Хорлоогийн ЦЭВЛЭЭ
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

 

1992  оны зун юм сан. Зүс үл таних залуу миний конторт ороод  ирлээ. Пинтүү маягийн халимагтай, алаг нүдтэй, нүдэнд дулаан харагдах бор залуу байх юм. Та намайг уулзъя гэсэн юм уу гэж асуугаад дүрсгүйтээд баригдсан хүүхэд лүгээ адил толгойгоо нэг илбэж харагдана. 


-Ингэхэд чиний нэр  хэн сэн билээ? гэж би асуув.
-Өвгөнхүү гэж байна. Миний уулзахыг зорьсон тэр хүн мөн ажээ. Би бээр тэр үед “Засгийн газрын мэдээ” сонины ерөнхий эрхлэгчийн алба хашдаг байсан юм. Орлогч эрхлэгч болгох хүн эрж хайж байсан хэрэг. Саявтар Москвад цол хамгаалаад ирсэн Өвгөнхүү гэдэг нэг сэтгүүлч хүн байгаа гэж сонссон юм. Ирж уулзаач гэж хэлүүлсэн юм. Тэгээд ирж л дээ янз нь. 27, 28 насны болов уу гэхээр дэндүү залуухан харагдаж байв. Үүнээс арай өөр маягаар би түүнийг дотроо төсөөлж байсан юм. МУИС төгсөөд, дараа нь МАХН-ын Төв хорооны эдийн засгийн хэвлэлд арав гаруй жил ажиллаад дараагаар нь Оросын Удирдлагын Академид гурван жил суралцаад ирсэн хүнийг тийм залуу байх юм гэж бодоогүй байсан л даа. 


Дөч эргэм настай, алтан шар хүрээ бүхий нүдний шил зүүсэн, хуучивтар монгол савхин том портфель барьсан нэлээн яхир эр байгаа байх гэж таамаглаж байсан юм даг. 
-Хэдэн настай билээ гэж асуув.
-1957 онд төрсөн, 35 настай гээд бас л шилээ маажих аядав. 
Энэ залуу ертөнцийн амьдралыг дандаа гэрэл гэгээтэй, сайн сайхны талаас нь хардаг учраас наснаасаа олон насаар дүү мэт харагдаж байгаа хэрэг гэж таамаглав. Сав л хийвэл толгойгоо илээд байгаа нь хүүхэд ахуй цагийн цайлган цагаан сэтгэл нь төдий л хиртээгүй зөв хүмүүжилтэйн шинж байх гэж бас бодлоо. Ойр зуурын зүйл ярилцаж өнгөрөөд дараа нь тус сонины орлогч эрхлэгчээр авч ажиллуулах саналтай байгаагаа хэллээ. Тэгтэл “Гэр бүл, бусад нөхөдтэйгөө ярьж байгаад хариу өгье” гэдэг юм байна. Өвгөнхүү нэрдээ таарсан  хашир залуу юм  гэж бодов. Энэ нь хашир  тулхтай хүн эрж хайж байгаа миний сэтгэлд бас нэг алхам ойртох шиг санагдав. Маргааш нь “За” гэсэн хариутай ирсэн л дээ.
Ингэж тус сонин шав хийсэн сайн орлогч эрхлэгчтэй боллоо. Ажлын төлөө бол чухам л илжиг шиг зүтгэдэг хүн байв. Би хувьдаа Өвгөнхүүгийн уурлаж, уцаарлаж байхыг үзээгүй. Хэрэлдэж сураагүй, худлаа өнгө засах гэж биш, харин үнэнхүү дотоод сэтгэлээсээ инээмсэглэж явна. “Гомбо айлтгаж” тэтгэвэртээ суухын цагт энэ залууд ажлаа өгье гэж би дотроо товлож байлаа. Тэгтэл нэг өдөр Ерөнхий сайд П.Жасрай намайг дуудаад танай Өвгөнхүүг Монголын Радио, телевизийн ерөнхий захирал болгоно. Өөр хүн олдохгүй юм гэдэг байгаа. Дэвшүүлэх гэж байхад нь саад хийлтэй биш. Тэгээд л явуулчихсандаа. 


1997 оны өвөл. Бидний хэдэн хүн “Монголын үндэсний мэдээ” хэмээх улс төр мэдээллийн чөлөөт сонин гаргахаар шийдэж ядан байв. Энэ үед Өвгөнхүү маань Засгийн газрын хэвлэлийн албанд референт байсан юм. Түүнд энэ тухайгаа хэлтэл дуртай зөвшөөрч ажлаа өгөөд хүрээд ирэв. Энэ сонинд ажиллаж байхдаа Монголын ард түмний язгуур эрх ашиг, намын үндсэн зорилго, чиг шугамын төлөө бол үнэхээр хатуу тууштай тэмцэгч хүн болохоо харуулсан юм. Бурууд хатуу, зөвд зөөлөн хүн юм билээ. 


Эвслийн Засгийн газрын явуургүй хуурмаг бодлого, тэр үеийн парламентын олонхын гишүүдийн болчимгүй, ёс зүйгүй байдлыг хурц шүүмжилж, уншигч түмний оюуны мэлмийг нээж өгч байсныг нотлох онгож шарласан сонины хуудас одоо надад хадгалагдаж байгаа. 


Би бээр Цолбаатар  гэх бэлгэдлийн дагшин сайхан нэртэй тэр хүүг Өвгөнхүү гэж нэрлэх болсны тохиолдлыг сэтгүүлч хүний сониуч зангаар саваагүйтэн сонирхсон юм. Санамсаргүй бөгөөтлөө  сайтар анзаарвал цаанаасаа ямар нэгэн зайлшгүй  учир холбогдолтой  ч юм шиг үйл  явдал болсон  юм билээ. Юу гэвэл түүний ээж Бямбажав нь Улаанбаатар хотод  ирж амаржаад хүүдээ Цолбаатар гэдэг нэр өгүүлээд нутаг буцсан гэж байгаа  юм. Харин нутагтаа очсоных нь дараа тэдний айлын бяцхан охин өөр хүн хажуугаас нь заагаад өгчихсөн  юм шиг шууд л “Өвгөнхүү”, “Өвгөнхүү” гэж дуудаад түүнийг сонссон  ойр хавийнхан,  төрөл саднууд нь  миний хүүг өндөр настай өвгөн болохыг бэлгэдсэн өлзийтэй  нэр байна хэмээн олзуурхсан ч юм сан уу ямар ч атугай бас л Өвгөнхүү гэж дуудаж байгаад нэг л мэдэхэд  тийнхүү нэршсэн юм шиг байсан. Сэвлэг даахьтай балчир хүүхэд айлынхаа хүүхдэд ингэж зөнгөөрөө нэр өгч нэршүүлнэ  гэдэг  ховор сонин тохиолдол мөн биз. Хорвоогийн юм бүхэн  цаанаасаа учир шалтгаантай байдаг. Үүнийг манай монголчууд мөнх тэнгэрийн таалал гэж биширч ирсэн байдаг учраас болсон  явдал сэлтийг  энэ талаас нь бодож үзвээс “Өвгөнхүү” гэдэг нэр нь түүний хувь тавилангийн  зам  мөрийг тольтотгон заасан  учрал  ерөөлтэй нэр нь мөн  байсан байж болох мэт ээ. Харин тэр охин яагаад тэгж дуудах болсныг одоогийн  бид таашгүй. Ямар ч гэсэн  өвгөн аавтай нь  эсвэл айл саахалтын зан ааш сайтай налгар сайхан өвгөн хүнтэй адилхан, их л тусархуу, нөмөртэй дөлгөөхөн    харагддаг байсан байж магадгүй. Эдүгээ ч тийм л харагддаг. Ер нь төрөлхийн тийм   аядуу тайван, бас хүлээцтэй  ер нь бол хүмүүсийн  хэлдэгчлэн уул шиг түшигтэй хүн гэдгийг би сайн мэднэ ээ. 


Өвгөнхүү бол олон жил ажилласан  асар их туршлагатай  сайн сэтгүүлч.  Сэтгүүлчийн хөдөлмөрийг хүмүүн хорвоогийн хамгийн хүнд бэрх хөдөлмөрийн нэгэн  төрөл гэж судлаачид  хэлдэг.  Цаг ямагт хаад ноёд, хөөрүү  онгиргон түшмэлүүдийн элдэв бүтэлгүй бусармаг  ааш авирыг ариутган шүүж,  тэгшитгэн  журамлаж шударга ёс зүйтэй хүнлэг энэрэнгүй болгохын төлөө  цаг, наргүй тэмцэж явдаг ажил үүрэгтэй  юм чинь сэтгүүлчийн хөдөлмөр  хөнгөн хялбар байх аргагүй  гэж үздэг. Тэр тусмаа тэдгээр  эрх баригчид нь засаг захиргаа,  хууль цааз, шүүх прокурор, цэрэг цагдаа,  хорих цагдах бүх эрх мэдлийг нөлөөндөө хадгалж  байдаг болохоор бүрэн зэвсэгтэй хаад ноёд түшмэлүүдийн хамаг булхай луйврыг илчлэн тэмцэнэ гэдэг маш их осолтой “халуухан боорцог” байдаг нь  хэний ч мэдээжийн хэрэг байдаг. Харин энэ бэрх  ажлаас халширч шантардаггүй цөлх тэмцэгч бол Өвгөнхүү сэтгүүлч. ...Энэ хүний  амнаас унадаг үг гэдэг чухамдаа болц нь гүйцсэн амьдрахуй ухаан, борцолж хадгалсан мэдлэгийн өв сан мөн гэж  хэлэх дуртай хүн бол би. Нартад элээсэн он жилүүдийн тоогоор зузаарч, нэгэн насных нь амьдралыг дэнчин тавьж хатаагдсан байдгаараа тэр тусмаа хорвоод цор ганцхан байдаг хувь хүний давтагдашгүй өвөрмөгц ховор  чанар болох  тууштай цөлх чанар түүнд байдаг юм. 


Өвгөнхүү айлын найман хүүхдийн ууган нь, өөрөө дөрвөн хүүхдийн эцэг хүн. Дээр үеийнхээр бол Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошуу, одоогийн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нэгдүгээр багийн харьяат иргэн. Тус багийн  Баянголын Бухын  өвөлжөөнд төрсөн гэж өөрийнхөө намтарт бичсэн байна билээ. Тэр  яах аргагүй  Булган хангай нутагт төрж өссөн жинхэнэ халхын сайхан  зоригтой эр хүн мөнөөсөө мөн билээ.  Энэ утгаараа одоогоос 3300 гаруй жилийн тэртээ Эргүнэ Күн хэмээх газар 400-аад жил бүгж суугаад дараа нь Монгол нутагт ирж идээшсэн Хиян Нүкүс нарын удам судрыг залгаж яваа ясны халх эрийн нэг мөн ажээ. 


Энэ хүн өтөл буурал өвгөн сэтгүүлч миний баруун гарын туслагч мөн байсныг  1992 оноос өнөөг  хүртэл гучин хэдэн жил  надтай хамт ажиллаж ирсэн бодит баримт болон  “Миний сэтгүүл зүй” нэг хоёрдугаар дэвтэр,  таван хэлээр хэвдэгдсэн “Ээж бидэн хоёр” болон ”Болор судар”, “Үзэг бидэн хоёр”  зэрэг сэтгүүл зүйн номуудыг ариутган шүүж хэвлүүлсэн  баримтууд нотлох билээ. 


Тэр аав гэдэг хүний  нөмөр нөөлөггүй өсөж хүмүүжсэн. Аливаа бэрхшээлээс үл  халшран хүүгээ  төр түмэнд ач буянтай  сайн хүн болно хэмээн итгэж  төрүүлсэн тэр  буянтай сайхан монгол ээж Бямбажавын энэрэнгүй сэтгэл,  хатан тэвчээр холч мэргэн ухааныг  бишрэн хүндэтгэхгүй  орхих аргагүй билээ. Энэхүү ээж хүү хоёр нь энэ л хорвоогийн амьдралын нэргүй бэрх сорилтыг мятаршгүй сэтгэлийн тэнхээгээр даван туулж гайхамшгийг бүтээж чадсаныг  хүү Өвгөнхүүгийн бичиж туурвисан, дуун хөрвүүлсэн,  ариутган шүүж тэгшитгэн журамласан  ном бүтээлүүд олон таван үггүй гэрчилнэ. 


Ном бүтээл, сонин хэвлэлийн хуудаснаа үлдсэн түүний намтар түүхтэй холбоо бүхий зарим баримт сэлтээс сийрүүлэн авч, чухам өөрийнх нь өгүүлснээр дор эшлэв.  
-Дээд өвгөд өтгөс минь Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны Наран сумын долдугаар багийн харьяат албат явжээ, угаасаа л Наран-Тээгийнхэн. Намайг төрөхөд Баянголын Бухын өвөлжөөнд миний буурал аав Д.Осор дүү Д.Гаваагийнхтайгаа, малчин П.Даваажав гуайнхтай манайх айл өвөлжжээ. Тэгэхээр Бухын өвөлжөө миний унасан газар. Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас төрсний лавлагаа хүсэхэд, намайг Булган аймгийн Авзага суманд 1957 оны нэгдүгээр сарын 14-нд эхээс мэндэлснийг 1957 оны 2-р сарын 23-нд бүртгэжээ хэмээн гэрчлэв. 


Хишиг-Өндөрийнхөө 8 жилийн дунд сургуульд 1966-1974 онд, 1974-1976 онд Булган хотын П.Е.Щетинкиний нэрэмжит 10 жилийн дунд сургуульд суралцсан. 1976-1981 онд МУИС-ийн Эдийн засгийн факультетын Санхүүгийн тэнхимд суралцаж, санхүүч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1989-1992 онд ОХУ-ын нийслэл Москва хотноо ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын удирдлагын академийн Сэтгүүл зүйн тэнхимд суралцаж төгссөн. 1995 онд Тайландад, 1997 онд Улаанбаатарт Англи хэлний тусгай зориулалттай институтэд  суралцсан.


1981 онд МУИС-ийг төгсөхөд намайг МАХН-ын Төв Хорооны Сэтгүүлүүдийн нэгдсэн редакцад "Эдийн засгийн асуудал" сэтгүүл, "Эдийн засаг" сонинд утга зохиолын ажилтнаар авсан. 1985-1989 онд "Эдийн засгийн асуудал", "Эдийн засгийн боловсрол" сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга болсон. 1992 онд Оросын Удирдлагын Академи төгсөөд "Засгийн газрын мэдээ" сонины орлогч эрхлэгч, 1993-1995 онд Ерөнхий сайд П.Жасрай гуайн Засгийн газарт Монгол Улсын Радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан. 1995-1997 онд Засгийн газрын референт. 1997 оноос Х.Цэвлээ, Б.Догмид, Д.Цэмбэл, Б.Оюунцэцэг, Д.Сандагсүрэн нартай хамтран "Монголын үндэсний мэдээ" чөлөөт сониныг үүсгэн гаргалцав. 2000 оноос УИХ-ын даргын зөвлөх, 2001 онд нөхөн сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон, 2005 оноос Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр ажилласан хэмээн өгүүлсэн тэр 2010 оноос бизнесмэн Ц.Бат-Өлзий, сэтгүүлч Н.Баярсайхан нартай хамтран “Ухаарлын хөтөч" ТББ үүсгэн байгуулж, тэргүүнээр нь ажиллан гадаад хэлнээс ном хэвлэл орчуулах, хэвлэн нийтлэх, ном редакторлах ажил хийж ирсэн байна. 


Бүтээл туурвилынх нь тухайд бол сэтгүүл зүйн сүрхий дориун нийтлэл өгүүллүүдээс нь гадна бараг зуугаад  номын хавтсан дээр  зохиогч, орчуулагч, монгол, англи хэлний редактор,  хамтран зохиогч, санаачлан эмхэтгэж найруулан хэвлүүлсэн, засан найруулж хадмаллан орчуулсан, өмнөтгөл болон өлгөц бичсэн гэх мэтээр Бямбажавын Өвгөнхүү гээд алдар нэр нь дурайж байна. Ийм хүний амьдралын замналыг ном хэвлэлээс яахан ангид гадуур сэтгэх сэн билээ. Тэрээр бас нэгэн цагт гялалзаж яваад цагийн өнгөнд бүдгэрсэн мартагдсан авьяаслаг, гавьяатай эрхмүүдийн араас уйгагүй хөөцөлдөн номон суваргаар мөнхлөхөөр    уйгагүй зорин зүтгэж яваа энэ цагийн идэвхтэй эрэн сурвалжлагчдын нэгэн. Өөрөөр хэлбэл хүн чанар гээч  бусдаас илүүрхэх төрмөл авьяас нь түүнийг өөрөөс нь илүү өрөөлийн төлөө хөглөн хөтлөх мэт ээ.   

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 59, 60 (7303, 7304)