, дуугарах цар хэмжээ нь сайжирсан. Олон жил хөгжмөө тоглохоор засаж сайжруулах зүйлс ажиглагддаг юм билээ. 


-Өв соёлоо түгээх дэлгэрүүлэх нь чухал. Тиймээс эвэр бүрээг эзэмших залуусын тоо хэр нэмэгдэж байна? 
-СУИС болон Монгол Улсын Консерваторид эвэр бүрээний анги гэж бий. Гэхдээ элсэлт бага байдаг юм билээ. Мөн эвэр бүрээг хүмүүс мэддэггүй нь элсэлтэд нөлөөлж байгаа байх. Миний хувьд эвэр бүрээгээ олонд таниулах зорилгоор 2016 онд “Авьяаслаг Монголчуудад” шоунд оролцож байсан. Шилдэг 32-т үлдсэн боловч  дараагийн шатанд Италид тоглолттой байсан учраас орж амжаагүй. 


-Монголын өнцөг булан бүрээс авьяас чадвараараа өрсөлддөг чансаатай шоунд та ямар бүтээлээр өрсөлдөж байв? 
-“Авьяаслаг Монголчууд” шоунд оролцохдоо монгол орны тухай ая тоглосон. Алтай таван богд, уулын дүрстэй цуурай аялгуу, говийн өнчин цагаан ботго буйлж, Хөвсгөлийн цаатан түмний аялгуу эгшиглэнэ. Ингээд  төв  халхын Болдон засгийн жонон, морин хуураар морины  давхилтыг  тоглосон.  


-Мэргэжлийн хөгжимчин болоход хэдэн жил шаардлагатай вэ? 
-Мэргэжлийн хөгжимчин болоход олон жилийн хөдөлмөр шаардана. Монгол Улсын боловсролын салбараар буюу Монгол Улсын Консерваторид  10 жил, СУИС дөрвөн жилээр хөгжмийн ангийн элсэлтээ авч, уран бүтээлчид бэлдэж байна. Гэхдээ тухайн хүн хэрхэн хөдөлмөрлөх, тууштай байсан нь илүү амжилтад хүрдэг. Хөгжмийн салбар бол хүсэл мөрөөдөлтэй, мэргэжилдээ дуртай , хөдөлмөрч, тууштай хүний хийдэг ажил.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 62 (7306)