Базарбямбын Нямсүрэн

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна. Мөн Монголын Ерөнхий сайд асан С.Батболд хууль бус уул уурхайгаас олсон орлогоороо Нью-Йорк хотноо тансаг байрнууд авсан тухай мэдээлэл цацагдсан нь олон улсын хэвлэлээр багагүй шуугиан тарьсан юм. “Google”, “Apple” зэрэг дэлхийн томоохон технологийн компаниудыг монополийн асуудлаар Европын холбоо шалгаж эхэлжээ. Энэ долоо хоногийн томоохон үйл явдлуудыг тоймлон хүргэе. 

 

НҮБ: Газын зурваст гал зогсох ёстой

Зургаа дахь сардаа өрнөж байгаа Израил-Хамасын мөргөлдөөнийг зогсооход чухал нөлөөтэй Аюулгүйн зөвлөлийн тогтоол даваа гарагт батлагдлаа. Газын зурваст гал намжаах тухай санал хураалтад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 14 гишүүн орон дэмжсэн бол АНУ түдгэлзсэн хариу өгсөн юм. Өмнө нь гурван удаагийн санал хураалтад АНУ татгалзсан санал өгч байсан бол энэ удаад тус улс түдгэлзсэнээр гал зогсоох шийдвэр батлагдсан билээ. Үүний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Х платформ дээр “Удаан хүлээсэн энэ тогтоол заавал хэрэгжих ёстой. Аюулгүйн зөвлөл тогтоолыг баталж чадахгүй байх нь уучилшгүй алдаа юм” хэмээн мэдэгдсэн. Тогтоолын дагуу барьцаалагдсан хүмүүсийг нэн даруй, ямар ч болзолгүйгээр суллах ёстой. Гэвч одоогоор тодорхой алхам бүрэн хийгдээгүй хэвээр байна. 
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэ долоо хоногт Вашингтонд айлчлахаар төлөвлөж байсан ч бүх уулзалтуудаа цуцалсан юм. Израилын Батлан хамгаалахын сайд “Газын зурваст барьцаалагдсан хүмүүс байсаар байхад Израил дайнаа зогсоохгүй “хэмээн мэдэгджээ. 

 

Москва руу зорчихгүй байхыг анхааруулсаар байна

Москва хотын "Crocus city hall" концертын танхимд гарсан халдлагын улмаас амь насаа алдагсдын тоо 150-д хүрч нэмэгдсээр байгаа бөгөөд энэхүү хэрэгт 11 хүнийг сэжиглэн баривчлаад буй. Тэгвэл халдлагыг болж болзошгүй гэдэг мэдээллийг АНУ-ын талаас ОХУ-д анхааруулж байсан уу гэсэн асуудал аль хэдий нь яригдаад эхэлсэн. Тухайлбал, "Лалын улс" бүлэглэл Орост террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байгааг Америкийн тагнуулын алба Оросын талд анхааруулж байсан гэж CNN телевиз зарим эх сурвалжуудаас эш татан мэдээлж байсан юм. Ялангуяа Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас "террорист халдлага үйлдэж болзошгүй" талаар гуравдугаар сарын 7-нд сэрэмжлүүлэг өгсөн нь дээрх үйл явдал байсан уу гэдэг асуулт яригдсаар байна. Энэ талаар Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби “ЭСЯ-наас өгсөн сэрэмжлүүлэг ба “Crocus City hall”-д үйлдсэн халдлага хоёр хоорондоо ямар холбоотой болохыг хэлэх боломжгүй” гэлээ. Харин дээрх үйл явдлын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Украиныг ард нь байгаа хэмээн буруутгасан бол Киев “Бид энэ үйл явдалд холбоогүй” гэж мэдэгдсэн юм. Ямартай ч ОХУ-ын нийслэлд болсон дээрх харамсалтай үйл явдал хоёр улсын хооронд өрнөж буй мөргөлдөөнийг улам хурцадмал байдалд орууллаа хэмээн хэвлэлүүд бичсээр байна.
Харин Москвад болсон халдлагын дараа ч  улс орнууд ард иргэддээ сэрэмжлүүлэг гаргасан хэвээр байна. БНФУ-аас эхлээд Европын хэд хэдэн улс иргэдээ ОХУ руу шаардлагагүй тохиолдолд аялахгүй байхыг зөвлөж байна. Мөн Францын Засгийн газар терроризмын сэрэмжлүүлгийг дээд түвшинд хүргэснээ Ерөнхий сайд Габриэль Атталь мэдэгдсэн. Энэ жил Олимпын наадам зохион байгуулах тус улс аюулгүйн байдлыг онцгой анхаарч Олимпын наадмын нээлтийг үзэх хүмүүсийн тоог цөөрүүлэх шийдвэрийг гаргаад байгаа билээ. 

 

АНУ Монголын экс Ерөнхий сайдын мөнгө угаалтыг зарлав

Энэ долоо хоногт дэлхий дахинаа багагүй шуугиан дэгдээсэн мэдээлэл бол экс Ерөнхий сайд Сү.Батболдын Нью-Йорк дахь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал байлаа. АНУ-ын бараг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын экс Ерөнхий сайдын авлигын байрны талаарх мэдээллүүд цацагдсан юм. Энэ талаар “Ройтерс” агентлаг ингэж мэдээлэв: 
“Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдыг уул уурхайгаас хулгайлсан мөнгөөрөө Нью-Йорк хотод хоёр байр худалдан авсныг албаныхан мэдэгдлээ. Бруклиний прокуроруудын мэдээлснээр Ерөнхий сайд асан Сү.Батболд болон түүний гэр бүлийнхэн 2012, 2015 онд Манхэттэний төвд хоёр орон сууцыг нийт 14 сая ам.доллараар худалдаж авсан. Энэ мөнгө нь 2011 онд Хонгконгод бүртгэлтэй "Catrison Limited" компанитай байгуулсан 68 сая ам.долларын уул уурхайн гэрээнээс орж ирсэн. Тус компани нь Азидаа дээгүүрт ордог Монголын Эрдэнэтийн зэсийн баяжмалыг худалдан авах гэрээ байгуулж байсан юм. Энэ гэрээг байгуулахад тухайн үед Ерөнхий сайд байсан Сү.Батболд нөлөө үзүүлсэн байх боломжтой. 
Бруклин дахь нөлөө бүхий прокурор Бреон Пийс “Батболд хууль бус авлигын схемээсээ олсон мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө худалдан авсан нь АНУ-ын холбооны хуулийг зөрчсөн үйлдэл” гэв. 
Энэ асуудлыг АНУ-ын Сангийн яам Америкийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлээр дамжих хууль бус хөрөнгийн урсгалыг хязгаарлах зорилготой урт хугацааны төлөвлөгөөнийхөө үеэр олж илрүүлсэн байна. 
Дээрх байруудын нэгийг 2012 онд Catrison Limited-ийн Удирдах зөвлөлийн гишүүний хувь эзэмшдэг нэгэн компани 3.9 сая ам.доллараар худалдаж авсан бөгөөд С. Батболдын хүү АНУ-ын банкинд данс нээлгэхдээ уг байрыг шуудангийн хаяг болгон ашиглаж байжээ. Мөн Catrison компанийн Удирдах зөвлөлийн гишүүний эзэмшлийн компани 9.9 сая ам.долларын өртөг бүхий өөр нэг байрыг худалдан авах үед С.Батболдын хүү хамтран худалдан авагчаар оролцож  байсан тухай прокурорууд мэдээлжээ.

 

Технологийн акулууд Европын холбоонд шалгуулна

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Конгресс “Apple” компанийг монопольдож байна хэмээн хурцаар шүүмжилж байсан бол технологийн томоохон компаниудын асуудал энэ долоо хоногт ч үргэлжиллээ. Европын холбоо АНУ-ын технологийн томоохон компаниуд болох “Apple”, “Google”, “Meta”- компаниудыг шалгаж эхэлсэн бөгөөд холбооны зүгээс Дижитал зах зээлийн тухай хууль зөрчсөн үйлдлүүдийг мөрдөн шалгах ажиллагааг анх удаа эхлүүлсний хүрээнд энэ шалгалтыг эхлүүлжээ. ЕХ-ны Дотоод зах зээлийн асуудал эрхэлсэн комиссар Тьерри Бретон хэлэхдээ, “Google”-ийн толгой компани “Alphabet” болон “Apple”, “Meta компаниудын шийдлүүд нь Европын иргэд, бизнес эрхлэгчдэд илүү шударга, нээлттэй дижитал орон зайг бий болгож байгаа гэсэн итгэл төрөхгүй байна” хэмээжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 62 (7306)