Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА 

 

Дэлхийн театрын өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдрийг  уран бүтээлчид баярлаж өнгөрүүлэхээс илүү Монголын театрын урлагийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, алдаа онооныхоо тухай ярилцдаг, уран бүтээлчдийнхээ үгийг сонсож,  шийдэл гарц хайж хэлэлцдэг уламжлал тогтоод хоёр жил өнгөрчээ. Өнгөрсөн жилийн хувьд УДЭТ-аас “Амьд театр” хэлэлцүүлгийг зохион байгуулж байсан бол энэ жил “Орших уу, эс орших уу” чуулга уулзалтыг зохион байгууллаа.

 

 

УДЭТ-аас театрын урлагийн зөвлөл байгуулах санаачилга гаргав

 

Театр бол ариун сүм. Энэхүү сүмд ард иргэдийг соён гэгээрүүлэх, ухааруулах, итгэл найдвар төрүүлэх жинхэнэ урлагийн бүтээл “төрж”, энэ л театрын тайзнаа жинхэнэ мэргэжлийн уран бүтээлчид алдаж онож, унаж босож, шатаж, дурлаж ажилладаг билээ. Тэгвэл энэ өдөр тэд театрынхаа тайзан дээр зэрэгцэж суугаад асуудлаа ярьж байна. УДЭТ-ын тайзнаа өдгөө үйл ажиллагаагаа явуулж буй төрийн, хувийн 12 театрын төлөөлөл суусан байв. Чуулга уулзалтыг нээж, УДЭТ-ын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу “Манай театрын түүх 1930-аад оноос эхтэй. Энэ цагаас хойш Монголын ард түмнийг соён гэгээрүүлэх ажлыг хийж байна. Харин бид 1990 оноос Дэлхийн театрын өдрийг тэмдэглэж эхэлсэн. Тэгвэл энэ цаг үед УДЭТ-аас улбаатай олон театр бий болсон байна. Энэ бол Монголын театрын хөгжлийг тодорхойлох хамгийн том үнэлэмж болов уу” гэсэн юм. Харин тус театрын уран сайхны удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч. Найдандорж тус театраас гаргаж буй уриалгыг уншиж танилцууллаа. Энэхүү уриалгад “Урлаг, уран бүтээлч гэдэг орших, эс оршихын дэнсэн дээр хөгжих, эс хөгжихийн шалгуур дор амьдрах хувь тавилантай. Чухам тэр хувь тавилангаа дагаж, бид энд цуглаад байна. Театрын урлагийн гал голомт болсон УДЭТ -т уран бүтээлийн замналаа эхлүүлж, хөгжиж боловсорсон уран бүтээлчид өөрийн үзэл санаа, агуулга, шийдэл хэлбэр бүхий шинэ театруудыг үүсгэн байгуулж, үзэгч олны гоо зүйн боловсролд хувь нэмрээ оруулж, үндэсний театрын ирээдүй гэрэлтэй байгааг нотлон харуулж байна. Монгол оронд мэргэжлийн театр бий болгох олон үеийнхний хөдөлмөрийн үр шимд үзэгчдийн оюун санаанд хөтлөн авчирсан оюуны соёлын түвшинг унагахгүй, хүн төрлөхтний хөгжилд монголчуудын оруулсан соёлын давтагдашгүй онцлогийг уран бүтээлдээ тусган дэлхийн түвшинд дэлгэн үзүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх бодит хэрэгцээ, шаардлага байна. Үүнийг бид санаж, сэхээрч, үндэсний театрын хэв маягийг энэ цаг дор дахин томъёолох цаг иржээ. Үүний тулд театрын урлагийн зөвлөлийг байгуулж, хууль эрх зүйн нээлттэй орчны бий болгож, уран бүтээлчдийгээ дэмжих санаачилга гаргаж байна” хэмээн онцолжээ. Энэхүү уриалгыг уншиж дууссаны дараа танхимд цугларсан уран бүтээлчдээр гарын үсэг зуруулж, харьяа яам, Засгийн газарт хүргүүлнэ гэдгээ Ч.Найдандорж найруулагч  онцолсон юм. 

 

 

Туслах мэргэжилтнүүдийг бэлтгэх сургууль алга

 

Ийнхүү театрын удирдлагууд санамж бичгээ танилцуулсны дараа энэ өдрийн хэлэлцүүлэг “Мэргэжлийн театр таны бодлоор өнөөдөр” гэсэн асуултаар эхэлсэн юм. Хэлэлцүүлгийг нээж зохиолч, орчуулагч, Я.Баяраа “Мэргэжлийн театр өнөөдөр гэсэн үг өнөөдөр бидний хувьд их том, хатуу босго болсон байж мэдэх юм. Бид өнөөдөр шууд мэргэжлийн театр гэж хэлэхдээ эргэлзэж байж ч мэднэ. Энэ театрт өнөөдөр Монголын хамгийн өөртэй итгэлтэй хүмүүс цуглачихаад энэ асуултад хариулахгүй байна гэдэг өөрөө эмгэнэлийн пауз ч байж магадгүй. Их борооны өмнөх аниргүй шиг. Өнөөдөр манайд мэргэжлийн театр байна уу гэвэл байна, мэргэжлийн театр оршин тогтнож байнга гэдгийг би бат итгэлтэй хэлж чадна. Харин манай театруудын хувьд драматурги буюу зохиолын хувьд мэргэжлийн байж чадаж байна уу гэдгийг өнөөдөр бид ярих ёстой. Хэрэв 100 хувиар үнэлгээ өг гэвэл би мэргэжлийн театрын зохиолыг 30 хувиар л үнэлнэ. Сүүлийн үед гарч буй продакшнууд ч зөвхөн гаднын зохиолоос сэдэвлэж уран бүтээл хийж байна. Тэгэхээр манай үндэсний жүжгийн зохиолын хувьд мэргэжлийн зохиолчид байхгүй болсон. Үүнийг бий болгохын тулд СУИС-д тэнхим байгуулж байсан ч татан буугдлаа. Зохиол байхгүй бол яаж жүжиг тавих юм бэ. Жүжиг бүтэхэд хамгийн чухал ажлыг гүйцэтгэдэг академик чанартай арын албаны уран бүтээлчид хэрэгтэй байна. Өнөөдөр кино урлагийн зөвлөл гэж байхад театрын, уран зохиолын зөвлөл гэж хаана байна. Тухай бид одоо л амбицлах хэрэгтэй байна. Кино урлагийн зөвлөл шиг жилдээ 10 төслийн 10 тэрбумын санхүүжилттэй болчихвол жинхэнэ уран бүтээл хийх мэргэжилтнүүд нь хангалттай байна” гэв. “Орфей” театрын захирал Д.Ариунчимэг “Мэргэжлийн театр гэдэг бүгд мэргэжлийн байж чанартай уран бүтээл бүтдэг. Манай театрын урлагт хэдийн танил болчихсон авторууд хангалттай байна. Харин өнөөх арын албанд ажилладаг нүүр будагч, тайзны гэрэлтүүлэгч, туслах зураач зэрэг мэргэжилтнүүдийг бэлтгэх сургууль алга. Үүнийг уран бүтээлчид практик дээр л сурч байна. Гэтэл энэ мэргэжилтнүүд чинь жүжгийн амин сүнс шүү дээ. Тиймээс эдгээр боловсон хүчнийг мэргэжлийн түвшинд бэлтгэх хэрэгтэй” гэсэн юм. 

 

 

Төв театр ямар байхаас бусдынх нь хөгжил хамаарна

 

Улсын Хүүхэлдэйн театрын дарга Б.Баянзул “Би соёл урлагийн салбарт багагүй хугацаанд ажиллаж байна. Гэхдээ өнөөдрийн та бүхний ярьж буй шиг театрын мэргэжилтнүүдийг бодлогоор, гаднын улсад  амархан бэлдэнэ гэж байдаггүй. Хэнийг ч хамаагүй гадагшаа сургуульд явуулж болдоггүй юм билээ. Учир нь тухайн хүнд төрмөл авьяас байж л тэр хүүхэд жинхэнэ зохиолч, найруулагч болж ирдэг. Түүнээс хэн дуртайг нь явуулснаар үр дүнд хүрэхгүй. Миний хувьд яаманд орсон цагаасаа буюу 2001 оноос эхэлж хөөцөлдөөд ОХУ-руу 500 гаруй хүүхэд явуулсан байдаг. Театрын найруулагчийн чиглэлээр хамгийн сүүлд өнөөдрийн УДЭТ-ын Э.Ёндоншарав, М.Батболд хоёр маань бидний дунд сууж байна. Дуурийн чиглэлд хоёр балетмейстер төгсгөсөн. Гэтэл тэр хоёр одоо хаана байна вэ. Их олон дуучин бэлтгэсэн. Үүнээс харахад хүүхдүүдийг сонгож явуулахдаа төрмөл авьяас, сэтгэл зүрхийг нь сонсох ёстой юм байна. Өнөөдөр балетын чиглэлээр төгссөн хүүхдүүд гаднын театруудад ажиллаж байна” гэлээ. Харин Ардын жүжигчин А.Равдан “Өнөөдөр тэр ОХУ-д сургуульд сурсан хүүхдүүд чинь гаднын бус өнөөдөр энэ театртаа бүжиглэж баймаар байна. Бид өнөөдөр өөрсдийн бэлдсэн уран бүтээлчдээ эх орныхоо театрт бус дэлхийгээр нэг цацчихаад энэ бидний ололт гэж ярих шиг худлаа зүйл байхгүй. Эх орондоо ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх ёстой юм шүү.  Манай улсын ууган театр ямар байгааг тогтож яримаар байна. Учир нь энэ театр ямар байхаас өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй бусад театрын хөгжил яригдана. Гэтэл манай төв театрт эргэх холбоо алга. Ч. Чимэд, Л.Ванган, Д.Батбаярын жүжгүүдийг яагаад сэргээж тавихгүй байгаа юм бэ. Уран бүтээл ярихаар зохиол байхгүй гээд сууж байх юм. Төв театр маань энэ гарч ирж буй залуу театруудыг хэрхэн дэмжиж байна вэ. Гэтэл өнөөдөр манай театр Б.Баатарын хийсэн, өөрөө шоу гээд зарлачихсан шоу тоглолтыг нь дэмжээд, хоёр сар үзвэрээ зогсоогоод тайзаа өгсөнд харамсаж байна. Үүнийг нь Соёлын яам нь ялгадаггүй, юм уншдаггүй, шоугаа дэмжээд гүйгээд байгаа нь утгагүй. Хошин шогийн хамтлагууд нь бас шоу драм гээд шинэ нэршил гаргачихсан. Энэ бол театрын хөгжил бус ухралт шүү. Ингэж театр хөгждөггүй юм” гэв. Ийнхүү Монголын театр урлагийн төлөөллүүд энэ өдөр ягаан театртаа цуглаж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, ирээдүйн театрын хөгжлийн талаарх санал бодлоо солилцсон юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 61 (7305)